Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 183/ШШ2020/02768

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2020          10              13                                           183/ШШ2020/02768

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:Д.С холбогдох,

 

 

Худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 52.259.648 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Д.С, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.С нь “Б” ХХК-тай 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 18/45 дугаар Худалдах, худалдан авах гэрээ байгуулан, 260 сая төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг өөрөө буулгагч машин механизмыг худалдан авсан. Гэрээ байгуулснаас хойш хариуцагч Д.С нь 38.360.000 төгрөгийн ковш, дугуй зэрэг зүйлүүдийг авч, нийт 298.360.000 төгрөгийн тооцооны үлдэгдэлтэй болсон. 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 254.400.000 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 43.960.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд үлдэгдэл төлбөр 43.960.000 төгрөг, гэрээнд заасан алданги 8.299.648 төгрөг, нийт 52.259.648 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.С би нэхэмжлэгч “Б” ХХК-ийн 52.259.648 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна гэв.

 

Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Хариуцагч Д.С нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 52.259.648 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.С нь “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 52.259.648 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дүгээр зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.С холбогдох, гэрээний үүргийн гүйцэтгэлд 52.259.648 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 420.000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.С улсын тэмдэгтийн хураажид 419.250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ж.СЭМЖИД