Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/49

 
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Айгерим, Улсын яллагч Я.Д-, Шүүгдэгч С.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт С-ын Е-д холбогдох эрүүгийн 2413000000028 дугаартай хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19.. оны ... дугаар сарын ....-ны өдөр Баян-Өлгий аймгийн ............ суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эх барих, бага эмч мэргэжилтэй, Баян-Өлгий аймаг, ....... сумын ....... дугаар багийн эмч ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн ...... сумын ..... дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овогт С-ын Е-, регистрийн дугаар: БИ............., Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Е- нь 2023 оны 12 дүгээр сарын сүүлээр Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амтны жагсаалт”-д багтсан алтайн хойлог шувуу /1-ширхэг/-г худалдан авч, тээвэрлэн, улмаар хадгалж байгаад 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн ............ сумын ........ дугаар багаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд ............ сумын Засаг даргын Тамгын газрын 3.-7.БӨТ улсын дугаартай Ланд круйзер-100 загварын тээврийн хэрэгслээр өвчтөн хүргэж ирэхдээ Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амтны жагсаалт”-д багтсан алтайн хойлог шувуу /1-ширхэг/, хадны суусарын арьс /4 ширхэг/ зэргийг цүнхэнд хийж тээвэрлэн, экологи эдийн засагт буюу амьтны аймагт 3.997.000 төгрөгийн хохирлыг учруулан ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авч, хадгалж, тээвэрлэн хууль бусаар ан агнах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт: 1. Улсын яллагч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч С.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. 1 ширхэг суусрын арьсыг шинжээчийн дүгнэлтээр 945,000 төгрөг, хойлог шувууг 217,000 төгрөгөөр үнэлсэн. 4 ширхэг суусрын арьс нь 3,780,000 төгрөг, хойлог шувууг 217,000 төгрөгийг нэмэхээр 3,997,000 төгрөг болж байна. Энэхүү хохирлыг Байгаль орчны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2-д “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж зааснаар нийтдээ 7,994,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан экологи эдийн засагт учирсан хохирлыг төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна” гэв. 2. Шүүгдэгч С.Е- мэдүүлэхдээ: “Би тухайн үед үхэр хайгаад явж байсан. ............ голын гүрийн хажууд гар өргөх үед би тухайн хүмүүст очсон. Мотоциклын дугуй нь хагарсан, бензин нь дууссан байдалтай байсан. Хар дээлтэй, хар малгайтай хүн байсан. Надад туслаач гэж хэлсэн. Тухайн хүн надаас бензин асуусан. Би 1 л бензин өгсөн. Нэрийг нь асуусан боловч хэлээгүй. Тухайн хүмүүс уутнаасаа 4 арьс гаргаж ирээд надад баярласнаа илэрхийлж малгай хийж аваарай гэж өгсөн. Тэгж байхад надад хандаж бидэнд хойлог шувуу байгаа эмчилгээнд хэрэгтэй та эмч хүн бол мэдэх байх. Бид аймаг орж чадахгүй юм шиг байна. 100,000 төгрөгөөр худалдаж авах уу гэж надад санал болгосон. Надад мөнгө байхгүй, үхэр хайгаад явж байсан. Тухайн үед миний карманд 80,000 төгрөг байсан. Тухайн 80,000 төгрөгөөр хойлог шувууг худалдаж авсан. Тэр хүмүүсийг би танихгүй. Мотоцикл нь улсын дугааргүй байсан.” гэв. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2413000000028 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас: 3. Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 02 дахь тал/, 4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дахь тал/, 5. Гэрч Н.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, 6. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, шинжээч И.Ж-ын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-24 дэх тал/, 7. “Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 25 өдрийн БӨА-24-0020 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 30-34 дэх тал/, 8. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 84 дэх тал/, 9. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 88 дахь тал/, 10. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 89-91 дэх тал/, 11. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 96-99 дэх тал/, 12. Яллагдагч С.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 109-112 дахь тал/ зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Шүүгдэгч С.Е-аас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал. 13. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна. 14. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Е-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ. Хэргийн үйл баримт: 15. Шүүгдэгч С.Е- нь 2023 оны 12 дүгээр сарын сүүлээр Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амтны жагсаалт”-д багтсан алтайн хойлог шувуу /1-ширхэг/-г худалдан авч, тээвэрлэн, улмаар хадгалж байгаад 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн ............ сумын 7 дугаар багаас Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд ............ сумын Засаг даргын Тамгын газрын 3.-7.БӨТ улсын дугаартай Ланд круйзер-100 загварын тээврийн хэрэгслээр өвчтөн хүргэж ирэхдээ Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11- ний өдрийн 7 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ховор амтны жагсаалт”-д багтсан алтайн хойлог шувуу /1-ширхэг/, хадны суусарын арьс /4-ширхэг/ зэргийг цүнхэнд хийж тээвэрлэн, экологи эдийн засагт буюу амьтны аймагт 3.997.000 төгрөгийн хохирлыг учруулан ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авч, хадгалж, тээвэрлэсэн гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 16. Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хавтаст хэргийн 02 дахь тал/, 17. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хойлог шувуу, хадны суусар нь манай сумын уулархаг нутгаар тархацтай байдаг Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор ан амьтны жагсаалтад хойлог шувуу, хадны суусар орсон байдаг ба агнах, эд эрхтнийг нь хадгалах, худалдах, тээвэрлэх нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт тооцогддог ба Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37.3 дугаар зүйл, тус хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна гэж заасан байдаг. Надад нэхэмжлэх зүйл гэвэл шинжээчийн дүгнэлтээр гарсан Экологи эдийн засгийн үнэлгээг зохих журмын дагуу нэхэмжлэх болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 09-10 дахь тал/, 18. Гэрч Н.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өнөөдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр амралтын өдөр байсан тул гэртээ амарч байсан. Өнөөдрийн 19 цаг 30 орчим минутын үед манай сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Н- гэх залуу над руу холбогдон “Би Засаг даргад танилцуулсан. Яаралтай аймаг руу хүүхэд хүргэх хэрэгтэй байна” гэсэн. ...Бид аймагт 20 цаг 30 минутын орчимд ирсэн ба аймагт ирэнгүүтээ шууд Өлгий сумын хүүхдийн эмнэлэгт очсон. Хүүхдийн эмнэлэгт очингуутаа эмч С.Е- нь Ө-ийн хүүхэд болон эхнэрийг дагуулаад эмнэлэгт орж 10 орчим минутын дараа гарч ирсэн. Гарч ирэхдээ С.Е- нь ганцаараа гарч ирсэн ба Ө-ийн хүүхэд болон эхнэрийг нь хүүхдийн эмнэлэгт хэвтүүлсэн талаар хэлсэн, ... С.Е- надад “Н” эмнэлгийн хажуу талд өвчтөнд бичих өгөх хэрэгтэй байна гэж хэлсэн ба бид хоёр машинтайгаа хамт Н эмнэлгийн хажуу талд ирсэн. Биднийг Н эмнэлгийн хажууд ирээд зогсмогц С.Е- нь буусан ба хажууд нэг машинаар ирээд зогсож үл таних 2 залуу цагдаагаас явж байна, таны машиныг шалгах хэрэгтэй байна гэж хэлсэн. Би цагдаа нарын тавьсан шаардлагын дагуу тээврийн хэрэгслээ шалгуулахад миний машин дотор байсан хар цүнх дотроос 1 ширхэг хойлог шувуу мөн 4 ширхэг суусарын арьс гарч ирсэн. ...Анх өвчтөний гэрт би хүлээж байхад эмч өвчтөний хамт машиндаа суухад миний тээврийн хэрэгсэл дотор уг хар цүнхийг тавьчихсан байсан. Би уг цүнхийг хэнийх вэ гэж асуугаагүй ба тухайн цүнх нь эмч С.Е-ых гэдгийг би мэдсэн. Тухайн цүнх нь манай машины арын суудлаас гарч ирсэн. Харин С.Е- нь арын суудалд сууж, өвчтөний ээж хүүхдээ аваад урд талын суудалд сууж явсан. Мөн С.Е- эмч нь гаднаас хамгийн сүүлд орж ирсэн ба өвчтөний гэрт орж ирэхээс өмнө машин дотор цүнхээ үлдээсэн байсан гэж бодож байна. Мөн цагдаа нар ирээд шалгахад С.Е- бид хоёр машин дотор үлдсэн байсан ба би шууд С.Е-ы цүнх гэдгийг мэдсэн. Харин өвчтөн бүх ачаагаа аваад буусан. Тухайн цүнх дотор хойлог шувуу, суусарын арьс байсныг мэдээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13 дахь тал/, 19. Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн, шинжээч И.Ж-ын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 22-24 дэх тал/, 20. “Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 25 өдрийн БӨА-24-0020 дугаартай “...Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолын хавсралтаар нэг толгой Алтайн хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 217.000 /хоёр зуун арван долоон мянган/ төгрөг, суусар булагны экологи-эдийн засгийн унэлгээ нь 945,000 /есөн зуун дөчин таван мянган / төгрөг байна..., ... Алтайн хойлог шувуу болон хадны суусар /суусар булаг/ нь Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар ховор амьтны жагсаалтад орсон ховор амьтан юм...” гэх үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 30-34 дэх тал/, 21. Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 84 дэх тал/, 22. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 88 дахь тал/, 23. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 89-91 дэх тал/, 24. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 96-99 дэх тал/, 25. Яллагдагч С.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын сүүлээр байсан ба өдрийн нарийн сайн санахгүй байна, Баян-Өлгий аймгийн ............ сумын 7 дугаар багийн нутгаар үхрээ хайгаад ганцаараа явж байхад замд мотоциклоо тавиад өөрсдөө хажууд нь зогссон 2 хүнтэй таарсан ба тэдгээр хүмүүс над руу гараа өргөхөөр нь зогссон чинь тэр хоёрын унаж явж байсан мотоциклийн бензин нь дууссан, хойд талын дугуйн хагарсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь би өөрийнхөө мотоциклоос 1 литр бензин, илүү явж байсан запаас дугуйны олгойг өгч тусалсан юм. Тэгсэн нөгөө хүмүүс баярлаж, талархсанаа илэрхийлээд хар өнгийн уутанд хийсэн зүйлийг өгсөн. Тэгэхээр нь юу юм бэ гэж асуусан чинь 4 ширхэг суусрын арьс байгаа, чи энүүгээр малгай хийлгээд аваарай гэсэн би өөрөө тухайн суусрыг ховор амьтан болохыг мэдээгүй учир юу ч бодолгүй өөрийнхөө өгсөн дугуйны олгой, бензиний оронд авсан юм. Ингээд мотоциклоо унаад хөдлөх гэж байсан чинь тэр хоёр залуугийн нэг нь надад хандаад хүмүүс эмчилгээнд их хэрэглээд байдаг юм, 1 ширхэг хойлог шувуу байна авах уу, би чамд 100,000 төгрөгт өгье гэхээр нь би надад тийм хэмжээний мөнгө алга байна гэсэн чинь байгаа мөнгө чинь хэд гэж надаас асуухаар нь өөртөө бэлэн байсан 80,000 төгрөгийг байгаа талаар хэлсэн чинь за авчих гэж хэлээд 1 ширхэг хойлог шувууг өгсөн. Уг шувууг 4 ширхэг суусрыг хийсэн байсан уутанд хийж аваад тэндээс хөдөлсөн юм. Тэгээд гэртээ аваачиж уг цүнхтэй юмыг тавьсан. Би 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гэрээс хойлог шувуу, 4 ширхэг суусарын арьсыг хийсэн цүнхийг авч гараад Ө-ийн гэрийн гадаа очиход Н.С-ийн жолооддог ............ сумын Тамгын газрын 3.-7.БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан. Тэгэхээр нь цүнхээ дотор оруулаад тавьчихъя гэж бодоод машины арын хаалгыг татахад онгорхой байхаар нь цүнхээ арын шалавчинд тавьчхаад Ө-ийн гэрт ороход С- цай уусан сууж байсан, надад бас цай хийж өгөхөөр нь уучхаад бөөндөө тэднийхээс гараад би машины хойно ганцаараа, жолооч С- болон Ө-ийн эхнэр Ж- нар урагшаа суусан. Ж- гартаа хүүхдээ авсан байсан. Миний цүнхтэй зүйл оруулж тавьсан болохыг тэдгээр хүмүүс мэдээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 109-112 дахь тал/ Эрх зүйн дүгнэлт. 26. Алтайн хойлог шувуу нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7-р тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дугаар хэсгийн 17-д зааснаар ховор зэрэглэлийн шувууд, 1 дүгээр хэсгийн 4-т зааснаар хадны суусар /суусар булаг/ нь ховор зэрэглэлийн хөхтөн амьтанд тус тус бүртгэгдсэн байна. 27. Монгол Улсын Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх заалтад зааснаар “ховор амьтан” гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг ойлгохоор хуульчилсан байх бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.5 дахь хэсэгт зааснаар төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, эмчилгээний зориулалтаар, Монгол Улсын болон гадаадын иргэн тусгай төлбөр төлсөн тохиолдолд, тодорхой нутаг дэвсгэрт амьтны сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор ховор амьтныг агнаж, барьж болохыг зөвшөөрсөн, бусад тохиолдолд хориглосон байна. 28. Ховор амьтны түүхий эдийг худалдан авсан гэдэгт бусдын шунахайн сэдэлтээр, зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн зүйлийг өөхшүүлж, мөнгөн төлбөр төлж авсан үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч С.Е-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг “Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцлоо. 29. Шүүгдэгч С.Е-ы үйлдсэн гэмт хэрэгт нь прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалсан, тээвэрлэсэн” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч С.Е-д дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 30. Уг гэмт хэрэг үйлдэгдэн гарахад иргэдийн “ховор”, “нэн ховор” ан амьтан, тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг худалдах, худалдан авах, хадгалах, тээвэрлэх, агнах зэрэг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинж байдал, хуулийн мэдлэггүй байдал нөлөөлсөн байна. Хохирол, хор уршгийн талаар: 31. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ. 32. “Ашид билгүүн” ХХК-ний 2024 оны 01 дүгээр сарын 25 өдрийн БӨА-24-0020 дугаартай дүгнэлтээр нэг толгой Алтайн хойлог шувууны экологи-эдийн засгийн үнэлгээг 217.000 /хоёр зуун арван долоон мянган/ төгрөгөөр, суусар булагны экологи-эдийн засгийн унэлгээг 945,000 /есөн зуун дөчин таван мянган/ төгрөгөөр тогтоосон бөгөөд 217.000 + /4 х 945.000/ = 3.997.000 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэлээ. 33. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тооцохоор заасны дагуу шүүгдэгч С.Е-аас 3.997.000 х 2 = 7.994.000 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгох нь зүйтэй байна. Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 34. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” дүгнэлтийг, 35. Шүүгдэгч С.Е-аас “Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэх хүсэлтийг гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцээгүй болно. 36. Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Е-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй. 37. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов. 38. Шүүгдэгч С.Е- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 71 дэх тал/-аар тогтоогдож байна. 39. Шүүхээс шүүгдэгч С.Е-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзнэ. 40. Шүүгдэгч С.Е-д үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-т зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-д 5.400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 41. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. 42. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна. 43. Энэ хэрэгт шүүгдэгч С.Е- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна. 44. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Алтайн хойлог шувуу, 4 ширхэг хадны суусрын арьс, 1 ширхэг хар өнгийн үүргэвчтэй цүнх зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгах нь зүйтэй. 45. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг албадан гаргуулна”, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-д “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно, хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан. 46. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Е-ы эзэмшлийн 6039 БӨА улсын дугаартай, Ssenda маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв. 47. Шүүгдэгч С.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Х овогт С-ын Е-ыг ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр худалдан авч, хадгалж, тээвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-ыг 5.400 (таван мянга дөрвөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 (таван сая дөрвөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Е- нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай. 6. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Е-аас 7.994.000 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Е-ы эзэмшлийн 6039 БӨА улсын дугаартай, Ssenda маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлөхөд зарцуулахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Алтайн хойлог шувуу, 4 ширхэг хадны суусрын арьс, 1 ширхэг хар өнгийн үүргэвчтэй цүнх зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгасугай. 9. Шүүгдэгч С.Е-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК