Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1257

 

МАГАДЛАЛ

 

2018.05.30                                                     Дугаар 1257                                Улаанбаатар хот

 

 

 

 

Д.С-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01149 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.С-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С ХХК-д холбогдох,

 

61 764 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Д.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Ч нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: 2009 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Нарны зам 55 тоотод байршилтай Шинэ-Өргөө, Худалдаа үйлчилгээний зориулалттай 2 давхрын 206 тоот хаягт байрлах 17,735 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг худалдан авах гэрээг Б.Э-ээр төлөөлүүлэн С ХХК-тай бичгээр байгуулж, гэрээний төлбөрийг 2009 оны 07 дугаар сарын 31-нд /12 600 ам.доллар/ 2009 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн дотор гэрээнд тохиролцсоны дагуу    33 696.5 ам.доллараар төлж, худалдан авагчийн хувьд Иргэний хууль, худалдах, худалдан авах гэрээнд заасны дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлсэн. Гэтэл С ХХК үл хөдлөх хөрөнгийг худалдан авагчийн талд шилжүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үл биелүүлж, өнөөг хүрсэн юм. Худалдан авагч тал болох Б.Э , Д.С бид гэрээний дагуу Шинэ-Өглөө худалдаа үйлчилгээний зориулалттай 2 давхрын 206 тоот хаягт байрлах 35,47 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг өөрсдийн өмчлөлд өнөө хүртэл шилжүүлэн аваагүй тул Д.С миний бие үл хөдлөх хөрөнгө эзэмших, үр ашгийг хүртэх эрхээсээ хасагдан хохирсоор байна. Зөрчигдсөн эрхээ хамгаалуулах зорилгоор шүүхэд хандаж, дээрх нэхэмжлэлийг 2015 оны 09 дүгээр сард гаргасан боловч анхан болон давж заалдах шатны шүүхээс миний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Б.Э тэй санаа зориг нэгдэн С ХХК-тай 33 696.5 доллараар үл хөдлөх хөрөнгийг худалдан авах хэлэлцээрийг бичгээр байгуулсан. Үүнийг Б.Э  болон хариуцагч тал зөвшөөрдөг, төлбөрийг гэрээнд дурдсан ам.доллараар тушааж, тооцоог хийсэн, үүнийг хариуцагч тал зөвшөөрдөг. 2009 онд С ХХК үл хөдлөх хөрөнгө худалдах худалдан авах гэрээг Б.Э  бидэнтэй хийхдээ залилан мэхэлсэн үл хөдлөхийн бүртгэх газарт хандах журмыг санаатайгаар зөрчсөн тул Д.С , Б.Э  бид бүхний эрх ашиг зөрчигдсөн, 2009 оны 09 дүгээр сараас хойш бидний эд хөрөнгө болох 33 696.5 ам.долларыг С ХХК өөрийн мэдэлд ашигласаар байгаа болно. Намайг Б.Э-ээр дамжуулан 2009 оны 09/0731 тоот худалдах, худалдан авах гэрээг байгуулсан болохыг Б.Э  тодорхойлдог, хариуцагч байгууллага хүлээн зөвшөөрдөг, эл үндсэн дээр 2015 оны 05 сараас 2014 оныг хүртэл нэхэмжлэгч Д.С  надтай түрээсийн гэрээ байгуулж ажилласан зэрэг баримтуудаар тогтоогддог болно.

Хариуцагч С ХХК нь үл хөдлөх хөрөнгийг худалдах худалдан авах гэрээг хийснийг зөвшөөрч 2010 оны 5 дугаар сарын 4-нд бичгээр тохиролцоо хийх, Д.С , Б.Э  нартай долларын үл хөдлөх хөрөнгийг тус тусад нь худалдан авах гэрээг байгуулсан юм. Үүнээс үндэслэн Д.С 206 тоот өрөөг худалдан авсны төлбөрийн 50 хувь буюу 16 848.275 доллар, түүнээс нэхэмжлэгч надад учирч буй хохирол, эд хөрөнгөөр миний эрх ашиг зөрчигдсөөр ирсэн тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан нөхцөл буй болсон учир шүүхэд хандаж байна. С ХХК-ийн хуурамч хэлцэл хийх журмаар Д.С намайг төөрөгдүүлж 2009 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хойш миний эд хөрөнгө болох 16 848.275 ам.долларыг үндэслэлгүйгээр эзэмшин түүний үр ашгийг хүртэж ирэв. Энэхүү гадаад валютыг би банкны хадгаламжид хадгалуулах, бизнесийн үйл ажиллагаандаа хэрэглэсэн бол 8 жил 2 сарын хугацаанд ашиг олох нь тодорхой. Би өөрт учирсан хохирлыг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн заалтыг үндэслэн тодорхойлж байна. Өөрөөр хэлбэл, 16 848 ам.долларын 50% бодож, 8,424 доллар буюу 20 588 000 төгрөгөөр тооцоолон нэхэмжилж байна. Нөгөө талаар энэ нь С ХХК-тай үл хөдлөх хөрөнгө худалдан авах гэрээний 2.3-т заасан заалттай холбоотой. Хариуцагч С ХХК-иас 2009 оны 07 дугаар сарын 31-ний 09/0731 тоот гэрээ, Иргэний хуулийн 243, 246 дугаар зүйлд зааснаар 16 848 275 ам.доллар /16 848*2 444/ буюу 41 176 000 төгрөг, хохиролд      8 424 доллар буюу /8 424*2 444/ 20 588 000 төгрөг, нийт 61 764 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хариуцагчаар Д.Б-ийг татаагүй тул С ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Талуудын хооронд байгуулагдсан 2007 оны 09 дүгээр сарын 31-ний өдрийн худалдан худалдан авах гэрээний нэг тал нь Д.С биш. Гэрээ С ХХК болон Б.Э  нарын хооронд байгуулагдаад буцаад цуцлагдсан. Нэхэмжлэлийн 2 шаардлагатай холбоотойгоор гэрээний хохирлын асуудал ярьж байна. Энэ хохирлыг хэрхэн яаж тооцсоноо нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага тодорхойлохгүй байна. Нэг бол гэрээний үүрэгтэй холбоотой үүссэн хохирол гэдэг. С ХХК болон Д.С нарын хооронд гэрээ байхгүй, байсан ч гэрээ цуцалсантай холбоотой хариуцлагын асуудлыг зохицуулсан гэрээ байдаггүй. Иймд 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. Эхний шаардлагын хувьд Д.С гэрээний нийт үнийн 50 хувийг өгсөн, 50 хувь нь минийх гэдэг. Энэ тухай урьд шийдсэн хэрэгт гэрч Б.Э  мэдүүлдэг. Гэрээний дагуу өгсөн нийт үнийн дүн 33 696.5 ам.долларын 50 хувь буюу 16 848.2 ам.долларыг миний эзэмшлийн мөнгө гэж ярьдаг. Түүнийг баталгаажуулах зорилгоор С ХХК-тай түрээсийн гэрээ хийж байсан. Үүний дагуу өгч авч байсан асуудал байдаг. Хожим 2010, 2013 оны түрээсийн гэрээ нь 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэрээр хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарсан. Үүний дагуу өгч байсан мөнгөө С ХХК сөрөг нэхэмжлэл гаргаж, Д.С ээс буцаан шаардах эрх үүсэж байгаа. Өнөөдрийн шүүх хурлын явцад сөрөг нэхэмжлэл гаргаагүй байгаа учраас энэ асуудлыг жичдээ шийдвэрлүүлэх болно гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч С ХХК-иас 41 176 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С т олгож, нэхэмжлэлээс 20 588 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 466 770 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 363 830 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.С т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Д.С би 2009 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Б.Э-ээр дамжуулан С ХХК-тай үйлчилгээний зориулалттай байр худалдах, худалдан авах гэрээг хэлэлцэн байгуулж Б.Э  бид нар гэрээнд дурдсан 33 696,5 долларыг тус компанид төлсөн боловч С ХХК гэрээгээр хүлээсэн үүрэг болох “Шинэ Өглөө” худалдааны төвийн 2 давхарт буй 206 тоот өрөөг бидэнд шилжүүлэн өгөх үүргээ 2009 оны 7 дугаар сарын 31-ээс хойш биелүүлээгүй өдий хүрсэн бөгөөд эл асуудал шүүхээр удаа дараалан шийдвэрлэгдсэн үүнд, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 186 дугаар шийдвэрээр өмнө дурдсан долларын 50 хувь буюу 16 848 долларыг С ХХК Д.С т төлөх үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн гэтэл Нийслэлийн шүүхийн 2017 оны 945 тоот магадлалаар 1 дүгээр шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж С ХХК-иас 38 292 471 гаргаж Д.С т олгосугай хэсгийг хасаж, Б.Э  С ХХК-ийн хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн юм. Давж заалдах шатны 945 тоот магадлалд Д.С т өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэйг дурдсан тул Д.С өөрт учирсан хохирлыг төлүүлэх шаардлагаар нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад, хуурамч залилан мэхлэх замаар намайг төөрөгдөлд оруулан авсан 16 848 доллар буюу 41 176 000 төгрөг, 2009 оноос хойш дээрх мөнгөөр хохирсон тул хохирлоо алдангийн хэмжээгээр буюу 8 424 доллар (20588000 төгрөг) бүгд 61 769 000 төгрөгөөр нэхэмжилсэн юм.

Шүүхийн шийдвэрээр С ХХК нь хуурамч мэдээлэл гарган гэрээ хэлцэл байгуулах, хуульд заасан журмыг санаатайгаар зөрчих замаар бусдын эд хөрөнгийг үндэслэлгүй өөртөө шилжүүлэн авч хөрөнгөжсөн болохыг тогтоосон улмаар хөрөнгийг нэхэмжлэхэд олгохоор шийдвэрлэсэн атлаа хууль зөрчсөн эл үйл ажиллагааг нэхэмжлэгч талд 2009 оноос хойш хохирол, эрсдэл үүссэнийг харгалзсангүйд гомдолтой байна. Ингэснээр 2009 оны 8 сараас хойш миний 16 848 долларыг өөрийн мэдэлд байлган ашиг олж байсан С ХХК-ийг дэмжсэн хууль бус дээрэмдлэгийг өөгшүүлсэн гэж санагдаж байна. Маш энгийнээр бодоход нэхэмжлэгч би 8 жил гаруй хугацаанд 41 000 000 төгрөгийн эд зүйлсээр хохирч байгаа юм.

Шүүхийн шийдвэрт С ХХК, Д.С-ийн хооронд эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ байгуулаагүй тул алданги анзын асуудал үүсэх энэ талаар шаардах эрхгүй гэсэн агуулга тусгагдсан байна. Нэхэмжлэлийн шаардлага бол өмнө дурдсан гэрээг үндэслэн алданги, анз нэхэмжлээгүй харин хуулийн төсөөтэй хэрэглэх зарчмын дагуу өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.4 дэх хэсэгт заасан хэмжээг харгалзан 8424 доллар буюу 20 588 000 төгрөгөөр нэхэмжилсэн болно. Шүүх эл асуудалд төөрөлдөн анз нэхэмжилсэн, гэрээний анзын асуудалд хамааруулсан юм. Дахин хэлэхэд бид анз нэхэмжлээгүй болно. Хариуцагч С ХХК нь 2009-оос хойш миний өмчийг хууль бусаар эзэмшсэнээс тодорхой ашиг олсон нь ойлгомжтой. Энэ нь тэдний үндэслэлгүй хөрөнгөжсөн нэг хэлбэр байгааг шүүх анхаарсангүй гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч С ХХК-д холбогдуулан 61 764 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Б.Э  болон С ХХК нарын хооронд байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэж, Д.С өөрт учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэйг 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 945 дугаарт магадлалаар дурдсан тул 16 848 ам.доллар буюу        41 176 000 төгрөг, 2009 оноос хойш дээрх мөнгөөр хохирсон тул хохирлоо алдангийн хэмжээгээр буюу 8 424 ам.доллар 20 588 000 төгрөг, нийт 61 769 000 төгрөг гаргуулах...” гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...нэхэмжлэгч Д.С тэй ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, С ХХК болон Б.Э  нарын хооронд худалдаа үйлчилгээний заал худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаад буцаад цуцлагдсан...” гэж тайлбарласан байна.

Тодруулбал, талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй боловч Д.С нь С ХХК-д 17 735 м.кв талбайн үнэд 16 848 ам.долларыг төлсөн болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаарх маргааныг өмнө нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 186 дугаартай шийдвэрээр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 945 дугаартай магадлалаар тус тус шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

Мөн хэрэгт авагдсан баримтад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлдээ хохирол гэж шаардсан 20 588 000 төгрөгийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй талаар анхан шатны шүүх бүрэлдэхүүн зөв дүгнэжээ.

Нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Иймд давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул шийдвэрийг хэвээр    үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2018/01149 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 260 890 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.ЭНХТӨР

                                   

                        ШҮҮГЧИД                                            Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                     М.НАРАНЦЭЦЭГ