| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2020/03482/и |
| Дугаар | 183/ШШ2020/02767 |
| Огноо | 2020-10-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2020/02767
2020 10 13 183/ШШ2020/02767
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.А нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Д холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.А, хариуцагч Д.Д, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2017 оны 12 сард Д.Д танилцаж, 2018 оны 4 дүгээр сараас хойш хамтран амьдарсан. Бидний дундаас хүү Д.Ц 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн. Хүүгээ төрөхөд бид гэрлэлтээ батлуулаагүй байсан. Бид ар гэрийн таарамжгүй харилцаанаас болж тусдаа амьдарч байна. Иймд хүү Д.Ц эцэг Д.Д хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Д.Д нь Г.А 2017 онд танилцаж, бидний дундаас 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүү Д.Ц төрсөн. Г.А бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй бөгөөд одоо тусдаа амьдарч байна. Өөрийн төрсөн хүү Д.Ц тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэргийн оролцогчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Г.А нэхэмжлэлтэй, Д.Д холбогдох, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Д.Д, Г.А нарын дундаас 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүү Боржигон бүдүүн овогтой, Д.Ц төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүү Д.Ц 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 112261 дүгээр Төрсний бүртгэлийн гэрчилгээгээр нотлогджээ.
Хүү Д.Ц нь эрүүл бойжиж байгаа, эх Г.А хамт амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1332 дугаар тодорхойлолт, Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт гэсэн баримтаар тогтоогджээ.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Боржигон бүдүүн овогтой, Д.Ц 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Дэлгэрмөрөнгөөс тэтгэлэг гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Боржигон бүдүүн овогтой, Д.Ц 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Д.Дэлгэрмөрөнгөөс тэтгэлэг гаргуулсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.3, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжийг тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 70.200 төгрөгөөс илүү төлсөн 33.170 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулан нэхэмжлэгч Г.А олгож, хариуцагч Д.Д улсын тэмдэгтийн хураамжид 37.030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Ариунжаргалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД