Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/120

 

 

 

 

 

 

2024              01        30                         2024/ШЦТ/120          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгч Б.Б , түүний өмгөөлөгч А.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогтой Б.Б-д холбогдох эрүүгийн 230900374273 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 10 дугаар сарын 10-ны өдөр *** аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ** дүүргийн 21 дүгээр хороо ** *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй,

Үүнд: 1. Сэлэнгэ аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 260 дугаар зүйлийн 260.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж хянан харгалзсан,

2. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 815 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 37 хоногийн хорих ялаар сольж шийдвэрлэсэн,

3. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 968 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял шийтгэгдэж мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 157 дугаартай захирамжаар 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар эдлээгүй үлдсэн 8 сар 24 хоногийн хорих ялыг сольж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийдвэрлэсэн,

4. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 556 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Б Овогт Б.Б /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр согтуурсан үедээ ** дүүргийн * дугаар хороо ** 1 дүгээр давхарт үйл ажиллагаа эрхэлдэг бэлэн хувцасны дэлгүүрээс Burberry брэндийн 1 ширхэг хос гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г-д бага хэмжээнээс дээш буюу 2,290,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б  нь 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр согтуурсан үедээ ** дүүргийн * дугаар хороо ** 1 дүгээр давхарт үйл ажиллагаа эрхэлдэг бэлэн хувцасны дэлгүүрээс Burberry брэндийн 1 ширхэг хос гутлыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Г-д бага хэмжээнээс дээш буюу 2,290,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч Ц.Нмөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би ажил дээрээ байж байх үед манай ажилтан Э лангуунд байсан нэг гутал байхгүй болсон байна гэсэн Тэгэхээр нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хяналтын камер шүүж үзэхэд 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр үл таних эрэгтэй хүн орж ирээд тухайн гутлыг аваад гарсан дүрс бичлэг байсан. Тэгээд манай байгууллага 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тооллого хийхэд тэр гуталнаас өөр юм дутаагүй байсан юм. Артур гэх нэртэй Burberry брэндийн 41 размерийн хар ултай, дээрээ бор хээтэй хавар намрын гутал байсан. Уг гутал нь манай дэлгүүрт 3.070.000 төгрөгөөр зарагддаг юм. Мэдээгүй байсан сүүлд 20 гаран хоногийн дараа мэдээд цагдаад хандсан. Тухайн гутлаа олж авмаар байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

Яллагдагч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-р хуудас/,

“Дамно” ХХК-ийн 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн СБ1-23-676 дугаартай "...2023 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээ нийт 2.290.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-р хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19- р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б  нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсний улмаас хохирогчид 2.290.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Хохирол хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г-д бага хэмжээнээс дээш буюу 2.290.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба шүүгдэгч нь хохирол төлбөр төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Б.Б эс 2.290.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г-д олгож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Урд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1 жил 6 сарын хорих ялын үлдэгдэл болох 9 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялыг 2 жил 9 сар 9 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 42 хоногийг эдлэх ялаас нь хасч тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-н  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 556 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 сар 9 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 жил 09 хоногийн хугацаагаар тогтоож байна.

Түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогтой Б.Б-г бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 556 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 9 /ес/ сар 9 /ес/ хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жил 9 /ес/ хоногийн хугацаагаар хорих ял байхаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.Б-с 2.290.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г-д -д олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н энэ хэрэгт цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ТҮВШИНТӨГС