Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/103

 

 

 

 

 

 

   2024      01        25                                2024/ШЦТ/103             

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч: Б.Өнөбат,

Хохирогчийн өмгөөлөгч А.Энхтүвшин,

Шүүгдэгч: О.У , түүний өмгөөлөгч С.Ичинхорлоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ** овогт О.У-д холбогдох эрүүгийн 2309000002188 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1995 оны 03 дугаар сарын 01-ний өдөр *** төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 /нөхрийн хамтаар/, Улаанбаатар хот ** дүүргийн * дугаар хороо *** тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 110 цагийн Албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, *  овогт О.У /РД:*********/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.У  нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Л-г  Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Хэнтий аймгийн Бэрх тосгонд үйл ажиллагаа явуулдаг жоншны уурхайтай” гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар жонш нийлүүлэх нэрийдлээр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Жонш худалдах, худалдан авах гэрээ” байгуулан уг гэрээгээр халхавчлан хуурч, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 72,020,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ***** банкны ***** дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.У  нь “...Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Л-г  Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Хэнтий аймгийн Бэрх тосгонд үйл ажиллагаа явуулдаг жоншны уурхайтай” гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар жонш нийлүүлэх нэрийдлээр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Жонш худалдах, худалдан авах гэрээ” байгуулан уг гэрээгээр халхавчлан хуурч, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 72,020,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ***** банкны ***** дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тэмдэглэл,

Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Л-н цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан гомдол, /хх-ийн 4-5 ху/,

2019 оны 11 дүгээр арын 20-ны өдөр байгуулсан DHB-2019112001 дугаартай “Жонш худалдах худалдан авах гэрээ”-ний хуулбар, /хх-ийн 6-8 ху/,

Хохирогч Л -ий ***** банкны ****** дугаартай дансны хуулга, /хх-ийн 9-29 ху/,

Хохирогч Л  миний бие Монгол Улсад 2017 оноос эхлэн нүүрсний худалдаа тээврийн ажил хийж эхэлсэн ба 2019 оны 11 сарын 15-ны өдөр өөрийн танилаар дамжуулан Бэрх хайрхан компанийн захирал О.У  гэх эмэгтэй хүнтэй танилцсан. Уулзсан шалтгаан нь О.У нь Хэнтий аймгийн Бэрх тосгонд жоншны уурхайтай гэсэн ба уурхайг нь танил Алтанхуягаар очиж үзүүлэхэд яах аргагүй хөрс хуулалтын ажил эхэлсэн, уурхайн олборлох үйл ажиллагаа явуулж байсан учир түүнтэй Хятад, Монгол хэл Жошн худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар болсон. Ингээд 2019.11.20-ны өдөр өөрийн эзэмшлийн 100 хувийн хувьцааг эзэмшдэг БНХАУ-ын хуулийн этгээд болох *** ХХК-ийн нэр дээр гэрээ байгуулахаар болж О.У ийн бэлтгэж ирсэн гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан...Уг гэрээний нөхцөл нь худалдагч тал болох *** ХХК-ниас худалдан авагч тал болох БНХАУ-ын хуулийн этгээд “***” ХХК нь CaF2 92 жонш 1000 тн нэгжийн үнэ 600,000, нийт 650,000,000 төгрөг, CaF2 75 жонш 1000 тн нэгжийн үнэ 200,000 төгрөгөөр 250,000,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар болсон ба жонш олборлоход шаардлагатай зардлыг тухай бүрт төлөх ба уг дүнгээ дараа нь жоншныхоо үнээс хасаж тооцох тохиролцоог хийсэн. Ингээд удалгүй Урнаа уурхайн ажил эхэлсэн түлш ажилчдын цалин тавихад хэрэг болоод байна гээд өөрийнхөө ***** банкны ***** тоот дансанд шилжүүлэхийг хүссэн. Би түүнд итгэж байсан учир мөнгийг шилжүүлж эхэлсэн ба олборлоод эхлэхээр нь надад тохирсон ёсоороо жоншоо өгнө гэж ойлгосон байсан.Тодруулбал: 2019-11-21-ний өдөр 19,200,000 төгрөг, 2019-11-22-ны өдөр 11,520,000 төгрөг, 2019-11-26-ны өдөр 10,000,000 төгрөг, 2019-11-28-ны өдөр 2,000,000 төгрөг, 2019-11-30-ны өдөр 2,500,000 төгрөг, 2019-12-02-ны өдөр 13,000,000 төгрөг, 2019-12-07-ны өдөр 5,000,000 төгрөг, 2019-12-10-ны өдөр 1,500,000 төгрөг, 2020-02-03-ны өдөр 300,000 төгрөг, 2020-07-30-ны өдөр 5,000,000 төгрөг, 2020-08-05-ны өдөр 2,000,000 төгрөгийг Бүргэд жонш тээвэр гэсэн утгатайгаар, бусад гүйлгээг Бүргэд гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлж байсан /намайг Бүргэд гэж дууддаг/ ба нийт ***** банкны ***** тоот дансанд 72,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг.Анх гэрээ байгуулснаас хойш 2019 оны 11 сард мөнгө шилжүүлснээс хойш жоншоо авъя гэхэд ухаж байгаа боловч жонш гарахгүй байна гараад эхэлмэгц нь тээвэрт нь өгнө гэж байснаа сүүлдээ манайд осол гараад уурхай зогссон байна гэсэн ба 2020 оны 07 сард үйлдвэрээ нээсэн жоншоо ачуулахад бэлэн болчихсон түлшний мөнгө хэрэгтэй байна гэхээр нь мөн л итгээд 2020-07-30-ны өдөр 5 сая төгрөг, 2020-08-05-ны өдөр 2 сая төгрөгийг шилжүүлсэн боловч бас л жоншоо ачуулаагүй.Яагаад жоншоо явуулахгүй байгаа талаар асуухад энд маш их бороотой байгаа учир хойшлоод байна гэсэн тайлбар тавьж байснаа сүүлдээ миний утсыг авахаа больсон ба өнөөдрийг хүртэл надаас зугтаад олдохгүй байгаа.Сүүлд нь хүнээс сураглахад ** гэдэг нэртэй ХХК гэж байдаггүй ба харин *** гэж л байдаг ба энэ нөхөрлөлд О.У  гэдэг хүн ямар ч хамааралгүй А.О гэдэг хүн даргыг нь хийдэг А.О-с гадна 8 хүний бүрэлдэхүүнтэй байдгийг олж мэдээд залилуулснаа ойлгосон.Иймд О.У  гэдэг хүн өөрийгөө Бэрх хайрхан гэж уурхайн эзэн гэж ойлгуулан бусдын тамгыг даран хуурамч гэрээ хийх гэх мэт зохиомол байдлыг бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж надаас их хэмжээний буюу нийт 72,000,000 төгрөгийн хохирол учруулсан залилангийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү...Нийт 72,000,000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Метромалл худалдааны төвд байхдаа “Интернет банк ашиглан” өөрийн ***** банкны  ***  дугаарын данснаас О.У  шилжүүлсэн мөн заримыг нь танил хүмүүсийн дансаар шилжүүлж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42 ху/,

Ашигт малтмал газрын тосны газраас 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр ирүүлсэн 10/4619 дугаартай албан бичиг, /хх-ийн 64 ху/,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 801 дугаартай албан бичиг, /хх-ийн 65 ху/,

Гэрч А.О-н  “...Би Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны урд 2 км орчим зайд байрлах “Ангал” гэх газарт жоншны уурхайн газартай юм.Уг газрыг би нөхрийгөө нас барснаас хойш хугацаанд ашиглахгүй байсан чинь 2019 оны 06 дугаар сард О.У гэх эмэгтэй нөхөр Б.Т-н хамтаар ирээд манай газарт техник болон зардлаа гаргаад л газрын хөндийгөөс олборлон авсан жонш буюу ашигт малтмалыг худалдан борлуулж орлогын 70%-ыг өөрөө авч харин надад газраа  ашиглуулсан гээд 30%-ын орлогыг нь өгнө гэж гэрээ байгуулан тохиролцсон. Би О.У , Б.Т нарыг сайн танихгүй.Анх налтай Т.А гэх манай сумын жоншны нөхөрлөлтэй залуу танилцуулж байсан.О.У , Б.Т нар нь манай газраас олон тонн жонш авсан тэгэхдээ надад урьдчилгаа гээд 10,000,000 төгрөгийг 2-с 3 саяар цувуулж байж нэг юм өгсөн. Дараа нь 13 сая төгрөг өгсөн. Түүнээс хойш 7,000,000 төгрөгийг цувуулж байж авсан. О.У , Б.Т нар нь надад өгөх байсан 30-н хувийнхаа талыг нь ч өгөөгүй явсан.Бас нийгмийн даатгал, татварын байгууллагуудад нийт 820,000 төгрөгийн өртэй үлдээгээд явсан. Тэгээд О.У ийн 85258888 дугаарын утас руу залгаад Нийгмийн даатгал болон Татварынхаа өрийг өгөөч гэхээр өгнө гэж хэлсээр байгаад 1 жилийн хугацаа өнгөрөөд байна.Мөн надтай хийсэн гэрээнийхээ илүү хувийг О.У  надад өгөөгүй...О.У  нь одоо манай нөхөрлөлтэй хамтран ажиллахгүй байгаа. Учир нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Бэрхийн уурхайн жоншны нөхөрлөлүүд нөхөн сэргээлт хийх зорилгоор бүгд ажиллахаа больсон.Тухайн үед О.У  болон түүний нөхөр Б.Т нар нь манай нөхөрлөлийн газарт үйл ажиллагаа явуулахаа болиод Улаанбаатар хот руу явсан. О.У  нь Улаанбаатар хотын Зайсанд байгаа гэж байсан...О.У  нь манай жоншны нөхөрлөлтэй газар ашиглах гэрээ хийсэн болохоос биш манай нөхөрлөлийг төлөөлөн бусад хувь хүн, хуулийн этгээдтэй гэрээ хийх эрх байхгүй.Тийм ч учраас манай нөхөрлөлийн нэрээр болон тамга тэмдгээр “Жонш худалдах, худалдан авах гэрээг” БНХАУ-ын иргэнтэй байгуулах ёсгүй гэж үзэж байна. Харин жоншны гарал үүслийн бичиг авахад миний тамга, тэмдэг хэрэгттэй байдаг учраас нааш цаашаа явахад хэцүү байна та тамга тэмдгээ өгчих гээд надаас аваад үлдсэн.Миний тамга, тэмдгийг О.У  нь ашиглах эрх байхгүй.Сүүд жонш дээр ажиллахаа болиод явахдаа О.У  болон түүний нөхөр Б.Т нар нь манай нөхөрлөлийн бүх бичиг баримт тамга тэмдгийг аваад явчихсан байсныг нь би хөөцөлдөж, нөхөж байж 2022 оны 10 дугаар сарын үед авсан...2019 оноос О.У тэй гэрээ хийгээд буцаан ашиглалтад оруулсан. Харин О.У  нь 2019 оноос 2022 оныг хүртэлх хугацаанд 1000 тонн орчим жонш борлуулсан гэж тооцоолж байна. О.У  нь олборлох болон борлуулах үйл ажиллагааг өөрөө хийгээд надад газар ашиглуулсны хувь өгдөг байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 97-99 ху/,

Дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 119-122 ху/,

Гэрч Ч.Э-н “...О.У  нь Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны нутаг дэвсгэрт байх ** гэх газарт үйл ажиллагаа явуулж байсан. Тухайн газар нь жонш буюу ашигт малтмалын нөөцгүй болчихсон газар байсан болохоор нөхөн сэргээлт хийгдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 173-174х/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.        

Залилах гэмт хэрэгт нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгч О.У  нь Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Л-г  Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь “Хэнтий аймгийн Бэрх тосгонд үйл ажиллагаа явуулдаг жоншны уурхайтай” гэж итгүүлэн, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, улмаар жонш нийлүүлэх нэрийдлээр 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Жонш худалдах, худалдан авах гэрээ” байгуулан уг гэрээгээр халхавчлан хуурч, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 11 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 72,020,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ***** банкны ***** дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Мөн энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “...их хэмжээний хохирол учруулсан бол...” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “...их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг...” гэж,

-5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна...” гэж заасан буюу гэмт хэргийн улмаас 50,000,000 төгрөгийн болон түүнээс дээш хохирол учруулсан бол их хэмжээний хохирол учруулсан гэж үзэхээр хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно...” гэж заасан ба шүүгдэгч О.У ийн үйлдэл нь 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 08 дугаар сарын хооронд үргэлжилсэн нэг гэмт хэрэг буюу залилах гэмт хэрэг байна.

Улсын яллагч шүүгдэгч О.У ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах санал гаргаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч О.У ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдав.

Хохирол, хор уршгийн хувьд:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард улсын иргэн Л-д 72.020.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогчид 7.000.000 төгрөгийг төлж барагдуулсан гэж мэдүүлж байх ба дээрх мөнгийг хүлээн авсан талаар хохирогчийн өмгөөлөгч нь тайлбарлаж байна.

Иймд 65.020.000 төгрөгийг шүүгдэгч О.У ээс гаргуулж хохирогч Л-д олгож шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч О.У ийг үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэний улмаас бусдад их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Шүүгдэгч О.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч О.У ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх лавлагаа /хх-ийн 118х/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 117х/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүхээс шүүгдэгч О.У т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 13.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг хуульд заасан 1 /нэг/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ** овогт О.У  /РД:НЗ95030105/-г үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.У ийг 13.000 /арван гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.000.000 /арван гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.У т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 1 /нэг/ жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510.1-т зааснаар шүүгдэгч О.У ээс 65.020.000 /жаран таван сая хорин мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.О-д олгосугай.

5. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.У-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ТҮВШИНТӨГС