| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2024/0152/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/186 |
| Огноо | 2024-02-22 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/186
2024 02 22 2024/ШЦТ/186
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б.М /РД:*******/-д холбогдох эрүүгийн 2309020282866 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдөр *** аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ** дүүргийн *-р хороо, ** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Б.М /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "***" төвд үйл ажиллагаа явуулах "****" хүргэлтийн хоолны газрын хоол хүргэгчээр ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ашиглаж 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 06 сар хүртэлх өдрийн орлого болох 4,925,000 төгрөгийг завшиж бусдад хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь ** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ****төвд үйл ажиллагаа явуулах "****" хүргэлтийн хоолны газрын хоол хүргэгчээр ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ашиглаж 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 06 сар хүртэлх өдрийн орлого болох 4,925,000 төгрөгийг завшиж бусдад хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч А.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** зочид буудлын 1 давхрын *** хүргэлтийн хоолны газрыг 2021 оноос хойш ажиллуулж байгаа юм. М гэх залуу манай хүргэлтийн хоолны газрын хүргэгч гэх ажлыг хийдэг бөгөөд манай газрыг анх нээгдсэн үеэс хойш надтай хамтран ажиллаж байгаа юм. Б.М нь хоолоо үйчүүлэгчдэд хүргэж өгчхөөд үйлчлүүлэгчийн өгсөн тооцоог бүгдийг нь өөрийн дансаар аваад өдрийнхөө орой нь надад хүлээлгэж өгдөг. Би Б.М-д сарын цалинг сар бүрийн 5 болон 20-ны өдөр 2 хувааж өгдөн ба 3 жилийн хугацаанд ямар нэгэн асуудал бид хоёрын дунд гаргаж байгаагүй 2022 оны 12 дугаар сараас хойш өдрийн орлогоо орой нь Б.М-с хүлээж авахад өдрийн орлого зарим өдөр дутуу өгч, зарим өдөр нь өгөхгүй алга болчхоод байдаг болсон. Тэр үед нь би өөрөөс нь яагаад мөнгө дутуу өгөөд байгаа талаар асуухад Б.М нь "байрны түрээсээ өгчихсөн юм", "хүнд мөнгө зээлтэл тэр хүн мөнгөө нэхэхээр гэрт цагдаа дуудаад ороод ирлээ" гэх зэргээр янз бүрээр хэлдэг байхаар нь би өрөвдөөд тухайн үед нь итгээд ямар нэгэн зүйл хэлээгүй. Өчигдөр буюу 2023 оны 06 сарын 21-ний өдрийн орлого 1 сая 430 мянган төгрөгийг хамгийн сүүлд өөрийнхөө дансаар аваад надад хүлээлгэж өгөөгүй завшсан. Одоо өнөөдрийн авсан мөнгө нэмээд 4,950,000 төгрөг байсан мөнгөө авъя гэж хэлтэл Б.М нь "чи намайг цагдаа сэргийлэхдээ өг өө, намайг цагдаа сэргийлэхдээ өгч байж миний амьдрал засрах юм шиг байна, авсан үнэн юм чинь хариуцлагаа хүлээнэ гэж надад хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-н 19x/,
Шүүгдэгч Б.М-ийн хаан банкны 592020**** тоот дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл. /хх-н 28-31х/,
Хохирогч А.Б-ийн хаан банкны 5041158*** тоот дансны гүйлгээний хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 24-27х/,
Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "Би хоолны газар түгээгчээр ажиллахдаа 4.925.000 төгрөгийг захиралд тушаагаагүй болох нь үнэн бөгөөд уг хохирлын мөнгөн дунд маргах зүйл байхгүй...” гэх хүсэлт /хх-н 52х/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.М нь ****төвд үйл ажиллагаа явуулах "****" хүргэлтийн хоолны газрын хоол хүргэгчээр ажиллах хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ашиглаж 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 06 сар хүртэлх өдрийн орлого болох 4.925.000 төгрөгийг завшиж бусдад хохирол учруулсан нь “...Хөрөнгө завших...” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.М нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдаж байна.
Хохирол хор уршгийн талаар:
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Б-д бага хэмжээнээс дээш буюу 4.925.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба шүүгдэгч нь хохирол төлж барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгч Б.М-ээс 4.925.000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Б-д олгож шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.М-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг ашиглаж 2022 оны 12 дугаар сараас 2023 оны 06 сар хүртэлх өдрийн орлого болох 4,925,000 төгрөгийг завшиж бусдад хохирол учруулсан нь “...Хөрөнгө завших...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Б.М ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Б.М /РД:*********/-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ийг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Б.М-с 4.925.000 /дөрвөн сая есөн зуун хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Б-д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС