Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/188

 

 

 

 

 

 

2024           02           22                         2024/ШЦТ/188          

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Улсын яллагч С.Энхзул,

Шүүгдэгч Д.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныЁ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Д.Б /РД:********/-д холбогдох эрүүгийн 23090169927** дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 10 дугаар сарын 16-ны өдөр *** төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, *** дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэр, *** тоотод оршин суух хаягтай,

урьд ** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Хэнтий аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 1065 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1250 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 576 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэгдсэн, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Д.Б /РД:******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны ** дүүргийн 1 дүгээр хороонд байрлах *** шоп дотор тус үйлчилгээний газрын лангуун дээр байсан хохирогч С.Б-н эзэмшлийн айфоне 13 мини загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч улмаар 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б  нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах *** шоп дотор тус үйлчилгээний газрын лангуун дээр байсан хохирогч С.Б-н эзэмшлийн айфоне 13 мини загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч улмаар 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Хохирогч С.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр өөрийн ажил буюу *** шоп дээр байхад 16 цаг 40 минутын орчимд гар утсаа шалгахад байхгүй байсан... “...Тэгээд хяналтын камер шүүхэд 40 гаран насны эрэгтэй хүн ажил руу орж ирээд касс дээрээс миний гар утсыг аваад гарч байгаа дүрс бичлэг бичигдсэн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/,

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 35-36 хуудас/,

"Дамно" ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн СБ1-23-2341 дугаартай "...зах зээлийн үнэлгээ нийт 1.550.000 төгрөгөөр үнэлэгдэв..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-29 хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсний улмаас хохирогчид 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдаж байна.

Хохирол хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-д бага хэмжээнээс дээш буюу 1.550.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба шүүгдэгч нь хохирогчид хохирол төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Д.Б-с 1.550.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д олгож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Д.Б-ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс шүүгдэгч Д.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар болон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 650 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Д.Б /РД:*******/-г бусдыг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 650 /зургаан зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Б-ээс 1.550.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д олгосугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Г.ТҮВШИНТӨГС