Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 29

 

Ц.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Н.Мөнхжаргал даргалан, шүүгч Л.Алтан, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 184 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжтай, Ц.А-д холбогдох, 2035000420046 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ариунзаяа, прокурор А.Анхбаяр, шүүгдэгч Ц.А нар оролцов.

Монгол Улсын иргэн, Х ургийн овогт Ц-ний А, 1974 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10-р багийн .. тоотод оршин суух, Сум дундын 24 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 106 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, регистрийн дугаар:...

Шүүгдэгч Ц.А нь “Увс-Авто зам засвар, арчлалт” төрийн өмчит хувьцаат компанийн хариуцдаг улсын чанартай А-18 кодтой Улаангом-Наранбулаг-Сонгино-Нөмрөг чиглэлийн хатуу хучилттай авто замд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 03-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн 72-51 УВА улсын дугаартай Зил-130 загварын автомашинаар Хар тарвагатайн нүүрсний уурхайгаас Улаангом сумын чиглэлд нүүрс тээвэрлэх явцдаа автомашины чиргүүлийн дугуй хагарсныг мэдэхгүй хатуу хучилттай авто зам дээр обудаараа явж Улаангом талаас 18.9 километрээс 24.9 километрийн хооронд замыг болгоомжгүй гэмтээсний улмаас улсад 4.602.400 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х ургийн овогт Ц-ний А-д холбогдох 2035000420046 дугаартай эрүүгийн хэргийг Увс аймгийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн байна.

Прокурор давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ц.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр прокурорт буцааж шийдэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Шүүгдэгч Ц.А нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.

Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаас харахад шүүгдэгчийн үүсгэсэн автозамын эвдрэл нь Улаангом сум талаас 18,9 км-ээс 24,9 км хүртэл нийт 6 км үргэлжилсэн автозам дээр ан цав үүссэн нь тогтоогдсон.

Мөн хохирогчоор тогтоогдсон “АЗЗА” ТӨХК-ийн төлөөлөгчийн гаргаж өгсөн тооцоо болон дүгнэлтийг үндэслэн уг гэмт хэргийн хохирлын хэмжээг тогтоосон. Шүүгдэгч Ц.А нь “АЗЗА” ТӨХК-ийн ерөнхий инженер болон холбогдох бусад албан тушаалтнуудын хяналтаар ан цав үүсгэсэн автозамаа засаад, хохирогчид хүлээлгэж өгсөн.

Иймд анхан шатны шүүх зөвхөн “Уг хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргах эрхгүй, дүгнэлт гаргаж буй этгээд нь өөрийн мэргэжлийн туршлагын талаар дүгнэлтэд тусгаагүй бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.6 дахь хэсэгт заасан шинжээчийн дүгнэлтэд тавигдах шаардлагыг хангаагүй байна” гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй юм.

Миний хувьд дээрх шинжээчийн дүгнэлттэй танилцсан бөгөөд нэгэнт шинжээчийн гаргасан дүгнэлт нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа тохиолдолд тухайн хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэх  бүрэн боломжтой байсан гэж үзэж байна. Уг хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцлаа гээд нэмж хийгдэх ажиллагаа байхгүй. Иймд шүүх бүрэлдэхүүнээс прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөхийг хүсч байна” гэв.

Шүүгдэгч Ц.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтаст хэрэгт авагдсан баримтад миний үүсгэсэн замыг сэргээн засах зардалд 20.000.000 төгрөг болон 4.000.000 төгрөг зарцуулагдана гэж бичигдсэн байсан. Би өөрөө дээрх замыг засахад 300.000 гаруй төгрөгийн зардал л гарсан. Гэтэл ямар учраас ийм их зардал гарна гэж тооцсоныг ойлгохгүй байна. Миний зассан замд огт доголдол байхгүй, хохирогчид хүлээлгэн өгсөн. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.  Иймд хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 184 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн Ц.Ад холбогдох 2035000420046 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

Прокуророос шүүгдэгч Ц.Аг 2020 оны 01 дүгээр сарын 03-ны шөнө бусдын эд хөрөнгө буюу “Увс-Авто зам засвар арчлалт” төрийн өмчит хувьцаат компанийн хариуцдаг улсын чанартай А-18 кодтой Улаангом-Наранбулаг-Сонгино- Нөмрөг чиглэлийн хатуу хучилттай авто замыг болгоомжгүйгээр гэмтээсэн гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба шүүх уг хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалт чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хуульд нийцсэн нотлох баримтад үндэслэн шийдвэр гаргах үүрэгтэй болно.

Ц.Ад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр, хэмжээ буюу нотолбол зохих байдлуудыг хууль зүйн үндэслэлтэй тогтоогоогүй, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийхэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлд заасан “Болгоомжгүйгээр эд хөрөнгө, устгах, гэмтээх, үрэгдүүлэх“ гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирлын хэмжээнээс хамаарч гэмт хэргийн шинж тодорхойлогдох ба тодруулбал: гэмт хэрэг мөн эсэх, улмаар хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэх нь хамаарах тул  гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг хууль зүйн үндэслэлтэй нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоох зайлшгүй шаардлагатай.

Прокурор “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эрх бүхий этгээд болох Увс финанс Аудит ХХК-ийн  шинжээч Я.Нарантуяагийн дүгнэлтээр тогтоосон” гэх тайлбарыг гаргаж байгаа боловч уг дүгнэлтээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хууль зүйн үндэслэлтэй тогтоосон гэж үзэх боломжгүй. Учир нь:

Увс финанс Аудит ХХК-ийн  шинжээч Я.Нарантуяагийн дүгнэлтээр зам засварлахад хэрэглэгдэх түүхий эд тухайлбал: битум, эрдэс нунтаг, элс, түлшний мод зэргийн нэг бүрийн зах зээлийн үнэлгээг тогтоосон /хх-ийн 64 дүгээр тал/ байх бөгөөд харин мөрдөгч өөрөө уг түүхий эдийн зах зээлийн үнэлгээг баримтлан хохирлын тооцоог /хх-ийн 70 дугаар тал/ гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардагдсан, эсхүл эд зүйл, хөрөнгийн үнэлгээг тогтоохоор шинжилгээ хийлгэнэ” гэх хуулийн шаардлагад нийцэхгүй болно.

Иймд гэмт хэргийн улмаас эвдэрсэн гэх 6 км замын гадаргууд үүссэн хагарал гэмтлийг засварлахад буюу тухайн замыг ашиглагдах хэвийн байдалд оруулахад  гарах материал, зардлын тооцооллыг тусгай мэдлэг бүхий этгээдээр тогтоолгож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу хэргийн бодит байдлыг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг хуульзүйн хувьд няцаах, үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 184 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай“ шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 07 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэрэг прокурорт очтол Ц.А-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                         Л.АЛТАН

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН