Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 67

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Улсын яллагч  Ц.Батбямба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Батзоригт холбогдох эрүүгийн 201719000052 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн. 1994 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн. 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Улаанбаатар хотын СХД-ийн 1 дүгээр хороо, Толгойтын 88-12А хаягт оршин суух хаягтай боловч, одоогоор БГД-ийн 2 дугаар хороо 63-1-04 тоотод оршин сууж байгаа. 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Дүүргийн Эрүүгийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 751 тоот шийтгэх тогтооолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хорих ялаар шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан Боржигон овогт Насан-Өлзийн Батзориг РД /УЮ:94092410/

 

Холбогдсон хэргийн талаар: / Яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч Н.Батзориг нь согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 07-ны шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Максимум ХХК-ны байранд байрлах Төрийн банкны салбарын гадна байрлуулсан АТМ-ны цонхыг санаатай тохойгоороо  хагалж 60 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Н.Батзориг мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 12 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө манай найзын төрсөн өдөр болж бид нар Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутагт байрлах Мянгат бааранд архи ууж байгаа тооцоо хийх болтол мөнгө дутаад мөнгө авахаар Төрийн банкны АТМ ороод Аюуш мөнгө авсан. Тэгээд би согтуудаа биеэ хянах чадваргүйгээс болж АТМ-ны цонхыг тохойгоороо цохиж хагалсан. Төрийн банкинд учруулсан 60 000 төгрөгийн хохиролоо төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү  гэв.

Иргэний нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төгөлдөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 07-ны өглөө ажил дээрээ ирэхэд гаднаас танихгүй иргэн ирээд танай автомат машины цонх хагарсан байна гэж хэлсэн.Тэгээд Төрийн банкны Максимум ХХК-ны байранд байрлах АТМ-ны камерын дүрс бичлэгийг шүүж үзэхэд үл таних залуу гүйлгээ хийгээд гарахдаа тохойгоороо цонхны шилийг цохиж хагалчхаад гараад явчихсан байсан. Манай байгууллагад учруулсан 60 000 төгрөгийн хохиролоо Н.Батзориг нөхөн төлсөн тул нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/

Иргэний нэхэмжлэгч Төрийн банкнаас шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Н.Батзориг нь манай байгууллагад  учруулсан хохирол болох 60 000 төгрөгөө нөхөн төлсөн тул санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Гэрч Н.Аюушийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн манай найзын төрсөн өдөр болж Зуунмод сумын Мянгат бааранд архи ууж байгаад гарах болсон  чинь тооцоо дутаад АТМ ороод мөнгө авах гээд байж байхад Батзориг дандаа даалгах юмаа гэж өөрийгөө хэлээд АТМ-ны цонхыг гараараа цохих гээд байхаар нь Эрхбаяр боль гээд хориглосон. Би гүйлгээ хийж дуусаад мөнгөө аваад эргэтэл Эрхбаяр Батзоригийг тавьсан. Гэтэл Батзориг шууд л АТМ-ны цонхыг гараараа цохиод хагалсан гэх мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/

Гэрч М.Эрхбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: Бид нар төрсөн өдөр тэмдэглээд тооцоогоо хийх гэтэл мөнгө дутаад АТМ ороод байж байтал Батзориг би дандаа даалгаж байх юм даа арчаагүй юм даа би нэг юм үзүүлэх үү гээд АТМ-ны шилийг гараараа цохих гээд байхаар нь би хориглосон. Батзориг би больчихлоо гэхээр нь тавьтал АТМ-ны цонхыг хагалчихсан. Тэгээд Аюуш бид хоёр Батзоригийг загнаж байгаад бид гурав салж явсан гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 50 хуудас/

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 хуудас/ зэрэг болно.

     Шүүгдэгч Н.Батзориг нь согтуурсан үедээ 2016 оны 12 дугаар сарын 07-ны шөнө Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн нутаг Максимум ХХК-ны байранд байрлах Төрийн банкны салбарын гадна байрлуулсан АТМ-ны цонхыг санаатай тохойгоороо цохин хагалж  гэмтээн 60 000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг хэрэг үйлдсэн болох нь:

 

      Шүүгдэгч Н.Батзоригийн.... би согтуудаа биеэ хянах чадваргүйгээс болж АТМ-ны цонхыг тохойгоороо цохиж хагалсан. Төрийн банкинд учруулсан 60 000 төгрөгийн хохиролоо төлж барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн  63-66 хуудас/

Иргэний нэхэмжлэгч Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Төгөлдөрийн  ....Төрийн банкны Максимум ХХК-ны байранд байрлах АТМ-ны камерын дүрс бичлэгийг шүүж үзэхэд үл таних залуу гүйлгээ хийгээд гарахдаа тохойгоороо цонхны шилийг цохиж хагалчхаад гараад явчихсан байсан. Манай байгууллагад учруулсан 60 000 төгрөгийн хохиролоо Н.Батзориг нөхөн төлсөн гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуудас/

           

Иргэний нэхэмжлэгч Төрийн банкнаас шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Манай байгууллагад учруулсан 60 000 төгрөгийн хохиролоо нөхөн төлсөн тул санал гомдол нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Гэрч Н.Аюушийн .....АТМ ороод мөнгө авах гээд байж байхад Батзориг дандаа даалгах юмаа гэж өөрийгөө хэлээд АТМ-ны цонхыг гараараа цохих гээд байхаар нь Эрхбаяр боль гээд хориглосон. Батзориг шууд л АТМ-ны цонхыг гараараа цохиод хагалсан гэх мэдүүлэг /хх-ийн 41 хуудас/

Гэрч М.Эрхбаярын ....Бид нар төрсөн өдөр тэмдэглээд тооцоогоо хийх гэтэл мөнгө дутаад АТМ ороод байж байтал Батзориг би дандаа даалгаж байх юм даа арчаагүй юм даа би гээд АТМ-ны цонхыг хагалчихсан гэх мэдүүлэг /хх-ийн 44 хуудас/ зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдэж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

            Аймгийн Прокурорын газраас Н.Батзоригт  холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн  зүйлчилж  тохирсон байх тул түүнийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял  шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Н.Батзориг нь Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн №751 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 01 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдсан  боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1  дэх хэсэгт заасан хугацааанд гэмт хэрэг үйлдээгүй тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

            Иргэний нэхэмжлэгч Төрийн банкнаас шүүгдэгч Н.Батзориг нь манайд учруулсан хохиролоо нөхөн төлсөн, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.

            Шүүгдэгч Н.Батзориг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан 60.000 төгрөгийн хохирлоо  нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт тус тус зааснаар ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдалд,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг  ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Н.Батзориг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзав.

 

            Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар ирсэн АТМ-ны хяналтын камерын бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч нь энэ хэрэгт 25 хоног цагдан  хоригдсон болохыг дурьдаж шийдвэрлэв.

     Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  283, 284, 286, 290, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

     1. Шүүгдэгч Боржигон овогт Насан-Өлзийн Батзоригийг бусдын эд хөрөнгийг санаатайгаар  гэмтээсэн  гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар Н.Батзоригийг 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Н.Батзоригт оногдуулсан 01/нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Н.Батзоригт оногдуулсан 01/нэг/ жилийн хорих ялыг тэнсэж, 01 /нэг/жилийн   хугацаагаар   хянан харгалзсугай.

 

5. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Батзоригт тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан Н.Батзориг нь хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай. 

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий СД 1 ширхэгийг хэргийн хадгалах дуустал хэрэгт үлдээж, Н.Батзориг нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт 25 хоног цагдан хоригдсон, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Батзоригт урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ  авсугай

 

8.Эрүүгийн байцаан шийтгэх  хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтан Н.Батзоригт авсан бусдын батлан даалтанд өгөх тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

                  ШҮҮГЧ                              Ж.МӨНХТУЯА