| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2020/02924/И |
| Дугаар | 102/ШШ2021/00296 |
| Огноо | 2021-02-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 102/ШШ2021/00296
| 2021 оны 02 сарын 01 өдөр | Дугаар 102/ШШ2021/00296 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзулыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******,*******,******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч:*******,*******,т байрлах, хуулийн этгээдийн 5658306 регистртэй Тэгш сувдан ХХК-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу төлсөн урьдчилгаа 39,984,000 төгрөг, алданги 17,912,834 төгрөг, нийт 57,896,834 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сандагдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол, хариуцагчийн өмгөөлөгч Л.Намнансүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сандагдорж, өмгөөлөгч Б.Баярмагнайн хамт шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Төв аймгийн Барилга захиалагч орон сууцны корпораци нь тус аймгийн Зуун мод суманд баригдах Манзушир өргөө хотхоны 2 дугаар ээлжийн 90 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр Тэгш сувдан ХХК-ийг сонгон, тус баригдах орон сууц нь онцгой байдлын газар, хүмүүн цогцолбор сургууль, нэгдсэн эмнэлэг зэрэг байгууллагын албан хаагчдад захиалга авах тухай мэдээлэл, танилцуулга 2019 оны 8 дугаар сард хийгдсэн. И.Нямцэрэн Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт дүрс оношилгооны эмчээр ажилладаг бөгөөд Тэгш сувдан ХХК-тай 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 001 дугаар бүхий Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Гэрээнд заагдсанаар 54,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,050,000 төгрөгөөр, гэрээний нийт үнийн дүн 57,120,000 төгрөг болж, урьдчилгаа төлбөр 39,984,000 төгрөгийг Тэгш сувдан ХХК-д 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Хариуцагч нь орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулж, Улсын комисст хүлээлгэн өгөхөөр гэрээнд заасан боловч 2020 оны 8 дугаар сарын 04-ний байдлаар барилгын ажил огт хийгдээгүй байна. Тэгш сувдан ХХК-ийн ерөнхий захиралтай 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр холбогдоход тус компани уг барилгыг барихааргүй болсон, өөр гүйцэтгэх компани шийдэгдсэний дараа барилгад оруулсан мөнгөө буцаан авч, танай мөнгийг нэмэгдэлтэй нь өгнө гэсэн. Тус компани нь гэрээнд заагдсан үүргээ биелүүлээгүй, ашиглалтанд орох хугацааг даруй 8 сараар хэтрүүлсэн.
Нэхэмжлэгчид хэлэхдээ зөвшөөрөл бүх зүйлээ авсан, бэлэн болсон, мөнгө шилжүүлсэн тохиолдолд удахгүй ашиглалтад орно гэх хүсэл зоригийг илэрхийлж гэрээ байгуулсан байсан. Гэрээнд 2019 оны 04 дүгээр улирал гэж гэрээнд олон удаа орсон байдаг. Гэвч энэхүү тогтоосон хугацаандаа орон сууцыг ашиглалтанд оруулж улсын комисст хүлээлгэн өгөөгүй учир гэрээнээс татгалзсан байгаа. Хариуцагч гэрээний үүргээ яагаад зөрчсөн, түүнд нөлөөлөх ямар хүчин зүйл байсан талаар нотолж чадсангүй. Гэрээнээс үүсэх үр дагаврыг хариуцагч нотлох үүрэгтэй, уг үүргээ мөн гүйцэтгэж чадсангүй. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт гэрээг цуцлах журам, гэрээнээс татгалзах нөхцөл байдлын талаар хуульчилж өгсөн. Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж байгаа тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөрөө буцааж шаардах эрхтэй. Тус хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт үүрэг зөрчсөнөөс үүсэх хариуцлагын талаар заасан. Гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын хувьд гэрээнээс татгалзаж, учирсан хохирлыг нэхэмжлэхдээ гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу алдангийг нэхэмжлэх эрхтэй. Гэрээг талууд харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр байгуулсан, нэхэмжлэгч хариуцагчид тулган шаардаж, хүчээр гэрээг байгуулсан зүйл байхгүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган, урьдчилгаа төлбөрт төлсөн 39,984,000 төгрөг, алданги 17,912,834 төгрөг, нийт 57,896,834 төгрөгийг хариуцагч Тэгш сувдан ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч И.Нямцэрэнд олгохоор шийдвэрлэж өгнө үү... гэв.
Хариуцагч Тэгш сувдан ХХК-ийн захирал Д.Баасанжав шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ичинхорол, өмгөөлөгч Л.Намнансүрэнгийн хамт гаргасан тайлбартаа:
Төв аймгийн барилга захиалагч Орон сууцны корпораци нь *******ын төвд баригдах Манзушир өргөө хотхоны 2 дугаар ээлжийн 90 айлын орон сууцны барилгын ажлыг гүйцэтгүүлэхээр манай Тэгш сувдан ХХК-ийг сонгон шалгаруулсан бөгөөд гэрээ байгуулж, уг ажлыг эхлүүлсэн. Гэвч манай компанитай туслан гүйцэтгэгчээр ажилласан Цэгц болд ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор хугацаанд нь биелүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул манай компанийн зүгээс гэрээгээ цуцалсан. Гэвч нэхэмжлэгчдийн төлсөн урьдчилгаа төлбөр нь одоогийн байдлаар тус барилгын суурийн ажилд зарцуулагдсан, одоогоор барилгын ажил нь дээрх талуудын хооронд үүссэн ойлгомжгүй нөхцөл байдлын улмаас хөрөнгө оруулсан иргэн, хуулийн этгээдүүд нь хөрөнгөө хэрхэн яаж гаргаж авах нь ойлгомжгүй, тодорхойгүй байдалд орсон, тодорхой шийдэл, шийдвэрийг гаргаж чадахгүй байдалд орсон байгаа. Тиймээс талуудын хооронд үүссэн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээс хамаарч нэхэмчлэгчийн урьдчилгаа төлбөрийг хэн, хэрхэн гаргаж өгөх нь тодорхой болно.
Орон сууц захиалах гэрээ байгуулагдсан, урьдчилгаанд 39,984,000 төгрөгийг өгсөн гэдэгтэй хариуцагчийн зүгээс маргахгүй. Нэхэмжлэгч нь тухайн орон сууц захиалан бариулах гэрээний 5 дугаар зүйлийн 5.6-д заасны дагуу алдангийг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Уг нэмэгдүүлсэн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалан бариулах гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2-т 2019 оны 1 дүгээр улиралд, гэрээний 3 дугаар зүйлийн 3.1-т 2019 оны 4 дүгээр улиралд багтаан Улсын комисст хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцсон боловч тухайн орон сууц захиалан бариулах гэрээ 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан. Урьдчилгаа төлбөрийг 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр шилжүүлсэн. Орон сууц захиалах гэрээ дөнгөж хийгдэж, тухайн 2019 оны 4 дүгээр улиралд багтаж ашиглалтад орох хууль зүйн үндэслэлгүй. Иймд орон сууц захиалах гэрээний урьдчилгаанд шилжүүлсэн 39,984,000 төгрөгийг авсантай маргахгүй, хариуцагч байгууллага гүйцэтгэгч компанитай гэрээг цуцалснаар орон сууцыг ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, тодруулах, нэмэгдүүлэх, багасгах, татгалзах эрхтэй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч шүүх хуралдааны мэтгэлцээний явцад гэрээг цуцлаагүй, гэрээнээс татгалзаж байгаа талаар тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.5-д заасны дагуу татгалзаж байна гэх тайлбарыг гаргасан. Иргэний хуульд гэрээг цуцалснаас үүсэх үр дагавар, гэрээнээс татгалзсаны үр дагаврын талаар ялган салгаж, тодорхойлсон. Гэрээнээс татгалзсан үүргийн харилцаа нь гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болох хууль зүйн зохицуулалтай. Өөрөөр хэлбэл гэрээнээс татгалзсанаар тус гэрээний харилцаа дуусгавар болдог. Иргэний хуульд заасан анзын ойлголт нь хүчин төгөлдөр гэрээний хүрээнд нэг тал нөгөө талынхаа хүчин төгөлдөр гэрээний үүргийг биелүүлэх зорилгын үүднээс хэрэглэгддэг, арга хэрэгсэл, үүний нэг нь алданги юм. Нэхэмжлэгч гэрээг цуцлах биш гэрээнээс татгалзаж байна. Тиймээс хүчин төгөлдөр гэрээнээс үүдэлтэй, үүргийн гүйцэтгэлийг хангах аргаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, шаардах эрх дуусгавар болсон байна. Иймд алданги 17,912,830 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И.Нямцэрэн нь хариуцагч Тэгш сувдан ХХК-д холбогдуулан, тус компанийг гэрээгээр тохирсон ажлыг заасан хугацаанд гүйцэтгээгүйн улмаас гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 39,984,000 төгрөг, хугацаа хэтрүүлсний алдангид 17,912,834 төгрөг, нийт 57,896,834 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагч Тэгш сувдан ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас урьдчилгаанд төлсөн 39,984,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, алданги 17,912,834 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж тайлбарлан маргаж байна.
Талуудын хооронд 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр №001 тоот Орон сууц захиалгын гэрээ бичгээр байгуулагдан, уг гэрээний дагуу ажил гүйцэтгэгч Тэгш сувдан ХХК нь Төв аймгийн Зуун мод хот, 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Манзушир 1000 айл төслийн Манзушир-Өргөө хотхон, 2 дугаар ээлжийн 90 айлын орон сууцны 5.10 дугаар байрны 2 дугаар орц, 3 дугаар давхар, 22 тоот хаягт байрлах 54,4 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулж Улсын комисст, захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч И.Нямцэрэн барьж буй орон сууцны 1 м.кв талбайн үнэ 1,050,000 төгрөгөөр тооцон 57,120,000 төгрөгийг гүйцэтгэгчид 3 хувааж төлөх үүргийг тус тус хүлээсэн, Иргэний хуулийн 343 дугаар зүйлд нийцсэн хүчин төгөлдөр ажил гүйцэтгэх гэрээ байна. /хх-5/
Зохигчид гэрээний ерөнхий нөхцөл, хүчин төгөлдөр байдлын талаар болон захиалагч тал гэрээний дагуу 39,984,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргахгүй боловч, гэрээнээс татгалзсанаар алданги шаардах эрхтэй эсэхийг өөр өөрийн үндэслэлийг гаргаж мэтгэлцсэн.
Захиалагч И.Нямцэрэн гэрээний 2.4 дэх хэсэгт зааснаар 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дотор орон сууцны нийт үнийн 70 хувь 39,984,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлбөрийн 15 хувь 8,568,000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дотор төлбөрийн 15 хувь 8,568,000 төгрөгийг тус тус төлөх үүрэг хүлээж, үүнээс зарим үүргээ биелүүлэн 39,984,000 төгрөгийг ажил гүйцэтгэгчид 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон ба хариуцагч тал нэхэмжлэлийн энэ шаардлагын дагуу 39,984,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Гүйцэтгэгч Тэгш сувдан ХХК нь ажлын гүйцэтгэлийг 2019 оны 4 дүгээр улиралд буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөрт багтаан ашиглалтанд оруулж, Улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажил гүйцэтгэх хугацааг Гэрээний 1.2, 3.1 дэх заалтуудад тодорхой тусгасан боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.
Ажлын гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх хугацааны талаар зохигчид харилцан адилгүй тайлбар гаргаж мэтгэлцсэн ба талууд гэрээг байгуулах үед барилгын суурь цутгах ажил хийгдсэн, энэ нь 2019 оны 4 дүгээр улиралд баригдаж дуусах бололцоогүйг захиалагч мэдэж байсан гэх агуулга бүхий тайлбарыг хариуцагч тал гаргах боловч, үүнийг бичиглэлийн алдаа гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчид тийнхүү итгэл үнэмшил төрүүлэн гэрээний 2 заалтад уг хугацааг тусгасан байхын зэрэгцээ тухайн орон сууцны барилгыг туслан гүйцэтгэгч гэх Цэгц болд ХХК-иар бариулж буй талаар мэдээллээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Долгорсүрэн нэхэмжлэгчийг төлөөлөн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд ...гэрээг цуцалж Ишдорж овогтой Нямцэрэн намайг хохиролгүй болгож өгнө үү хэмээн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон бол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ захиалагч гэрээнээс татгалзсан хэмээн тодруулсан байна.
Ийнхүү гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирлыг Гэрээний 5.6 дахь хэсэгт Нийлүүлэгч нь орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг 45 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 46 дахь хоногоос эхлэн орон сууцны үнийн дүнгээс хоног тутамд 0,2 хувийн алдангийг захиалагчид төлнө гэж заасан ба нэхэмжлэгч алдангийг 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл нийт 224 хоногийн шилжүүлсэн мөнгөний үнийн дүнгийн 0,2 хувиар тооцон 17,912,834 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Ингэхдээ Иргэний хуулийн 225, 226 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуцална.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.
Нэхэмжлэгч тал дээрх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээг цуцлах бус, харин Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан.
Гэрээнээс татгалзах тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцаах ба тийнхүү гэрээнээс татгалзсанаар талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа, улмаар гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болох тул талууд гэрээний үүрэг болох анзыг нөгөө талаас шаардах эрхгүй байна.
Тиймээс дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги 17,912,834 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 39,984,000 төгрөгийг хариуцагч Тэгш сувдан ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч И.Нямцэрэнд олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тэгш сувдан ХХК-иас 39,984,000 /гучин есөн сая есөн зуун наян дөрвөн мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч И.Нямцэрэнд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 17,912,834 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 605,870 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 357,870 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА