| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2022/0267/З |
| Дугаар | 128/ШШ2022/0449 |
| Огноо | 2022-06-13 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2022/0449
2022 06 13 0449
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдаан дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Д.С****
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э****,
Хариуцагч М***
Хариуцагчийн төлөөлөгч: Ц.М***
Хариуцагч Үндэс********
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц**** нарын хоорондын Монгол улсын гарьд асан П.С****д Монгол Улсын арслан цол олгохгүй байгаа М***, Ү *** эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, П.С****-ад Монгол улсын Арслан цол нөхөн олгохыг даалгуулах-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э****, хариуцагчийн төлөөлөгч Ц.М*** хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.С**** нь М***, Үндэс********нд холбогдуулан Монгол улсын гарьд асан П.С****-ад Монгол Улсын арслан цол олгохгүй байгаа Ү**, Ү *** эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, П.С****-ад Монгол улсын Арслан цол нөхөн олгохыг даалгуулах-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч нь М***ны 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгийг эс зөвшөөрч 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Монгол Улсын гарьд асан П.С**** нь Ардын хувьсгалын 70 жилийн ойн баяр наадамд 8 даван үзүүрлэсэн байхад Арслан цолыг нөхөж олгоогүй атлаа түрүүлсэн О.Б**** Арслан цолыг нь сүүлд нөхөн олгосон байдаг. Энэ нь ялгаварлан гадуурхалт мөн. Иймд Монгол Улсын Гарьд асан П.С****-ад Арслан цолыг нь нөхөн олгуулахыг хүсэж байна. Ардын хувьсгалын 70 жил буюу 1991 оны баяр наадамд үзүүрлэсэн П.С****-ад Арслан цолыг олгоогүй. Ардын хувьсгалын ойн баярын үед бөхчүүдэд цол олгох эрх М***ны тэргүүнд байсан байдаг. Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгодог тогтолцоо тэр үед байхгүй байсан. П.С****-ад дээрх байдлаар хэлмэгдүүлэлт явагдаж хохирсон байдаг. Өнөөдрийг хүртэл хохироож байна.
1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойн баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 512 бөх барилдсанаас, түрүүлсэн бөх Монгол улсын заан О.Б**** Монгол улсын арслан цол олгож, үзүүрлэсэн бөх Монгол улсын заан П.С****-ад "цол олгоогүй" зүгээр л "Саруул сайжрах" гэсэн чимэг олгосон нь бусад 10 жилийн зайтай болдог тэгш ойн жилүүдийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд барилдсан бүх үзүүр түрүүний бөхчүүдэд бүгдэд нь цол олгосон мөртлөө ганцхан Монгол улсын заан П.С****ад цол олгоогүйг нь ганц хүнийг ялгаварлан гадуурхаад байна, хэлмэгдүүлж хохироогоод байна гэж бид үзээд танай шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад "Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсвэл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даатгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох" гэсэн энэ заалт ноцтой зөрчигдсөн. Монгол улсын заан П.С****ад өнгөрсөн 31 жилийн хугацаанд Монгол Улсын ерөнхийлөгч нь "Арслан" цол олгох зарлигаа гаргахгүй, арслан цолыг 3 удаа өглөө, авлаа гэж хуурсан байдаг юм. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалт ноцтойгоор зөрчигдсөн тул Х аймгийн Б сумын харьяат Монгол улсын гарьд асан П овогтой С Монгол улсын Арслан цолыг нь нөхөн олгож өгөхийг хүсье гэв.
4. Хариуцагч М***ны тэргүүн Ц.М*** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хувийн бодлоо хэлж байна. Одоогийн мөрдөж байгаа хуулийн дагуу 8 давсан хүнд Арслан цол олгох боломжгүй. Баяр наадмын тухай хуульд 8 давсан бол Гарьд, 9 давсан бол Арслан цол олгохоор хуульчилсан байдаг. Үндэсний бөхийн их ойн жилүүдэд уламжилж ирсэн хууль нь нэг даваа ахиулж цол олгодог байсан бөгөөд энэ жишгээр нэг даваа ахиулж цол олгох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан гэж үзэж байна. Одоо мөрдөж байгаа хуулийн дагуу даваа тус бүр нь цолтой болсон. Ү**ноос 100 жилийн ой болохтой холбогдуулан энэ бөхийн цолыг өгүүлэх талаар санал гаргаж байгаа. Үүнд П.С**** гарьдад Арслан цол олгох боломжтой эсэхийг лавлаж жагсаалтад нь оруулсан байдаг. Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн дагуу цолыг нөхөн олгох боломжгүй байгаа. Учир нь хууль гарж байж шийдэх байх гэсэн бодолтой байна гэв.
5. Хариуцагч Ү *** даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц**** шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш нийт 6 удаа, давхардсан тоогоор 54 гаруй зүйл, хэсэг, заалтад нэмэлт, өөрчлөлт орсон. Түүнчлэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг Монгол Улсын Их Хурлаас 2004 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан бөгөөд 2007 онд нэг удаа өөрчлөлт орсон байдаг. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, сумын цолыг аймаг, сумын Засаг дарга тус тус олгох, 6.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол үндэсний их баяр наадмаас бусад баяраар үндэсний спортын төрлөөр улс, аймаг, сумын цол олгохгүй байхаар заасан. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын баяр наадамд 6 давсан бөхөд улсын харцага, 8 давсан бөхөд улсын гарьд, улсын наадамд түрүүлсэн улсын арслан цолтон 10 даван түрүүлсэн бол улсын далай аварга цолыг тус тус олгохоор заасан болно.
Харин Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын баяр наадамд 6 давсан бөхөд улсын харцага, 8 давсан бөхөд улсын гарьд, 8 улсын наадамд түрүүлсэн улсын арслан цолтон 10 даван түрүүлсэн бол улсын далай аварга цолыг тус тус олгохоор заасан болно. Өөрөөр хэлбэл Үндэсний их баяр наадмыг дагаж мөрдөх журмын тухай хуульд 2007 оны 7 дугаар сарын 06-ны өдөр орсон өөрчлөлтөөр Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын баяр наадамд 1024, түүнээс дээш бөх барилдсан улсын заан цолтой бөх улсын наадамд түрүүлсэн улсын арслан цолтон 10 даван түрүүлсэн бол улсын далай аварга цол нэхэн олгохоор заасан бөгөөд бусад тохиолдлыг зааж өгөөгүй болно. Тухайлбал, Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдахаас өмнө 1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойн баяр наадамд 9 даван үзүүрлэсэн заан цолтонд ямар нэг цол, чимэг олгох зохицуулалт дээрх хуульд байдаггүй. Түүнчлэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан улс, аймаг, сумын баяр наадмын цолыг нэхэн олгохгүй байхаар тус тус заасан болно. Иймд Үндэсний их баяр наадмын тухай болон Yндэсний их баяр наадмыг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдахаас өмнө буюу 1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойн баяр наадамд 9 даван үзүүрлэсэн Улсын гарьд асан Повогтой СУлсын арслан цол нөхөн олгох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.С**** нь М*** болон Үндэс********нд холбогдуулан Монгол улсын гарьд асан П.С****ад Монгол Улсын арслан цол олгохгүй байгаа Ү**, Ү *** эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, П.С****ад Монгол улсын Арслан цол нөхөн олгохыг даалгуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ Монгол улсын гарьд асан П.С**** нь Ардын хувьсгалыг 70 жилийн ойн баяр наадамд үзүүрлэсэн байхад арслан цолыг нь нөхөж өгөөгүй мөртлөө түрүүлсэн Монгол улсын арслан О.Б**** аварга цолыг нь нөхөн өгсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-д Хүний үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасныг ноцтой зөрчсөн гэж маргаж байна.
2. М***ноос шүүхэд ирүүлсэн * аймгийн * сумын уугуул, * аймгийн * сумын харьяат, * дүүргийн бөх, Монгол улсын гавьяат тамирчин, улсын гарьд П.С****-ын гаргасан амжилтын товчоог үзвэл:
1984 онд Аймгийн арслан цол
1988 онд Улсын баяр наадамд зургаа давж, Улсын өсөх идэр начин цол
1990 онд Улсын баяр наадамд долоо давж, Улсын заан цол
1991 онд Улсын баяр наадамд найм даван үзүүрлэж, Үлэмж бадрах чимэг
/2003 онд дээрх амжилтаар Улсын гарьд цол/
1992 онд Улсын баяр наадамд долоо давж, Саруул сайжрах чимэг
1993 онд Улсын баяр наадамд зургаа давж, Хуурнин шуугигч чимэг
1994 онд Улсын баяр наадамд зургаа давж, Хуурнин шуугигч чимэг
1997 онд Улсын баяр наадамд тав давж, Хурдан шалгамгай чимэг
2001 онд Улсын баяр наадамд тав давж, Үнэн зоригт чимэг тус тус хүртэж байсан бөгөөд Чөлөөт бөхөөр:
1990 онд Япон улсын Токио хотноо болсон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 82 кг жинд хүрэл медаль
Азиийн наадам, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний аварга
1991 онд Монгол улсын гавьяат тамирчин цол хүртсэн болох нь тогтоогдож байна.
3. Хариуцагч Ү *** итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...Үндэсний их баяр наадмын тухай хууль 2003 онд батлагдаж, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль 2004 онд батлагдсан байна. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын баяр наадамд 6 давсан бөхөд улсын харцага, 8 давсан бөхөд улсын гарьд, улсын наадамд түрүүлсэн улсын арслан цолтон 10 даван түрүүлсэн бол улсын далай аварга цолыг олгохоор заасан, түүнчлэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 2 дугаар зүйлд үндэсний их баяр наадмын тухай хуульд заасан улс, аймаг, сумын баяр наадмын цолыг нэхэн олгохгүй байхаар заасан... гэж тайлбарлаж байгаа хэдий ч нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...Үндэсний их баяр наадмын тухай болон Үндэсний их баяр наадмыг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдахаас өмнө буюу 1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойн баяр наадамд 9 даван үзүүрлэсэн Улсын гарьд асан П.С****ад Улсын арслан цол нөхөн олгуулахаар... маргаж байгаа болно.
4. Мөн мэргэжлийн холбоо буюу М***ноос ...арван жилийн зайтай тохиодог Ардын хувьсгалын түүхт их ойнуудад амжилт гаргасан бөхчүүдийг онцгойлон үзэж бөхийн цолыг шат ахиулан олгож ирсэн уламжлалтай, харин 1991 оны Ардын хувьсгалын түүхт 70 жилийн ой наадамд 9 даван түрүүлсэн улсын заан О.Б**** арслан, 8 даван үзүүрлэсэн П.С****ад саруул сайжрах чимэг олгосон хэдий ч 4 жилийн дараа Цэцдийн зөвлөл хуралдаж О.Б**** улсын аварга, Д.М улсын арслан цолыг олгосон байдаг. ...М***ны зүгээс улсын гарьд П.С****ад арслан цол олгохыг бүрэн дэмжиж ажиллана гэж тайлбарлаж байгаа болно.
5. Дээрх байдлаас үзвэл 2003 оноос өмнө буюу Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдахаас өмнөх уламжлалаар улсын наадам, улсын аварга шалгаруулах барилдаануудад амжилт гаргасан бөхчүүдэд бөхийн цол чимгийг наадам зохион байгуулах комисс болон мэргэжлийн холбооноос олгож ирсэн бөгөөд Ардын хувьсгалын түүхт их ойнуудад амжилт гаргасан бөхчүүдэд даваа ахиулан цол олгодог уламжлал байсан болох нь 1971 оны Ардын хувьсгалын 50 жилийн ойд 7 даван шөвгөрсөн улсын начин Ж.Х**** 1981 оны Ардын хувьсгалын 60 жилийн ойд 7 даван шөвгийн 4-т үлдсэн улсын заан М.М**** нарт улсын арслан цолыг олгосон үйл баримтуудаар тогтоогдож байх тул Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д ес даван түрүүлсэн бөхөд улсын арслан олгохоор заасан тухайн тохиолдолд хэрэглэгдэхээргүй байна.
6. Өөрөөр хэлбэл Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө улсын баяр наадамд 1024, түүнээс дээш бөх барилдан улсын заан цолтой бөх улсын наадамд түрүүлсэн улсын арслан цолтон 10 даван түрүүлсэн бол улсын далай аварга цол нэхэн олгохоор зааснаас үзвэл тухайн бөхөд улсын цолыг нөхөн олгох боломжтойг харуулахаас гадна, нэхэмжлэгчийн ...1991 оны Ардын хувьсгалын 70 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн бөгөөд аварга цолыг нөхөн олгосон атлаа үзүүрлэсэн бөхөд арслан цолыг олгоогүй нь Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2-д Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэж заасныг зөрчсөн... гэсэн тайлбарыг хүлээн авах боломжтой байна гэж үзлээ.
7. Иймд Монгол улсын гарьд асан П.С****ад Монгол улсын арслан цол олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Баяр наадмыг зохион байгуулах хорооны саналыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, сумын цолыг аймаг, сумын Засаг дарга тус тус олгоно, 12 дугаар зүйлийн 12.4.1-д улсын баяр наадамд үзүүлсэн амжилтыг үндэслэн бөх, уяач, харваачид үндэсний спортын төрлөөр улсын цол олгох, хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх-ээр тус тус зааснаар Монгол улсын Гарьд асан П.С****ад Монгол улсын Арслан цол олгох асуудлыг үндэсний бөхийн түүхэн уламжлал, ёс заншил, дүрэм журамд заасны дагуу шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.4.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.С****-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол улсын Гарьд асан П.С****-ад Монгол улсын Арслан цол олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, түүнд Монгол улсын Арслан цол олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгасугай.
2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ