| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Багашарын Азбаяр |
| Хэргийн индекс | 101/2020/04442/И |
| Дугаар | 102/ШШ2021/00146 |
| Огноо | 2021-01-19 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 102/ШШ2021/00146
| 2021 оны 01 сарын 19 өдөр | Дугаар 102/ШШ2021/00146 Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Сүхбаатарын гудамж, Бага тойруу, Метро бизнес төв, А корпус, 5 давхарт байрлах, Харилцаа холбооны зохицуулах хороо ТБАГУТҮГ /РД:9089314/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, 7 дугаар байр, 111 тоотод оршин суух, Адуучин ургийн овогтой Чагнаадоржийн Заяа /РД:ХВ82100718/-д холбогдох,
Радио долгион ашигласны төлбөр 705,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, хариуцагч Ч.Заяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо ТБАГУТҮГ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Харилцаа холбооны зохицуулах хороо, иргэн Ч.Заяа нарын хооронд 89913 тоот "Радио давтамж ашиглах" тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулсан. Талууд гэрээг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай байгуулсан. Тус гэрээний 6.1 дэх хэсэгт "Эрхийн бичиг эзэмшигч нь Радио долгионы тухай хуулийн 5.2.3-т заасан журмын дагуу Радио давтамж ашигласны төлбөрийг жил бүр холбогдох үзүүлэлтүүдийг үндэслэж шинэчлэн тооцоолсон Хавралт 1-ээр Зохицуулах хорооны Голомт банкин дахь 1102626829 тоот дансанд жил бүрийн 12 дугаар сарын 12-ны дотор багтаан төлнө" гэж зааж өгсөн. Гэвч Ч.Заяа нь гэрээний 6.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрт 2013-2014 он хүртэл нэг жилийн төлбөр 160,000 төгрөг, 2014-2015 он хүртэлх тусгай зөшөөрлийн төлбөрт өөрчлөлт орж 545,000 төгрөг төлөх ёстой байсан. Ч.Заяа нь тусгай зөвшөөрлийн төлбөрт нийт 705,000 төгрөг төлөх ёстой байсан бөгөөд уг төлбөрийг төлж баргуудалахыг удаа дараа мэдэгдэж нэхэмжлэх хүргүүлж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэл уг төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч 89913 тоот Радио давтамж ашиглах тусгай зөвшөөрлийн төлбөр болох нийт 705,000 төгрөгийг Ч.Заяагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо ТБАГУТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Харилцаа холбооны зохицуулах хороо болон Ч.Заяа нарын хооронд 89913 дугаартай радио долгион ашиглах тухай тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулсан. 2013 оны 12 сарын 12-ны өдрөөс 2015 оны 12 сарын 12-ны өдөр хүртэл хугацаатай байгуулсан. Тусгай зөвшөөрлийн үнэ нь 2013 оноос 2014 он хүртэл 160.000 төгрөг, 2014 оноос 2015 он хүртэл 545.000 төгрөг болсон. Үүнээс хариуцагч Ч.Заяа 320.000 төгрөгийг төлж барагдуулсан байна. 385.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2013 онд 160.000 төгрөг байсан. 2014 оны 12 сарын 20-ны өдрийн харилцаа холбооны зохицуулах хорооны 66 дугаар тогтоолоор үнэд өөрчлөлт орж, 545.000 төгрөг болсон. Хариуцагчийн зүгээс мэдэгдээгүй гэх зүйлийг ярьдаг. Тухайн тогтоол нь Харилцаа холбооны зохицуулах хорооны сайтад тавигдсан. Нийтэд илэрхий зүйл байгаа. Хариуцагч Ч.Заяад албан тоот явуулахад Баянзүрх дүүргийн хаягтаа байдаггүй гэсэн шалтгаанууд байсан. Иймээс 2014-2015 оны төлбөрийг шаардаж байгаа. 2013 оны 12 сарын 20-ны өдрийн 66 тогтоолоор 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр өөрчлөлт орсон. Радио долгионы ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг тогтоох тухай журам батлах тухай Дэд бүтцийн сайдын 2003 оны 10 сарын 13-ны өдрийн 216 дугаар тогтоолын 2 дахь хэсэгт нь 2.1-т Радио долгион ашиглалтыг төлбөрийг дараах байдлаар тооцоо хийгдэнэ. Эрхийн гэрчилгээ олгоно. Эрхийн гэрчилгээ олгохдоо радио долгионы эрхийн бичгийн ашиглалтын төлбөрийг гаргаж ирэхдээ: радио зурвасын ашиглалтын төлбөр, радио нэвтрүүлэгийн хүчин чадал, төрөл ангилал эдгээрийн нийлбэрээр тухайн төлбөр гарч ирсэн. 1 жилийн 545.000 төгрөг болж өөрчлөгдсөн. Өөрчлөлттэй холбоотой 385.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.
Хариуцагч Ч.Заяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Харилцаа холбооны зохицуулах хороо, иргэн Ч.Заяа миний бие 2013 оны 12-р сарын 12-ны өдрийн 89913 тоот Радио давтамж ашиглах гэрээг байгуулсан. Уг гэрээ нь 2013 оны 12-р сарын 12-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай байгуулагдсан бөгөөд уг гэрээний дараах заалтуудыг бүрэн биелүүлсэн. 6.1 дэх хэсэгт Эрхийн бичиг эзэмшигч нь Радио долгионы тухай хуулийн 5.2.3-т заасан журмын дагуу Радио давтамж ашигласны төлбөрийг жил бүр холбогдох үзүүлэлтүүдийг үндэслэж шинэчлэн тооцоолсон Хавсралт 1-ээр Зохицуулах хорооны Голомт банкан дахь 1102626829 тоот дансанд жил бүрийн 12-р сарын 20-ны дотор багтаан төлнө. гэж заасан байгаа бөгөөд уг төлбөрийг 2013.12.12-ноос 2014.12.02-ны өдрийг хүртэлх төлбөрийг 2014.02.16-ны өдөр 160,000 төгрөг, 2014.12.12-ноос 2015.12.02-ны өдрийг хүртэлх төлбөрийг 2016.03.18-ны өдөр 160,000 төгрөгийн төлбөрийг Голомт банкны 1102626829 тоот дансанд тушаасан. Харилцаа холбооны зохицуулах хорооны 2016.02.18-ны өдрийн 01/328-тоот албан бичиг, 705,000 төгрөгийн нэхэмжлэх нь энэ гэрээний 6.2 дахь хэсэгт Энэхүү гэрээний 6.1-д заасан төлбөрийн хэмжээнд өөрчлөлт орсон тохиолдолд төлбөрийг тухай бүр тооцоолж энэ гэрээнд хавсаргана. гэж заасныг зөрчиж байгаа бөгөөд төлбөрөө нэмсэн бол гэрээний хавсралт 1-ийг өөрчлөж байж төлбөрийг төлнө гэсэн шаардлагыг тавьсан боловч уг хавсралтыг гэрээний хугацаанд шинэчлэн өөрчлөөгүй тул 2016.03.18-ны өдөр 2014.12.12-ноос 2015.12.02-ны өдрийг хүртэлх төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасны дагуу төлбөрийг төлсөн. Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж утсаар надтай холбогдоход дээрх нөхцөл байдлыг тайлбарлаж хэлсэн. Харилцаа холбооны зохицуулах хорооны гаргасан энэхүү нэмэхжлэл нь 89913 тоот гэрээний биелэлт, төлбөр төлсөн баримгыг бүрэн гүйцэд нягталж шалгаагүйн улмаас өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан нэхэмжлэл гаргахдаа үнэн зөв мэдээлэл хангаагүй, өөрт байгаа мэдээлэлд боловсруулалт хийгээгүй байгаа тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, албан ёсоор хариуцагчаас уучлах хүсэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Заяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэв гэрээндээ төлбөр оруулсан бол гэрээнд хавсаргасан тооцооллоо гаргаж өгөөгүй юм бэ, үнэ өөрчлөгдөж болно. Гэхдээ надад төлбөр мэдэгдээд, би хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд миний буруу болно. Та нар техник ажиллагаагаа хийгээгүй байж, гэрээний заалтыг зөрчиж надаас төлбөр нэхэмжилж байгаа юм бэ, тухайн гэрээнд заасны дагуу өөрчлөлт нь надад ирсний дагуу өөрчлөгдөх ёстой. Гэрээ чинь хүчин төгөлдөр байсан бол. Өмнө нь өөр гэрээний хавсралтыг өөрчилж байсан зүйл байгаа. Өөрсдийн техник ажиллагаагаа хийгээгүй байж, төлбөр нэхэмжлэх нь буруу агуулгатай гэж үзэж байна гэжээ.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо Төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар нь хариуцагч Ч.Заяад холбогдуулан 2013 оны 12 сарын 12-ны өдрөөс 2015 оны 12 сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд радио долгион ашигласны төлбөрт 705,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 320,000 төгрөгөөр багасгаж, 2015 онд төлөх радио долгион ашигласны төлбөрийн үлдэгдэл 385,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, ...радио долгионы төлбөрийн хэмжээ нэмэгдсэн талаар мэдэгдээгүй, гэрээгээр тохиролцсон төлбөрийг төлсөн тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо ТБАГУТҮГ, хариуцагч Ч.Заяа нар 2013 оны 12 сарын 12-ны өдөр 89913 тоот Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээ-г 2 жилийн хугацаатай байгуулсан байх бөгөөд гэрээний 6.1, хавсралт 1-д Ч.Заяа нь Kenwood TK 768G, 1 ширхэг 25 Bm G13555, Kenwood TK 278, 2 ширхэг 5 Bm А08167-А08168 чадал, тоо ширхэг бүхий радио төхөөрөмжөөр радио долгион ашигласны төлбөрийг жил бүрийн 12 дугаар сарын 12-ны өдрийн дотор Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийг шинэчлэн тогтоосон дүнгээр Харилцаа холбооны зохицуулах хорооны Голомт банк дахь 1102626829 тоот дансанд төлөхөөр тохиролцжээ.
Зохигч 2013 оны 12 сарын 12-ны өдөр 89913 тоот Радио давтамж ашиглах эрхийн бичгийн гэрээ-г 2 жилийн хугацаатай байгуулж, гэрээний дагуу хариуцагч 2014 онд радио долгион ашигласны төлбөрт хариуцагч 160,000 төгрөг, 2016 оны 03 сарын 18-ны өдөр 160,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн талаар маргаангүй байна.
Радио долгионы тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.3-т зааснаар Засгийн газар нь радио давтамжийн зурвасыг ашиглах, төлөвлөх, дахин төлөвлөх, хуваарилах болон радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөр тогтоох журам батлах, 51 дугаар зүйлийн 51.1.10-т зааснаар Харилцаа холбооны зохицуулах хороо нь хуулийн мөн хуулийн 5.2.3-т заасан журмын дагуу радио давтамжийн ашиглалт, үйлчилгээний төлбөрийн хэмжээг батлах эрхтэй байна. Харин мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т зааснаар радио давтамж ашиглах тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг эзэмшигч нь тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн дараа жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгосон тухайн ажлын өдрөөр тасалбар болгон жил бүр төлөх үүрэгтэй байна.
Хуулийн дээрх зохицуулалт, талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу хариуцагч Ч.Заяа 2015 онд радио долгион ашигласны төлбөрийн үлдэгдэл болох 385,000 төгрөгийг нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороонд төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Ч.Заяагаас 385,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч харилцаа холбоо зохицуулах хороонд олгох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Радио долгионы тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т заасны дагуу хариуцагч Ч.Заяагаас 385,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо ТБАГУТҮГ-т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасны дагуу нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо ТБАГУТҮГ нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ч.Заяагаас 12,200 төгрөг гаргуулан улсын төсөв /Баянгол дүүргийн татварын хэлтэс/-т оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР