| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2024/0059/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/89 |
| Огноо | 2024-01-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 18 өдөр
Дугаар 2024/ШЦТ/89
2024 01 18 2024/ШЦТ/89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
Улсын яллагч Б.Оргилболд,
Хохирогч: Э.У,
Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Б.Г, /РД:/********/-д холбогдох эрүүгийн 2309029512594 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 11 дүгээр сарын 19-ний өдөр, ** төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт, Улаанбаатар хот *** дүүргийн ** дугаар хороо ** хороолол ** дугаар байр **3 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ** дүүргийн шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 19 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 8 сар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, хэрэг хариуцах чадвартай. А овогт Б.Г РД:********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 20 дугаар байрны гадаах автомашины зам дээр хохирогч Э.У-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан биед нь халдсаны улмаас түүний эрүүл мэндэд “...хамар яс, хамрын таславчийн хугарал, баруун дээд зовхинд цус хуралт, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г нь “...2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 20 дугаар байрны гадаах автомашины зам дээр хохирогч Э.У тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан биед нь халдсаны улмаас түүний эрүүл мэндэд “...хамар яс, хамрын таславчийн хугарал, баруун дээд зовхинд цус хуралт, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Э.У ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 13:00 цагийн орчим ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий хүнийхээ хамтаар байрны дундуур явж байтал хар бараан өнгийн Гранд марк-2 маркийн тээврийн хэрэгсэл урдаас гарч ирээд аль аль хөдөлгөөнд орох боломжгүй тулаас зогссон. Тэгэхээр нь би машины цонхоор толгойгоо гаргаад Жаахан урагшлаад өгөөч гарчих уу гэтэл урдаас нэг хэрүүлийн үг хэлээд байсан.
Тэгэхээр нь би машинаас буугаад цонхон дээр нь очтол тэр машины жолооч бууж ирснээ надтай маргалдсан. Аль аль нь хараалын үг хэрэглэж маргалдсан. Гэтэл маргалдаж байснаа гэнэт намайг 1 удаа эгц урдаас мергеж би газар унасан, тэгээд босож иртэл хамраас цус гарч байсан ба би салфетка авах гээд замын эсрэг талд байх дэлгүүр лүү ороод нойтон салфетка аваад гараад иртэл тэр машинтай залуу явчихсан байсан. Тэгээд цагдаа дуудсан. Тухайн машин бараан өнгөтэй 8000 гэсэн дугаартай тээврийн хэрэг нь харж амжаагуй, манай гэр бүлийн хүн ч хараагүй байсан. Тухайн жолооч залуу 40 орчим настай, 185 орчим см ендер, махлагдуу, шардуу царайтай, цэвэрхэн залуу байсан ба ямар хувцастай байсан талаар би санахгүй байна. Миний биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Санал хүсэлт алга. Би энэ үйл явдлын дараа маргааш нь гэмтлийн эмнэлэг явж үзүүлсэн гэтэл хамар хугарсан гэж байсан. Би гэмтлийн эмнэлэгт очиж төлбөр мөнгөе өөрөө төлж эмнэлгийн үйлчилгээ авсан. Ямар нэгэн байдлаар Эрүүл мэндийн даатгалаас хөнгөлөлт чөлөөлөлт аваагүй. Одоо биеийн байдал хэвийн байгаа бага зэрэг хөхөрсөн нь арилахгүй байна. Нийт 150.000 төгрөгөөр зураг авхуулсан. Энэ гарсан зардлаа нэхэмжилнэ. Тухайн залуу миний хамар руу нэг удаа мөргөснөөс болж тус гэмтлүүд учирсан ба мөргүүлээд газар унасан, өмнө нь надад ямар нэгэн хуучин гэмтэл, шарх байгаагүй" гэх мэдүүлэг, /хх-н 29, 31 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12601 дугаартай хүний биед хийсэн шинжээчийн дүгнэлт, 1./ Э.У ын биед хамар яс, хамрын таславчийн хугарал, баруун дээд зовхинд цус хуралт, доод зовхи, зүүн дээд, доод зовхи, хамрын нуруунд зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2./ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх механизмаар үүснэ. 3./ Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4./ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. 5./ Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /хх-н 21-22 дахь тал/,
Хохирогч Э.У-аас гаргаж өгсөн “...Мөнгөн гүүр эмнэлэг”-т үзүүлсэн талаарх баримт, /хх-н 53 дахь тал/,
Яллагдагч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Тухайн гэмтлүүдийг би мөргөж учруулсан" гэх мэдүүлэг, /хх-н 9 дэх тал/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Мөн шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэрээс эхнэр хүүхэдтэйгээ явж байхад төв зам дээр хохирогч нь эхнэртэйгээ согтуу зогсож байсан ба намайг гаръя гэтэл бууж ирээд чи юу юм би зогсож байна гээд байсан. Ингээд би явуулахгүй болохоор нь цагдаа дуудсан, гэтэл намайг гараараа хааж зогсоод чамайг гөлөг болгоно би шоронд ял эдэлж байсан гэж хэлсэн. адтай маргалдаад байсан болохоор биеэ барьж чадалгүй мөргөтөл хохирогчийн хамраас нь цус гарсан. Надаас ч мөн адил цус гарсан. Эхнэрт нь салфетка өгөөд цагдааг ирэхээр миний дугаарыг өгөөрэй гээд дугаараа өгчөөд явсан. Дэлгүүрт байхад цагдаагаас залгасан...” гэх,
Хохирогч Э.У нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Хэрэг болсон өдрийг санахгүй байна. Би эхнэртэйгээ уулзаад машинд нь суугаад шорлогоо ур талд нь тавиад баруун эргэ гээд зааж байсан. Би эхнэртэйгээ бол маргаагүй ба бид хоёрын эргэх гэж байсан уулзвараас шүүгдэгч гарч ирсэн. Би энэ хүнд шоронд орж байсан гэж хэлээгүй, ял эдэлж байсан тул асуудал үүсгэмээргүй байна гэж хэлсэн. Хохирол 150.000 төгрөгөөр тогтоож байгаа юм уу. Би энэ хүний үйлдлээс хойш ажил хийх боломжгүй болсон. Дараа нь хамт эмнэлэг явъя гэхэд залгана гэж хэлээд эргээд над руу залгаагүй. Шүүх хурал хойшилсон гэхэд дахин залгасан. Би мөнгө нэхэмжлээгүй, надад мөнгө шаардлагагүй тул хамт эмнэлгээр явья гэж би олон хэлсэн. Одоо би эмнэлгийн үйлчилгээ авах шаардлагатай байна. Миний толгой байнга өвддөг болсон…” гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Б.Г нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Э.У ын биед хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүгдэгч Б.Г ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.
Хохирол хор уршгийн хувьд:
Хохирогч Э.У нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд 150.000 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Б.Г-с 150.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Э.У-д олгохоор шийдвэрлэхэд хохирогчид төлж барагдуулсан. Иймд шүүгдэгч Б.Г-ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Э.У нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна....” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Хохирогч Э.У нь эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Хариуцлага хөнгөн санагдаж байна, харамсалтай байна...” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Б.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг” хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46х/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 50х/, жолоочийн лавлагаа /хх-ийн 47х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39х/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 49х/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шүүгдэгч Б.Г-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Б.Г, РД:*********/-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.У нь цаашид гарах эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС