Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 18 өдөр
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.А, Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч А.С, Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ж-ийн Н-т холбогдох эрүүгийн 2313003500360 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсныг 2014 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Насанд хүрээгүй шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 200..... оны ........... дугаар сарын ..........-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ........ дүгээр /Хөх хад/ багийн ........... дугаар гудамжны ........ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овогт Ж-ийн Н-, регистрийн дугаар БЮ.................; Насанд хүрээгүй шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Н- нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр /Хөх хад/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо хохирогч Е.Х-ийн эзэмшил, өмчлөлийн “Самсунг А34” загварын гар утсыг “таны гар утсаар хүнтэй ярьчхаад буцаагаад өгье” гэж хуурч залилан авч, хохирогчид 800,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэм буруугийн талаар: 1. Прокурор Д.А- шүүх хуралдаанд: “Прокурорын хяналтын шатанд өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч болон түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гэм буруу дээр маргаахгүй байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргасны дагуу тухайн хүсэлтийг хүлээж авч, улмаар өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч болон түүний хууль ёсны төлөөлөгчтэй эрүүгийн хариуцлагын талаар тохиролцсон. Өсвөр насны шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тухайн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2 дахин багасгаж 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын саналыг гаргаж байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээгээр хязгаарлалт тогтоох дүгнэлтийг гаргаж байна. Өсвөр насны шүүгдэгчийн бусдад учруулсан хохирлыг түүний хууль ёсны төлөөлөгчийн зүгээс бүрэн төлж барагдуулсан. Бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй.” гэв. 2. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Н- шүүх хуралдаанд: “Та бүхнээс уучлалт гуйж байна. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Улсын яллагчийн саналыг хүлээн зөвшөөрч байна” гэв. 3. Насанд хүрээгүй насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.С- шүүх хуралдаанд: “Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурч төгссөн. Суурь боловсролтой, хүүхэд маань гэмт хэрэгт холбогдсонд гэмшиж байна” гэв. 4. Насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч А.С- шүүх хуралдаанд: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа дуусаж, хэргийн материалтай танилцсаны дараа прокурортой ялын төрөл хэмжээнд тохиролцсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан. Өсвөр насны шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг тусгайлан гаргаж байна. Улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэв. 5. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Н- нь 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр /Хөх хад/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Чингис хаан” нэртэй хүнсний дэлгүүрийн ойролцоо хохирогч Е.Х-ийн эзэмшил, өмчлөлийн “Самсунг А34” загварын гар утсыг “таны гар утсаар хүнтэй ярьчхаад буцаагаад өгье” гэж хуурч залилан авч, хохирогчид 800,000 төгрөгийн хохирол учруулан залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэн Е.Х-аас гаргасан 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр бичгээр гаргасан гомдол /хавтаст хэргийн 04 дэх тал/, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-09 дэх тал/, хохирогч Е.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, хохирогч Е.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дэх тал/, гэрч Ж.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/, гэрч Б.Е-ын мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/, гэрч А.Х-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/, хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн БӨА-23-0227 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. 6. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 7. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 8. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Н- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 9. Энэ хэргийн улмаас хохирогч Е.Х-т учирсан хохирлыг биет байдлаар төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: 10. Прокурорын санал болгож, насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Н-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 11. Иймд насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Н-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Н-т оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй. 13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Н- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй байна. 14. Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Н- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 15. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Насанд хүрээгүй шүүгдэгч Х овогт Ж-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Н-т 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Н-т оногдуулсан 1 /нэг/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Н- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай. 5. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Н- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай. 6. Насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч Ж.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК