Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/03

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Еликай,

улсын яллагч Н.Улсболд,

шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас “*******” ХХК-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006700437 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-1067 дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдсан, регистрийн дугаартай, Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний №#******* дугаартай, барилгын материалын үйлдвэрлэл, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, ашгийн төлөө, Улаанбаатар хот, ******* хорооны нутаг дэвсгэрт бүртгэлтэй боловч *******,******* тоотод үйл ажиллагаа явуулдаг, “*******” ХХК.

Холбогдсон хэргийн талаар.          

Шүүгдэгч *******” ХХК нь 2020 оноос 2023 оны 07 дугаар сар хүртэл үргэлжилсэн үйлдлээр *******,******* тоотод өөрсдийн үйлдвэрлэж буй арматур төмрийн чанарыг шалгах зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-н 448 дугаарт багтсан Аммонийн персульфат /Ammonium persulfate/ 500 граммын хэмжээтэй 6 сав, 881 дугаарт багтсан Этаноламин /Ethanolamine/ 500 миллилитрийн хэмжээтэй 53 шил, 854 дугаарт багтсан Этанол /Ethanol/ 500 миллилитрийн хэмжээтэй 21 ширхэг шил, 506 дугаарт багтсан калийн гидроксид /КОН/ 500 граммын савлагаатай 3 сав, 114 дугаарт багтсан азотын хүчил /HNO3/ 500 миллилитрийн савлагаатай 3 шил зэрэг 5 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл шүүгдэгч *******” ХХК нь 2020 оноос 2023 оны 07 дугаар сар хүртэл үргэлжилсэн үйлдлээр *******,******* тоотод өөрсдийн үйлдвэрлэж буй арматур төмрийн чанарыг шалгах зорилгоор “Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах” зөвшөөрөлгүйгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-н 448 дугаарт багтсан Аммонийн персульфат /Ammonium persulfate/ 500 граммын хэмжээтэй 6 сав, 881 дугаарт багтсан Этаноламин /Ethanolamine/ 500 миллилитрийн хэмжээтэй 53 шил, 854 дугаарт багтсан Этанол /Ethanol/ 500 миллилитрийн хэмжээтэй 21 ширхэг шил, 506 дугаарт багтсан калийн гидроксид /КОН/ 500 граммын савлагаатай 3 сав, 114 дугаарт багтсан азотын хүчил /HNO3/ 500 миллилитрийн савлагаатай 3 шил зэрэг 5 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

1.2 Нотлох баримтын үнэлгээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:

- шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ын өгсөн “...2023 оны 7 дугаар сарын хүртэл тухайн бодисыг ашигласан нь үнэн. Энэ нь манай байгууллагын буруу. Төмрийн чанарыг шалгах шинэ төхөөрөмжийг манай компани нь оруулж ирсэн байсан юм. Төхөөрөмжийн зааварчилгаа нь англи хэл дээр учир ажиллуулж чадахгүй арай эхлээгүй байсан юм. Эдгээр бодисыг ковидын үед каргогоор оруулж ирсэн гэсэн.

Манай шинжилгээ хийдэг контейнер нь тусгай шинжилгээ хийхээр тоноглосон, зориулалтын байр юм. Үүний баримтыг хавсарган сая өгсөн. Манай компани нь үндсэн 160 орчим, гэрээт 50 орчим ажилчидтай. Барилгын материал үйлдвэрлэлтийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болговол энэ олон хүн ажилгүй болж манай компанийн үндсэн үйл ажиллагаа алдагдахад хүрнэ. Гадаад худалдаа эрхлэх эрхийг хасаж өгнө үү.” гэв.

Улсын яллагч дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

- 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн гомдол мэдээллийн талаарх мөрдөгчийн илтгэх хуудас /1 дүгээр хавтас хэргийн 04 дэх тал/,

- 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хэргийн газрын үзлэг хийсэн
тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд
/1 дүгээр хавтас хэргийн 05-13 дахь тал/,

- 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас хэргийн 14-15 дахь тал/,

- 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай
мөрдөгчийн тогтоол / 2 дугаар хавтас хэргийн 19 дэх тал/,

- 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 394 дугаартай мөрдөн шалгах
ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол
/1 дүгээр хавтас хэргийн 17-18 дахь тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч БНХАУ-ын иргэн ******* /*******/-ны өгсөн: “...Би БНХАУ-с 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсад “*******” компанийн урилгаар лабораторид лаборант хийхээр ирсэн. Би Монгол Улсад ******* ХХК-ний урилгаар ирснээс хойш арматурын төмөр хийх дээж бүтээгдэхүүнийг авчирч ирэхээр нь төхөөрөмжөөр шинжилгээ хийж, холбогдох үзүүлэлтийг гаргаж, Монгол хүмүүст үзүүлдэг. Хэнд үзүүлдгээ мэдэхгүй байна. Одоо ашиглаж байгаа төхөөрөмжид ямар нэгэн бодис ашигладаггүй. Би гэрэл зургийг үзлээ. Энэ зургаас 06 дугаар сарын 08-ны өдөр ирснээс хойш хуучин лаборатори гээд байгаа газарт 07 дугаар сарын дунд хүртэл 15, 16, 17 дахь зураг дээр байгаа бодисуудыг ашигладаг байсан. Зургийн 17 дахь бодисоос 4 шилийг, 15 дахь бодисоос 120 миллилитрийг холиод төхөөрөмжид оруулаад арматурын төмрийн чанарыг тодорхойлох шинжилгээ хийдэг байсан. Өмнө нь уг бодисуудаар шинжилгээ хийдэг байсан юм шиг болохоор би үргэлжлүүлээд хийж байсан. Тэгээд байж байтал Монгол захирлууд шинэ тоног төхөөрөмж авчраад тэр төхөөрөмж дээр ажиллах болсон. Шинэ төхөөрөмж дээр ямар нэгэн бодис ашигладаггүй. Энэ 9 төрлийн бодис нь арматур төмрийн чанарыг шалгадаг бодисууд юм” гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтас хэргийн 24 дэх тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.******* өгсөн: “..Манай үйлдвэр хаягдал төмрийг цуглуулан авчирч, ялгадаг. Үүний дараа хаягдал төмрөө хашааны урд байх хайлах цех рүү ковшоор аваачиж хайлуулдаг, хайлсан төмрийн дамжуулах цех буюу хашааны баруун хэсэгт байх байгууламжид авчирсан хэвд оруулан арматураа гаргаж авдаг. Төмрийн хайлуулж байх хугацаанд дээж авч, дамжуулах цехийн байх цэнхэр контейнерт чанарыг шалгадаг. Арматурын чанарыг шалгахдаа цэнхэр тагтай хүрэн шилтэй шингэн зүйлээр шалгаад байх шиг байдаг юм. Цэнхэр тагтай хүрэн шилтэй шингэнийг бага хэмжээгээр хятадаас ирсэн
эмэгтэй ашиглаж байгаа харагддаг. Тэгээд чанарыг үзээд тэр нь ихэдсэн байна, энэ нь ихэдсэн байна гээд байдаг юм. Бусад бодисыг юунд ашигладаг болон хаанаас худалдаж авсан талаар сайн мэдэхгүй байна
.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 26-27 дахь тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.*******ын өгсөн: “... Тухайн цэнхэр өнгийн контейнерыг хуучин лабораторийн зориулалтаар ашиглаж байгаад 2023 оны 7 сараас шинэ спектер анализ гэх нэршилтэй багаж авчран шинэ лаборатори байгуулаад ажиллаж байна. Цэнхэр өнгийн контейнерт байсан бодисуудыг 2020-2021 оны үед арматур төмрийн чанарыг шалгах зорилгоор захиалаад каргогоор ирдэг. Тухайн үед ковидын нөхцөл байдалтай холбоотойгоор бодис оруулж бодисуудыг ашиглахгүй байж байгаад 2021 оны 4 сараас эхлэн ажиллахдаа бага хэмжээгээр бодисуудыг ашигладаг байсан. Хэрэглэхдээ арматур үйлдвэрлэхийн тулд тогоонд төмрийг хайлж байх үед гангийн найрлагыг хувийн жингийн аргаар тооцохын тулд хайлмагаас дээж аваад хөргөж хатуу биет болсны дараа үртэс болгоод хүрэн өнгийн шилтэй бодис, ус зэрэгтэй холиод жигнэж үзээд найрлагыг тодорхойлж арматурын чанарт манганыг ямар хэмжээтэй хийх эсэхийг тодорхойлдог. 2023 оны 7 дугаар сард шинэ багаж авчрахаас өмнө тухайн бодисуудыг ашиглан арматурын чанарыг шалгадаг байсан. Тэгэхээр манай компанийн үйл ажиллагааг тасалдуулахгүйн тулд хэрэглэдэг байсан гэж ойлгож болно. ...Манай компанид химийн бодисын зөвшөөрөл байхгүй. Мөн тухайн бодисыг хадгалах зориулалтын агуулах, сав байхгүй.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 30 дахь тал/,

- Шинжлэх Ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн
химич Ш.Нямдэлгэрийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн
дүгнэлт:

-Хариулт 2. Дээж 2 Аммонийн персульфат нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол Улсын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 448 дугаарт багтсан.

Дээж-4 Этаноламин нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын
сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн
А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол Улсын химийн
хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 881 дугаар багтсан.

Дээж-5, 6 Этанол нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын  сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад заасан Монгол Улсын химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 854 дугаарт багтсан.

Хариулт 3. Дээж 2 Аммонийн персульфат нь галыг эрчимжүүлэх болзошгүй, исэлдүүлэгч. Залгихад хортой. Нүдэнд ноцтой цочрол үүсгэдэг. Арьсыг цочроох шалтгаан болдог. Арьсны харшлын урвал, амьсгалын замын цочрол үүсгэж болзошгүй. Харьцсаны дараа нүүр, гар, ил гарсан арьсыг сайтар угаана. Усны организмд хортой.

Дээж-4 Этаноламин нь амьсгалах болон арьсаар нөлөөлж болно. Залгих,
арьсанд хүрэх, амьсгалсан тохиолдолд хортой. Арьсны хүнд түлэгдэлт, нүдийг
гэмтээдэг. Амьсгалын замын цочрол үүсгэж болзошгүй. Их хэмжээгээр өртөх нь
мэдрэлийн системд нөлөөлж магадгүй.

Дээж-5, 6 Этанолыг залгисан тохиолдолд бөөлжих, хэвлийн өвдөлт, дотор муухайрах шинж тэмдэг илэрнэ. Нүдэнд орсон тохиолдолд нүдийг үрэвсүүлнэ. Амьсгалбал толгой эргэх, муужрах, амьсгалахад бэрхшээлтэй болно. /1 дүгээр хавтас хэргийн 41-43 дахь тал/,

-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Г.Золжаргалын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 4426 дугаартай
шинжээчийн:

“..1.2.5. ...”Potassium hydroxide KOH” гэх бичиглэлтэй хуванцар саванд цагаан өнгийн нунтаг дээжээс кали ион /K/ илэрсэн. Усан уусмал нь хүчтэй шүлтлэг орчинтой байх тул калийн гидроксид гэж тодорхойлов. ...”СН3СН2ОН Ethonal absolute” гэх бичиглэлтэй шилэн савтай өнгөгүй шингэн дээж нь спиртлэг үнэртэй, нягт нь 0,791 г/см3, 99,6 %-н этилийн спирт агуулсан бодис байна. Nitric acid НNОз” гэх бичиглэлтэй шилэн савтай өнгөгүй шингэн нь хүчтэй хүчиллэг орчинтой. Уг бодисын нягт нь 1,373 г/см3 байх бөгөөд найрлагаас нь нитрат ион /NОз/ илэрч байх тул азотын хүчил гэж тодорхойлов.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-н дугаар 506-т калийн гидроксид /КОН/, дугаар 854-т этилийн спирт / СН3СН2ОН/, дугаар 114-т азотын хүчил /НИОз/ багтаж байна. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтас хэргийн 44-49 дэх тал/,

- Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 10 дугаар сарын 04-
ний өдрийн 07/5343 дугаартай “...*******” ХХК нь тус яамнаас химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл авч байгаагүй байна”  гэх албан бичиг /1 дүгээр хавтас хэргийн 73 дахь тал/,

- “*******” ХХК-ний улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргүүд /1 дүгээр хавтас хэргийн 85-250 хуудас, 2 дугаар хавтас хэргийн 1-10 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд шинээр гарган өгсөн төлбөрийн баримт, гаалийн мэдүүлэг, тоног төхөөрөмж, барилга, багажийн тооцоолол бүхий баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

1.3.Эрх зүйн дүгнэлт.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл Шүүгдэгч *******” ХХК нь 2020 оноос 2023 оны 07 дугаар сар хүртэл үргэлжилсэн үйлдлээр *******,******* тоотод өөрсдийн үйлдвэрлэж буй арматур төмрийн чанарыг шалгах зорилгоор Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах” зөвшөөрөлгүйгээр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-н 448 дугаарт багтсан Аммонийн персульфат /Ammonium persulfate/ 500 граммын хэмжээтэй 6 сав, 881 дугаарт багтсан Этаноламин /Ethanolamine/ 500 миллилитрийн хэмжээтэй 53 шил, 854 дугаарт багтсан Этанол /Ethanol/ 500 миллилитрийн хэмжээтэй 21 ширхэг шил, 506 дугаарт багтсан калийн гидроксид /КОН/ 500 граммын савлагаатай 3 сав, 114 дугаарт багтсан азотын хүчил /HNO3/ 500 миллилитрийн савлагаатай 3 шил зэрэг 5 төрлийн химийн хорт болон аюултай бодисыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан болох нь шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургууд, гэрч нарын мэдүүлэг, Шинжлэх Ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны хэлтсийн химийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 07/5343 дугаартай “...*******” ХХК нь тус яамнаас химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, ашиглах, худалдах тусгай зөвшөөрөл авч байгаагүй байна”  гэх албан бичиг, “*******” ХХК-ний улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувийн хэргүүд зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Хууль зүйн хувьд Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “химийн хорт бодис” гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг;” гэж, тус хуулийн 3.1.2-д “химийн аюултай бодис" гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг;” хэлнэ гэж заасан ба аммонийн персульфат, Этаноламин, Этанол, Калийн гидроксид /КОН/, Этилийн спирт, Азотын хүчил /HNO3/ зэрэг химийн бодисыг “*******” ХХК нь арматур төмөр үйлдвэрлэх зорилгоор Химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах” зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан байна.

Ингэж химийн хорт болон аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулж, хадгалахдаа Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.14-т заасан тэсэрч дэлбэрэхээс бусад химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах, ашиглах, устгах зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно” гэж хуульчилснийг зөрчсөн “*******” ХХК нь химийн хорт болон аюултай бодисыг ашиглах зөвшөөрлийг зохих байгууллагаас аваагүйгээр үйл ажиллагаандаа ашиглан, хадгалжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хууль, зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан байхыг шаардахгүй, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласнаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

“Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан” гэдэгт тухайн хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу зохих тусгай зөвшөөрлийг аваагүй тохиолдолд ямар ч байдлаар химийн хорт, аюултай бодистой харьцаж, өөрсдөдөө хамааруулан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд ийнхүү үйл ажиллагаа явуулсан үйлдлийг ойлгоно.

“Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар хадгалсан” гэдэгт химийн хорт, аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийн болон бусдын орон байр, агуулах, тээврийн хэрэгсэл, байгальд байлгахыг ойлгоно. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт  зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Ийнхүү шүүгдэгч “*******” ХХК нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн нь гэмт хэргийн шинж, гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэхээр байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т ”Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэжээ.

“*******” ХХК нь 2020 оноос 2023 оны 07 дугаар сар хүртэл тусгай зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисыг ашигласан, хадгалсан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцов.

Шүүхээс шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан ба шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

1.4. Хохирол, хор уршиг.

Гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол тогтоогдоогүй тул “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

2.1. Талуудын санал, дүгнэлт.

Улсын яллагчаас “*******” ХХК-ийг Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3,  9.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар гадаад худалдаа явах эрхийг хасаж, мөн тус хуульд зааснаар 50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 50.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлүүд байгаа. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хими, технологийн шинжээчийн дүгнэлтээр илэрсэн эд мөрийн баримт нь өнөөдрийн байдлаар “*******” ХХК-ийн агуулахад лацаар лацдаж, хадгалагдаж байгаа. Дээрх эд мөрийн баримтыг шүүхийн шийтгэх тогтоолд хүчин төгөлдөр болмогц зохих шатны байгууллагат шилжүүлж устгуулах саналтай байна. Хэрэгт “*******” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол дээрх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй. Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй. “*******” ХХК-тай холбоотой тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох санал, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй гэв” гэх дүгнэлтийг танилцуулсан.

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: “Тусгай зөвшөөрөл, гадаад худалдаа эрхлэх зөвшөөрлийн аль нэгийн цуцалж байгааг хүлээн зөвшөөрч байна. “*******” ХХК  нь 2023 онд хаан банкнаас 3 тэрбум төгрөгийн зээл авсан ба энэ талаар хавтаст хэрэг байгаа. Манай “*******” ХХК нь алслагдсан Багахангай дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг. Түүнээс ажилтнуудаа Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тахир дутуу хүнийг хүлээн авч ажиллуулдаг. Нийтдээ 109 хүний нийгмийн даатгал төлж, гэрээтээр мөн 54 хүн ажиллуулдаг. Нийт 160-170 хүний аж амьдрал дээр энэ үйлдвэр явагддаг. Эдийн засгийн байдалтай холбогдуулан 2022-2023 онуудад хийсэн борлуулалт тааруу байх тул торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.

2.2. Эрүүгийн хариуцлага.

Эрүүгийн хуулийн ерөнхий 9.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан гэмт хэргийн шинжийг хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан дангаараа, эсхүл хамтран шийдвэр гаргаж, эсхүл хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан нь хуулийн этгээдэд ял оногдуулах үндэслэл болно.” гэжээ.

“*******” ХХК нь 2009 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А-1067 дугаартай шийдвэрээр үүсгэн байгуулагдсан, регистрийн дугаартай буюу улсын бүртгэлд компани гэж бүртгэгдсэн хуулийн этгээд байна.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт “хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж хорин мянган нэгжээс нэг зуун хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял” шийтгэхээр хуульчилжээ.

Иймд шүүгдэгч “*******” ХХК буюу хуулийн этгээд нь өөрийн ашиг сонирхлыг төлөө “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах” гэмт хэрэг үйлдсэн, тухайн төрлийн гэмт хэрэгт хуулийн этгээдэд ял оногдуулахаар заасан байх тул ял оногдуулах үндэстэй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хуулийн этгээдэд нэг, эсхүл хэд хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах, эсхүл эрх хасах албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт “хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж...” гэж албадлагын арга хэмжээ авахаар хуульчилсан.

Эрх хасах албадлагын арга хэмжээний зорилго нь үйл ажиллагаа эрхлэх эрхийг хассанаар хуулийн этгээд тухайн гэмт хэргийг үргэлжлүүлэн үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг бууруулахад чиглэдэг.

“*******” ХХК нь Зөвшөөрлийн тухай хуульд заасан Барилга хот байгуулалтын яамны МҮ 126-028/21 дугаартай “Материал үйлдвэрлэх” эрхлэх тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа хэрэгжүүлэх явцдаа Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг үйлдсэн байх тул тухайн эрхийг хасах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал /химийн хорт болон аюултай бодисыг цаашид ашиглахгүй байх боломжийг бүрдүүлэн шинэ тоног төхөөрөмж нэвтрүүлсэн/ зэргийг харгалзан “*******” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон “Материалын үйлдвэрлэл” эрхлэх тусгай зөвшөөрөл, эрхийг 1 “нэг” жилийн хугацаагаар хасаж, 50,000 /тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 /тавин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “*******” ХХК-нд оногдуулсан 50,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан UREA гэх бичиглэл бүхий 500 граммын савлагаатай цагаан өнгийн савтай бодис 6 сав, Potassium Hydroxide гэх бичиглэл бүхий 500 граммын савлагаатай цагаан өнгийн савтай бодис 3 сав, Ammonium persulfade гэх бичиглэл бүхий 500 граммын савлагаатай цагаан өнгийн савтай бодис 1 сав, Starch soluble гэх бичиглэл бүхий 500 граммын савлагаатай цагаан өнгийн савтай бодис 2 сав, Ханз бичиглэлтэй цэнхэр өнгийн тагтай, хүрэн өнгийн шилэн савтай 500 миллилитр савлагаатай, таг дээрээ HS гэсэн бичиглэл бүхий бодис 4 шил, Pottassium iodide гэх бичиглэл бүхий 500 граммын савлагаатай, цагаан өнгийн савтай бодис 1 сав, Ethanol adsolute гэх бичиглэл бүхий 500 миллилитр савлагаатай хүрэн шил цэнхэр тагтай бодис 21 шил, Nitric acid гэх бичиглэл бүхий 500 миллилитр савлагаатай хүрэн шил цэнхэр тагтай бодис 30 шил, Ethanolamine гэх бичиглэл бүхий 500 миллилитр савлагаатай хүрэн шил хар тагтай бодис 53 шил зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг Экологийн цагдаагийн албанд даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч “*******” ХХК-ийг үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “*******” ХХК-ийг Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгодог “Материалын үйлдвэрлэл” эрхлэх эрхийг 1 “нэг” жилийн хугацаагаар хасаж, 50,000 /тавин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 50,000,000 /тавин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

               3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч “*******” ХХК нь шүүхээс оногдуулсан 50,000,000 /тавин сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг даалгасугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “*******” ХХК нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “*******” ХХК-д авсан Барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгодог “Материалын үйлдвэрлэл” эрхлэх эрх хасах албадлагын арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

            6. Шүүгдэгч “*******” ХХК-ийн эрхийг хязгаарлах арга хэмжээ авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт иргэний бичиг баримт болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан UREA гэх бичиглэл бүхий 500 граммын савлагаатай цагаан өнгийн савтай бодис 6 сав, Potassium Hydroxide гэх бичиглэл бүхий 500 граммын савлагаатай цагаан өнгийн савтай бодис 3 сав, Ammonium persulfade гэх бичиглэл бүхий 500 граммын савлагаатай цагаан өнгийн савтай бодис 1 сав, Starch soluble гэх бичиглэл бүхий 500 граммын савлагаатай цагаан өнгийн савтай бодис 2 сав, Ханз бичиглэлтэй цэнхэр өнгийн тагтай, хүрэн өнгийн шилэн савтай 500 миллилитр савлагаатай, таг дээрээ HS гэсэн бичиглэл бүхий бодис 4 шил, Pottassium iodide гэх бичиглэл бүхий 500 граммын савлагаатай, цагаан өнгийн савтай бодис 1 сав, Ethanol adsolute гэх бичиглэл бүхий 500 миллилитр савлагаатай хүрэн шил цэнхэр тагтай бодис 21 шил, Nitric acid гэх бичиглэл бүхий 500 миллилитр савлагаатай хүрэн шил цэнхэр тагтай бодис 30 шил, Ethanolamine гэх бичиглэл бүхий 500 миллилитр савлагаатай хүрэн шил хар тагтай бодис 53 шил зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг Экологийн цагдаагийн албанд даалгасугай.

            8. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Н.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  П.БАЯСГАЛАН