Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 77

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч  Т.Нансалмаа

Хохирогч Д.Чимэг

Шүүгдэгч Б.Батаахүүгийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч П.Ганбаатар нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Б.Батаахүүд холбогдох эрүүгийн 201719000112 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн. 1959 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн. 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэргийн ерөнхий командлагч мэргэжилтэй, орцны жижүүр ажилтай,  ам бүл 1, Улаанбаатар хотын БГД-ийн 4 дүгээр хороолол, 45 дугаар байр 1 дүгээр орцонд  амьдрах, улсаас авсан гавьяа шагналгүй, 1986 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Ардын Армийн тусгай шүүхийн 290 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын эрүүгийн хуулийн тусгай ангийн 73а, 169б,197 в дэх хэсэгт тус тус зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж 1988 оны 08 дугаар сарын 19-нд хорих ял эдлэхээс суллагдсан. Баянхонгор аймгийн Сум дундын шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 173 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан Олхонуд овгийн Бадамсүрэнгийн Батаахүү РД/ВЭ:59012717/

 

Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурьдагдсанаар /

 

Шүүгдэгч Б.Батаахүү нь Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт Өндөр 2 дугаар багийн нутаг “Гахайн Ферм” гэх газарт 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хамтран амьдрагч Д.Чимэгтэй миний толгойруу цохилоо гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж толгойруу нь  гараараа цохиж түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Батаахүү мэдүүлэхдээ: Хэрэг гардаг өдөр  Д.Чимэг намайг буруу банз хуулсан байна гэж бид хоёр маргалдсан. Орой нь миний хувцаснуудыг гаргаж шидчихээд багана түшүүлсэн шуудайтай чацаргана асгачихаар нь миний уур хүрээд би түүний гуя руу нэг удаа өшиглөчихөөд хувцаснуудаа хамж аваад гарсан. Д.Чимэгийнхээс гараад саахалт айлд очоод гэрийн эзнийх нь орны урдуур газраар ор засаад хэвтэж байтал Д.Чимэг миний шанаа руу гуталгүй хөлөөрөө өшиглөх шиг болсон. Би босож ирээд уурандаа Д.Чимэгийн толгой руу гараараа нэг удаа цохисон. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Архидан согтуурсан үедээ хүн цохиж зодсон нь миний буруу гэв.

Шүүгдэгч Б.Батаахүүгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр өглөө Чимэг намайг урд хашаанаас 3 банз сугалаад аваад ир гэхээр нь би 3 банз сугалаад аваад иртэл чи буруу банз авчирсан байна гээд буцааж нөгөө гурван банзыг нь хадсан юм. Тэр хооронд Чимэг намайг элдвээр хэлээд хөөгөөд туугаад зайл гээд байхаар нь би Хүүхнээ гэх айлруу ороод байж байтал Чимэг араас утасдаад чи ирж ажилд туслалц, амбаарлуу юм зөөлц гэхээр нь гарахад Чимэг гартаа юм барьчихсан ирж байснаа надтай уулзалгүй нөгөө барьсан зүйлүүдээ амбаарт оруулна гээд намайг айлд тос оруулж өг гэхээр нь би тосыг нь айлд оруулж өгөөд тэр айлдаа сууж байтал Чимэг хойноос орж ирэхээр нь би түүнд түлхүүрээ өгчих гэхэд өгөхгүй байхаар нь хоёулаа харъя гэхэд Чимэг дуугарахгүй суугаад байхаар нь би Банзай гэх айлд ороод сууж байтал тэр айл надад монгол архи шанагаар бага зэрэг хийж өгөхөөр нь тэрийг нь уучхаад эргээд Хүүхнээ гэх айлд ортол Чимгээ сууж байхаар нь хоёулаа харъя гэхэд харихгүй суугаад байсан. Тэгээд орой 18 цагийн үед гэртээ харьсан. Гэрт очоод намайг чи шалихгүй юмнаас болж ажил алдагдуулаад гэж хэлээд бид хоёрын дунд хэрүүл эхэлсэн. Чимэг намайг гэрээсээ  хөөгөөд архи цацаад ширээн дээр байсан чацарганыг тарааж шидээд байхаар нь би гуяруу нь нэг удаа өшиглөсөн. Чимэг намайг гэрээсээ гаргаад гэрээ түгжээд явсан. Би Чимэгийн гэрээсээ гаргаж шидсэн өөрийнхөө юмнуудыг хамаад Чимэгийг Хүүхнээ гэх айлруу орохоор нь би араас нь ороод Сүхбат гэдэг хүний өвөрт ороод унтах гэж байтал Чимэг миний баруун шанааруу шалдан хөлөөрөө өшиглөхөөр нь би  толгойруу нь гараараа цохичихсон юм гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/

Хохирогч Д.Чимэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Б.Батаахүү архи ууж согтчихоод хотоос авсан 2 шил архиа уух гэж нэхээд бид хоёр маргалдсан. Тэр өдөр айл хэсэж архи ууж ирчихээд миний хувцаснуудыг ялгаад өг гэхээр нь хувцасыг нь ялгаж шидсэн нь үнэн. Хэрэг гарахаас өмнө би Б.Батаахүүг чи бид хоёр хамтран амьдарч чадахгүй юм байна хувцсаа аваад яв гэж хэлж байсан. Би Б.Батаахүүг унтуулах гэж хэд хэдэн удаа гуйсан боловч урдаас эсэргүүцэж намайг хэл амаар доромжилж, миний хүүхдийг ч гэсэн хэрүүлдээ оруулж загнасан. Б.Батаахүү агсам тавихдаа хутга барьчихаад ална хядна гэж айлгаад миний гуя руу өшиглөж, шанаа руу гараараа цохиж тархи хөдөлгөсөн. Бид хоёрын хажууд байсан эрэгтэй хүн Б.Батаахүүгээс хутга булааж аваагүй байсан бол яах байсныг мэдэхгүй байна. Би аргаа барахдаа 10 цаг өнгөрч байхад цагдаа дуудсан. Цаашдаа Б.Батаахүү бид хоёр хамтарч амьдрах ямар ч боломжгүй болсон. Хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэв.

Хохирогч Д.Чимэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр өөрийн хамтран амьдрагч Батаахүүгийн хамтаар гэрийнхээ ажлыг хамтарч хийсэн. Тэр өдөр Батаахүү өдөр нь айлруу явж архи уучхаад нэг их удаагүй ирсэн. 18 цагийн орчимд манай хойд талын эмээгийн даралт нь унаад байна гэхээр нь би очоод байж байтал араас Батаахүү орж ирээд гэрийн түлхүүр өг гээд нэхээд байхаар нь очоод хувцсыг нь гаргаж өгтөл Батаахүү уурлаад миний баруун гуяруу өшиглөхөөр нь би уурлаад гэрээ цоожлоод эргээд нөгөө хөгшнийд ирсэн. Батаахүү миний араас 21 цагийн орчимд согтуу ирээд хэл амаар доромжлоод байхаар нь газар хэвтүүлээд хөнжлөөр  толгойг нь хүчтэй нөмрүүлчихсэн чинь намайг толгойруу цохилоо гээд босож ирээд миний шанааруу гараараа цохисон. Би эмчилгээний зардалд 280 000 төгрөг нэхэмжилнэ гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/

Гэрч Ж.Сүхбатын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 01 дүгээр сарын 25-ны орой би гэрээсээ гараад 18 цагийн орчимд Батаахүүгийн амьдардаг гэрт ортол Чимэг нутгийн архи гээд монгол архи гаргаж өгөөд тэр архиа халаагаад уух гэж байтал Чимэг гэнэт уурлаад  халааж байсан архи гаргаж асгаад Батаахүү, Чимэг хоёр хэрэлдээд Чимэг хувцас хунарыг гаргаж шидээд байхаар нь би айгаад гэртээ харьсан. Миний харснаар Чимэг Батаахүүг газар хэвтэж байхад нь хэрүүл хийж байгаад толгойруу нь нүцгэн хөлөөрөө цохиж байгаа нь харагдсан. Батаахүү босож ирээд Чимэгийг цохих шиг л болсон. Хаана цохисоныг нь мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн 10 хуудас/

Шүүх шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №73 тоот:

-Д.Чимэгийн биед тархи доргилт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

-Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

-Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтэл тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 12 хуудас/ зэрэг болно.

 Шүүгдэгч Б.Батаахүү нь согтуугаар Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт Өндөр 2 дугаар багийн нутаг “Гахайн Ферм” гэх газарт 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хамтран амьдрагч Д.Чимэгтэй “миний толгойруу цохилоо” гэсэн хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж толгойруу нь  гараараа цохиж түүний бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Батаахүүгийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлт, хохирогч Д.Чимэгийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

Аймгийн Прокурорын газраас Б.Батаахүүд холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Батаахүүгийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байх боловч хэрэгт болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогчийн мэдүүлгээр хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрээгүй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 Хохирогч Д.Чимэг нь шүүгдэгч Б.Батаахүүгээс эмчилгээний төлбөрт 280 000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар эмчилгээнд 85 000 төгрөгийн зардал гаргасан болох нь нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Б.Батаахүү нь хохирогч Д.Чимэгийн эмчилгээний зардалд 100 000 төгрөг өгсөн гэж мэдүүлж хохирогч нь уг мөнгийг хүлээн авсан тухайгаа шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлж байх тул хохирогч нь үлдэгдэл 180 000 төгрөгөө зохих нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Батаахүү нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4,  298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Олхонуд овгийн Бадамсүрэнгийн Батаахүүг бусдын бие махбодид  хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2.  Шүүгдэгч Б.Батаахүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 01/нэг/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр ангийн 51.1 дэх хэсэгт зааснаар Б.Батаахүүд оногдуулсан 01/нэг/ сарын баривчлах ялыг тусгай дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

4.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ялтан Б.Батаахүү урьд цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдсугай.

 

5.Хохирогч Д.Чимэг нь  ялтан Б.Батаахүүгээс эмчилгээний төлбөрт 280 000 төгрөгийг нэхэмжилж, Б.Батаахүү нь 100 000 төгрөгийг Д.Чимэгт төлсөн байх ба үлдсэн 180 000 төгрөгийг хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн 68.6, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Батаахүүд урд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнийг цагдан хорьсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Батаахүүд авсан  цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.МӨНХТУЯА