Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 1202

 

МАГАДЛАЛ

 

2018.05.23                                                     Дугаар 1202                                Улаанбаатар хот

 

 

 

 

Р.С, А К ХХК нарын  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00938 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.С, А К ХХК нарын  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.А-т холбогдох,

 

73 218 990 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Т нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Г.А-тэй 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр “Зээл болон Барьцааны гэрээ” байгуулж, 30 000 000 төгрөгийг, сарын 2.3 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлсэн. Тэрээр гэрээний дагуу зээлдэгч зээлийн хүүд 4 380 000 төгрөгийг төлсөн бөгөөд одоо зээлээ төлөхгүй хугацаа хэтрүүлэн, санаатай зайлсхийж байгаа тул үндсэн зээл, зээлийн хүү, алдангид, нийт 73 218 990 төгрөгийг гаргуулан, төлбөрөө барагдуулаагүй тохиодолд барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ. Г.А үндсэн зээлд 920 000 төгрөг, хүүд 2 700 000 төгрөг, нийт 3 620 000 төгрөгийг төлсөн нь зээлийн гэрээний үүргээ хүлээн зөвшөөрсөний нотолгоо. Хамтран нэхэмжлэгч А.К ХХК-ийн хувьд мөнгийг шилжүүлэх үүрэг гүйцэтгэснээс хариуцагчтай байгуулсан гэрээ байхгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа багасган 43 605 000 төгрөг нэхэмжилж байгааг хариуцагчаас гаргуулан, барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Талууд эвлэрэхээр ярилцсан боловч хариуцагч барьцааны хөрөнгийг чөлөөлөх боломжгүй гэсэн тул эвлэрч чадаагүй. Гэрээнд зааснаар Р.С , Г.А-т 30 000 000 төгрөгийг өгөөгүй. Энэ мөнгийг А К ХХК 13 000 000 төгрөг, 17 000 000 төгрөгөөр 2 хувааж шилжүүлсэн тул гэрээний үүрэгт алданги төлөх эрхгүй. Хариуцагч зээлийн төлбөрт нийт 4 380 000 төгрөг төлсөн. Одоо А К ХХК-д 25 620 000 төгрөгийг төлөх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч А К ХХК , Г.А нарын хооронд гэрээ байгуулагдаагүй учраас Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3 дахь хэсгүүдэд зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах эрх үүсэхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсгүүдэд зааснаар А.К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.А-ээс 43 605 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Р.С д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г.А-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9-Б байрны 67 тоот, Ү-2205019137 дугаарын Улсын бүртгэлтэй, 2 өрөө, 35 метр квадрат талбайтай үл хөдлөх хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдаж, худалдаж борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: А К ХХК нь 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 13 000 000 төгрөгийг \хх-8\ 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 17 000 000 төгрөгийг \хх-9,10\ тус тус Г.А-т шилжүүлсэнээр тэдний хооронд эрх зүйн харилцаа үүсч, хариуцагч Г.А 30 000 000 төгрөгийг А К ХХК-д төлөх үүрэгтэй байна. Шүүх А К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 281 дугаар зүйл, ИХШХШТХуулийн 26-дугаар зүйлийн 27.2-т заасныг зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Р.С  хариуцагч Г.А-т мөнгө зээлээгүй нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байхад 43 605 000 төгрөгийг гаргуулж гүйцэтгэлийг Г.А-ийн хөрөнгөөр хангуулсан нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д зааснаар зээлдүүлэгч А К ХХК нь зээлдэгч Г.А нарын хооронд барьцааны гэрээ хийгдээгүйг шүүх харгалзан үзсэнгүй. Үүрэг гүйцэтгүүлэгч Р.С  биш. Хариуцагч Г.А 30 000 000 төгрөгийг А К ХХК-иас авсанаа хүлээн зөвшөөрдөг, 4 380 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 25 620 000 төгрөгийг хариуцан төлөхөө хэлдэг. Шүүхээс гаруулсан 43 605 000 төгрөгний тооцоог хэрхэн яаж тооцсон нь тодорхойгүй байна. Улсын тэмдэгтийн хураамжийг зохигч биш этгээд н.Урантөгс гэгч төлсөн \хх-2\. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг буруу дүгнэж үндэслэлгүйгээр татгалзсан. Зээлийн болон Барьцааны гэрээ тус бүрээр тэмдэгтийн хураамж төлөгдсөн болно гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А К ХХК , Р.С  нар нь хариуцагч Г.А-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 73 218 990 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, А К ХХК-иас 30 000 000 төгрөгийг авсан, Р.С эс мөнгө зээлж аваагүй” гэж маргажээ.

Нэхэмжлэгч Р.С , хариуцагч Г.А нар нь 2016 оны 02 дугаар сарын 16-ныө өдөр “Зээлийн болон барьцааны гэрээ” байгуулж, зээлдэгч нь 30 000 000 төгрөгийг 4 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэйгээр зээлсэн тул шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт зааснаар талууд зээлийн гэрээний 5 дахь хэсэгт “гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар” алдангийн талаар тус тус тохиролцон, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар бичгээр хэлцэл хийгдсэн хүчин төгөлдөр тул хүчин төгөлдөр гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Иймд анхан шатны шүүхээс хариуцагч Г.А нь үндсэн зээл 30 000 000 төгрөг, зээлийн хүү 2 760 000 төгрөг, нийт 32 760 000 төгрөгийн үүргээс зээлийн гэрээний хугацаанд 3 690 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 29 070 000 төгрөг болсон. Үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг 50 хувиар багасгаж тооцон 14 536 000 төгрөг, нийт 43 605 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Р.С  олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч нь Р.С эс мөнгө зээлээгүй гэж тайлбарлаж байгаа боловч өөрийн татгалзлын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байна.

Нэхэмжлэгч А.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо “Р.С-ийн хүсэлтийн дагуу Г.А-т 30 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн” гэж тайлбарласан тул анхан шатны шүүх А К ХХК нь хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхгүй, зээлийн гэрээний тал болох Р.С  нэхэмжлэх эрхтэй гэж дүгнэн, А.К ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг үүсгэсэн захирамжид нэхэмжлэгчийн барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг заагаагүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагатай холбоотойгоор талууд мэтгэлцсэн байх тул уг холбогдох шаардлагыг нөгөө талдаа танилцуулсан гэж үзнэ.

Үүргийн гүйцэтгэлийн биелэлтийг хангуулахаар хариуцагч нь Ү-2205019137 дугаарын улсын бүртгэлтэй, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 9-Б байрны 67 тоотод байрлах, 35 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалсан болох нь дээрх зээлийн болон барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, бэлэн мөнгөний зарлагын баримт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон, талуудын тохиролцоо Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангасан байна. /хх 5-11, 114-116 дахь талд/

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 102/ШШ2018/00938 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.А-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 375 975 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                         ШҮҮГЧИД                                           Н.БАТЗОРИГ

 

                                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ