Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2022/0450

 

 

2022 06 13 0450

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.У******* 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*****

Хариуцагч: Б**** дүүргийн Засаг дарга

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*****

Гуравдагч этгээд Б**** дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.А***** нарын хоорондын Б**** дүүргийн Засаг даргын 2021 оны А/*** дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*****, гуравдагч этгээд хяналтын прокурор Ш.А*****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.М****өнхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.У******* нь Б**** дүүргийн Засаг даргад холбогдуулан Б**** дүүргийн Засаг даргын 2021 оны А/*** дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах-аар маргаж байгаад нэхэмжлэлийн шаардлагаа Б**** дүүргийн Засаг даргын 2021 оны А/*** дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн маргааныг хянан хэлэлцэв.

2. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2021 оны 8 дугаар сарын 19-ний өдөр дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 02-06/5993 албан тоотоор гомдлыг хангах боломжгүй тухай хариуг өгсөн тул 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

1/ Гараашийг буулгах тухай шийдвэрийг ямар байгууллага, албан тушаалтан, хэзээ гаргасан болох нь тодорхойгүй бөгөөд мэдэгдэх хуудас гэсэн бичигт нь ямар шийдвэрийг үндэслэж буй нь огт байхгүй, хууль бус, дээрэнгүй аргаар, хүч хэрэглэсэн гэж,

2/ Захиргааны ерөнхий хуулийн 20 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж,

3/ Захиргааны ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт заасан ажиллагаа хийгээгүй, сонсох үйл ажиллагаа явуулж, ямар ч санал авалгүйгээр иргэний өмчид халдаж бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж,

4/ Уг актын улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С***** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нэхэмжлэгч Б.У******* нь дүүргийн * хороо, ** хороолол, *-р байр, ** тоотод оршин суудаг. Оршин суудаг байрныхаа гадаа байрлах гараашийг өмчилдөг. Уг гараашны байрлал нь дүүргийн * хороо * гудамж, ** тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-****** улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбай бүхий автомашины зориулалттай энэхүү эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгч юм. Гараашны доод талын 18 м.кв газрыг нэхэмжлэгчийн дүү нь 15 дахь жилдээ хуульд заасан журмын дагуу ашиглалтын зориулалтаар ашиглаж байсан. 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн Газрын албанаас нэг хоногийн хугацаатай газар чөлөөлөх мэдэгдэх хуудсыг гараашны хаалган дээр нь наасан байдаг. Уг мэдэгдэх хуудас дээр нь ямар нэгэн захирамжийн дугаар ямар нэгэн мэдээлэл, огноо байхгүй байсан. Маргааш нь гараашийг буулгасан.

Үүнтэй холбоотой урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд Нийслэлийн Засаг дарга болон дүүргийн Засаг даргад гомдол гаргасан боловч гомдлыг хангах боломжгүй гэсэн тайлбар өгдөг. Маргаан бүхий захиргааны акт буюу 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн А/*** дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэл нь бодит байдалд нийцэхгүй байна. Анх энэ гарааш М.Э***** гэдэг хүний нэр дээр байж байгаад 2006 онд нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн дүү энэ газрыг худалдаж авсан. Худалдаж авахдаа дүүргийн Газрын албанд мэдэгдээд, дүүргийн Газрын албанаас баримт бичгүүд өгсөн.

Газар чөлөөлөх ямар нэгэн шийдвэр байхгүй. Тухайн үед гараашийг эзэмшиж байгаа иргэн этгээдэд ямар нэгэн мэдэгдэл өгөөгүй. Хэрэв мэдэгдэж байгаа бол ийм шийдвэр гарсан гэдгээ мэдэгдэх ёстой. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т захиргааны актыг мэдэгдэх журмын нарийвчлан зааж өгсөн. Тухайн газрыг хууль бус гэж үзэж чөлөөлөх гэж байгаа бол тухайн эд хөрөнгийн хаалган дээр нь зүгээр наах биш эзэмшигч өмчлөгчийн албан ёсны хаягаар нь мэдэгдэх хуудас мэдэгдэл хүргүүлэх ёстой. Гэтэл ийм ажиллагаа огт хийгээгүй. 20-с дээш тооны оролцогчтой ийм зүйл дээр тухайлан нэг бүрчлэн зааж өгнө гэж захиргааны хуульд заасан байдаг бөгөөд энэ ажиллагааг хийгээгүй.

Гараашийг буулгаснаа авто зогсоол барьсан байна. Энэ акт зорилгодоо нийцэхгүй байгаа юм биш үү? Өмчлөх эрхийг ингэж хязгаарлаж байгаа бол захиргааны байгууллагаас нөхөх олговор буюу хохиролтой холбоотой асуудлыг хөндөх ёстой. Тухайн объектыг буулгахаасаа өмнө өмчлөгчтэй тохиролцох ёстой байсан. Энэ харилцааг Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Хот суурин газрын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаанд нөхөх олговор олгох журам байдаг. Энэ журмын 1.2, 3.1.2-т тус тус заасан зүйлүүдэд үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа өмчлөгчийн саналыг заавал авах ёстой гэж заасан байдаг. Гэтэл энэ журмыг огт хэрэглээгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д "Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 27.4-д Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно", 56 дугаар зүйлийн 56.5-д Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй" газар чөлөөлөөгүй тохиолдолд тухайн газрыг албадан чөлөөлнө гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэгчийн хувьд маргаан бүхий Б**** дүүргийн 00 хорооны нутаг дэвсгэр шар байрны урд, 00 дугаар сургуулийн хойно зөвшөөрөлгүй баригдсан 30 ширхэг тоосгон гараашийн газрыг гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээгээр эзэмшдэггүй тул дүүргийн Засаг даргын зүгээс газар чөлөөлөх тухай мэдэгдлийг өгсөн боловч мэдэгдэл заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй тул дүүргийн Засаг даргын 2021 оны А/*** дугаар захирамжаар газрыг албадан буулгаж чөлөөлсөн болно.

Газрын төлбөр тогтоосон акт гэдэг нь газар эзэмших хууль ёсны зөвшөөрөл биш. Газрыг зөвхөн эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээгээр эзэмшиж ашиглана, ашиглах асуудлыг зөвхөн гадаадын аж ахуй нэгж, иргэнд олгохоор хуульд заасан байдаг. Мэдэгдэлгүй нураасан гэх асуудлын тухайд Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны актыг мэдэгдэх ёстой. 2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр газар зохион байгуулалтын албанаас тухайн газар байрлах 53 ширхэг гараашны эзэмшигч нарт мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Мэдэгдэл өөрөө сонсох ажиллагааны хэлбэрээр санал тайлбар авах, мэдээлэл авах, санал хэлэх боломжоор хангаж байгаа эрх зүйн акт юм. н.С нарын 39 иргэн иргэнээс сонсох ажиллагааны дагуу саналыг хүргүүлж байна гэж хариу хандсан байдаг. Энэ саналын дагуу Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн албан бичгээр хариу мэдэгдсэн.

Нөхцөл байдлыг тогтоогоогүй гэдэг асуудал яригдаж байна. Засаг даргын газрын чиг үүрэг хариуцсан субъект болох Газар зохион байгуулалтын албаны газар зохион байгуулагч нь тухайн газартай холбоотой, бусдын эрх ашгийг хөндсөн шийдвэр гарахаас өмнө заавал нөхцөл байдлыг судалгаа хийх ёстой. Суурин болон хээрийн судалгаа гэж хийдэг. Суурин судалгаанд кадастрын зураг, нэгдсэн улсын бүртгэлтэй холбоотой судалгаа хийгддэг. Энэ судалгаа нь ач холбогдол нөхцөл байдлыг тогтоох юм. Тухайн байршилд байсан 53 гарааш бол ямар нэгэн байдлаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байгаа. Газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдоогүй газар байсан учир тухайн захирамжийг гаргасан гэв.

6. Гуравдагч этгээд Б**** дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.А***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн М.Э***** нь 2000 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/37 дугаар захирамжийг үндэслээд иргэн аж ахуй нэгж байгууллагын газар ашиглах гэрээ байгуулсан байна. Гэрээг байгуулснаар М.Э***** нь Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 02-06/5993 тоот албан бичигт дурдсанаар Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг зөрчин тухайн шатны Засаг даргад газрыг эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлт гаргаагүй байх бөгөөд иргэн аж ахуй нэгжийн байгуулсан газар ашиглах гэрээнд тусгагдсан 5.1 дэх хэсэгт заасныг зөрчиж 2016 оноос хойш гэрээнд ногдуулсан төлбөрийг төлөөгүй, гэрээг дүгнүүлээгүй. Мөн тус гэрээний 5.2-т заасан газар ашиглагчийн өмчлөлд байгаа газраас салгаж болохгүй барилга байгууламж, эд хөрөнгийн өмчлөх эрх өөр этгээдэд шилжвэл газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэнэ гэж тус тус заасныг зөрчсөн. М.Э*****ын байгуулсан гэрээнээс үзэхэд М.Э*****ын газар эзэмших, ашиглах эрх нь тухайн эд хөрөнгийн өмчлөх эрх буюу иргэн Б.О*** шилжүүлснээр дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй байна. М.Э*****ад олгосон газар ашиглах эрх дуусгавар болсон гэж үзээд дүүргийн Засаг даргын 2021 оны А/350, А/251 дүгээр захирамжийг тус тус үндэслэж иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж газар ашиглалтыг сайжруулж, явган хүний зам талбайн зай хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор газар чөлөөлөлт хийгдсэн нь үндэслэлтэй байна. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.У******* Б**** дүүргийн Засаг даргын 2021 оны А/*** дүгээр захирамжаар Б**** дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт, ** дугаар сургуулийн хойд талд байрлаж байсан ** гараашийг Нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон Б**** дүүргийн Газар зохион байгуулалтын алба хамтран 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдөр газрын зөрчил арилгах нэрийдлээр гараашийг албадан буулгах хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан гэж маргаж байна.

2. Б**** дүүргийн Засаг даргын 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Газар чөлөөлөх тухай А/*** дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 5 дугаар тогтоолыг үндэслэн тус дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хатуу хучилттай авто зам, явган хүний замын нөлөөлөлд өртсөн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэр А байрны урд, 00 дугаар сургуулийн хойно зөвшөөрөлгүй баригдсан 30 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газар чөлөөлөхөөр шийдвэрлэжээ.

3. Анх дүүргийн Засаг даргын 2000 оны Б/37 дугаар захирамжийг үндэслэн иргэн Б.М**** Б**** дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 00 дугаар байрны урд талд 450 м.кв талбайд автомашины гараашийн зориулалтаар олгож, 2003 оны Б/37 дугаар захирамжаар 18м.кв газрыг автомашины гараашийн зориулалтаар 1 жилийн хугацаатайгаар ашиглах эрх олгож, гэрчилгээ олгожээ.

4. Хавтаст хэрэгт авагдсан Газрын төлбөр тогтоох тухай 2006 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 01/789 дугаартай акт болон Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газрын /хуучнаар/ 2006 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн албанд хүргүүлсэн 04/039 дугаартай албан бичиг, Б**** дүүргийн 2006 оны Баталгаат хэмжээг тогтоосон акт, Газрын төлбөрийг төлсөн банкны дансны хуулгаас үзвэл Б.О***л нь 2006 оноос Б**** дүүргийн * дүгээр хороо, гудамж ** тоот хаягт байрлах автомашины гараашийн зориулалтаар 18 м.кв газар ашигласны төлбөр төлж, тус гараашийн өмчлөх эрхийг анх 2006 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Y-00000000 дугаарт бүртгэгдсэн байна.

5. Харин уг автомашины гараашийн өмчлөх эрх 2007 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.Ц*** өмчлөлд, 2011 оны 5 дугаар сарын 13-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр иргэн Б.У*******ийн өмчлөлд тус тус шилжсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдээр тогтоогдож байна.

6. Нийслэлийн Б**** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 05/01 тогтоолоор дүүргийн 2022 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталж, хавсралтын 2.6 дахь хэсэгт Тоосгон гараашнуудын газрыг чөлөөлж тохижилт, бүтээн байгуулалт хийх гэсний 10 дахь талд Б**** дүүргийн 0 дүгээр хороо, 00 дугаар сургуулийн хойд, баруун талд 53 ширхэг гэж зааж, хариуцах байгууллагаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, дүүргийн Засаг даргын тамгын газар, дүүргийн Газар зохион байгуулалтын алба гэж заажээ.

7. Дээрх Б**** дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 05/01 тогтоолын дагуу тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дээрх гараашуудад Зөрчил арилгаж, газар чөлөөлөх тухай мэдэгдлүүдийг хүргүүлэн, дүүргийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто зам, явган хүний замын нөлөөлөлд өртсөн зөвшөөрөлгүй баригдсан 30 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газар чөлөөлж уг газрыг авто зогсоол, ногоон байгууламжийн зориулалтаар ашиглахаар шийдвэрлэсэн тус дүүргийн Засаг даргын 2021 оны А/*** дүгээр захирамж нь Б.У*******ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

8. Учир нь иргэн Б.О***л тус газрын төлбөр төлж, уг газар дээрх гараашид үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ авч, түүнээс нэхэмжлэгч бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авсан нь тогтоогдож байгаа хэдий ч гараашийн зориулалттай барилга нь түр барилга байгууламж төдийгүй, нэхэмжлэгчээс тухайн газрыг ашиглаж байсан талаар баримт байхгүй байна.

9. Түүнчлэн Газрын тухай хуулийн /2002 он/ 56 дугаар зүйлийн 56.5-д Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй байх тул маргаан бүхий актаар нэхэмжлэгч Б.У*******ийн ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

10. Мөн Б**** дүүргийн Засаг даргын 2000 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн Б/37 дугаар захирамжаар 450м.кв газрыг гараашийн зориулалтаар Б.М**** ашиглуулахаар шийдвэрлэсэн боловч Б.М**** газар ашиглах эрхийг нэхэмжлэгчид шилжүүлсэн шийдвэр гараагүй байна.

11. 2002 оны Газрын тухай хууль хэрэгжихээс өмнөх 1994 оны Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1-д Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төрийн өмчийн газрыг тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр, хууль тогтоомжийн дагуу ашиглуулж болно, мөн зүйлийн 3-д Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад энэ хуулийн 30, 31, 32 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 1-8, 10-т заасан журмыг баримтална, гэж зааснаас үзвэл газар ашиглах эрх олгох, эрх шилжүүлэх шийдвэр гаргах журам газар эзэмших эрхийн нэгэн адил зохицуулагдаж, газар ашиглах гэрээний хугацааг газар эзэмших гэрээний нэгэн адил гэрээгээр зохицуулахаар заажээ.

12. Гэтэл нэхэмжлэгчид гараашийн газрыг ашиглуулах шийдвэр гараагүй, гэрээ хийгдэж, гэрчилгээ олгогдоогүй, газрын төлбөр төлж байсан нь тогтоогдоогүй, зөвхөн тухайн газарт баригдсан гараашид үл хөдлөхийн гэрчилгээ авсан байх тул түүнд газар ашиглах эрх үүссэн гэж үзэх боломжгүй.

13. Сонсох ажиллагааны тухайд захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалтад зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй байх боловч энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй байна.

14. Б**** дүүргийн Засаг даргын 2021 оны А/*** дүгээр захирамжид заасан 30 гараашид нэхэмжлэгчийн Б**** дүүргийн * дүгээр хороо, * дугаар хороолол, гудамж-** тоот гарааш багтсан болохыг дурдах нь зүйтэй.

15. Иймд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-д Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж зааснаар зөвшөөрөлгүй баригдсан гараашийг албадан буулгах тухай Б**** дүүргийн Засаг даргын 2021 оны А/*** дүгээр захирамжийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан иргэн Б.У*******-өөс Б**** дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Б**** дүүргийн Засаг даргын 2021 оны А/*** дүгээр захирамжийн холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дүгээр 114.1-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ