Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 21 өдөр
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А, Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-, Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-, Шүүгдэгч У.Е- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт У-ы Е-т холбогдох эрүүгийн 2413000000083 дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 19.....оны .... дүгээр сарын ....-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ......настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ...... дүгээр /Их булан/ багийн ......... дугаар гудамжны ...... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овогт У-ы Е-, регистрийн дугаар: МР................. Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч У.Е- нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Думан” нэртэй баарны гадна хохирогч А.Ж-ийг учир шалтгаангүй зодож, түүний эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, хамрын ясны цууралт, өвдөг, хамрын нурууны шархтай, зүүн доод зовхинд цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Нэг: Гэм буруугийн талаар: 1. Прокурор Я.Д- шүүх хуралдаанд: “...Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг шүүгдэгчийн зүгээс төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ илэрхийлж мэдүүлэг өгсөн. Шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршгийн төлбөр байхгүй” гэв. 2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т- шүүх хуралдаанд: “Хохирогчийн хохирлыг барагдуулж өгсөн ба хохирогчтой эвлэрсэн. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу прокурор уг хүсэлтийг хүлээж авсан. Эрүүгийн хариуцлага дээр 2 тал тохиролцсон болно” гэв. 3. Шүүгдэгч У.Е- шүүх хуралдаанд: “Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. 4. Шүүгдэгч У.Е- нь 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөрт шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Думан” нэртэй баарны гадна хохирогч А.Ж-ийг учир шалтгаангүй зодож, түүний эрүүл мэндэд хамрын таславчийн мурийлт, хамрын ясны цууралт, өвдөг, хамрын нурууны шархтай, зүүн доод зовхинд цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь иргэн А.Ж-ээс 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03- 05 дахь тал/, хохирогч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/, хохирогч А.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/, гэрч А.Г-ы мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дахь тал/, гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23 дахь тал/, гэрч С.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/, Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээчийн 98 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/, яллагдагч У.Е-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв. 5. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна. 6. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 7. Шүүгдэгч У.Е- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 8. Шүүгдэгч У.Е- нь энэ хэргийн улмаас хохирогч А.Ж-т учирсан 500.000 төгрөгийг төлж барагдуулсан тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар: 9. Прокурорын санал болгож, шүүгдэгч У.Е-ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 10. Иймд шүүгдэгч У.Е-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 500 нэгж нь 500.000 төгрөгтэй тэнцэх юм. 12. Шүүгдэгч У.Е- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна. 13. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч У.Е- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна. 14. Шүүгдэгч У.Е-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Х овогт У-ы Е-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч У.Е-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Е- нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай. 4. Шүүгдэгч У.Е- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай. 5. Шүүгдэгч У.Е-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Е-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК