Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 143/ШШ2021/00047

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: О

Хариуцагч: О******* 

22 625 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга А.Ариунаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О УТҮГазар /захирал Д.М*******/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монгол улсын Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор ой хамгаалал, арчилгаа, нөхөн сэргээлт, үржүүлэг, судалгаа, зураг, төсөл, хяналт шинжилгээ хийх үүрэгтэй Ойн судалгаа, хөгжлийн төв улсын төсөвт үйлдвэрийн газрыг байгуулсан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяанд ажиллаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн А-57 тоот тушаалаар тус газар нь дараах үйл ажиллагааг явуулж байна.

-  Мод, сөөгийн үр шинжлэх, ойн сонгомол үрийн нөөц бүрдүүлэх, хадгалах;

-  Ойн мэдээллийн сан бий болгох;

- Ойжуулах талбайг сонгох, зураг төсөл хийх, таримал ойг улсын ойн санд хүлээн авч, баталгаажуулах;

-  Ойн түймэр болон хууль бусаар мод бэлтгэснээс ойн санд учирсан хохирлыг тогтоох;

-  Ойн хөнөөлт шавж, өвчний голомтын судалгаа хийж дүгнэлт гаргах, хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх ажлын явцад хяналт, шинжилгээ, мэргэжлийн зөвлөгөө өгөх;

-  Ойн төлөв байдалд үнэлгээ өгөх, ойн тооллого, бүртгэл, зохион байгуулалтын ажлын явцад хяналт шинжилгээ хийх;

-  Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний шинэ техник, технологи турших;

-  Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний норм, стандартыг боловсруулах, шинэчлэх судалгаа хийх, санал боловсруулах;

-  Ойн төлөв байдлыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах;

-  Ойн тухай хууль тогтоомжийг сурталчлах, сургалт зохион байгуулах, бүх нийтээр мод тарих арга хэмжээг зохион байгуулах;

-  Судалгаа, шинжилгээний ажил хийх, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх;

- Орон нутгийн ойн анги, ойн аж ахуйн болон ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч, арга зүйн туслалцаа үзүүлэх

-  Мод бэлтгэл, ойн арчилгаа, цэвэрлэгээний ажлын талбай тусгаарлалтыг хийх,

ойн цэвэрлэгээ хийх ажлыг иргэн, нөхөрлөлийн дунд зохион байгуулах.

Энэхүү үндсэн чиглэлийн хүрээнд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас эрх шилжүүлсний дагуу ойжуулалт ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах, гэрээний гүйцэтгэлд хяналт тавих гэсэн ажлуудыг жил бүр хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулан ажиллаж ирсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний төлөвлөгөө батлах, эрх шилжүүлэх тухай тушаалын дагуу Өмнөговь аймагт загийн бортоготой тарьцаар ойжуулалтын ажил хийгдэхээр төлөвлөгдөн уг ажлыг зохион байгуулах эрхийг Ойн судалгаа хөгжийн төв УТҮГ-д шилжүүлсэн. О УТҮГ нь захиалагчийн хүрээнд холбогдох хуулийн дагуу үнэлгээний хороо байгуулан уг ажлын гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан харьцуулалтын аргаар зохион байгуулсан.

Үнэлгээний хороо Тал хээр, цөлөрхөг хээр, цөлийн бүсэд ойжуулах ажлыг Өмнөговь аймагт загийн бортоготой тарьцаар хийхээр шийдвэрлэн харьцуулалтын аргаар ажил гүйцэтгэх жишиг бичиг баримт ашиглан боловсруулан захиалагчаар батлуулсан. Тендерийн харьцуулалтын аргаар хялбаршуулсан цахим хэлбэрээр зохион байгуулж урилгыг худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn цахим хуудсанд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр байршуулсан. Тендер хүлээн авах эцсийн хугацаа дуусахад ХХК-иас санал ирсэн байсан. Энэхүү ажлыг О******* нь 43 850 000 төгрөгөөр гүйцэтгэхээр ирүүлсэн. Гэвч уг ажлын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсны улмаас тендерээс татгалзсан хариу өгсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу захиалагчид шууд гэрээ байгуулах эрх үүссэн зөвлөмж хүргүүлсэн. ХХК нь энэхүү худалдан авах үйл ажиллагаа үргэлжилж байх хугацаанд ойжуулалтын ажлын тусгай зөвшөөрлөө сунгуулсан, түүнчлэн төсөвт өртөгт нь багтаан уг ажлыг гүйцэтгэх тухай саналаа албан бичгээр илэрхийлсэн тул захиалагч ХХК-тай 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг ажлын гэрээнд Өмнөговь аймагт загийн бортоготой тарьцаар 50 га талбайд ойжуулалтын ажил гүйцэтгэх, уг ажлын санхүүжилтэд 45 250 000 /дөчин таван сая хоёр зуун тавин мянган/ төгрөг байхаар тусгагдсан. Гэрээний 5 дугаар зүйлд заасан хэсэг болох техникийн тодорхойлолтын үе шатны ажлын хуваарьт зааснаар бэлтгэл ажлыг 2018-04-15-ны дотор, загийн бортоготой тарьцаар ойжуулалт хийх ажлыг 2018-06-10-ны дотор, ойжуулсан талбайг хүлээлгэн өгөх ажлыг 2018-10-10-ны дотор, зөрчил, гологдол арилгах ажлыг 2018-10-20-ны дотор, тайлан боловсруулах ажлыг 2018-11-25-ны дотор, тайланг хэлэлцүүлэн хүлээлгэн өгөх ажлыг 2018-11-25-ны дотор тус тус хийж гүйцэтгэсэн байхаар тусгагдсан. Гэрээнд заасны дагуу захиалагч ХХК-д ажлын урьдчилгаа болгон 22,625,000.00 /хорин хоёр сая зургаан зуун хорин таван мянган/ төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэгчийг Төрийн банкны 210000347363 дугаартай дансанд шилжүүлсэн.

Өмнөговь аймагт загийн бортоготой тарьцаар ойжуулалтын ажил гүйцэтгэж буй О*******-ийн ажлын явцтай танилцах, тарьсан модны амьдралтын хувийг тогтоохоор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын ойжуулалтын асуудал эрхэлсэн мэргэжилтэн Ц.Б*******, О УТҮГ-ын Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх шуурхай тасгийн цагдаа Б.Б******* нар Өмнөговь аймагт 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр ажилласан. Хяналт шалгалтын явцад ойжуулалтын ажлын тайланг мэдээгээ гаргаж өгөхгүй, утсаар залгахад хариу өгөхгүй, ажлыг гүйцэтгэсэн Өмнөговь аймгийн Б сумын нутагт Б*******т очиход сонгогдсон газарт ажлыг эхлүүлээгүй болох нь тогтоогдсон. Ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу ХХК-тай байгуулсан гэрээг дүгнэх, гүйцэтгэсэн ажлыг хүлээн авах талаар удаа дараа холбогдон арга хэмжээ авахыг анхааруулж байсан боловч ямар нэгэн ахиц гараагүй тул 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1/581 дугаартай албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн. Тухай мэдэгдэлдээ хяналт шалгалтын ажлын хэсэгт ажлаа хүлээлгэн өгөөгүй, гэрээгээр хүлээсэн ажил үүргээ биелүүлээгүй, үүргээ ноцтой зөрчсөн тул гэрээг цуцлах, өгсөн урьдчилгаа төлбөрөө эргүүлэн төлүүлэх арга хэмжээ авах, ямар нэгэн хариу ирээгүй тохиолдолд гэрээнд заасны дагуу шүүхэд нэхэмжлэх гаргах талаар дурдсан. Энэ хугацаанд ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудитын шалгалт орж ирэн ажлаа гүйцэтгээгээгүй ХХК-нд төлбөрийн акт тавьсан. Уг актын шаардлагад авсан урьдчилгаа төлбөрийг 2019 оны 6 дугаар сарын 1-ний дотор Үндэсний аудитын газрын дансанд буцаан төлөх хугацаа заасан. Энэхүү актын биелүүлэхийн тулд О УТҮГ-аас 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 1/47 тоот албан бичгээр албан шаардлага " ХХК-д хүргүүлсэн. Албан шаардлага бичгээр тавьсан тухайгаа ХХК-ний захирал Б.М*******т утсаар мэдэгдсэн. Уг албан шаардлагад шүүхэд нэхэмжлэх гаргахаар бэлдэж байгаа, актын дагуу урьдчилгаа төлбөрөө буцаан төлөх хугацаа зааж шаардлага өгсөн. Албан шаардлагын хариуд ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн а/37 тоот албан бичгээр хариу өгсөн бөгөөд 2018 онд албан бичигт дурдсан шалтгааны улмаас ажил гүйцэтгээгүй тул 2019 онд гэрээт ажлыг үргэлжлүүлэн хийж хүлээлгэн өгөх хүсэлтийг тавьсан. Энэхүү хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй Үндэсний аудитын газраас төлбөр барагдуулах тухай акт тавигдсан учир уг хүсэлтийг хүлээн авахгүй байхаар шийдвэрлэсэн.

Манай байгууллага 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 1/551 тоот албан бичгээр нэхэмжлэх үүсгэхээр Өмнөговь аймгийн Даланзадгад сум дундын Иргэний анхан шатны шүүхэд хандсан бөгөөд тус шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дугаар бүхий шүүгчийн захирамжаар нэхэмжлэхийн хэргийг хариуцагч ХХК-ний хаяг тодорхой бус гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Нэхэмжлэхийг хэрэгсэхгүй болсон шалтгааныг судлан үзээд Улсын бүртгэлийн ерөнхий газарт ХХК-ний хаягийг тодруулах хүсэлтийг хүргүүлсэн. Хүсэлтийн хариуд Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 11/3767 тоот албан бичгээр ХХК-ний бүртгэгдсэн хаяг, захирал Б******* овогтой М******* иргэний үнэмлэхийн лавлагаа гаргуулсан. Нэхэмжлэхийн хэргийг хариуцагч ХХК-ний хаягийг тодруулсан гэж үзээд дахин нэхэмжлэх хүргүүлж байна.

-  ХХК нь 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 01 дугаартай гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж 2018 оны 11 дүгэр сарын 25-ны хооронд ойжуулалтын ажлаа хийж гүйцэтгээгүй тул гэрээний урьдчилгаа төлбөрт олгогдсон 22 625 000 төгрөгийг Үндэсний аудитын газрын тоот дансанд буцаан төлүүлэх,

- Гэрээний ерөнхий болон тусгай нөхцөлд заасан гүйцэтгэгч нь ажил дуусгахаар төлөвлөсөн өдрөөс хугацаа хоцорсон хоног тутамд гэрээний тусгай нөхцөлд заасан хувь хэмжээгээр алданги төлнө. Алдангийн нийт дүн гэрээний тусгай нөхцөлд заасан дээд хэмжээ болох 2 262 500 төгрөгийг Үндэсний аудитын газрын тоот дансанд төлүүлэх. Холбогдох материалуудыг хавсаргав гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О нь улсын төсвийн хөрөнгөөр ойжуулалт, ойн арга хэмжээ зохион байгуулдаг улсын хэмжээний байгууллага. Манай байгууллага ойжуулалт хариуцан зохион байгуулах ажлынхаа хүрээнд улсын хэмжээнд анх удаа говийн аймгуудад ойжуулалт ажлыг зохион байгуулаад шийдвэр гаргасны дагуу худалдан авах ажлаа зарласан. Энэ ажил хуулийн дагуу зөвшилцөх хөдөлгөөнөөсөө хамаараад зохицуулалтын аргаар зарлагдсан. Энэ зарлагдсан тендерт аж ахуй нэгж үнийн санал ирүүлсэн. Тэгээд үнийн санал ирүүлсэн учраас О*******-тай зөвшилцөх ширээний ард сууж энэ ажлыг гүйцэтгэх тал дээр аж ахуйн нэгжээс өөрсдөөс нь санал авч байсан. Ингэхэд О*******-ийн захирал Б.М******* гэдэг хүн ирээд танай газраас улсын хэмжээнд анх удаа ийм ажлыг хийж байгаа. Мөн Өмнөговь аймагтаа харьяалагддаг өөрийн ийм аж ахуйн нэгжийг дэмжээд гэрээ байгуулж өгөөч. Бид нар энэ ажлыг найдвартай хийж гүйцэтгэнэ, бид нарын тавьсан саналын дагуу танай байгууллагын хамт энэ ажлыг хийж гүйцэтгэнэ гэсэн. Иймэрхүү байдлаар хэлцэл хийсний үүднээс 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 50 га талбай газар дээр ойжуулалт хийх ажлын гэрээг О*******-тай байгуулсан. Ойн судалгаа хөгжүүлэх төвийн ажилтнууд газар дээр нь очиж Өмнөговь аймагт энэ газарт 50 га ойжуулалт хийх боломжтой байна гээд гэрээ байгуулсан. Гэрээний тусгай нөхцөл, үндсэн нөхцөл гээд маш дэлгэрэнгүй гэрээг байгуулсан. Энэ гэрээнд гүйцэтгэгч аж ахуйн нэгж нь ямар нэгэн байдлаар ажил цалгардуулах юм уу, ямар нэгэн нөхцөл байдал үүсвэл удаа дараа ерөнхий менежерт мэдэгдэх, ажлын гүйцэтгэл болоод ажлын хяналт шалгалтын талаар татгалзах зүйлгүй гэсэн энэ бүх нөхцөлийг гэрээ байгуулаад хүлээн зөвшөөрсөн байхад 1 жилийн хугацаанд энэ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж нэг ч удаа ажил хийгээгүй. О нь гэрээний зүйл заалтын дагуу 45 250 000 төгрөгийг гэрээ байгуулсны урьдчилгаа мөнгөө шилжүүлсэн байдаг. Үүний дагуу ямар нэгэн ажил гүйцэтгэсэн байвал тэрийгээ тайлагнаач, ажлыг чинь хүлээж авах ажлын хэсэг Өмнөговьд очсон байна гэхэд гүйцэтгэгч талаас ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Ийм учир шалтгааны үүднээс энэ гэрээний дагуу ажил хийхээ болилоо гэсэн нөхцөл байдал үүсэж байхад О дээр үндэсний аудит болоод гүйцэтгэлийн аудитын шалгалт ирсэн. Холбогдох бичиг баримтын гүйцэтгэлийг үзээд О*******-тай байгуулсан гэрээний дагуу та нар ямар нэгэн ажил гүйцэтгэж хүлээж авч чадаагүй учраас төлбөрийн актыг манай төвд тавиад улсын төсөвт гэрээний урьдчилгаанд өгсөн мөнгөө яаралтай төвлөрүүл гэсэн албан шаардах бичгийг 2019 оны 02 дугаар сард гаргаж өгсөн. Энэ шаардлагынх нь дагуу О*******-д гэрээнийхээ дагуу ажлаа хийж гүйцэтгээгүй учраас өгсөн урьдчилгаагаа буцааж шилжүүлэх, энэ байгуулсан гэрээгээ хоёр талаасаа цуцлах ийм нөхцөл байдал үүсээд байгааг удаа дараа албан бичгээр сануулсан. Мөн ямар нэгэн байдлаар Б.М******* гэдэг хүнтэй огт холбогдож чадахаа больсон. Энэ хүн гэрээ байгуулаад урьдчилгаа авснаас хойш Отэй нэг ч удаа холбогдож, уулзаж ярилцаж, ажлын гүйцэтгэл ямар байгаа талаар ажлын гүйцэтгэлд ямар нэгэн идэвх санаачилга гаргаагүй учраас бид нарт эвлэрэх ямар ч үндэслэлгүй болсон.

Үндэсний аудитын газрын төлбөр бол ямар нэгэн Үндэсний аудитын газар руу өгөх ийм шаардлага бол биш юм. О, О******* хоорондоо гэрээ байгуулж энэ гэрээний гүйцэтгэл байхгүй гэдэг үндэслэлээр Үндэсний аудитын газар шаардлага гаргасан. Тэгэхээр хоёр байгууллагын хооронд байгуулсан гэрээний дагуу л бид нар өгсөн урьдчилгаагаа нэхэмжилж байгаа. Манай Оийн дансанд хэрвээ энэ нэхэмжлэлийн шаардлага хангагдаад орж ирэх юм бол бид нар энэ мөнгийг Үндэсний аудитын газарт төвлөрүүлэх ёстой гэсэн л аудитын шаардлага гарсан байгаа. Хариуцагч талын хэлж байгаатай санал нийлэхгүй байна. О, О******* хоорондоо ойжуулалтын ажил хийх гэрээ байгуулсан. Энэ гэрээнийхээ гүйцэтгэлийг гаргаагүй байгаа болохоос биш энэ хүний гаргаж байгаа тайлбар нь энэ төлбөрөө энэ хоёр байгууллагын алинд төлөх вэ гэхээр хоёуланд давхардаж байна гэсэн тайлбарыг хэлээд байна. Тэгэхээр манай байгууллагын нэхэмжлэлийн шаардлага бол гэрээнийхээ дагуу ажлаа гүйцэтгээгүй байна шүү дээ. Та бид нарт улсын төсвийн хөрөнгөөр 50 га ойжуулалт хийж өгөх ёстой хүн болохоос биш ямар нэгэн байдлаар ажлаа хийгээгүйгээ булзааруулах гэж байгаа юм шиг өөр тал буюу Үндэсний аудитын газрын дүгнэлтийн дагуу бид нар мөнгөө өөр газар шилжүүлэх гээд хоёр давхардаж байгаа юм шиг ийм тайлбар хэлж байгааг огт хүлээж авахгүй гэж бодож байна. Миний гол үндэслэл бол О*******, О хоёр хоорондоо ажил гүйцэтгэх гэрээтэй. Ажлын гүйцэтгэл байхгүй учраас өгсөн урьдчилгаагаа бид нар ажлаа хийлгүүлж авч чадаагүйдээ төлбөрөө л нэхэмжилж байгаа юм гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Б.М******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай О******* нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа О УТҮГ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүргийг гүйцэтгэх хугацаа хэтрүүлэх шалтгаан нь цаг үеийн нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлүүд байсан гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай тал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэсэн байр сууринаас мэтгэлцэж байгаа. Учир нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн гуравдугаар хуудсан дээр Үндэсний аудитын газраас гүйцэтгэлийн аудитаас шалгалт оруулж ажлаа гүйцэтгээгүй О*******-д төлбөрийн акт тавьсан гэж байна. Уг шаардлагад авсан урьдчилгаа төлбөрийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Үндэсний аудитын газрын дансанд буцаан төвлөрүүлэх хугацаа заасан гэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч талын эрх зүйн байдал нь тодорхойгүй болж байна гэсэн үг. Яагаад вэ гэхээр Үндэсний аудитын газраас ийм акт гарсан бол нэхэмжлэл гаргах шаардах эрх нь үүснэ. Аудитын газарт Төрийн хяналт шалгалтын хууль бусад хууль тогтоомжоороо шилжиж байна гэсэн үг. Прокурорын байгууллагын тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар төрийн байгууллагын эрх ашиг, төрийн нийтийн эрх ашиг хөндөгдөх тохиолдолд прокурор оролцуулах зохицуулалт байдаг. Тэгэхээрээ Үндэсний аудитын дансанд хийх шаардлага тавьчихсан Үндэсний аудитын газрын акттай зүйл гэхээр Оөөс төлөөлөгч томилж нэхэмжлэл гаргах нь эрх зүйн байдлын хувьд энэ асуудал нь болохгүй юм байна гэсэн ийм байдалтай байна. Нэг үгээр хэлбэл эрхгүй байгууллагаас нэхэмжлээд байна гэсэн үг. Үндэсний аудитын газар нь өөрийн дансандаа хийлгээд эргүүлэн авахаар акт гарсан тухай нэхэмжлэл дээрээ дурдаад явчихсан. Тиймээс манай талаас нэхэмжлэх эрхгүй этгээд нэхэмжилсэн байна гэдэг үүднээс нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж байгаа.

Хэрвээ хүлээн зөвшөөрөөд аудитын газарт төлбөр төлөхөөр болдог дээрээс нь О гээд дахиад нэг ийм нэхэмжлэл гаргаад нэг акт, нэг шүүхийн шийдвэр гаргачихсан юм шиг ийм зарчмын хувьд зөрүүтэй асуудал явагдаад байгаа учраас энэ асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй байх гэж бодож байна. Нэг нь л нэхэмжлэл гаргаж түүний нэхэмжлэлийн үндэслэлийг шалгах хэрэгтэй байх гэж бодож байна. Үндэсний аудитын газар гээд нэг нэхэмжлэл, О нь өөрөө нэхэмжлэл гаргаад ийм хоёр замаар шаардаад байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй. О нь Б.М******* буюу О*******-тай байгуулсан хэлцлийн дүнг нэхэмжилнэ гэж яриад байгаа юм. Энэ өөрөө тусдаа Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх захиргааны гэрээтэй холбоотой асуудал маргаан болж хувирна. Нэг талаасаа төрийн байгууллага, гэрээний зүйл нь өөрөө байгаль орчныг хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа. Энэ өөрөө нийтийн эрх зүйн хэм хэмжээ, эрх ашгийг хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа. Хэрвээ О өөрөө энэ гэрээн дээрээ шаардлага гаргана гэвэл энэ нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх асуудал биш болж хувирна гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О УТҮГазар нь хариуцагч О*******-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр урьдчилгаа төлбөрт олгогдсон 22 625 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч О******* нь Өмнөговь аймагт загийн бортоготой тарьцаар ойжуулалтын ажил гүйцэтгэх тендерт оролцож шалгарсан тул зохигч 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 01 дугаартай Өмнөговь аймагт загийн бортоготой тарьцаар ойжуулалтын ажил гүйцэтгэх ОйСХТ-2018/ООНСА-02-02 гэрээ байгуулж, захиалагч уг ажлыг 45 250 000 төгрөгөөр гүйцэтгүүлж, санхүүжилтийг гэрээнд заасан хуваарийн дагуу олгохоор, гүйцэтгэгч нь ойжуулалтын ажлыг 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 2018 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд хийж дуусган хүлээлгэн өгөх үүрэг тус тус хүлээжээ.

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Гэрээнд заасны дагуу захиалагч нь О*******-д ажлын урьдчилгаа хөлс 22 625 000 төгрөгийг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байх ба хариуцагч тал энэ талаар маргаагүй.

Гэрээнд зааснаар гүйцэтгэгч О******* нь Өмнөговь аймгийн нутагт загийн бортоготой тарьцаар 50 га талбайд ойжуулалт хийх ажлыг Ойжуулалт, ойг нөхөн сэргээх ажил нь бэлтгэл, ойжуулах, ойжуулсан талбайг хүлээлгэн өгөх, зөрчил, гологдол арилгах, тайлан боловсруулах, тайланг хэлэлцүүлэн хүлээлгэн өгөх, дараагийн жилийн арчилгаа хамгаалалт хийх гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлж, хугацаанд нь хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч эдгээр ажлыг огт хийгээгүй гэж нэхэмжлэгч талаас дүгнэж гэрээг цуцлах, ажлын урьдчилгаанд олгосон санхүүжилтийг эргэн төлүүлэх талаар мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн тухай баримт хэрэгт авагджээ.

Хариуцагч гэрээгээр хүлээсэн ажлыг бүрэн гүйцэтгээгүй, гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардсан нь Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

Хариуцагч О******* /захирал Б.М*******/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ...үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлэх шалтгаан нь цаг үеийн нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлүүд байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбар гаргасан ба энэхүү татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э******* нь шүүх хуралдаанд Үндэсний аудитын газраас акт тавьсантай холбоотойгоор аудитын дансанд төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан О нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд буюу нэхэмжлэгчийн эрх зүйн байдал тодорхойгүй, мөн О, О******* нарын байгуулсан хэлцэл нь Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх захиргааны гэрээтэй холбоотой маргаан гэх үндэслэлээр татгалзлаа тайлбарлажээ.

Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл нь иргэний эрх зүйн харилцааг үүсгэхээр заасан ба О УТҮГазар, О******* нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан 01 дугаартай Өмнөговь аймагт загийн бортоготой тарьцаар ойжуулалтын ажил гүйцэтгэх гэрээний үүргээ гүйцэтгэгч тал биелүүлээгүйгээс учруулсан хохирлыг арилгуулахаар уг гэрээний захиалагч тал шаардаж нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн хариуцагчийн төлөөлөгчийн дээрх татгалзал үндэслэлгүй гэж үзнэ.

Иймд хариуцагч О*******-иас 22 625 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О УТҮГазарт олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч О*******-иас 22 625 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О УТҮГазарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 293 700 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О*******-иас улсын тэмдэгтийн хураамжид 271 075 төгрөгийг /22 625 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж/, орон нутгийн төсвийн орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 22 625 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч О УТҮГазарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНСҮРЭН