| Шүүх | Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Надмидын Мөнхжаргал |
| Хэргийн индекс | 177/2020/0043/э |
| Дугаар | 28 |
| Огноо | 2020-05-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 28
Ц.Б-т холбогдох эрүүгийн хэргийн тухай
Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 159 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай, Ц.Б-т холбогдох 1935003220028 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг прокурорын давж заалдах журмаар гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, прокурор А.Анхбаяр, хохирогчийн өмгөөлөгч Б.Болормаа, шүүгдэгч Ц.Б нар оролцов.
Монгол Улсын иргэн, Т ургийн овогт Ц-ийн Б, 1973 он; төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хүнсний худалдаа эрхэлдэг, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10-р баг, ...оршин суух, урьд Увс аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 15-ний өдрийн 119 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цаг албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар: ...
Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт оршин суух Ц.Бын гэрт 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас төрсөн эгч Ц.Цтай маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогт Ц-ийн Б-т холбогдох 1935003220028 дугаартай эрүүгийн хэргийг Увс аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.
Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан гэр бүлийн гишүүний эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхээсээ татгалзаж, үнэн зөв мэүүлэг өгөхөө илэрхийлсэн гэрч Ц.Ц, Ц.Б, П.О, Ц.Б, Ч.Ц нарын мэдүүлэг, хохирогч Ц.Ц, гэрч Д.Ц нарын мэдүүлэг хоорондоо ноцтой зөрүүтэй байна гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Гэрч нар тухайн үйлдлийн талаар харсан зүйлээ өөрийн ухамсрын хувьд харилцан адилгүй хүлээн авч өөр өөрийн гэсэн байдлаар тайлбарлан мэдүүлэг өгсөн байдаг тул дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулж гэрч нарыг дахин байцаасан ч гэрчүүдийн мэдүүлэг өөрчлөгдөхгүй юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэг ноцтой зөрүү байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно” гэж заасан боловч яг ямар ноцтой зөрүү байгаа нь тодорхойгүй байна.
Иймд мөрдөн шалгах ажиллагааг тал бүрээс нь бүрэн бодитойгоор явуулсан ба хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг авч яллах, цагаатгах нотлох баримтыг цуглуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон байдлаар нь хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил байхгүй юм.
Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1410 дугаартай “...толгойн КТГ-ийн шинжилгээгээр Ц.Цгийн биед тархи доргилт, дух, зүүн хацарт цус хуралт, дээд уруулд зулгаралт, баруун эгэмд зулгаралт, цус хуралт, баруун зүүн шилбэнд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь нийлээд болон дан дангаараа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ц.Цгийн биед учирсан тархи доргилт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүдээр яллагдагч Ц.Б нь хувийн таарамжгүй харьцааны улмаас төрсөн эгч Ц.Ц- маргалдаж, улмаар түүний биед хөнгөн хохирол буюу тархи доргилт гэмтэл учруулсан болох нь тогтоогдсон, иргэн Ц.М, Ж.Н нар нь тухайн гэмт хэрэгт оролцоогүй, тэд нарын үйлдэл нь эрүүгийн гэмт хэргийн болон зөрчлийн гэмт хэргийн шинжгүй байна.
Иргэн Ц.М, Ж.Н нарыг гэрчээр болон яллагдагчаар дуудаагүй атлаа хэргийн оролцогч биш этгээдэд шинжээчийн дүгнэлтийг танилцуулсан, тэдгээрийн гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг тодруулах ажиллагаа хийгээгүй байгаа нь хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэж үзнэ.
Иймд хэргийн бодит байдлыг тогтоолгох зорилгоор гэрч, хохирогч нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авах ажиллагаа хийлгэх, иргэн Ц.М, Н нарын гэмт хэрэгт хамтран оролцсон эсэхийг тогтоолгохоор хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй юм.
Учир нь дээрх үйлдэлд цагдаагийн газрын мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Д.С 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулсан, хэрэг бүртгэлтийн шатанд Ц.Цг хохирогчоор тогтоож мэдүүлэг авах, бусад гэрч нараас мэдүүлэг авах, шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг хийсэн ба хэргийн тогтоогдсон нөхцөл байдал буюу хохирогч Ц.Ц-ийн мэдүүлгээр Ц.Б нь төрсөн дүү Ц.М, түүний эхнэр Ж.Н нартай бүлэглэн төрсөн эгч Ц.Ц-гийн биед хөнгөн хохирол учруулсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа дээрх этгээдүүдэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлд заасан эрхийг эдлүүлсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа үйлдэл биш юм.
Мөн хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар гэмт хэрэгт Ц.М, Ж.Н нар оролцсон болох нь тогтоогдоогүй гэж үзэж прокуророос Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаагүй.
Харин Ц.М, Ж.Н нарын хувьд эгч Ц.Цтай урьд бий болсон гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан үйлдэл нь зөрчлийн шинжтэй эсэх талаар цагдаагийн газрын зөрчлийн шинжтэй гомдол мэдээллийн бүртгэлд авч Тэс сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч А.Алтансүх хүлээн авч шалгаад зөрчлийн шинж байхгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан ба эрх бүхий албан тушаалтны шийдвэр хүчин төгөлдөр болсон ба оролцогч нараас ямар нэгэн гомдол гаргаагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг заасан ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хүрээнд шүүхээс дээрх хэрэгт дүгнэлт хийж шийдвэрлэх боломжтой, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаагаад хохирогч, гэрч нарын мэдүүлгийн ямар зөрүүг гаргах гээд байгаа нь ойлгомжгүй байна.
Иймд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 159 дүгээр шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул анхан шатны шүүхийн “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Болормаа тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шүүгчийн “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамж нь хууль зүйн үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 159 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Бт холбогдох 1935003220028 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Прокуророос шүүгдэгч Ц.Быг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт оршин суух Ц.Бын гэрт 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас төрсөн эгч Ц.Цтай маргалдаж, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүх уг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.
Ингэхдээ анхан шатны шүүх “гэрч, хохирогч нарын мэдүүлэг зөрөөтэй байх тул нүүрэлдүүлж мэдүүлэг авч, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох шаардлагатай” гэх үндэслэлүүдийг зааж хэргийг прокурорт буцаасан байх ба давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг хууль зүйн хувьд няцаах, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:
Хавтаст хэрэгт авагдсан, хохирогч Ц.Ц-гийн биед шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 547 дугаар шинжээчийн дүгнэлтийн үзлэг ба шинжилгээ хэсэгт : “ ...Духны зүүн дээд хэсэгт 2х1,5 см бүдэг хөх өнгийн цус хуралттай, тус хэсэгт бага зэрэг хавантай, зүүн хацарт бага зэрэг хаван хавдартай, зүүн нүдний доод зовхинд 2х0,8 см бүдэг хөх өнгийн цус хуралттай, тус хэсэгт хавангүй. Дээд уруулын дунд хэсэгт хөндлөн байрласан 1х0,2см зулгаралттай, үүдэн дээд зүүн 1, 2 дугаар шүднүүд хөдөлгөөнгүй, тэмтрэхэд бага зэрэг эмзэглэлтэй, дагзны баруун, зүүн ар хэсгийн хуйхаар тэмрэхэд бага зэрэг эмзэглэлтэй, баруун эгэмний дотно хэсэгт 2х0,7 см хүрэн өнгийн цус хуралттай, дунд хэсэгт 0,4х0,2 см тав тогтсон зулгарттай, баруун шилбэний гадна дээд хэсэгт 0,5х0,5 см, зүүн шилбэний гадна дээд хэсэгт 1х1 см бүдэг хүрэн өнгийн цус хуралттай”/ хх-ийн 68 дугаар тал/ гэж бичсэн,
мөн прокурорын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 18 дугаар “ Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоолын дагуу хийгдсэн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1410 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “ 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шинжээч эмч Н.Одбаярын үзлэг болон 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн толгойн КТГ-ийн шинжилгээгээр Ц.Цгийн биед тархи доргилт, дух зүүн хацарт цус хуралт, дээд уруулд зулгаралт, баруун эгэмд зулгаралт, цус хуралт, баруун зүүн шилбэнд зулгаралт, баруун эгэмд зулгаралт, цус хуралт, баруун зүүн шилбэнд зулгаралт, дагзны хуйханд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой байна. Дээрх тархи доргилт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.Бусад гэмтлүүд нь нийлээд болон дан дангаараа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” / хх-ийн 91 дүгээр тал/ гэж бичсэн,
мөн мэдүүлэг авахын өмнө үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй болохыг тайлбарлан, худал мэдүүлэг гаргавал хуулийн хариуцлага хүлээлгэхийг сануулан авсан хохирогч Ц.Ц-гийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн “...би гэрээс гарах гэхэд миний дүү Ц.Б намайг дээлний хормойноос татаад суулгасан юм. Тэр үед дүү Ц.Б “ чи өнгөрсөн жил намайг баривчилгаанд оруулсан, одоо би чамайг зодож хариугаа авна” гэж хэлээд гараараа миний хамар луу 2-3 удаа цохиод цус гаргасан юм, тэгээд миний үснээс татаж унагаад би шалан дээр хэвтэж байтал Ц.Б толгойны ар хэсэг рүү гараараа 3-4 удаа цохьсон, тэгэж байтал гэрт байсан дүү Ц.Мгийн эхнэр Ж.Н хаалганы хажууд сууж байгаад босож ирээд “одоо цаг нь болсон, хэнийг ч гэрээс гаргахгүй” гэж хэлээд хаалга алдалж зогсож байгаад над руу ирээд миний баруун нүдний доод талд 3-4 удаа гараараа хүчтэй цохьсон, тэр үед миний толгой манараад, нүднээс гал гарах шиг болсон, тэгээд Наранмандах өөрөө хэнээр ч салгуулахгүйгээр босоод сандал дээр суугаад нөхөр Мөнхтүвшинг “ чи юу гээд зүгээр суугаад байгаа юм, чи босож Ц-г зод” гэж хэлэхэд миний төрсөн дүү Ц.М босож ирээд миний хөл рүү хэд хэдэн удаа өшиглөөд, миний толгойны ар талын дагз руу 2-3 удаа өшиглөсөн юм. Энэ үед миний төрсөн ах Ц.Б дүү Мөнхтүвшинг надаас салгаж авсан, тухайн үед гэрт эгч Ц.Ц, ах Ц.Баярлах, ах Ц.Бадамсэрээжид нар байсан. Би босоод Ц.Б ахын гэрээс гарах гэж байтал бэр Ж.Н дахин миний үснээс татаж газарт унагаж, гараараа хальт 2 удаа толгой рүү нударч цохьсон юм, тэгээд би гэрээс гараад Ц.Б ахын хашаан дотор байдаг гражны буланд очиход миний хойноос дүү Ц.М, Ц.Б, Ж.Н нар намайг хөөж ирээд Ж.Н миний хоёр хөл рүү хэд хэдэн удаа өшиглөөд, дүү Ц.Б намайг гражийн хана мөргүүлж байтал, мөн дүү Ц.М намайг бас гражийн хана мөргүүлсэн юм, тэр үед гражийн хажууд байсан хүмүүс ирж салгасан “ / хх-ийн 36 дугаар тал/ гэх мэдүүлэг,
мөн хохирогчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хэрэг бүртгэлтэд өгсөн : “ Би 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн ах Ц.Бын охины найранд очоод буцаад тэдний гэрт ирсэн байхад 18-19 цагийн үед дүү Ц.Б нь гарынхаа ар талаар миний уруул дээр 1-2 удаа хүчтэй цохиж, би гэдрэг савж унасан юм, тэр үед миний хамар уруулаас цус гарсан .Намайг газарт уначихсан байхад миний төрсөн дүү Ц.Б нь заамдаж татаж босгож ирээд миний толгойны духны хэсэгт атгасан гараараа 4-5 удаа цохьсон юм, энэ үед хажуунаас миний бэр Ж.Н намайг атгасан гараараа миний баруун нүдний доод талд 2 удаа хүчтэй цохьсон юм, тэр үед миний нүднээс гал манараад, толгой эргээд би түр зуур ухаан санаа самуурсан юм. Ц.Ц намайг салгаж авч байх үед хажуунаас төрсөн дүү Ц.М миний баруун мөрөн дээр өшиглөж, бас хөл гар луу өшиглөж цохьсон ба төрсөн ах Ц.Б надаас Ц.Мг холдуулаад аваад явчихсан юм.Тэгээд би Ц.Б ахын гэрээс гарах гээд тэдний гэрийн хаалгаар гарах гэтэл бэр Ж.Н миний үснээс гэдрэг татаж, намайг шалан дээр унагаад үснээс зулгаагаад толгой руу 3-4 удаа цохьсон юм, тэр үед Ц.Б “ Наранмандахаа толгой руу нь сайн цохь, хөл гар луу нь битгий цохь, хөл гарыг нь хугалж болохгүй” гэж хажуунаас нь хэлж байсан юм. Энэ үед ах Ц.Баярлах салгасан. Тэгээд би тэдний гэрээс гараад гражийн хажууд явж байтал дүү Ц.Б миний хойноос ирээд намайг үсдэж барьж аваад уг гражийн хана руу миний толгойгоор мөргүүлсэн юм. Тэгээд миний толгой өвдөөд би уг гражийн хажууд байсан төмөр дээр сууж байтал Ж.Н, Ц.Б хоёр ирээд Ц.Б намайг түлхэж уг төмөр дээр савж унагасан юм. Тэр үед миний бэр Ж.Н миний үснээс зулгааж, хацар ам луу гараараа 3-4 удаа цохьсон юм тэгээд би хашааны хаалгаар гараад гэр лүүгээ явсан юм. Миний төрсөн дүү Ц.М миний толгой руу цохиогүй, миний эгэм орчим газарт өшиглөсөн, бас хүзүү, сээр лүү хальт өшиглөсөн бас миний хөл, гуя орчим өшиглөж цохьсон” /хх-ийн 40-41 дугаар тал / гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд тус тус авагдсан байна.
Дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаас дүгнэвэл Ц.Бт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан: гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, мөн зүйлийн 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн зэрэг нотолбол зохих байдлыг шалгаж тогтоосон гэж дүгнэх боломжгүй байна. Хэрэгт цугларсан баримт нь хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, түүнд хуульзүйн дүгнэлт хийх, гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд эргэлзээ бүхий байна.
Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг хэн үйлдсэнийг зайлшгүй тогтоохоос гадна, хэн, хэн ямар оролцоотой уг гэмт үйлдлийг үйлдсэн, хэний ямар үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсныг нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоох зайлшгүй шаардлагатай.
Хохирогч Ц.Ц нь 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр бусдад зодуулж биедээ гэмтэл авсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байх бөгөөд хохирогч нь хэрэг бүртгэлтэд өгсөн удаа дараагийн мэдүүлэгтээ бусдад зодуулсан талаараа тодорхой мэдүүлсэн байхад прокурор яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт үйлдэхдээ түүний мэдүүлгүүдээс зөвхөн дүү Ц.Б зодсон гэх хэсгийг яллах талын нотлох баримтаар үнэлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг шалгаж үнэлэх гэсэн шаардлагад нийцээгүй байна.
Иймд хэргийн бодит байдлыг шалгуулахаар буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээртэй “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэрэг прокурорт очтол шүүгдэгч Ц.Б-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.
Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.ЖАМБАЛСҮРЭН
ШҮҮГЧИД Л.АЛТАН
Н.МӨНХЖАРГАЛ