Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/00595

 

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2021/00595

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо өөрийн байранд байрлах, регистр 5791898, Эвттрак Ремикон ХХК-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч:Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 18 дугаар гудамжны 472 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүрэг, 6дугаар хороо, Blue Gem хотхоны Б блок 3-дугаар орц 7 давхар 64 тоот хаягт оршин суух, регистр ОЮ 82062918, Зуутраг овогт Даваажавын Чулуунболдод холбогдох

199 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ган-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчанга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч Эвттрак Ремикон ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:2019 оны 12 дугаар сарын 06-ний өдөр Эвттрак Ремикон ХХК болон Д.Чулуунболд нарын хооронд Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Blue Gem хотхоны Б блок 3-дугаар орд 7 давхрын 64 тоот хаягт байрлах, шинэ 165,94м2 талбай бүхий 5 өрөө орон сууцыг 1м2-ийг нь 2,229,722 төгрөгөөр бодож нийт 370,000,000 төгрөгийн 06/2019 дугаартай Орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийж орон сууц худалдан авагч Д.Чулуунболд худалдагч талд нийт 237,000,000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр болох 133,000,000 төгрөгийг банкнаас зээл авч өгнө гэж хэлээд тус орон сууцны гэрчилгээ гаргуулж аваад алга болсон.Сүүлийн төлбөр төлсөн өдөр болох 2020 оны 03 дугаар сарын 20-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 16-ний өдөр буюу нэхэмжлэл гаргах өдөр хүртэл 271 хоног өнгөрсөн байна.Гэрээний 7 дугаар заалтаар төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэл 133,000,000 төгрөгийн 0.5 хувь буюу 665,000 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар 133,000,000 төгрөгийн 50 хувь нь 66,500,000 төгрөг нийт 133,000,000+66,500,000=199,500,000 төгрөг байна.Иймд Д.Чулуунболдоос орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 199,500,000 төгрөгийг гаргуулан Эвттрак Ремикон ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Эвттрак Ремикон ХХК нь Д.Чулуунболдтой Баянгол дүүргийн 6 дугаар хороонд байрлах 165,94 м2 талбай бүхий 5 өрөө өндөр зэрэглэлийн орон сууцыг 1 м2 үнийг нь 2,269,722 төгрөгөөр тооцож нийт 370,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан.Гэрээнд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 100,000,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 135,000,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 135,000,000 төгрөгийг тус тус шилжүүлэх, худалдан авагч нь орон сууцны төлбөрийг тохирсон хугацаанд нэхэмжлэгч компанийн Хаан банк ХХК-ийн болон Худалдаа Хөгжлийн банк ХХК-ийн дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн. Мөн гэрээнд худалдан авагч тал нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон.Тус орон сууцыг худалдагч талаас Д.Чулуунболдын өмчлөлд шилжүүлсэн байгаа.Д.Чулуунболд нь 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 90,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 10,000,000 төгрөг, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 50,000,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 15,000,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг нийтдээ 225,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байдаг.Мөн 12,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь гэрээний 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу нийт 133,000,000 төгрөгийн тал хувь болох 66,500,000 төгрөгийг нэмээд 199,500,000 төгрөгийг хариуцагч Д.Чулуунболдоос нэхэмжилж байна. Хариуцагчаас 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан гэрээтэй холбоотой сөрөг нэхэмжлэл гаргаагүй, 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт гэрээ байгуулсан гэдэг боловч 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гэрээний дагуу Д.Чулуунболд орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан гэв.

Хариуцагч Д.Чулуунболд шүүхэд гаргасан тайлбартаа:Би 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Эвттрак Ремикон ХХК-тай харилцан тохиролцож Баянгол дүүргийн 6 дугаар хороо Blue Gam хотхоны Б блок 3 дугаар орц 7 давхарт 64 тоот хаягт байрлах 165,94 метр квадрат байрыг 370 сая төгрөгөөр худалдах худалдан авах гэрээ байгуулж худалдан авсан.Гэрээний төлбөрт 2019.12.25 өдөр 90.000.000 төгрөг, 2020.01.07-ны өдөр 10 000 000 төгрөг, 2020.04.01-ны өдөр 10.000.000 төгрөг, 2020,04.01-ны өдөр 50 000 000 төгрөг, 020.03.25-ны өдөр, 2020.03.23-ны өдөр 10.000.000 төгрөг, 2020.05.06-ны өдөр 15.000.000 сая төгрөг нийт 225.000.000 төгрөг, мөн гаалийн бичигтэй Вонго-3 маркийн авто машиныг 12.500.000 төгрөгт тооцож өгч нийт 237.500,000 төгрөг төлж одоо 132.500.000 төгрөгийн төлбөр төлөгдөөгүй байгаа.Би Эх Газрын Жигүүр ХХК-ны ерөнхий захирлаар ажилладаг ба одоо Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хийж гүйцэтгэж байна.Эхний ээлжийн 110 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, 2 дугаар ээлжийн барилгын угсралтын ажил явж байна.2020 онд Монгол улсад Корона вируст халдварт барилгын компани үйл ажиллагаа хэвийн явагдаагүйн улмаас компани хэвийн үйл ажиллагаа доголдож, санхүүгийн хувьд алдагдалтай ажиллаж байгаа болно.Гэрээнд заасан үүргээ санаатайгаар биелүүлээгүй асуудал огт байхгүй өөрийн боломжоор гэрээний үүргээ биелүүлж Ц.Төмөрпүрэвт тухай бүр нь нөхцөл байдлыг тайлбарлаж өөрийн барьж байгаа орон сууц гэрээний төлбөрт тооцож авах санал хүртэл тавьж байсан.Манай компани зүгээс ковид-19 цар тахлын улмаас барилгын үйл ажиллагаа явуулах боломжгүй болж ажилчдын цалин, банк болон иргэдээс авсан зээлийн төлбөрүүдийг хугацаанд төлж чадахгүй нөхцөл байдал үүсээд байна.Би бизнесийн үйл ажиллагаа эхэлмэгц уг байрны төлбөрийг эхний ээлжид төлж барагдуулах болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Чулуунболд нь Эвттрак Ремикон ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байдаг, гэрээний нийт дүн 370,000,000 төгрөг болж байгаа, Д.Чулуунболд тухайн орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт гэрээ байгуулаад түүнээс хойш шилжүүлж авсан, Д.Чулуунболд нь 225,000,000 төгрөгийг шилжүүлсэн, мөн 12,500,000 төгрөгт тээврийн хэрэгсэл шилжүүлж өгсөн нийт 137,500,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 132,500,000 төгрөгийг шилжүүлж чадаагүй, гэрээний үүргийг зөрчсөн.Д.Чулуунболд нь Баянзүрх дүүрэгт гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эрхэлдэг бөгөөд Эх Газрын Жигүүр ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2020 онд цар тахал гарч барилгын салбар хүнд байдалд орсон.Үүнээс шалтгаалж зарим төлбөрийг төлж чадаагүй.Үүнийг хүлээн зөвшөөрч байна.Барилгын ажил одоогоор хийгдэж байна.Эх Газрын Жигүүр ХХК-ийн барьсан барилгад гэмтэл учирсан гэж Баянгол дүүргийн шүүхэд иргэдээс нэхэмжлэл гаргасан ба манай компанийн дансыг битүүмжилсэн бөгөөд одоогийн байдлаар компанийн дансанд 152,000,000 төгрөг бий.Тэр хэрэгт шинжээч томилоод одоо болтол дүгнэлт нь гараагүй байгаа.Дээрх нөхцөл байдалтай холбоотой алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний 8-д худалдан авагчтай энэхүү гэрээг цуцалж, орон сууцыг буцаах тохиолдолд нийт урьдчилгаа төлбөрийн 10 хувийн алдангийг худалдагч талд төлнө гэж заасан, 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлт гэрээний 11-д зааснаар орон сууцны үндсэн төлбөрийг төлнө, алдангийг төлөх боломжгүй.Мөн гэрээнээсээ татгалзаж орон сууцыг нь буцаан өгөх хүсэлтэй байна.Алдангийг тооцсон хугацаа нь тодорхойгүй байгаа, хамгийн сүүлд 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж үлдэгдэл төлбөрийг төлсөн, алдангийг 2020 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлж тооцсон байна, 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн гэрээний 12-т гэрээг хоёр хувь үйлдэж нотариатаар баталгаажуулна гэж заасан.Гэтэл гэрээг нотариатаар гэрчлүүлээгүй тул хүчин төгөлдөр бус юм. Нотариатын тухай хуульд зааснаар гэрээний ихэнх хувийг биелүүлсэн бол нотариатаар баталгаажуулах шаардлагагүй гэж заасан байдаг гэв.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Эвттрак Ремикон ХХК нь хариуцагч Д.Чулуунболдоос орон сууц худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 133 000 000 төгрөг, алданги 66 500 000 төгрөг нийт 199 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

Эвттрак Ремикон ХХК нь Д.Чулуунболдтой 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр Эвттрак Ремикон ХХК нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Blue Gem хотхоны Б блок 3 дугаар орцны 7 давхрын 64 тоотод байрлах, 165,94 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг Д.Чулуунболдын өмчлөлд шилжүүлэх, Д.Чулуунболд нь уг орон сууцны үнэ 370,000,000 төгрөгийг Эвттрак Ремикон ХХК-д төлөх үүрэг хүлээж тохиролцсон хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэлд нийцэж байна./хх-7,8/

Талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, түүний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй, 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр байгуулагдсан гэрээний үүргээс Д.Чулуунболд нь 237,000,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөр 133,000,000 төгрөгийг төлөөгүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байх тул Эвттрак Ремикон ХХК-д гэрээний дагуу шаардах эрх үүссэн байна.

Худалдах, худалдан авах гэрээний дагуу Д.Чулуунболд нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Blue Gem хотхоны Б блок 3 дугаар орцны 7 давхрын 64 тоотод байрлах орон сууцыг 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс хойш өөрийн өмчлөлдөө шилжүүлж авсан гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Чулуунболдоос 12 000 000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг орон сууцын төлбөрт тооцож авсан гэж тайлбарлаж байхад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Чулуунболд 12 500 000 төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг орон сууцны төлбөрт тооцож Эвттрак Ремикон ХХК-д өгсөн гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байна.

Зохигч талуудын хооронд хийгдсэн гэрээний 7 дугаар зүйлд Худалдан авагч тал нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй хоног тутамд 0,5 хувийн алданги төлнө гэж тохиролцсоноор нэхэмжлэгч байгууллага нь алданги шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алдангид 66 500 000 төгрөгийг гаргуулна гэж шаардаж байх бөгөөд алдангийг 2020 оны 5 дугаар сарын 23-ны өдрөөс тооцсон ч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2-т Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасан байна.

Хариуцагчийн гэрээний үүргээ биелүүлээгүйд алданги тооцож байгаа цаг хугацаанд улс оронд үүссэн цар тахлын улмаас хил хаасан, удаа дараа аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа болон иргэдийн хөдөлгөөнд хорио тогтоосон Засгийн газар болон Улсын онцгой комиссын шийдвэрүүд нөлөөлсөн байх боломжтой тул алдангийн хэмжээг багасгаж тооцох нь зүйтэй гэж үзэв.

Иймд хариуцагч Д.Чулуунболдоос үндсэн төлбөрийн үлдэгдэл 133 000 000 төгрөг, алданги 33 250 000 төгрөг нийт 166 250 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Даваажавын Чулуунболдоос 166 250 000 /нэг зуун жаран зургаан сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан Эвттрак Ремикон ХХК-д олгож, үлдсэн 33 250 000 /гучин гурван сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 155 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Д.Чулуунболдоос 989 200 /есөн зуун наян есөн мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Эвттрак Ремикон ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН