Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 213/МА2018/00026

 

*******гийн нэхэмжлэлтэй *******т

 холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2018/00422 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нарт холбогдох

УАЗ пургон маркийн автомашиныг хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлтэй, тээврийн хэрэгслийн гэрчилгээг *******гийн нэр дээр гаргуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч *******гээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч ******* би 2016 оны 03 дугаар сард иргэн *******д 43.810.000 төгрөг зээлдүүлж, 28.000.000 төгрөгөнд УАЗ пургон автомашин авахаар тохиролцож, 2016 оны 04 дүгээр сард надад пургон автомашиныг өгч 55-50 БНХ улсын дугаартай, №01213493 дугаартай гэрчилгээг миний нэр дээр гаргаж өгсөн. Гэтэл 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ******* нь уг автомашиныг худалдаж авъя, 28.000.000 төгрөгийг дансанд чинь хийнэ гэж хэлээд авч явсан. Мөн *******гөөр уг автомашиныг *******ын нэр дээр шилжүүлэн өгнө үү гэсэн итгэмжлэл хийлгэсэн. Энэ хугацаанаас хойш тэрээр мөнгөө хийлгүй одоог хүртэл зугтаасаар намайг хохироож байна. Иймд миний хохирлыг барагдуулж, *******аас миний өмчлөлийн УАЗ пургон маркийн 5550 БНХ улсын дугаартай авто машиныг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Манай нөхөр ******* *******д 43.000.000 төгрөг өгч ОХУ-руу автомашин захисан. УАЗ пургон маркийн 55-50 БНХ улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг ******* ирж авна уу гэж гар утсаар ярьсан. Тэгээд ******* бид 2 Улаанбаатар хот руу машинаа авахаар явсан. *******тэй очоод уулзтал *******, ******* нар нь автомашиныг үзээд зогсож байсан. Тэгээд ******* ирээд ******* ах танай машиныг худалдаж авъя гэж байна гэж хэлсэн. Би дундаас нь 2.000.000 төгрөгийн ашиг олох санаатай байна гэж хэлчихээд явсан. Тэгээд ******* залгаад ******* энэ машиныг худалдаж авъя гэж байна өмнө нь оруулж ирсэн бор өнгийн пургон машиныг голоод авахгүй гэсэн юм гэж хэлсэн.

Тэгээд ******* бэлэн 28.000.000 төгрөгөө одоо шилжүүллээ. Надад итгэмжлэл хийгээд өгчих гэж хэлсэн. Тэгэхээр *******т итгэмжлэл хийж өгсөн.

Гэтэл ******* нь *******д мөнгөө шилжүүлэхгүй байсан тул ******* нь *******гийн нэр дээр шилжүүлж өгсөн. Тэгээд машин хаана байгаа юм гэтэл Баянхонгор аймагт байгаа гэж хэлсэн. Одоо автомашиныг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

2016 оны 02 сард миний танил болох ******* гэгчийнд ******* гэгчтэй анх танилцсан. ******* нь Оросоос пургон автомашин оруулж ирдэг гэж байсан тул миний бие пургон автомашин захиалахаар болсон. Улаанбаатар хотод 2016 оны 04 сарын 27-нд захиалсан машинаа авахаар *******гийн хамт очиж цагаан өнгийн пургон машиныг урьдчилгаа болгон 18.000.000 төгрөгийг өгөөд итгэмжлэл хийлгэж аваад шууд Баянхонгор аймагт аваад ирсэн. Уг автомашиныг худалдаж авах үед тэднийд ******* гэх залуу Орос руу *******тэй хамт явж бакал авчирна гээд байж байсан. Би Я.Дд үлдэгдэл мөнгө болох 10.000.000 төгрөгийг түүний 5077281984 дансруу нь шилжүүлээд наймаа дууссан. Миний бие хагас бүтэн сайн өдөр таараад нэр дээрээ шилжүүлж авч чадалгүй аймагт ирсэн. Би дүүгээ машинаа нэр дээрээ шилжүүлээд авчих гээд ******* рүү явуулахад *******гийн нэр дээр шилжүүлээд гэрчилгээ авчихсан байсан. Гэтэл *******тэй ярихад чи надтай говьруу ноолуурын дуудлага худалдаанд явж өгчихөөд нэр дээрээ шилжүүлээд ав гэсэн. Би *******тэй хамт яваагүй. Түүнээс хойш ******* нь залгахаар утсаа авахгүй өдийг хүрсэн. ******* нь одоо болохоор уг тээврийн хэрэгслийг худалдан авсан мэтээр шүүхэд гомдол гаргасанд нь миний бие гомдолтой байна гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

******* ОХУ-аас пургон машин оруулж ирж өгнө гэж хэлсэн. Би мөнгөө *******гийн данс руу шилжүүлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр машинаа ирж ав гэж гар утсаар ярьсан. 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө машинаа авах гэж очиход *******, ******* нар байж байсан. 2017 оны 5 дугаар сарын 12-ны үлдэгдэл мөнгийг шилжүүлсэн *******д нийт 28.000.000 төгрөг шилжүүлсэн тул уг машин миний машин. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч *******аас шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Миний бие нь *******гөөс 28.000.000 төгрөгөөр пургон машин худалдан авсан билээ. Ингээд машиныхаа өмчлөлийг өөрийнхөө нэр дээр шилжүүлэх гэхэд надад итгэмжлэл хийж өгөөд үүнийг авч очоод нэрэн дээрээ шилжүүл гэж хэлсэн. Тэгээд Баянхонгор аймагт ирээд тээврийн үйлчилгээний газарт очоод нэрэн дээрээ шилжүүлэх гэхэд гаалийн бичигтэй машин шилжүүлэх боломжгүй гэж хэлсэн.

Тэгээд *******тэй яриад хотод очиход иргэний үнэмлэхээ үлдээчих, араас чинь гэрчилгээг нь чиний нэрэн дээр гаргаад явуулчихъя гэж хэлсэн.

Гэтэл тус пургон автомашины гэрчилгээг 2016 оны 5 сарын 11-ний өдөр *******гийн нэр дээр болгоод гаргаад явуулсан байсан. надад машинаа худалдчихаад *******гийн нэр дээр өмчлөлийг шилжүүлсэн хэлцэл хийсэн нь хууль бус миний эрхийг зөрчсөн асуудал болсон.

*******гийн хувьд *******д орос бакалын үнэ гэж 40 гаран сая төгрөг шилжүүлсэн гэх бөгөөд түүнийгээ *******гөөс авч чадаагүй учраас хоорондоо хуйвалдаж миний машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргуулсан улмаар энэ байдлаа ашиглан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд *******, ******* нарын хооронд байгуулсан 2016 оны 5 сарын 11-ний өдрийн тээврийн хэрэгслийн өмчлөлийн гэрчилгээг *******гийн нэр дээр гаргуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Тулгаа овогтой Д би иргэн *******гээс ОХУ-аас УАЗ пургон авчирч өгөхөөр 570.000 рублей, 15.000.000 төгрөгийг бэлнээр авч уг машиныг авчирч өгсөн. Уг машиныг авчираад *******д өгөх үед Баянхонгор аймгийн харъяат *******, ******* нар цуг ирээд уг машиныг худалдаж авах талаар ярьсан. Би урьд нь ******* ******* нарт 2015 онд үйлдвэрлэгдсэн бор өнгөтэй пургон машин зарсан бөгөөд тэд нар надад урьд авсан машины үнийг төлөөгүй байсан бөгөөд бид ярилцаад урьд авсан бор пургоны мөнгийг миний дансанд хийж одоогийн энэ машины мөнгийг *******гийн дансанд хийхээр тохиролцоод *******, ******* нар Улаанбаатар хотод 5 шарын ХААН банкнаас хийнэ гээд машиныг надаар итгэмжлэх хийлгээд аваад явсан. Гэвч хэлсэндээ хүрч мөнгийг хийлгүй яваад улмаар надаас авсан итгэмжлэхээ ашиглан машинд улсын дугаар авах гэж байхад нь ******* бид 2 очиж уулзаад яагаад ингэж байгаа талаар асуухад нь урьд авсан машины мөнгөнөөс үлдэгдлийг нь миний дансанд хийгээд шинээр авах машиныхаа мөнгийг *******д өгнө гэхээр нь та нар нутгийн хүмүүс энэ асуудлаа өөрсдөө шийд би захисан хүнд нь өглөө гээд *******гийн нэр дээр уг машиныг улсын бүртгэлд бүртгүүлж 55-50 БНХ улсын дугаар авч өгсөн. Тэр үед ******* гэгч нь уг машиныг Баянхонгор аймагтаа үлдээгээд ирсэн тул ******* номер бичиг баримтаа аваад явсан. Тэр үеэс хойш юу болсныг мэдэхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан УАЗ/220695/ маркийн 55-50БНХ улсын дугаар, 220695G0480113 аралын дугаартай, цагаан өнгийн пургон автомашиныг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******ын *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг *******гийн нэр дээр гаргуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297.950 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 297.950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-д заасныг баримтлан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан тус шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 131/ШЗ2017/02374 дугаар захирамж, түүнд өөрчлөлт оруулсан 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 21 дүгээр тогтоолын үйлчлэл энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хүчинтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч *******аас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Анх ******* нь 2016 оны 01 дүгээр сард Баянхонгор аймагт ирсэн байхад нь Лхасүрэнгийнд уулзахад Пургон машиныг 21.000.000 төгрөгөөр оруулж ирдэг гэж ******* өөрөө ярьж байсан. Тэгэхэд нь би пургон машин авмаар байна гэхэд би шууд Оросоос оруулж ирж өгнө гэж надад хэлсэн. Түүнээс хойш чимээгүй байж байгаад 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр над руу утсаар *******гээ дагуулж ирээд пургоноо ав гэж хэлэхээр нь би хот руу *******гийн хамт очоод пургон машинаа авсан. Пургон машины үлдэгдэл мөнгийг Дгийн данс руу шилжүүлж тооцоо дуусгасан.

Гэтэл тус пургон автомашины гэрчилгээг 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр *******гийн нэр дээр шилжүүлсэн байсан. Надад тус машинаа худалдчихаад *******гийн нэр дээр өмчлөлийг шилжүүлсэн хэлцэл хийсэн нь хууль бус миний эрхийг зөрчсөн асуудал болсон.

Анхан шатны шүүх нь хэргийн үйл баримтанд үндэслэлтэй дүгнэлг өгөөгүй, нь тус автомашиныг *******гөөс 28.000.000 төгрөг худалдаж авсан, машины үнийг мөнгийг шилжүүлсэн баримтыг хэрэгт өгсөн байхад энэ байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.

Харин ******* нь *******гөөс машин авна гэж тохиролцоогүй, харин *******д ******* нь мөнгө зээлсэн, зээлсэн мөнгөө авч чадахгүй байсан учраас хариуд нь тус автомашин нь *******гийн нэр дээр байгааг ашиглан шүүхэд нэхэмжлэл гаргасан гэдэг нь тогтоогдоод байхад шүүх энэ байдалд үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй, хэргийн бодит байдлыг зөв дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Би *******д мөнгийг өгөөд албан ёсоор автомашиныг худалдаж авсан байхад надад машины гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгөөгүй буюу шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Мөн анхан шатны шүүх нь сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн хэргийн бодит байдалд үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй. ******* бид хоёрын хооронд худалдах, худалдан авах гэрээ хийгдсэн гэдгийг *******, болон бусад гэрчүүд мэдүүлдэг, мөн хэрэгт авагдсан бусад баримтуудаар энэ үйл баримт нь тогтоогдсоор байхад нэг ч төгрөг *******д машины үнэ гэж өгөөгүй *******д уг машиныг миний эзэмшлээс гаргуулж, түүнд олгосон нь үнэхээр хууль бус шийдвэр болсон. *******гээс *******д ямар ч машины мөнгө өгөөгүй, харин мөнгө зээлсэн л байдаг.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2018/00422 тоот шийдвэрийг хүчингүй болгож, Нгийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь УАЗ пургон маркийн автомашиныг *******ын хууль бус эзэмшлээс гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагч ******* нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг *******гийн нэр дээр гаргуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх УАЗ/220695/ маркийн 55-50 БНХ улсын дугаар, цагаан өнгийн пургон автомашиныг хариуцагч *******ын хууль бус эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******ын *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг *******гийн нэр дээр гаргуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч *******аас давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “..тус автомашиныг *******гөөс 28.000.000 төгрөгөөр худалдаж авсан бөгөөд машины үнэ мөнгийг шилжүүлсэн баримтыг хэрэгт өгсөн байхад энэ байдалд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй..” гэж гомдол гаргаж байгаа боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа /хх-ийн 95 дугаар тал/ “..*******, ******* нар нь урьд нь авсан пургон машины үнийг ******* надад төлөхөөр, сая авчирсан *******д худалдсан цагаан өнгийн пургон автомашиын үнэ 28.000.000 төгрөгийг *******гийн дансанд хийхээр тохиролцоод надаар итгэмжлэл хийлгэж аваад явсан..” гэж тайлбарладаг болно.

Нэхэмжлэгч ******* бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нарын хооронд 2016 оны 1 дүгээр сард зээлийн гэрээ байгуулагдаж /хх-ийн 48, 97 дугаар тал/ уг зээлийн гэрээний хариу төлбөрт ******* нь *******д ОХУ-аас автомашин оруулж өгөхөөр тохиролцсон байна.

******* нь энэ тохиролцооныхоо дагуу цагаан өнгийн пургон автомашиныг *******д ОХУ-аас автомашин оруулж өгсөн бөгөөд уг машиныг *******д худалдаж, худалдсан уг цагаан өнгийн пургон автомашиныг *******д шилжүүлж байх үед Б.Б нь уг УАЗ/220695/ маркийн 55-50 БНХ улсын дугаартай машиныг *******гээс аваад мөнгийг нь *******д шилжүүлж өгөхөөр тохиролцсон машиныг өөрийнхөө нэр дээр шилжүүлэх тухай итгэмжлэл *******гөөр хийлгэж аваад явсан болох нь хэрэгт авагдсан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******гийн тайлбар, нэхэмжлэгч *******гийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

Уг УАЗ/220695/ маркийн 55-50 БНХ улсын дугаартай цагаан өнгийн пургон автомшиныг ОХУ-аас оруулж ирж бусдад худалдсан худалдагч тал нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* бөгөөд худалдагч ******* нь энэ машиныг би *******д худалдсан, харин *******т худалдаагүй гэсэн тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд энэ тайлбар нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар 55-50 БНХ улсын дугаартай цагаан өнгийн пургон автомшиныг худалдах, худалдан авах гэрээний харилцаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд *******, нэхэмжлэгч ******* нарын хооронд үүссэн байна. Харин гуравдагч этгээд ******* , хариуцагч ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй байна.

Уг УАЗ/220695/ маркийн 55-50 БНХ улсын дугаартай цагаан өнгийн пургон автомшины 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг /хх-ийн 5 дугаар тал/ *******гийн нэр дээр олгож, өмчлөгч нь ******* гэж бүртгэсэн байх тул нэхэмжлэгч ******* нь уг пургон автомашиныг *******аас шаардах эрх үүсжээ.

Нэхэмжлэгч *******д машины үнэ 28.000.000 төгрөгийг өөрийнх нь дансанд төлнө гэсэн ойлголт өгч уг пургон машиныг ******* нь эзэмшилдээ авч яваад мөнгийг нь төлөөгүй болох нь тогтоогдож байх тул *******аас машиныг гаргуулж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 297.000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2018/00422 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 297.000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                  Г.УЛАМБАЯР