Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/00337

 

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2021/00337

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 2 дугаар хэсэг, Тэнгэр рашаан гудамж, 66/9 дүгээр байрны 16 тоотод оршин суух, эрэгтэй, регистр МЭ 78031718, Иөншөөбү овогт Цогтоогийн Жавхланбаатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Дилав хутагт Жамсранжавын гудамж, АОС 52 дугаар байрны 5 тоотод оршин суух, эрэгтэй, регистр ЧЙ 71013076, Төвд овогт Жанцангийн Ганбаатарт холбогдох

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дөлгөөн, өмгөөлөгч Ж.Содномдаржаа, хариуцагч Ж.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Жавхланбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ж.Ганбаатартай Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Нарны замын 73А байрны 125 тоот байрны 52.62 м2 талбай бүхий, орон сууцны зориулалттай байрыг өмчлөлдөө шилжүүлэх зорилгоор Орон сууц захиалгын гэрээ байгуулсан.Гэрээний төлбөр болох 92 085 000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гэхэд бүрэн төлсөн.Энэхүү гэрээнд зааснаар төлбөрийг бүрэн төлсөн боловч төсөл хэрэгжүүлэгч тал буюу Ж.Ганбаатар нь гэрээний 3.4 болон 3.6 дахь зүйлд зааснаар гэрээнд заасан хугацаа нөхцөлөөр төлбөрийг бүрэн барагдуулсны дараа хөрөнгө оруулагчид орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг зөвхөн захиалагчийн нэр дээр гаргаж өгнө гэснээ зөрчиж өдийг хүртэл гэрчилгээг нь гаргаж өгөөгүй байна.Би Ж.Ганбаатарт барилга баригдаж дууссаны дараа гэрчилгээг гаргаж өгнө хэмээн итгэсний үндсэн дээр гэрчилгээг авалгүй гэрээ байгуулж, төлбөр төлсөн.Гэвч тухайн барилгыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад орсон, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх боломжтой боловч өдийг хүртэл орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөөгүй байгаа нь төсөл хэрэгжүүлэгч тал тухайн барилгыг баригдаж дууссаны дараа банкны барьцаанд тавьсан байж болзошгүй байна.Иймд Ц.Жавхланбаатарыг Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны замын 73А байрны 125 тоот 52.62 м2 орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: шүүгчНэхэмжлэгч Ц.Жавхланбаатар нь Баянзүрх дүүргийн, 14 дүгээр хороо, Нарны зам 73А байрны 125 тоот, 52,62 м.кв талбай бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан.Нэхэмжлэгч Ц.Жавхланбаатар нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хариуцагч Ж.Ганбаатартай орон сууц захиалгын гэрээг байгуулсан.Гэрээний дагуу 2019 оны 09 дүгээр сард орон сууцыг хүлээн авсан.Тухайн орон сууцад орсноос хойш байрны гэрчилгээг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн.Хариуцагч Ж.Ганбаатарт байрны өмчлөх эрхийн гэрчилгээг удаа дараа гаргаж өгөхийг хүссэн ч өгөөгүй.Тиймээс гэрээнд заасны дагуу тус орон сууцны өмчлөгч мөн тул тухайн орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох хүсэлттэй байна.Талууд гэрээг байгуулж, хариуцагч Ж.Ганбаатарын өөрийн сонгосон нотариат дээр очиж батлуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй.Хариуцагч гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул тус орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасан гэв.

Хариуцагч Ж.Ганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа:Би Ц.Жавхланбаатартай мөнгө төгрөг өгөлцөж авалцаж, хоорондоо орон сууц худалдан борлуулах буюу худалдан авалт хийж байгаагүй буюу Ганбаатар надад 92 000 000 өгч байр авсан мэтээр буруу зүйл дурдагдсан байна.Иймд баримтад тулгуурлан нэхэмжлэл гарах ёстой гэж үзэн энэ удаа тайлбар өглөө.Хэнтэй наймаа хийснээ Ц.Жавхланбаатар өөрөө тайлбарлаж өгөх байх гэжээ.

Хариуцагч Ж.Ганбаатар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ц.Жавхланбаатар бид хоёрын хооронд орон сууц худалдан авсан, өгсөн асуудал байхгүй.Ц.Жавхланбаатар надад байрны төлбөр гэж мөнгө өгөөгүй, бид хоёрын хооронд орон сууцны наймаа болоогүй.Алтанцэцэг манайд барилгын материал нийлүүлдэг, хүүхэд нь надтай хамтарч ажилладаг.Алтанцэцэг надаас хоёр байр авсан, Алтанцэцэг Ц.Жавхланбаатараас 3 давхар хаус худалдаж авсан боловч мөнгө нь дутаж, тэгээд Ц.Жавхланбаатартай тохиролцож, уг байрыг Ц.Жавхланбаатарт шилжүүлээд өгчих гэсэн хүсэлтийн дагуу би Ц.Жавхланбаатартай гэрээ байгуулсан.Би Алтанцэцэгээс хоёр байрны мөнгийг аваагүй байгаа.Би Алтанцэцэгт итгэж байрыг шилжүүлж өгсөн.Тус байр хэсэгчлэн барьцаанд тавигдсан.Тэдгээр байрнууд дунд 125 тоот орон сууц бий, тиймээс дараагийн төсөл хэрэгжих хүртэл гэрчилгээ гарах боломжгүй байгаа.Би Алтанцэцэгтэй хэлцэл хийсэн, үүний дагуу би уг орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Жавхланбаатар нь хариуцагч Ж.Ганбаатарт холбогдуулан Баянзүрх дүүргийн, 14 дүгээр хороо, Нарны зам 73А байрны 125 тоотод байршилтай, 52,62 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх дараах үндэслэлээр Ц.Жавхланбаатарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Жавхланбаатар нь 2019 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ж.Ганбаатартай орон сууц захиалгын гэрээ байгуулсан байх бөгөөд энэхүү гэрээгээр Ж.Ганбаатар нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны замын 73А байрны 125 тоотод байршилтай, 52.62 м2 талбай бүхий орон сууцыг Ц.Жавхланбаатарт хүлээлгэн өгөх, Ц.Жавхланбаатар нь уг орон сууцны үнэ 92 085 000 төгрөгийг төлж, орон сууцыг хүлээж авахаар тохиролцсон байна.

Манайд барилгын материал нийлүүлдэг, хүүхэд нь надтай хамтарч ажилладаг Алтанцэцэг надаас хоёр байр авсан ба Алтанцэцэг нь Ц.Жавхланбаатараас 3 давхар хаус худалдаж аваад мөнгө нь дутаж, тэгээд Ц.Жавхланбаатартай тохиролцож, уг байрыг Ц.Жавхланбаатарт шилжүүлээд өгчих гэсэн Алтанцэцэгийн хүсэлтийн дагуу би Ц.Жавхланбаатартай дээрх гэрээг байгуулсан, би Алтанцэцэгээс хоёр байрны мөнгийг аваагүй, би Алтанцэцэгт итгэж байрыг Ц.Жавхланбаатарт шилжүүлж өгсөн, би Алтанцэцэгтэй хэлцэл хийсэн, үүний дагуу би уг орон сууцны гэрчилгээг гаргаж өгөхөд татгалзах зүйлгүй гэж хариуцагч Ж.Ганбаатар тайлбарлаж байгаа нь үндэстэй байна.

Мөн нэхэмжлэгч Ц.Жавхланбаатар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарны замын 73А байрны 125 тоот, 52.62 м2 талбай бүхий орон сууцыг 2019 оны 9 дүгээр сараас хойш эзэмшиж байгаа болох нь талуудын тайлбараар нотлогдож байх бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар нэхэмжлэгч нь хүсэл зоригийн дагуу тухайн үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор өөрийн мэдэлдээ авч эзэмшил үүссэн байна.

Ц.Жавхланбаатар нь тухайн орон сууцны үнийг Алтанцэцэгээс авах авлагдаа тооцсон байх тул Ц.Жавхланбаатар Ж.Ганбаатар нарын хооронд хэдийгээр орон сууц захиалгын гэрээ байгуулсан боловч дээрх үйл баримтаас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд зааснаар арилжааны гэрээ хийгдсэн байна гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд арилжааны гэрээгээр талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ, арилжааны гэрээгээр талууд нь арилжиж байгаа хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч байгаа хөрөнгийн хувьд худалдан авагч болно, арилжааны гэрээнд худалдах-худалдан авах гэрээний талаарх энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Ц.Жавхланбаатар нь Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны замын 73А байрны 125 тоотод байршилтай, 52.62 м2 талбай бүхий орон сууцны өмчлөгч байх боломжтой байна.

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй гэж заасны дагуу өмчлөх эрхийг олж авсан нэхэмжлэгч нь хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтээ гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Нарны замын 73А байрны 125 тоот 52.62 м2 талбай бүхий орон сууцыг Ц.Жавхланбаатар өмчлөх эрхтэй болохыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан Ц.Жавхланбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Ж.Ганбаатараас 70 200 төгрөгийг Ц.Жавхланбаатарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН