Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2022/0509

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал даргалж, шүүгч С.Ганбат, шүүгч Ц.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.О*********

Хариуцагч: С***** д****З******д*******

Гуравдагч этгээд: “Н*****У********” ХХК нарын хоорондын газар албадан чөлөөлүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э**********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б**********, гуравдагч этгээдийн “Н*****У********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч*************, Д.У**************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.О*********гаас С***** д****З******д*******д хандан өөрийн эзэмшил бүхий газар дээр байгаа “Н*****У********” ХХК-ийн хашаа, байшинг чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Нэхэмжлэгч уг асуудлаар иргэний хэргийн шүүхэд удаа дараа хандсан байх бөгөөд хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШЗ2017/11497 шүүгчийн захирамжаар “... нэхэмжлэгч нь маргаантай асуудлыг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлд зааснаар зохих шатны Засаг дарга болон Захиргааны хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэсний эцэст уг шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан онцгой харьяаллын дагуу нэхэмжлэлээ гаргах шаардлагатай...” гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Уг асуудлаар Нийслэлийн Засаг даргад хандан 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр өргөдөл гаргасан.

4. Шүүхэд 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр нэхэмжлэл гаргасан.

5. Нэхэмжлэгч Ц.О*********, түүний өмгөөлөгч Ө.Э********** нар шүүхэд гаргасан нэхэмжлэл үндэслэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ц.О********* нь Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Ар гүнтэд байрлалтай, 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 000652772 дугаар "Газар эзэмших эрхийн гэрчилгээ" -тэй" Зуслан / Жимс жимсгэнэ / " зориулалт бүхий 80,000 м.кв /8 га/ газрын хууль ёсны эзэмшигч болно. "Н*****У********" ХХК /захирал Чинзориг/ нь миний эзэмшлийн газарт халдаж, хашааг сүйтгэн, тус 8 га газрын голд давхардуулан хашаа, байшин барин МУ-ын иргэний газар эзэмших эрхэд ноцтой халдан, газраа зориулалтынх нь дагуу ашиглах боломжгүй болгосон. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д "Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө" гэж, 57.4-д "Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна" гэж заасны дагуу 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр С***** д****З******д*******д хандсан боловч өргөдлийн дагуу шийдвэр гаргаагүй тул, 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан ч хуулийн хугацаанд хариу өгөөгүй болно. С***** д****З******д******* Ц.О********* миний эзэмшлийн газрыг бусдын хууль бус ашиглалтаас албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй эс үйлдэхүй гаргаж үүний улмаас өөрийн эзэмшлийн газраа зориулалтынх нь дагуу ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газрыг албадан чөлөөлөхийг даалгаж өгнө үү” гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгчид дүүргийн Засаг даргын 2015 оны А/505 дугаар захирамжаар 21 дүгээр хороо Ар-гүнтэд жимс жимсгэнийн зориулалтаар 5 га газар эзэмших эрх олгосон байна. Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бөгөөд дүүргийн газар зохион байгуулалтын албанаас маргаан бүхий газарт зохих зөвшөөрөлгүй хашаа барьсан "Н*****У********" ХХК-д удаа дараа бусдын эзэмшлийн газрыг чөлөөлөх мэдэгдлийг өгч байсан болно. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т анхан шатны шүүхээс "захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх , хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох " шийдвэрийг гаргахаар тус тус заасан. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллагын эс үйлдэхүй байгаа бөгөөд энэ эс үйлдэхүй нь хууль бус болохыг шүүхээс тогтоосон, энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шүүх захиргааны акт гаргах буюу тодруулбал газар албадан чөлөөлөх шийдвэр гаргах шийдвэр гаргахаар хуульд заажээ. Дүүргийн газар зохион байгуулалтын албанаас нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл хүсэлтэд албан бичгээр 2017 , 2019 , 2020 онуудад хариу өгч байсан нь холбогдох баримтаар нотлогдож байх тул захиргааны байгууллагыг эс үйлдэхүй гаргасан гэх үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

7. Гуравдагч этгээд “Н*****У********” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Манай компани нь 2013 оны 10 дугаар сараас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтэд 18628330194986 нэгж талбарын дугаар бүхий 20001 м.кв талбайтай, регистрийн 5322596 дугаартай газар эзэмшиж ашиглаж байгаа. Гэтэл 2016 оны 07 дугаар сарын орчимд манай хашааны гадуур Ц.О********* гэх хүн давхар хашаа барьж өнөөдрийг хүртэл хүндрэл учруулсаар байна. Ц.О********* нь 2017 оны 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШЗ2017/11497 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгосон. Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулагч Батцагаан болон Ц.О********* нарыг Авлигатай тэмцэх газар шалгуулсан болно. Иргэн Ц.О*********д “Н*****У********т” ХХК-ийн орц, гарцыг чөлөөлж өгөхийг даалгахыг Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээс хүсэж байна. Хариуцлага алдаж иргэдэд чирэгдэл учруулж байгаа Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулагч н.Б**********д өндөр хариуцлага тооцох нь зүйтэй гэж бодож байна. Ийм асуудал үүсгэсэн байж одоо ч ажлаа хийсээр явж байгаа. н.Б********** манай компанийн хувийн хэргийг устгаж өөр газарт 2 га газар дахин бүртгэсэн нь 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын хариу хүргүүлэх бичгээр нотлогдсон болно. Иймээс Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулагч н.Б**********, Ц.О********* нар хуйвалдан манай компанийн газрыг булаан авах гэсэн оролдлого гэж үзэж байна.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

   1. Иргэн Ц.О*********гаас С***** д****З******д*******д холбогдуулан гаргасан “Өөрийн эзэмшил бүхий газар дээр байгаа “Н*****У********” ХХК-ийн хашаа, байшинг чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, захиргааны хэрэгт хуульд заасан журмыиргн дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/505 дугаар захирамжаар иргэн Ц.О*********д тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар гүнтэд жимс жимсгэний зориулалтаар 80000 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, уг захирамжийг үндэслэн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 000652772 дугаар газар эзэмших гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ. /1-р х.х-н 30-36/

3. Харин түүний гаргасан 1 өргөдлийг үндэслэн дахин Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/531 дугаар захирамжаар иргэн Ц.О*********д тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар гүнтэд жимс жимсгэний зориулалтаар 50000 м2 газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн /х.х-н 46/ боловч уг газрыг эзэмшихээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдоогүй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар эзэмшдэггүй, уг газрын кадастрын зургаас үзвэл маргаан бүхий газраас өөр байршилд байгаа, энэ маргаанд хамааралгүй болох нь газрын кадастрын зургаар нотлогдоно.  /2-р х.х-н 224/

4. Гуравдагч этгээд “Н*****У********т” ХХК-д Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 335 дугаар захирамжаар тус дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ар гүнтэд үнээний саалийн аж ахуй эрхлэх зориулалтаар 10000 м2 газрыг эзэмшүүлсэн, улмаар 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/298 дугаар захирамжаар газар эзэмших гэрээ, гэрчилгээний хугацааг 15 жилийн хугацаагаар сунгажээ. /1-р х.х-н 94-98/

5. Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн албан бичигт “Н*****У********т” ХХК-д газар эзэмшүүлсэн захирамжийн хувийн хэрэг архивт нь хадгалагдаагүй талаар тайлбар гаргасан байх бөгөөд  хэрэгт авагдсан Нийслэлийн прокурорын газрын эрүүгийн хэргийн архиваас ирүүлсэн баримт, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн лавлагаанд: “2012 оны 10 дугаар сарын архивын зурган мэдээлэлд анх нэгж талбарын 18627331726452 дугаартай 20001 м.кв талбайтай газар нь регистрийн 5322596 дугаартай аж ахуйн нэгжийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байх бөгөөд 2015 оны 8 дугаар сарын архивын зурган мэдээлэл хүртэлх хугацаанд бүртгэлтэй байсан байна” гэсэн тайлбар болон хавсралт зургаас үзвэл “Н*****У********т” ХХК-д 2009 онд тухайн маргаж байгаа газрын дээд талд иргэн Р.У********** эзэмшиж байсан газрын хажууд 1 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. /1-р х.х-н 196-201, 2-р х.х-н 56-60/

6. Гуравдагч этгээд “Н*****У********т” ХХК-иас 2 га газрыг одоо маргаж буй нэхэмжлэгч Б.Отгонтуяад эзэмшүүлсэн газарт шилжүүлэн олгосон, 2013 оны 2 дугаар сарын зурган мэдээлэлд орсон байсныг устгасан байсан гэж тайлбарлаж байх  боловч дүүргийн Засаг даргаас байршлыг өөрчилсөн захирамж гараагүй, байршлын хувьд маргаж буй газрын дээд талд 1 га газрыг эзэмшүүлсэн захирамжийнхаа дагуу 2012 оны 10 дугаар сарын архивын зурган мэдээлэлд орсон байх бөгөөд үүний дараа 2013 оны 2 дугаар сард маргаж буй газарт 20001 м.кв талбайтайгаар зурган мэдээлэлд давхардуулан оруулсаныг уг газарт газар эзэмших эрхтэй гэж дүгнэх боломжгүй.

7. Түүнчлэн гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн гэрээ, гэрчилгээ байхгүй тул түүнийг Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт газар эзэмших эрхтэй этгээд биш байх тул гуравдагч этгээдийн зүгээс тухайн газрыг эзэмшдэг учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, нэхэмжлэгч төсөл сонгон шалгаруулалтаар тухайн газрыг аваагүй гэх тайлбарыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

9. Нэхэмжлэгч өөрийн эзэмшил бүхий газраа гуравдагч этгээдийн эзэмшлээс чөлөөлж өгөхийг хүссэн хүсэлтийг олон удаа дүүргийн газар зохион байгуулалтын алба болон Засаг даргад хандан гаргаж байжээ.

10. Сонгинохайрхан дүүргийн газрын албаны /хуучин нэрээр/ 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 14/1155 дугаар албан бичгээр Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар Ц.О*********гийн эзэмшлийн газрыг чөлөөлөх мэдэгдлийг “Н*****У********т” ХХК-д хүргүүлжээ.  /1-р х.х-н 77/

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн гаргасан өргөдөл хүсэлтэд 2017-2020 онуудад хариу өгч байсан тул эс үйлдэхүй гаргаагүй гэж тайлбар өгч байгаа нь үндэслэлгүй байна.

12. Учир нь Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дурмэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4 “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж зааснаар 2017 онд “Н*****У********т” ХХК-д мэдэгдэл өгснөөс хойш холбогдох арга хэмжээг авч ажиллаагүй байна.

13. Иймд нэхэмжлэгч Ц.О*********гаас “Ц.О*********гийн эзэмшил бүхий газар дээр байгаа “Н*****У********” ХХК-ийн хашаа, байшинг чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт шийдвэр гүйцэтгүүлэх арга журам, хугацааг шүүх шийдвэртээ тусгахаар заасан тул уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 хоногийн дотор газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг С***** д****З******д*******д үүрэг болгож шийдвэрлэлээ.

15. Иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхийг зөвшөөрсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт зааснаар түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Ц.О*********гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ц.О*********гийн эзэмшил бүхий газар дээр байгаа “Н*****У********” ХХК-ийн хашаа, байшинг чөлөөлөх шийдвэр гаргахгүй байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгасугай.

2.  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 30 хоногийн дотор газар албадан чөлөөлөх шийдвэр гаргахыг С***** д****З******д*******д үүрэг болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

              4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Л.ӨЛЗИЙЖАРГАЛ

 

                                           ШҮҮГЧ                                                    С.ГАНБАТ

                                           ШҮҮГЧ                                                    Ц.МӨНХЗУЛ