Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0408

 

 

 

 

 

 

 

 

 

2022 05 30 0408

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч Ю*** ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б***

Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б*** нарын хоорондын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/** дугаартай тушаалын Ю*** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Золбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ю*** ХХК-ийн захирал Ц.Д** нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/** дугаартай тушаалын Ю*** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Ю*** ХХК нь маргаан бүхий актыг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

1/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нь манай компанитай холбоотой хууль бус шийдвэр гаргахдаа шийдвэр гаргах нөхцөл бүрдсэн тухай урьдчилан мэдэгдэлгүйгээр, оролцоог хангалгүйгээр гэнэт гаргасан гэж,

2/ Төр, захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоо, тэдгээрийн хариуцлагагүй байдлаас газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байсан нөхцөл байдлаас шалтгаалсан гэж,

3/ Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан ...эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй..., хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй... гэж заасныг тус тус баримтлан газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй гэжээ.

4. Нэхэмжлэгч Ю*** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Манай компани нь 2015 оны 6 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Тусгай хамгаалалттай газар нутагт газар олгохыг хүссэн албан бичгийг хүргүүлсэн бөгөөд 2016 онд тус хүсэлтийг дахин гаргасан. 2017 оны 8 дугаар сард албан бичгийн хариуг лавлахад танай компанийн асуудал шийдэгдсэн гэсэн тул 2017 оны 9 дүгээр сард кадастрын зураг хийлгүүлсэн.

Анх газар дээрээ очиж үзэхэд газар уул руу цоройж орсон, ус урсдаг үерийн сувагтай байсан ба ашигтай талбай нь бага байсан. Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд кадастрын цэгийг өөрчлүүлж, газрын талбайг нэмэгдүүлэх хүсэлт гаргасан. Байгаль орчин аялал жуулчлалын яамны газрын даргын гарын үсэгтэй 2019 оны 9 дүгээр сард ирүүлсэн албан бичигт кадастрын цэгийг өөрчилж, газрын талбайг нэмэгдүүлэх боломжгүй гэсэн байсан. * уулын дархан цаазат газрын байцаагчийн зөвлөснөөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Кадастрын хэлтэст кадастраа өөрчлөх тухай албан бичгийг хүргүүлсэн. 2019 оны 9 дүгээр сард * уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг * дүүргийн газрын албанд гаргасан. * дүүргийн газрын албаны дансанд 3,275,840 төгрөгийг газрын төлбөрт болгон шилжүүлсэн. Манай компаниас 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан гурвалсан гэрээ байгуулах хүсэлтийг * дүүргийн Засаг дарга 2020 оны 7 дугаар сард гарын үсэг зурж баталгаажуулсан.

2020 оны 7 дугаар сард Ковид-19 цар тахлын улмаас Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд шууд хандах боломжгүй байсан. 2020 оны 8 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газарт хандахад Холбогдох газрын дарга өөрчлөгдөж, гарын үсэг зурсан боловч Авлигатай тэмцэх газар, Эдийн засгийн цагдаагийн хамтарсан шалгалт орсон учраас тамга тэмдэг дарагдаагүй байна гэсэн тайлбар өгсөн. 2021 оны 01 дүгээр сард дээрх асуудлын талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тодруулахад гурвалсан гэрээг дүгнүүлээгүй шалтгаанаар гэх * уулын хамгаалалтын захиргаа руу буцаасан гэх хариуг өгсөн. * уулын хамгаалалтын захиргаан дээр очиж уулзахад 2021 оны 02 дугаар сард газар эзэмших эрх хүчингүй болсон байна гээд хүчингүй болсон тушаал, түүний хавсралтыг 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээлгэж өгсөн. 2021 оны 02 дугаар сард хүчингүй болсон байхад манай компанид мэдэгдээгүй болох нь төрийн байгууллагуудын уялдаа холбоо, ажлын хариуцлага сул байдлаас болсон гэж үзэж байна. Дээрх шалтгааны улмаас хугацаа алдсан учир маргаан бүхий захиргааны актыг гардаж аваад шүүхэд нэхэмжлэл гаргасан гэв.

5. Хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн А/** тоот тушаалаар хүчингүй болгосон. Ю*** ХХК нь тус тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн А/** тоот тушаалд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг үндэслэсэн. Тухайн газраа 2 жил болон түүнээс дээш хугацаагаар ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Ю*** ХХК нь анх 2016 онд газар ашиглах эрхийг 5 жилийн хугацаатай авсан. Таван жилийн хугацаанд тухайн газарт үйл ажиллагаа явуулаагүй, газрын төлбөрөө төлөөгүй. 2020 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа * уулын хамгаалалтын захиргаа, Цагдаагийн ерөнхий газар, Авлигатай тэмцэх газраас хамтарсан шалгалт зохион байгуулж 660 орчим аж ахуйн нэгжүүдийг газрын төлбөрөө төлөөгүй, ямар нэгэн зөрчилтэй, зарим байгууллага нь үйл ажиллагаа явуулаагүй, удаан хугацаанд газар ашиглах эрхтэй гэх үндэслэлээр хууль тогтоомжид нийцүүлэн арга хэмжээ авах тухай Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн албан бичиг болон * уулын хамгаалалтын захиргааны 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн саналын дагуу 2021 оны 02 дугаар сарын 18-ний өдрийн А/** тоот тушаал гарсан. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар газар ашиглах эрх олгох, цуцлахдаа харьяа байгууллага болох хамгаалалтын захиргааны саналыг авдаг. Мөн холбогдох төрийн байгууллагуудын саналыг тусгадаг. Тушаал гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох, мэдэгдэх ажиллагааг хийсэн. Нэхэмжлэгч компанид 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Тусгай хамгаалалтын бүс нутгийн удирдлагын газраас шийдвэр гарахтай холбоотой мэдэгдэл хүргүүлсэн. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/** тоот тушаалыг хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын /хуучнаар/ 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн А/189 дугаартай тушаалын хавсралтын 24 дэх хэсгээр нэхэмжлэгч Ю*** ХХК-д дүүргийн газрын тусгай хамгаалалттай газар нутгийн  аялал жуулчлалын зорулалтаар 0,8 га газрыг 5 жилийн хугацаатайгаар олгож, 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр **/*** дугаартай гэрчилгээ олгожээ.

3. Нэхэмжлэгч Ю*** ХХК-ийн хүчингүй болгуулахыг хүссэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны А/** дугаар тушаалаар Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7, 27 дугаар зүйлийн 1, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг үндэслэн 104 аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгон шийдвэрлэсэн бөгөөд хавсралтад зааснаар нэхэмжлэгч компанийг газраа 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, усны хамгаалалтын дэглэм зөрчсөн гэх үндэслэлээр газар ашиглах эрхийг цуцалжээ.

4. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй үндэслэлийн тухайд:

1/ Нэхэмжлэгч компаниас Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 17/09 дугаартай албан бичгээр, газрын хамгаалалтын захиргааны даргад 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 18/45 дугаартай албан бичгээр ...аялал жуулчлалын зориулалтаар ашиглахаар авсан 0,8 га газар нь уул руу цоройсон, ус урсдаг судаг таарсан нь газрын ашигтай талбайг ихээхэн багасгаж байгаа тул газрын хэмжээг нэмэгдүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж, газрын хамгаалалтын захиргаанаас 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1438 дугаартай албан бичгээр дээрх хүсэлтийн дагуу тухайн компанийн ашиглах талбайн хэмжээг 0,3 га-аар нэмэгдүүлэн солбицлыг Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 10/4631 дугаартай албан бигээр ...талбайн хэмжээг нэмэгдүүлэх боломжгүй гэсэн хариуг хүргүүлсэн болох нь хавтаст хэрэг авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

2/ Үүний дараа нэхэмжлэгч компани дахин газрын хамгаалалтын захиргааны даргад ...ашиглалтын талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа тухай, мөн кадастрын зурганд өөрчлөлт оруулж гурвалсан гэрээ байгуулах тухай хүсэлтээ 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр болон 07-ны өдөр удаа дараа албан бичгээр гаргаж, хамгаалалтын захиргаа 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Солбилцол өөрчлөх тухай 1550 дугаартай ... солбилцол өөрчлөн **/*** тоот гэрчилгээний хавсралтад өөрчлөлт оруулахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтэст хүргүүлж, талбайн өөрчлөгдсөн солбилцлуудыг гэрчилгээний хавсралтад тэмдэглэсэн байна.

3/ Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч Ю*** ХХК-д 2016 онд газар ашиглах эрх олгогдсноос тухайн газар нь ашиглах боломжгүй байх тул талбайн хэмжээг нэмэгдүүлэх болон солбицолыг өөрчлүүлэхээр эрх бүхий байгууллагад тасралтгүй хүсэлт гарган явж 2019 оны 9 дүгээр сараас газрын солбицлыг өөрчлүүлсэн байх тул түүний газар ашиглах эрх 2019 оноос эхлэн хэрэгжсэн болох нь тогтоогдож байна.

4/ Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ю*** ХХК-ийн газар ашиглах эрх 2019 оны 9 дүгээр сараас эхлэн үүссэн гэж үзэж болохоор нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж буруутгах боломжгүй, мөн хэдийгээр тус компани Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл-ийн гэрчилгээгүй ч Засгийн газраас 2020, 2021 онд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон үед хязгаарлалт тогтоогоогүй үйл ажиллагааны ангилалд аялал жуулчлалын үйл ажиллагаа ороогүй нь нийтэд илэрхий үйл баримт тул хүндэтгэн үзэх шалтгаанаар газраа ашиглах боломжгүй байсан гэх нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хүлээн авах боломжтой байна.

5/ Иймд нэхэмжлэгч Ю*** ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэсэн үндэслэлээр буруутгасан хариуцагчийн тайлбарыг үндэслэлгүй байна.

5. Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлийн тухайд;

1/ Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/** дугаар тушаалын хавсралтаар нэхэмжлэгч компанийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй гэсэн үндэслэлээр газар ашиглах эрхийн цуцалж, гэрчилгээг хүчингүй болгожээ.

2/ Ю*** ХХК нь 2018 онд Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэн, мөн 2018-2022 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яамаар батлуулж, гурвалсан гэрээ байгуулах тухай хүсэлтээ удаа дараа захиргааны байгууллагад гаргаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

3/ Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6Газар эзэмших гэрээнд дараахь зүйлийг тусгана, 34.6.6 газрын төлбөр төлөхтэй холбоотой үүрэг, 35 дугаар зүйлийн 35.3.3 газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл газрын төлбөрийг гурвалсан гэрээ байгуулснаар төлөх үүрэг газар ашиглагчид үүсэхээр байх бөгөөд нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... гурвалсан гэрээг байгуулснаар ашиглаж байгаа газарынхаа төлбөрийг тогтоох боломжтой, гэрээ байгуулснаар газрын төлбөр төлөх үүргийг хүлээнэ... гэснийг бууртгах боломжгүй юм.

4/ Нэхэмжлэгч Ю*** ХХК нь гурвалсан гэрээ байгуулагдаагүй байхад 2018 онд газрын тэмдэгтийн хураамжид 4,000,000 төгрөг, 2019 онд газрын төлбөрт 3,275,850 төгрөг, 2021 онд 2,011,628 төгрөг, 3,017,442 төгрөг төлсөн, мөн * уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1123 дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн саналд ...газрын төлбөрийн үлдэгдэлгүй болохыг тодорхойлсон байх тул тус компанийг газрын төлбөр төлөөгүй гэж буруутгах боломжгүй бөгөөд маргаан бүхий актын энэ үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна.

5/ ХХК нь 2021 оны 6 дугаар сарын 09-ний өдөр * уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Газар ашиглах эрхийн гэрчилгээг дахин сунгуулах хүсэлт гаргасны дагуу хамгаалалтын захиргаанаас 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 1123 дугаартай албан бичгээр ... 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн **/*** дугаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах саналыг уламжилсан боловч маргаан бүхий актаар буюу 2021оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус компанийн газар ашиглах эрхийг цуцалсан болохыг дурьдах нь зүйтэй байна.

6. Усны хамгаалалтын дэглэм зөрчсөн гэх үндэслэлийн тухайд:

1/ Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно гэж заасан байх бөгөөд Ю*** ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өөрчлөлт оруулсан эргэлтийн цэг нь Усан сангийн эдэлбэр газартай давхцалгүй болохыг * уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1599 дугаартай албан бичиг болон шүүхийн үзлэгээр тогтоогдож байх тул маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.12 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ю*** ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/** дугаартай тушаалын Ю*** ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ