| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Маанийн Мөнхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/03934/И |
| Дугаар | 102/шш2020/03497 |
| Огноо | 2020-12-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 102/шш2020/03497
| 2020 оны 12 сарын 14 өдөр | Дугаар 102/ШШ2020/03497 | ******* |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******, 4 дүгээр хороо,*******,*******,**************-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, 4 дүгээр хороо,*******,*******, овогт Төмөрчулууны Баянбилэг /РД: ПВ72022503/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хариуцагчаас сар бүр 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Батсүх, хариуцагч Т.Баянбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Батсүхийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие Х.Батсүх нь хариуцагч Т.Баянбилэгтэй 1995 онд танилцаж, 2003 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 1996 оны 6 дугаар сарын 10-нд хүү Б.Амарбаясгалан,1998 оны 8 дугаар сарын 17-нд хүү Б.Амаржаргалан, 2000 оны 8 дугаар сарын 28-нд хүү Б.Амарсанаа нар төрсөн, 3 хүүтэй. Бүгд насанд хүрсэн, 2 нь гэр бүлтэй. 1996 онд хурим хийсэн цагаас эхлээд хэрүүл маргаан үүсч эхэлсэн бөгөөд энэ байдлаас болж хүндлэл, хайр сэтгэлийн холбоо байхгүй болсон. Нус, нулимс, хэрүүл, хараал, зүхэл, зодоон дунд 25 жил амьдарлаа. Энэ хугацаанд 1998 онд нэг удаа салж байсан. Хүүхдүүдээ бодоод буцаж нийлээд нас биед хүртэл нь тэвчиж өнөөдрийг хүрлээ. Миний бие хааяа архи уудаг байснаас болж их буруутгагддаг байсан. Архи уудаг ч агсам согтуу тавьж, зодож нүдэж байсангүй, олон үг хэлдэг байсан. Согтуугаар далимдуулж их, бага хэмжээгээр миний биед гар хүрдэг байсан. Шөнө тайван унтах аргагүй, хутга шөвөг, галын төмөр дэгээ, ганжин, сандал юу таарснаараа цохиж зоддог, дандаа цус үзнэ, ална гэж байнга заналхийлдэг. Миний бие биеэ хамгаалах үүднээс гар хөлийг нь барих, дарахаар зодсон болдог. Амнаас нь дандаа тэвчээр барсан муухай үгийг маш ихээр хэлдэг энд бичих аргагүй юм. Одоо ч энэ байдал дээд цэгтээ хүрч, хүчирхийллийн байдал үргэлжилсээр байна. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хамт олны шинэ жилээр зохион байгуулагч хийж байгаад суудал олдохгүй учир өөр эмэгтэйн хажууд сууж хоол идсэний төлөө мөн бас нэг өөр танил дүү маань хүзүүдэж зураг авахуулсны төлөө өчнөөн дүү хүмүүстэй хардаж том хүүг турхирч намайг халамцуу байхад зодуулсан. Одоо гэр бүлийн нандин харилцаа байхгүй болоод удаж байна. Үглэж дуулсан хараал, хэрүүл гарах болгонд нас барсан эцгийн нэрээр дуудаж харааж, зүхдэг. Хамгийн сүүлд энэ жилийн 2020 оны наадмаар араас гэтэж яваад гудамжинд өдрийн цагаар чулуу, тоосгоор зодож олон газар гэмтэл учруулсан. Үүнээс гадна надад хоёр сонголтыг хий гэж тулгасан.
1. Амиа хорлож үхээд нэрээ цэвэр үлдээж, сэтгэл санаа амраах,
2. Надтай хамт байж миний гарт үх гэсэн 2 сонголт өгсөн.
Одоо байнга 25 жилийн өшөө хорслоо авна гэж сүрдүүлдэг эсвэл өөрөө үхнэ гэж дарамталдаг. Иймд энэ хүнтэй цаашид хамт амьдрах ямарч аргагүй болсон, Энэ дарамт 2014 онд найз болох хүнд 15,000,000 төгрөгийн зээл авч өгсөн боловч зээлийн төлөлтөө хийхгүй өнөөдрийг хүрсэн нь хэрүүлийг бүүр гааруулсан. Одоо энэ хүчирхийлэл дарамтнаас болоод гэр орондоо орох боломжгүй, ах, дүү хамаатан садан, айлуудад, машиндаа хоног төөрүүлж хоолтой, хоолгүй явж байна.
Миний нэр дээр 2012 онд байгуулсан Далай уудам констракшн ХХК гэх нэртэй компани байдаг, 2014 оноос үйл ажиллагаа нь зогссон байгаа. Компаний нэр дээр ямар нэг үл хөрөнгө мөнгө байхгүй. 2018 оноос Ашид Инж ХХК-тай өөрийн нэр дээр гэрээ байгуулж халуун ус, үсчний чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Халуун усны тоног төхөөрөмж, эд хөрөнгийг дундын орлогоосоо бий болгож ажиллуулж эхэлсэн. Жилдээ зуугаад сая төгрөгийн орлого олж түрээсийн төлбөр, цахилгаан, усны зардлаа хасаад 70 гаруй сая төгрөгний ашигтай ажилладаг. Энэ ажпын эвдрэл гэмтэл, засвар, сантехникийн ажпыг би хийдэг ба хамт ажилладаг боловч орлого болон мөнгө зарцуулах эрхгүй явж ирсэн. Иймд түрээсийн гэрээ дуусгавар болох 2023 оны 10 дугаар сарын 1-нийг хүртэл хугацаанд өөрийн эрхийн хүрээнд Баянбэлэгээс сар бүр 1,000,000 төгрөг гаргуулж авах хүсэлтэй байна. Одоо миний нэр дээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон, 43/А дугаар байрны 5 тоотод 55,5м/к талбай бүхий орон сууц бүртгэлтэй ба
ипотекийн 8%-ийн зээлийн эх үүсвэрээс 45,500,000 төгрөгийн зээлтэй, мөн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Голден парк хотхоны 101 дүгээр байрны 108 тоот өөрийн нэр дээрх байрыг барьцаалж бизнесийн 30,000,000 төгрөгийн зээл байгаа. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороонд байгаа байрыг зээл дууссаны дараа өөрийн хүү Б.Амаржаргаланд шилжүүлж өгнө. Би шүүхэд гаргасан хариуцагч Т.Баянбилэгээс сар бүр 1,000,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна. Эд хөрөнгийн маргаанаа жич шийдвэрлүүлнэ. Иймд гэрлэлтийг маань цуцалж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Баянжаргалын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Миний бие Т.Баянбилэг нь нэхэмжлэгч Х.Батсүхтэй 1995 онд танилцаж, 2003 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 1996 оны 6 дугаар сарын 10-нд хүү Б.Амарбаясгалан,1998 оны 8 дугаар сарын 17-нд хүү Б.Амаржаргалан, 2000 оны 8 дугаар сарын 28-нд хүү Б.Амарсанаа нар төрсөн. Х.Батсүх бид 2 улаач хүмүүс, 2019 оны шинэ жилийн үеэр Х.Батсүх нь архи ууж согтчихоод нэг хүүхнээс салахгүй, үнсээд намайг болон хүүхдүүдээ маш эвгүй байдалд оруулж байсан. Мөн хороололд гадаа би түүн рүү чулуу барьж дайраагүй. Х.Батсүх нь үе үе гэрээсээ яваад алга болдог. Хаагуур явсан нь мэдэгдэхгүй 3-6 сар яваад алга болчихдог. Ирэхдээ хөдөө явж байгаад ирлээ гэдэг. Би түүнийг хэнтэй уулзсан, яасан гэж хойноос нь явдаггүй. Манай дунд хүү гэр бүлтэй болоод тусдаа гарсан. Х.Батсүх нь архи их уудаг, агсам согтуу тавьдаг, би түүнээс нь болоод 10 гаран хоног ажил дээрээ хонож байсан удаа ч бий. Гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Эд хөрөнгөний маргаан байхгүй, хүүхдүүд насанд хүрсэн гэв.
Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Батсүх нь хариуцагч Т.Баянбэлэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, сар бүр 1,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.
Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Х.Батсүх, хариуцагч Т.Баянбэлэг нар 1995 онд танилцан, хамтран амьдарч, 2003 он гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, тэд хамтран амьдрах хугацаандаа 1996 оны 6 дугаар сарын 10-нд хүү Б.Амарбаясгаланг,1998 оны 8 дугаар сарын 17-нд хүү Б.Амаржаргаланг, 2000 оны 8 дугаар сарын 28-нд хүү Б.Амарсанаа нарыг төрүүлсэн, тэд зан харилцааны таарамжгүй харьцааны улмаас 2020 оны 3 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Зохигчид 2020 оны 10 дугаар сарын 1-ны өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандаж ажиллагаа явуулахад гэрлэгчид эвлэрээгүй болно.
Иймд нэхэмжлэгч Х.Батсүх, хариуцагч Т.Баянбэлэг нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Нэхэмжлэгч нь хариуцагчаас сар бүр 1,000,000 төгрөгийг халуун усны газрын түрээсийн гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаанд гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ шаардлагаа дараа жич шийдвэрлүүлнэ, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөний маргаангүй гэснийг тус тус дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Алаг адуут овогт Хуягийн Батсүх*******, Екэс овогт Төмөрчулууны Баянбэлэг /РД: ПВ72022503/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Зохигчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгөний маргаангүй гэснийг дурдсугай.
3. Нэхэмжлэгч нь хариуцагчаас сар бүр 1,000,000 төгрөгийг халуун усны газрын түрээсийн гэрээний хугацаа дуусах хүртэл хугацаанд гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч энэ шаардлагаа дараа жич шийдвэрлүүлнэ гэснийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарласугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР