Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 213/МА2018/00027

 

*******ийн нэхэмжлэлтэй Баацагаан сумын Цагаан далай

дунд сургуульд холбогдох иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Л.Нямдорж, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 131/ШШ2018/00344 дүгээр шийдвэртэй

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянхонгор аймгийн Баацагаан сумын Цагаан далай дунд сургуульд холбогдох

 Баацагаан сумын дунд сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 1.495.689 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, Баацагаан сумын дунд сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 7-ний өдрийн 16 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, төрийн албан хаагчдад олгодог нэг удаагийн урамшуулал 300.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч байгууллагыг төлөөлж тус Баацагаан сумын дунд сургуулийн захирал *******гийн давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч байгууллагыг төлөөлж тус Баацагаан сумын дунд сургуулийн захирал *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нар оролцов.

Нэхэмжлэгч *******ээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баацагаан сумын Цагаан далай дунд сургуулийн няраваар ажилд орж ажиллаж эхэлсэн. Ингээд ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй билээ. Гэтэл сургуулийн захирал 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Б/36 дугаар тушаал гарган намайг ажлаас халсан байсан. Тус тушаалыг 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр багш нарын өрөөнд шидэж өгчихөөд явсан. Иймд Баянхонгор аймгийн Баацагаан сумын Дунд сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 416.521 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын бичилт хийлгэхийг даалгах гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагдаа:

Тус сургуулийн захирал нь намайг ажлын хариуцлага алдан ажил тасалсан, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр сахилгын арга хэмжээ ногдуулсныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олж мэдлээ. Надад тухайн үед сахилгын шийтгэл ногдуулсныг хэлээгүй, тушаалыг надад танилцуулаагүй. Гэтэл гэнэт тушаал гарган ирж намайг сахилгын шийтгэл хүлээсэн гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч байгууллагаас ажилгүй байсан нийт хугацааны цалин буюу 1.495.689 төгрөг гаргуулах, төрийн албан хаагч бүрт олгосон 300.000 төгрөгийн урамшууллыг гаргуулах, Баянхонгор аймгийн Баацагаан сумын дунд сургуулийн захирлын 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 тоот тушаалаар надад сануулах сахилгын шийтгэл ногдуулсныг хүчингүйд тооцуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 2013 оны 10 дугаар сард ажилд орсон, 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ажлаас халагдсан. Энэ хугацаанд өмнөх захирлын үед сахилгын шийтгэл авагдаж байсан. ******* нь манай сургуулийн захирал болсноос хойш би сахилгын шийтгэл авч байгаагүй. ******* нь надад 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан гэж ярьж байна. Гэтэл тухайн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг надад танилцуулаагүй, би тухайн тушаалыг мэдээгүй. Сургуулийн захирал намайг 2017 оны 11 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд ажил тасалсан гэж ярьж байна. Би харин 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр миний бие өвдөөд би гэрээсээ гарч чадаагүй учраас ******* захиралтай утсаар ярьж чадаагүй. Хоёр өдөр дараалан ажил тасалсан зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Баацагаан сумын Цагаан далай дунд сургуулийн захирал ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

Би 2007 оны 03 дугаар сард ажил хүлээн авсан. Гэтэл намайг ажил авснаас хойш ******* нь ажлын цагаар ажлын байран дээр байдаггүй, байхаараа компьютер дээрээ тоглоом тоглох зэргээр үндсэн ажлаа хийхгүй сэлгүүцдэг байсан тул би *******д ажлын байран дээрээ ажлаа чанартай хийх талаар удаа дараа үүрэг өгдөг байсан боловч огт биелүүлдэггүй байсан юм. Улмаар энэ байдлаа давтаад байхаар нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй байгаа болон ажлын байран дээрээ ажлаа хийхгүй байгаа үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан юм.

*******ийг ажлаас халах болсон гол шалтгаан нь ажил шалтгаангүй хоёр өдрөөс дээш тасалсан хоёр өдөр үдээс хойш ажил тасалсан, ажлын цагаар ажлын байран дээр байдаггүй, тоглоом тоглох зэргээр үндсэн ажлаа хийдэггүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэггүй зэрэг зөрчлийг гаргасан тул сахилгын зөрчил хоёр удаа буюу түүнээс дээш гаргасан, мөн хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчил гаргасан гэж үзэн ажлаас чөлөөлсөн юм.

******* нь ажлын цагаар архи ууж байгууллагын эд хөрөнгийг дураараа зарцуулах дутаах, өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй зэрэг үйлдэл удаа дараа гаргаж байсан учир 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр сануулах арга хэмжээ авсан. Сануулах арга хэмжээг авсан тухай сургуулийн хурал дээр танилцуулж дахин ийм байдал гаргахгүй байх талаар анхааруулсан. Намайг худал гүтгэн шийдвэр гаргасан гэж ёс зүйгүй гүтгэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Баацагаан сумын Цагаан далай дунд сургуулийн захирал ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

*******д 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр сануулах арга хэмжээ авсан. Гэтэл энэ тухайн сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг танилцуулаагүй гэж худлаа ярьж байна. Тухайн үед сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг *******д танилцуулж байсан энэ нь хурлын протоколд тэмдэглэгдсэн байгаа. Манай байгууллагынхан хамт олноороо сурагчидыг амралттай байх үед нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр их цэвэрлэгээ хийсэн. Гэтэл тухайн өдөр ******* ажилдаа ирээгүй, маргааш нь бас ажилдаа ирээгүй. ******* нь өөрөө хэлэхдээ миний бие өвдсөн гэж хэлсэн. Хэрвээ бие нь өвдсөн юм бол над руу залгаж хэлэх ёстой байсан. Иймд 2 өдрийн ажил тасалсан учраас сахилгын арга хэмжээ авч ажлаас нь халсан.

 Сургуулийн сурагчид амраад сонгуулийн суртчилгаа ирсэн байхад ******* нь хүмүүстэй нийлж сурагч нарын дотуур байранд орж архи уусан гэдгийг тухайн дотуур байрны багш болон жижүүр нар нотолж байгаа.

Мөн тухайн хоёр өдөр ажил таслахдаа надад актаа өгөөгүй байж дараа нь ажлаас халагдсан тушаал гарсаны дараа акт гаргаж ирж өгсөн нь хэзээ өгсөн акт гэдэг нь мэдэгдэхгүй. *******д үр дүнгийн урамшуулал олгосон тухайд би дөнгөж ажил авсан учраас ажилчдынхаа үр дүнгийн урамшууллыг хасаад яахав гэж бодоод үр дүнгийн урамшуулал олгож байсан гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д заасныг баримтлан Баянхонгор аймгийн Баацагаан сумын Дунд сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/16 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан *******ийг Баянхонгор аймгийн Баацагаан сумын Дунд сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Баянхонгор аймгийн Баацагаан сумын Дунд сургуулийн захиргаанаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, төрийн албан хаагчдад олгох урамшуулал нийт 1.795.689 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-д зааснаар нэхэмжлэгч *******ийн ажилгүй байсан хугацааны цалин хөдөлмөрийн хөлсөнд төлөгдвөл зохих эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл хураамжийг тооцон түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Баацагаан сумын Дунд сургуулийн захиргаанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43.610 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас 113.810 төгрөг гаргуулж 70200 төгрөгийг төвлөрсөн төсөвт, 43.610 төгрөгийг нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Баацагаан сумын Цагаан далай дунд сургуулийн захирал ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

 Миний бие ******* нь 2007 оны 03 дугаар сараас эхлэн Баянхонгор аймгийн Баацагаан сумын дунд сургуулийн захирлын ажлыг хүлээн авсан. Тухайн хүлээн авсан ажлаа сайжруулах зорилгоор ажлын цаг ашиглалт ажилчдын ур чадварыг сайжруулах тал дээр анхаарч ажиллах болсон.

Гэтэл ******* нь ажлын цагаар ажлын байран дээрээ байдаггүй, байхаараа комьютер дээр тоглоом тоглож үндсэн ажилдаа сэтгэл гаргахгүй сэлгүүцдэг байсан. Би удаа дараа шаардлага тавьж ганцаарчлан уулзаж энэ байдлаа засах талаар шаарлага тавьдаг байсан. Гэвч энэ байдал нь засраагүй бөгөөд ажилдаа ирэхгүй, ажлын цагийн тооцоогоо ирсэн мэтээр засварладаг зөрчил гарсаар байсан.

Үүнээс хойш 2017 оны 10 дугаар сард 2 өдөр дараапан ажил тасалсан, мөн 2 өдрийн үдээс хойш ажилдаа ирээгүй, 2017 оны 06 дугаар сард сургуулийн дотуур байранд хүмүүс авчирч архидсан гэх мэт удаа дараа төрийн апбан хаагчдад байж боломгүй үйлдэл гаргасан тул хөдөлмөрийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу ажлаас нь чөлөөлсөн.

******* нь намайг уг ажлыг хүлээн авахаас өмнө ч гэсэн ажлаа хийж чадахгүй байсан гэх шалтгаанаар 2 удаа арга хэмжээ авагдсан байдаг, үндсэн ажлаа хийхгүй, ажил таслах , удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй, шаардлага тавихаар өмнөөс хэрэлдэж биеэ өмөөрч эсэргүүцэх үл ойшоох зэргээр төрийн албан хаагчийн наад захын ёс суртахуун байдаггүй ийм л хүн. Тушаалын үндэслэлд ямар зөрчил гаргасан талаар дурьдах шаардлага байхгүй, харин хуулийн тохирох зүйл заалтыг зөв хэрэглэн үндэслэх хэсэгтээ заасан байхад шүүх тухайн тушаалд ямар зөрчил гаргасан талаар дурьдах ёстой байсан гэж ажил олгогчийг буруутгасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

******* нь дан ганц зөрчил гаргаагүй, хэд хэдэн зөрчил гаргасны зөвхөн хоёр зөрчилд нь хамтаатуулан арга хэмжээ авсан, өмнө нь сахилгын зөрчил гаргаж тухайн зөрчилд нь хамаатайгаар дахин зөрчил гаргасан нь хэрэгг авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 131/ШШ2018/00344 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.      

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь Баацагаан сумын дунд сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин 1.495.689 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, Баацагаан сумын дунд сургуулийн захирлын 2017 оны 6 дугаар сарын 7-ний өдрийн 16 дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах, төрийн албан хаагчдад олгодог нэг удаагийн урамшуулал 300.000 төгрөг гаргуулахаар гомдол, шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

*******ийг ажлын хариуцлага алдан ажил тасалсан, өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Баацагаан сумын дунд сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 6 дугаар сарын 7-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар сануулах сахилгын арга хэмжээ ногдуулжээ.

Ажилтан *******д сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг танилцуулаагүй, гардуулаагүй, өөрт нь мэдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмнө нь сахилгын шийтгэл ногдуулсан болохыг олж мэдсэн байдаг. Мөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1 гэж баримтлах байтал Хөдөлмөрийн хуулийн 131.1-д зааснаар гэж баримталсан, тушаалын үндэслэлд дурьсан ажил тасалсан, өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй гэх зөрчлүүдийг зөрчил гаргагч хэзээ гаргасан, шалган тогтоосон баримт байхгүй, өөрт нь танилцуулсан зүйл байхгүйгээр ажилтан *******д 2017 оны 6 дугаар сарын 7-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар сануулах сахилгын арга хэмжээ ногдуулсан нь үндэслэлгүй болжээ. Иймд ажилтан *******д сануулах сахилгын арга хэмжээ ногдуулсан тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэстэй болжээ.

Баацагаан сумын дунд сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 6-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар *******ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж 2017 оны 12 дугаар сарын 5-ний өдрөөс няравын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн тушаал гаргажээ.

Ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлаад байгаа нотлох баримтууд нь цаг хугацааны хувьд зөрчилтэй нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Тухайлбал Сургуулийн нярав *******ийн тухай хэлэлцсэн /хх-ийн 54-56 дугаар тал/ Баацагаан сумын Дунд сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 05 дугаар хурлын тэмдэглэл нь *******ийг ажлаас чөлөөлсөн өдрөөс хойш 2 хоногийн дараа хурал хийж хэлэлцсэн огноотой, согтууруулах ундааны зүйлийг ажлын байран дээр хэрэглэсэн гэх үйлдлийг хэлэлцсэн Баацагаан сумын Дунд сургуулийн хурлын тэмдэглэл нь /хх-ийн 107-108 дугаар тал/ 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр хурлыг хийсэн тухай тэмдэглэлд дурьдсан атлаа хурлын тэмдэглэлийн огноо нь 2017 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөр бичигдсэн байгаа нь нотлох баримтын хувьд үнэлэх боломжгүй байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн гэх фото зураг нь ******* ажлын байранд архи уусан гэдгийг нотлох нотолгоо болж чадахгүй, хэзээ, хэн зургийг хаана авсан нь тодорхойгүй, сургуулийн байр мөн эсэх нь тодорхойгүй, хэн уусан нь тодорхойгүй болжээ.

Нярав *******ийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэх зөрчил нь нотлох баримтаар хангалттай нотлогдохгүй байна. Тус сургуулийн 2017 оны 11 дүгээр сарын цалингийн карт, ирцийн бүртгэлд ******* нь 2017 оны 11 сард нэг өдөр ажил тасалсан гэдэг нь нотлогдож байна. Хэдийгээр нэг өдөр ажил тасалсан энэ үйлдэл нь ажилтан ажил олгогч хоёрын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээнд зааснаар 2 ба дээш өдөр ажил тасалсан бол хөдөлмөрийн гэрээг цуцлах гэсэн үндэслэлд тохирохгүй байна.

Баацагаан сумын дунд сургуулийн захирлын 2017 оны 12 дугаар сарын 6-ний өдрийн Б/36 дугаар тушаалаар *******ийн хөдөлмөрийн гэрээг цуцалж, няравын үүрэгт ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлгүй байна гэж үзэв.

Анхан шатны шүүх *******ийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор зэргийг бодож олгосон зэрэг нь үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Баацагаан сумын Цагаан далай дунд сургуулийн захирал *******гийн давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч *******гаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 72.000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 131/ШШ2018/00344 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Баацагаан сумын Цагаан далай дунд сургуулийн захирал *******гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 72.000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ

                                                   Г.УЛАМБАЯР