| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2020/03346/и |
| Дугаар | 183/ШШ2020/02769 |
| Огноо | 2020-10-13 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 183/ШШ2020/02769
2020 10 13 183/ШШ2020/02769
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Н холбогдох,
18.900.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нарийн бичгийн дарга Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Н нь 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр манай компанийн менежертэй уулзаж, экскаватор түрээслэхээр тохиролцож, манай компаниас урьдчилгаа 21.500.000 төгрөгийг Ж.Н шилжүүлэн өгсөн боловч, Ж.Н нь тохирсон хугацаандаа экскаватораа явуулаагүй болно. Ж.Н экскаваторыг гэрээний дагуу ажилд нь явуулахыг шаардсан боловч утсаа авахгүй, эсхүл өнөө маргаашдаа явж чадахгүй гэх зэргээр холбогдож байгаад сүүлдээ утсаа ч авахгүй болсон. Ингээд манай компаниас урьдчилгаа төлбөрт төлсөн 21.500.000 төгрөгийг буцаан шаардахад 5.000.000 төгрөгийг нь буцаан өгч, үлдэх 16.500.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй, манай компанийг хохироож байна. Мөн Ж.Н нь 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр экскаватораа авч замд гараад Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь манай уурхай дээр очсон байхаар тохирсон учир бид урьдчилаад шаардлагатай машин тоног төхөөрөмжийг түрээслээд Улаанбаатар хотоос уурхай руу 2 хоногийн өмнө явуулаад бэлдсэн байхад урьдчилгаа мөнгө авчхаад яваагүйгээс манай компанид хохирол учраад зогсохгүй, одоог хүртэл ажил эхлээгүй, очсон машины түрээс зэрэг хохирол амсаад байна. Үүнд манай компаниас 4 ковш тус бүрийг сарын 3.600.000 төгрөгөөр түрээсэлж явуулсан ба нэг өдрийн түрээсийн төлбөр 120.000 төгрөгийг, 5 өдрөөр тооцож, 4 ковшийн түрээс төлбөрт 2.400.000 төгрөг төлж хохирсон байна. Иймд түрээсийн урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 16.500.000 төгрөг, учирсан хохирол буюу 4 ковшийн 5 өдрийн төлбөр 2.400.000 төгрөг, нийт 18.900.000 төгрөгийг Ж.Н гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ж.Нэргүй шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “М” ХХК-тай экскаватор түрээслэх гэрээ байгуулж, урьдчилгаа 21.500.000 төгрөг авсан боловч тодорхой шалтгааны улмаас экскаваторыг тохирсон газар хүргэж, ажиллуулах боломжгүй болсон тул гэрээ байгуулснаас 2 хоногийн дараа буюу 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр экскаватораа түрээслэх боломжгүй болсныг “М” ХХК-д мэдэгдэж, тухайн өдрөө урьдчилгаанд авсан 21.500.000 төгрөгөөс 5.000.000 төгрөгийг нь буцаан өгч, үлдсэн 16.500.000 төгрөгийг цувуулан өгнө гэж хэлсэн боловч санхүүгийн хүндрэлийн улмаас одоог хүртэл төлж чадаагүй нь үнэн. Иймд 16.500.000 төгрөгийг нь буцаан төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин хохирол гэх 2.400.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэрээ байгуулснаас 2 хоногийн дараа би экскаваторыг явуулах боломжгүй талаар мэдэгдэж, урьдчилгаа мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг буцаан өгсөн гэв.
ҮНДЭСЛЭХ нь
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ж.Н холбогдох, 18.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ж.Н, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-ээр түрээслүүлэгч Ж.Н нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад “Элстэй” уурхайн үйл ажиллагаа явуулахад нь зориулж биет байдлын болон эрхийн доголдолгүй тээврийн хэрэгсэл /экскаватор/-ыг 60 хоногийн хугацаатай шилжүүлэх, түрээслэгч “М” ХХК нь түрээсийн төлбөрт нэг хоногийн 1.433.000 төгрөг төлөхөөр тохиролцсон талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан Түрээсийн гэрээ талуудын хооронд байгуулагдсан байна гэж дүгнэв.
Уг гэрээний дагуу түрээслэгч “М” ХХК нь түрээсийн төлбөрийн урьдчилгаа болох 21.500.000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдөр түрээслүүлэгч Ж.Нэргүйд шилжүүлсэн, түрээслүүлэгч Ж.Нэргүй нь гэрээнээс татгалзаж байгааг түрээслэгчид 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэж, урьдчилгаа төлбөрт авсан 21.500.000 төгрөгийн 5.000.000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр түрээслэгч “М” ХХК-д буцаан шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1.1, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч Ж.Н урьдчилгаа төлбөрт шилжүүлэн авсан 21.500.000 төгрөгийн үлдэх хэсэг болох 16.500.000 төгрөгийг буцаан гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгох нь зүйтэй болно.
Дээрх үйл баримтаар нэхэмжлэгч “М” ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй хэдий боловч нэхэмжлэгчийн “...учирсан хохиролд 2.400.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан шүүхэд ирүүлсэн С.О, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01 дүгээр “Богины ачаа тээвэрлэлтийн гэрээ”, Б.А, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 03-ны 02 дугаар “Богины ачаа тээвэрлэлтийн гэрээ”, Б.Б, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 03 дугаар “Богины ачаа тээвэрлэлтийн гэрээ”, О.Янжмаа, “М” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2020 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 04 дүгээр “Богины ачаа тээвэрлэлтийн гэрээ”-ээр уг нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байх бөгөөд дээрх гэрээний дагуу “М” ХХК нь төлбөр төлсөн эсэх нь, мөн гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролтой хэрхэн уялдаж байгаа нь тодорхойгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Ж.Н 16.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1, 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч Ж.Н 16.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2.400.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 252.450 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.Н улсын тэмдэгтийн хураамжид 240.450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД