Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/197

 

   2024        03         13                                   2024/ШЦТ/197

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ууганбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Энхмаа,

улсын яллагч Б.Бат-Эрдэнэ,

хохирогч Т.У /цахимаар/,

шүүгдэгч М.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Тт холбогдох эрүүгийн “2311008680070” дугаартай хэргийг 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Т нь 2023 оны 4 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Уын биед тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас халдаж, эрүүл мэндэд нь баруун өвдгөнд зүсэгдсэн шарх, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хавтаст хэргээс тусгайлан шинжлэн судлуулах зүйлгүй” гэв.

Хохирогч Т.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Би эмчилгээ хийлгэсэн баримтаа олохгүй байгаа бөгөөд би нэг сар ажилдаа явж чадаагүй. Би нэг удаа ажиллахдаа 2 сая орчим төгрөг авдаг. Тэгэхээр хоёр удаагийн цалин, эмчилгээний төлбөрөө нэхэмжилмээр байна. Надад бодит баримт байхгүй” гэв.

Эрүүгийн 2311008680070 дугаартай хэргээс:  

Хохирогч Т.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2023 оны 4 дүгээр сарын 07-ны шөнө 00 цагийн орчим намайг гадуур явж байхад Б чат бичсэн бөгөөд чат бичиж байгаад бид 2 уулзаж хамт пиво уухаар болцгоосон юм. Тэгээд би замаараа дэлгүүрээс жижиг лаазтай пиво аваад шууд Бийн гэр буюу Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 13-254 тоотын гадаа өөрийнхөө машинтай яваад очтол Б гэрээсээ гарч ирээд Бийн гэрийн гадаа бид хоёр машин дотор хамт суугаад нэг нэг пиво уунгаа ярилцаад сууж байтал 01 цагийн орчим үл таних эрэгтэй гэнэт гарч ирээд шууд машины жолооч талын хаалга онгойлгонгуутаа намайг шууд шанаа хэсэг рүү цохиод авсан ба би яагаад байгаа юм гээд машинаасаа буугаад иртэл нөгөө залуу чи миний найз охинтой юу хийгээд энд сууж байдаг юм гээд уурлаад байсан ба хажуугаас Б тухайн эрэгтэйд хандаад чи одоо боль гэж хэлтэл нөгөө эрэгтэй цаашаагаа тухайн гудамны 254 тоот руу яваад орчихсон. Тэгээд удаагүй гэнэт миний талын хаалга онгойсон бөгөөд Төгөлдөр гэж дуудаад байсан эрэгтэй гартаа заазуур барьчихсан чамайг ална гээд уурлаад зогсож байхаар нь би наашаа ойртвол өөдөөс нь жийнэ гэж бодоод баруун хөлөө өргөтөл тухайн эрэгтэй миний өргөсөн хөлний гуя хэсэг рүү нэг удаа заазуурныхаа ир хэсгээр цохиод зүсчихээд чи эндээс зайл гээд ахиад дайрах гээд байхаар нь би шууд машинаа асаагаад хөдөлсөн..." гэх мэдүүлэг /хх-16/,

Гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 07-ны 00 цаг өнгөрч байхад Төгөлдөр гэдэг манай найз мөн нэг эрэгтэйн хамт манай гэрийн гадаа такситай бололтой ирээд машинаас буугаад хоцорсон ба намайг машинд Ууганаатай хамт сууж байхыг харчихаад ...Төгөлдөр очоод Т.У  руу чи яахаараа шөнө дөлөөр эмэгтэй хүн машиндаа суулгачихсан байдаг юм гэж хэлээд Т.У , Төгөлдөр хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн ба машинаас буугаад хороондоо зодолдох гээд байхаар нь би хажуугаас нь боль гээд салгасан чинь Төгөлдөр манай гэрт буюу Нуурын 13-254 тоот руу орчихсон ...Төгөлдөр манай хашаанд нүүрсний шуудай задалдаг мод цуулдаг шар өнгийн иштэй заазуурыг барьж гарч ирээд шууд жолооч талын хаалгыг онгойлгоод Т.У ын гуян дээр нь заазуураараа цохиод эхэлсэн юм..." гэх мэдүүлэг /хх-29/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4771 дугаартай “...Т.Уын биед баруун өвдгөнд зүсэгдсэн шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 2023.04.05-06-ны өдөр үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт /хх-37/,

Иргэний нэхэмжлэгч Д.Ггийн “Эрүүл мэндийн даатгалын сангаас 74,000 төгрөгийн зардал гарсан тул яллагдагч М.Төөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-19/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч М.Тт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.

Шүүгдэгч М.Т нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.

1. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч М.Т нь 2023 оны 4 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Т.Уын биед тухайн цаг хугацаанд үүссэн таарамжгүй харилцааны улмаас халдаж, эрүүл мэндэд нь баруун өвдгөнд зүсэгдсэн шарх, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч Т.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 07-ны шөнө 00 цагийн орчим намайг гадуур явж байхад Б чат бичсэн бөгөөд чат бичиж байгаад бид 2 уулзаж хамт пиво уухаар болцгоосон юм. Тэгээд би замаараа дэлгүүрээс жижиг лаазтай пиво аваад шууд Бийн гэр буюу Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 13-254 тоотын гадаа өөрийнхөө машинтай яваад очтол Б гэрээсээ гарч ирээд Бийн гэрийн гадаа бид хоёр машин дотор хамт суугаад нэг нэг пиво уунгаа ярилцаад сууж байтал 01 цагийн орчим үл таних эрэгтэй гэнэт гарч ирээд шууд машины жолооч талын хаалга онгойлгонгуутаа намайг шууд шанаа хэсэг рүү цохиод авсан ба би яагаад байгаа юм гээд машинаасаа буугаад иртэл нөгөө залуу чи миний найз охинтой юу хийгээд энд сууж байдаг юм гээд уурлаад байсан ба хажуугаас Б тухайн эрэгтэйд хандаад чи одоо боль гэж хэлтэл нөгөө эрэгтэй цаашаагаа тухайн гудамны 254 тоот руу яваад орчихсон. Тэгээд удаагүй гэнэт миний талын хаалга онгойсон бөгөөд Төгөлдөр гэж дуудаад байсан эрэгтэй гартаа заазуур барьчихсан чамайг ална гээд уурлаад зогсож байхаар нь би наашаа ойртвол өөдөөс нь жийнэ гэж бодоод баруун хөлөө өргөтөл тухайн эрэгтэй миний өргөсөн хөлний гуя хэсэг рүү нэг удаа заазуурныхаа ир хэсгээр цохиод зүсчихээд чи эндээс зайл гээд ахиад дайрах гээд байхаар нь би шууд машинаа асаагаад хөдөлсөн...” гэх мэдүүлэг /хх-16/,

гэрч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 04 дүгээр сарын 07-ны 00 цаг өнгөрч байхад Төгөлдөр гэдэг манай найз мөн нэг эрэгтэйн хамт манай гэрийн гадаа такситай бололтой ирээд машинаас буугаад хоцорсон ба намайг машинд Ууганаатай хамт сууж байхыг харчихаад ...Төгөлдөр очоод Т.У  руу чи яахаараа шөнө дөлөөр эмэгтэй хүн машиндаа суулгачихсан байдаг юм гэж хэлээд Т.У , Төгөлдөр хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн ба машинаас буугаад хороондоо зодолдох гээд байхаар нь би хажуугаас нь боль гээд салгасан чинь Төгөлдөр манай гэрт буюу Нуурын 13-254 тоот руу орчихсон ...Төгөлдөр манай хашаанд нүүрсний шуудай задалдаг мод цуулдаг шар өнгийн иштэй заазуурыг барьж гарч ирээд шууд жолооч талын хаалгыг онгойлгоод Т.У ын гуян дээр нь заазуураараа цохиод эхэлсэн юм..." гэх мэдүүлэг /хх-29/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 4771 дугаартай “...Т.Уын биед баруун өвдгөнд зүсэгдсэн шарх, зүүн шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь иртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 2023 оны 04 дүгээр сарын 05-наас 06-ны өдөр үүссэн байх боломжтой..." гэх дүгнэлт /хх-37/ болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

            Шүүгдэгч М.Тийн үйлдлийн улмаас хохирогч Т.Уын биед хөнгөн хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон ба харин шүүгдэгч М.Т нь хохирогчийн биед халдаж гэмтэл учруулаагүй талаарх нотлох баримт хэрэгт цуглараагүй, түүний гэм бурууг няцаан үгүйсгэх нөхцөл байдал, нотлох баримт үгүй байна.

            Шүүгдэгч М.Тийн хувьд өөртэй нь үерхдэг байсан гэх Д.Бийг өөр эрэгтэйтэй хамт байлаа гэх шалтгаанаар хардаж тухайн цаг хугацаанд Д.Бтэй хамт байсан хохирогч Т.Уыг заазуураар хөл хэсэгт нь зүсэж баруун өвдгөнд зүсэгдсэн шарх, зүүн шилбэнд зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт бий болжээ.

            Энэхүү үйл баримтын талаар шүүгдэгч маргаагүйн дээр тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч түүний гэм бурууг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцүүлсэн бусад нотлох баримтаар тогтооход ямарваа нэгэн эргэлзээ төрөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч М.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын талаар:

Шүүгдэгч М.Тийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч Т.Уын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч хохирогч нь Нийслэлийн түргэн тусламжийн төв болон Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгээс 74,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан болох нь иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг /хх-19/, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийн тодорхойлолтоор /хх-42/ тус тус тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Төөс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь “...........................” дугаар дансанд төлүүлэх нь зүйтэй байна.

Харин хохирогч Т.У нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилсэн боловч энэ талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлаа нотлох баримтаа жич бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагчаас “шүүгдэгч М.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасан болно.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч М.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэн тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас санал болгосон ялын төрөл, хэмжээний саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тт 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Тт оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Төөс 74,000 /далан дөрвөн мянга/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.

6. Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Хохирогч Т.У нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор эс зөвшөөрвөл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                              Г.УУГАНБААТАР