| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2024/0063/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/58 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Оргилболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/58
2024 01 09 2024/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш,
Улсын яллагч Б.Оргилболд,
Шүүгдэгч Б.У ,
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.У, Мовогт Ц.Э нарт холбогдох эрүүгийн 2309021462732 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19** оны 03 дугаар сарын 14-ний өдөр ** аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, *** ажилтай, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт, Улаанбаатар хот ** дүүрэг 16-р хороо *** тоотод оршин суух хаягтай боловч, ** дүүрэг ** дугаар хороо ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Х овогт Б.У /РД:*******/.
Монгол Улсын иргэн, 19** оны 10 дугаар сарын 27-ны өдөр ** төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрүүл ахуйч мэргэжилтэй, ** ажилтай, ам бүл 8, нөхөр, 6 хүүхдийн хамт, Улаанбаатар хот ** дүүрэг ** дугаар хороо ** тоотод оршин суух хаягтай боловч, мөн дүүргийн ** дугаар хороо ** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. М овогт Ц.Э, РД:*******/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ** дүүргийн ** дугаар хороо **** тоотод хохирогч Ц.Э тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан барьцалдан зууралдах, маажих, цохих зэрэг үйлдэл гаргасны улмаас түүний эрүүл мэндэд баруун хацар, баруун чих, зүүн нүдний дээд зовхи, зүүн шууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ** дүүргийн ** дугаар хороо **** тоотод хохирогч Б.У той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан барьцалдан зууралдах, маажих, цохих зэрэг үйлдэл гаргасны улмаас түүний эрүүл мэндэд доод уруулд язарсан шарх, баруун зовхи, хөмсөг, хацар, хүзүү, цээж, нуруу, зүүн тохой, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.У нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ** дүүргийн ** дугаар хороо **** тоотод хохирогч Ц.Э тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан барьцалдан зууралдах, маажих, цохих зэрэг үйлдэл гаргасны улмаас түүний эрүүл мэндэд баруун хацар, баруун чих, зүүн нүдний дээд зовхи, зүүн шууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ц.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ** дүүргийн ** дугаар хороо **** тоотод хохирогч Б.У той тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан барьцалдан зууралдах, маажих, цохих зэрэг үйлдэл гаргасны улмаас түүний эрүүл мэндэд доод уруул язарсан шарх, баруун зовхи, хөмсөг, хацар, хүзүү, цээж, нуруу, зүүн тохой, өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Нотлох баримтын талаар:
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.
Хохирогч Б.У гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 11 цагийн үед нөхөр Э-н зүс таних ***** дүүргийн 17 дугаар хороо **** тоотод байрлах гэрт нь очсон бөгөөд нөхөр бид хоёрыг очиход Б нь эхнэр З болон хүүхдүүдийнхээ хамт байсан. Тэгээд бид нарыг хоол унд идээд сууж байх үед тус өдрийн 12 цагийн үед Б-н гэрт нь гаднаас Б болон Т гэгч нар ирсэн, би тухайн хүмүүсийг танихгүй, гэр бүлийн хүмүүс байсан ба бид нар "С" "нэртэй 0.5 литрийн лаазтай пивонууд болон 0.5 литрийн хэмжээтэй цагаан архийг хувааж уусан, би тухайн үед нэлээд их архи пивоноос уусан байсан, тэгээд би тухайн өдрийн 14 цагийн үед Б-н монгол гэрийнх нь үүдний амбаарт унтсан байсан ба 18 цагийн үед намайг сэрэхэд гэр дотор хүмүүс бужигналдаад шуугилдаад, ноцолдож байсан ба намайг тэд нар очих үед нөхөр Э нь Б-тай барьцалдаад зууралдаж барьсан байсан ба Т манай нөхрийг хойноос татаад байсан намайг салгах гээд очиход Т намайг цаашаа түлхээд надтай барьцалдаж аваад миний баруун нүдний дээд болон доод зовхины хэсэгт, зүүн хацар хэсэгт маажсан, тухайн үед З миний ардаас татах үед нь би газар унасан ба араас татахад миний зүүн хөлний өвдөгний хэсэгт шалтай шүргэлцэж шалбарсан, бид нар тухайн 1 цаг гаран зууралдаж ноцолдсон" гэх мэдүүлэг, /хх-н 29-30 дахь тал/,
Хохирогч Ц.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Намайг 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн үед нөхөр Б-н хамт найз Б-н ** дүүргийн ** дугаар хороо *** тоотод байрлах гэрт очих үед Б эхнэр З болон Г, У нар нэг шил архи тавьчихсан уугаад сууж байсан. Тэгээд нөхөр Б тэд нартай архинаас ууж эхэлсэн ба Урангоо нь тухайн өдрийн 17 цагийн үед Б-н гэрт нь архи уугаад тасраад унтчихсан. Тэгээд Б, З бид гурвыг газар суугаад дуу сонсож байх үед Б, Г хоёр муудалцаад хэрэлдээд эхэлсэн, бид нар болиоч ээ та хоёр та хоёр гэж хэлэхэд тоохгүй байсан ба Г, Б гэрийнх нь зуух түлхээд унагаасан, тэгээд бид нар тэр хоёрыг салгаж байх У сэрээд шууд над руу дайраад миний зулаагаад эхэлсэн ба миний баруун чихний ар хэсэгт болон баруун хацрын хэсэгт маажсан хумсны ором орсон байсан ба миний зүүн нүдний хөмсөгний доод хэсгээс зовхины хэсэг хүртэл гараараа маажсан ба тухайн үед бид хоёрыг З салгасан бөгөөд У нь над руу аяга шидээд байсан ба миний духны зүүн хэсэгт шидсэн аяга оносон, У-той зодолдож байх үед миний зүүн шууны хэсгийг маажсан байсан, тэгээд бид хоёрыг салгаад У гэрээсээ гаргасны дараа нь хүртэл эргэж амбаарынх нь цонхоор орж ирээд над руу дайраад байсан. Миний учирсан гэмтлүүд нь 2023 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Урангоотой зодолдсоны дараа учирсан" гэх мэдүүлэг, /хх-н 32 дахь тал/,
Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэрт байхдаа Ц.Э , Б.У нар хоорондоо маргалдаад барьцалдаж аваад Б.У , Ц.Э гийн үсийг зулгаагаад татаж унагаагаад дээр нь алцайж сууж байгаад Б.У нүүр рүү цохиод байхаа гардэнэтуяа нь гараараа Б.У гийн нүүр хэсэгт нь самардаад байсан. Ц.Э , Б.У хоёр бие биенийгээ маажиж самардсан" гэх мэдүүлэг, /хх-н 36 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9041 дугаартай хүний биед хийсэн шинжээчийн 1./ Б.У гийн биед доод уруулд язарсан шарх, баруун зовхи, хөмсөг, хацар, хүзүү, цээж, нуруу, зүүн тохой, өвдөгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2./ Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3./ Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4./ Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 5./ Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-н 38- 39 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10060 дугаартай хүний биед хийсэн шинжээчийн 1./ Ц.Э -н биед баруун хацар, баруун чих, зүүн нүдний дээд зовхи, зүүн шууны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.4./ Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой гэмтлүүд байна. 3./ Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5./ Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 44-45 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1064 дугаартай хүний биед хийсэн нэмэлт шинжээчийн 1./ Ц.Э нь 2023.07.14-ний өдөр 4-5-н долоо хоногтой жирэмсэн байжээ. 2.3.4.5.6./ Ц.Э гийн ураг нь өсөлтгүй жирэмслэлт болсон шалтгаан нь гэмтэлтэй холбоогүй байна гэх дүгнэлт /хх-н 52-53 дахь тал/,
Яллагдагч Ц.Э гийн “Амгалан” амаржих газар хэвтэн эмчлүүлсэн талаарх баримт, /хх-н 57-73 дахь тал/,
Шинжээч эмч Ц.Оюун-Эрдэнийн: “...Ц.Э гийн биед учирсан зүүн шууны зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мөн тус бүрдээ дан дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нүүр хэсэгт учирсан зулгаралтууд нь нийлээд эрүүл мэндийг сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ц.Э нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хэсэг газрын үзлэг хийгдсэн ба үзлэгээр зулгаралт гэмтлийг эдгэрсэн буюу нөсөө гэмтэл тогтоогдсон. Мөн үзлэгийн явцад өөрийн гэх гар утсаараа он, сар, өдөртэй өөрийнх нь нүүр царай танигдсан фото зургийг үндэслэн тухайн хэргийн хугацаанд үүсгэсэн байх боломжтой гэмтлүүд байсан" гэх мэдүүлэг, /хх-н 78 дахь тал/,
Яллагдагч Б.У , Ц.Э нарын гаргаж өгсөн биед учирсан гэмтэлтэй холбоотой нийт 14 ширхэг фото зургууд, /хх-н 110-111, 113-115 дахь тал/,
Яллагдагч Б.У гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг, /хх-н 13 дахь тал/,
Яллагдагч Ц.Э гийн: "...Хүлээн зөвшөөрч байна" гэх мэдүүлэг, /хх- 7 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.У , Ц.Э нар нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсний улмаас хохирогч Б.У , Ц.Э нарын биед хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.У , Ц.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Хохирол хор уршгийн хувьд:
Хохирогч Б.У , Ц.Э нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирол хор уршигтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, шүүхийн хэлэлцүүлэгт хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Б.У , Ц.Э нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.У , Ц.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Хэргийг ердийн журмаар шийдвэрлэж байгаа бөгөөд шүүгдэгч Б.У, Ц.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.У, Ц.Э нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй учир бусдад төлөх төлбөргүй. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй. Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Б.У, Ц.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.У, Ц.Э нарыг ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, нийгмийн даатгалын лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа /хх-ийн 87-108-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шүүгдэгч Б.У, Ц.Э нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.У, Ц.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял, торгох ял шийтгэх шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.У, Монгол овогт Ц.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У , Ц.Э нарыг тус бүр 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У , Ц.Э нарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.У , Ц.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС