Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 213/МА2018/00028

 

                       *******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдох

иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж  заалдах шатны  шүүхийн Иргэний хэргийн  шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч  М.Мөнхдаваа  даргалж, шүүгч Л.Нямдорж,  Г.Уламбаяр  нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн  шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04  дүгээр сарын 30-ний  өдрийн 131/ШШ2018/00421  дүгээр  шийдвэртэй

Нэхэмжлэгч *******  *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******гийн*******д  холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж  тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч *******ын  давж  заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдөр  хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, нарийн бичгийн дарга  Б.Соёлмаа  нар оролцов. 

Нэхэмжлэгч  *******  *******гээс  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие ******* нь 2008 онд *******тай танилцаж, 2008 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хуримаа хийсэн. 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүү төрсөн. Хамт амьдарч байх явцад амьдрал энгийн сайхан үргэлжилж үр хүүхдээ өсгөн аз жаргалтай амьдарч байсан. Гэтэл  ******* нь нэг өдөр хувцсаа аваад хүүхэд орхиод салаад  явсан.

Одоо ******* нь эгч дүүтэйгээ нийлж намайг гэрт оруулахгүй байгаа. Тухайн байрыг анх авахдаа надад аав ээж маань гэрлэхээс өмнө өгсөн хашаа байшинг 18.000.000 төгрөгөөр зарж, байрны төлбөрт өгсөн бөгөөд, үлдсэн мөнгийг ******* бид 2 хамт төлсөн. Одоо ******* нь өөр эрэгтэйтэй эр эмийн харилцаатай бөгөөд бид дахин хамт амьдрах боломжгүй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү ыг миний асрамжид үлдээж, дундын эд хөрөнгө болох байрны зохих хэсгийг надад олгож өгнө үү. Хүү маань одоо надтай хамт амьдарна гэдэг гэжээ.

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие нь *******тай 2008 онд танилцаж, 2008 оны 05 дугаар сарын 15-ний өдөр албан ёсоор гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлэн 2008 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хуримаа хийсэн. 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүү ыг төрүүлсөн. Тэгээд 2012 оны 01 дүгээр сард байр худалдаж авсан. 2016 онд ******* нь өөр хүнтэй гэртээ унтаж байсан учраас бид хоёр салах болсон. Иймд ******* бид хоёрын гэрлэлтийг цуцалж хүүхдийг миний асрамжид үлдээж өгнө үү эд хөрөнгөөс өөрийн цалингаараа авсан 1.600.000 төгрөгийн үнэтэй том зурагтаа авах хүсэлттэй байна. Нэхэмжлэлээсээ  дундын эд хөрөнгийн  бусад шаардлагаасаа татгалзаж байна гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

******* миний бие 2007 онд танилцаж, үерхэж байгаад 2008 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хурим найраа хийсэн болно. Хүү 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдөр мэндэлсэн.  ******* нь байнга хардаж, хэрүүл маргаан хийж, гарч зугатах гэхээр  хаалгаа дотроос нь түгжчихээд зоддог байсан. Олон удаа тархи толгой руу зодуулсноос тархи толгойны өвчтэй болж, одоо байнга толгой тархи өвддөг болсон. Зодож байхдаа дандаа толгой руу цохьдог, цээжин бие хөх эрээн болгодог байсан. Ингэж олон цохиж зодуулахдаа би хүүгийнхээ эцэг учраас цагдаа шүүхэд 1 ч удаа хандаж байгаагүй.  Намайг  Баянхонгор аймгийн Татварын хэлтэст орон тооны бус байцаагчаар ажиллаж  байхад 2013 оны 10 дугаар сард ******* ажил дээр зодож, маш хүндээр гэмтээснээс миний нүдний хараа муудсан.

Үүнээс хойш би гэр бүлийн хүчирхийлэлд дандаа амьдрахаас айж, *******тэй үг дуугараагүй салахаар шийдэж, сална гэдгээ хэлээд хувцас хунараа аваад хүүтэйгээ хамт аав, ээжийндээ ирсэн. Одоо гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна. Харин хүүгээ өөрийнхөө асрамжинд авна. ******* хөдөө алтны уурхайд ажилладаг, аймгийн төв дээр тогтмол байдаггүй, тогтсон тодорхой ажил төрөлгүй учраас хүүхдээ өгч чадахгүй. ******* өөрөө ширүүн цочир ууртай, барьсан юмаараа цохьдог. Хүү нь одоо их аймхай, аавыгаа чанга дуугарахаар айж чичирдэг, зүрх муутай, бие нь салгалдаг. Байр нь бидний дундын өмч биш байрны асуудлыг тусад нь шийдүүлнэ гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие 2010 оны 05 дугаар сарын 24-ны өдөр хүүх ыг төрүүлсэн. Тэр цагаас хойш банкандаа хэдэн сар ажиллаж байгаад хүүхэд харах хүнгүй болоод банкнаасаа гараад хүүхдээ аваад хөдөө ажил хийж хүүхдээ асарч байсан. Хүүхдээ 2 нас хүрээд цэцэрлэгт орох үед нь хоёр сар хадам аав, ээжээрээ харуулж цэцэрлэгт зөөлгөж байсан. Тэгээд цагаан сараар ажлаас бууж ирээд хүүхдээ асарч эхэлсэн. Хүүхдээ би өөрөө л асардаг байсан. *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр нь ******* нь намайг Архангай аймаг руу яваад ирэхэд өөр эрэгтэй хүнтэй унтаж байсан гэж бичсэн байсан. Би тэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна учир тухайн үед надтай гэсэн эмэгтэй хүн байсан. Би эрэгтэй хүнтэй хамт унтаж байгаад гэрээсээ яваагүй ******* бид хоёр таарч, тохирохгүй хэрүүл, маргаан хийгээд байсан болохоор *******г ухаарах юм болов уу гэж бодон гэрээсээ явсан. Намайг гэрээсээ явсныг далимдуулан ******* нь өөр хүнтэй болсон. Би гэрлэлтэй цуцлуулах болон бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна *******тэй эвлэрэх хүсэлттэй байна. Мөн би хүүхдээ *******д өгмөөргүй байна. Харин том зурагтаа ******* авч болно, энэ талаар маргахгүй гэв.

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Цэц мэргэн овогт ******* *******, Сархад овогт *******гийн******* нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2010 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн хүү ыг эцэг *******гийн асрамжид хэвээр үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь цахилгаан зуух, хөргөгч, хөлдөөгч 32 инчийн LCD зурагт зэрэг эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж, хариуцагч *******аас 1.600.000 төгрөгийн үнэлгээтэй, 55 инчийн LCD зурагтыг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5-р багийн 2 дугаар байр 01 тоотод байршилтай орон сууцны зохих хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн  60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, 317.970 төгрөг, 64.678 төгрөг, нийт 452.848 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 102.539 /70200+32339/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шүүхийн шийдвэрт бичсэнчлэн хүү маань 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс аавынхаа асрамжид байгаа буюу ******* нь шүүхэд өргөдөл өгсөнөөсөө хойш л хүүгээ авах гэж улайран хулгайгаар шахуу авч явчихаад утсаа ч авахгүй, хүүг маань надтай ч уулзуулахгүй, өөрөө аймаг дээр байхгүй байж хүүг маань өөрийнхөө аав, ээжид аваачиж өгчихөөд хөдөө явчихдаг болсон.

Өргөдөл гаргаснаасаа хойш хүүг маань хэлж ярихгүй хичээл дээрээс нь хулгайгаар шахуу аваад явчихдаг болсон. Би за яахав хэрэг шийдэгдтэл аав дээрээ ирж очин байг гэж бодож байтал хүүг маань над руу ирүүлэхээ байж, амттанаар хууран үг заан өгдөг болсон.

Мөн ******* нь хөдөө уурхайд ажилладаг, аймаг дээр амьдардаггүй байж, аймагт ажиллаж байгаа гэж хуурамч баримт бүрдүүлж шүүхэд өгсөн, одоо ******* нь хөдөө уурхайд ажилдаа явчихсан, хүү маань *******гийн эцэг, эх дээр байгаа. Би хүүтэйгээ уулзах гэж очихоор аав ээж нь намайг загнаж, хүүг маань бас загнаж, надаас нууж уулзуулахгүй байна.

Хэдийгээр хүү маань аавтайгаа амьдарна гэж саналаа өгсөн байгаа ч шүүх эцэг, эхийн бусад нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой гэж бодож байна. Би тогтсон аймгийн төвд ажилтай орон сууцанд хүүгийнхээ сургуультай маш ойрхон амьдардаг, ******* нь хөдөө ажилладаг, эцэг, эх нь амьчуулын эцэст хашаанд амьдардаг. Тэгээд л хүүг маань ээж, аавдаа үлдээгээд хөдөө явчихдаг, хүүг маань аав, ээж нь баахан амттан чихэр, ундаагаар хуураад хажуудаа байлгаад байдаг. Над руу ерөөсөө явуулдаггүй, уулзуулдаггүй. Надтай байх үед нь би аав руу нь явъя гэсэн үед нь байнга л явуулдаг байсан.  Би одоо хүүтэйгээ уулзаагүй удаж байна. Хамгийн сүүлд 4 дүгээр сарын 25-нд очоод хүүтэйгээ уулзаж чадаагүй явсан эмээ нь миний хүүг машиндаа түгжээд гаргаагүй хүүг минь их хүнд байдалд оруулж байгаа хүүхэд эхийгээ санаж бэтгэрсэн шинжтэй харагдаж байсан.

Ийм бодит байдалтай шүүх дээр нөхцөл байдпыг харгалзалгүй хүүг маань *******гийн асрамжид өгснийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 2018 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 65 дугаар шинжээчийн дүгнэлт дээр *******гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэсэн ганц ч үг, өгүүлбэр байхгүй байхад тус дүгнэлтийг үндэслэн хүүг маань *******гийн асрамжид үлдээж шүүх шийдвэрлэсэн. Мөн “хүүхдийн одоо амьдарч байгаа орчиндоо илүү дассан байдлыг харгалзаж дассан орчин нөхцөлд нь хэвээр үлдээх” гэжээ, гэтэл хүү маань 2017 оны 11 дүгээр сарын 27 ноос хойш л *******гийн аав, ээж дээр байгаа, намайг хүүгээ авах гээд очихоор аав, ээж нь хөөж туугаад, цохиж нүдээд хүүтэй минь уулзуулдаггүй. Тэрнээс хүү маань өөрийнхөө хүсэл сонирхлоор сайн дураараа тэднийд байгаа эсэх нь эргэлзээтэй байхад шүүх бодит байдлаас хэт өрөөсгөл дүгнэлт өгч шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Хариуцагч миний бие *******тэй удаа дараа эвлэрэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсээр байхад анхан шатны шүүх болон эвлэрүүлэн зуучлагчийн зүгээс дорвитой арга хэмжээ аваагүй, нэхэмжлэгч ******* нь ч эвлэрүүлэн зуучлагч удаа дараа дуудахад ирээгүй. Ийм хариуцлагагүй хүнд хүүг маань даатган өгч байгаад гомдолтой байна. Миний бие *******г нэхэмжлэл гаргаснаас хойш эвлэрэх хүсэлтэй байсан тул хүүгийнхээ асрамж, тэтгэлэг, бусад зүйлийн талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй байж байгаад 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр сөрөг нэхэмжлэлээ шүүх хуралдаан дээр өгсөн боловч миний сөрөг нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдвэрт огт тусгагдаагүй, мөн надад сөрөг нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар захирамж, шийдвэр шүүхээс огт гардуулаагүй.

Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 131/ШШ2018/00421 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хүү ыг маань миний асрамжид үлдээж өгнө үү

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* нь  *******гийн*******аас  гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж  тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Анхан шатны шүүх *******  *******,  *******гийн******* нарын гэрлэлтийг цуцалж, хүү ыг эцэг *******гийн асрамжид  үлдээж, нэхэмжлэгч ******* нь цахилгаан зуух, хөргөгч, хөлдөөгч 32 инчийн LCD зурагт зэрэг эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдаж, хариуцагч *******аас 1.600.000 төгрөгийн үнэлгээтэй, 55 инчийн LCD зурагтыг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Баянхонгор сумын 5-р багийн 2 дугаар байр 01 тоотод байршилтай орон сууцны зохих хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

Гэрлэгчид нь  2016 оны 2 дугаар сарын 7-ны өдрөөс хойш тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д зааснаар гэрлэгчдэд  хоёр сарын хугацаагаар эвлэрэх хугацаа олгож, шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч гэрлэгчид  эвлэрээгүй  байх тул гэрлэлтийг цуцалж  шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй байна.  

Гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг  шийдвэрлэхдээ  нэхэмжлэгч ******* нь  зарим эд хөрөнгийг гаргуулахаас татгалзсан, *******аас 1.600.000 төгрөгийн үнэлгээтэй, 55 инчийн LCD зурагтыг гаргуулж, нэхэмжлэгчид олгож,  шүүх орон сууцны зохих хэсгийг гаргуулах нэхэмлжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн бөгөөд гэрлэгчид хэн аль нь  дундын эд  хөрөнгийг  шийдвэрлэсэн талаар маргаагүй байна.

Хариуцагч ******* нь  хүү ыг  миний асрамжинд үлдээж өгнө үү,  ******* нь хөдөө уурхайд ажилладаг, аймаг дээр амьдардаггүй тул хүү маань  *******гийн эцэг эх дээр байгаа нэртэй, харж халамжлах хүнгүй  шахуу байгаа гэсэн гомдол гаргаж байгаа боловч хүү ын одоо байгаа нөхцөл байдал болон *******г хөдөө  байнга уурхай дээр ажилладаг  аймгийн төв дээр байхгүй тухай  нотлох баримтыг шүүхэд гаргаж  өгөөгүй, энэ тухайгаа шүүхэд нотлоогүй байна гэж үзлээ. 

Хүү ыг түүнийг аавтайгаа хамт амьдрах талаарх хүүхдийн санал /хх-ийн 58-59 дүгээр тал/,  Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны А/74 дугаар тушаалаар томилогдсон шинжээчийн багийн дүгнэлтээр “…хүүгийн асран хамгаалалтыг  аав ээжийн алинд ч  шилжүүлэх боломжтой байна. Хүүхдийн сэтгэл зүйн сорилын дүнгээс үзэхэд хүү нь аавдаа илүү ээнэгшил дасалтай байгаа нь харагдаж байна..” /хх-ийн 179-183 дугаар тал/   гэсэн дүгнэлт  гаргасан байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзаж  үзээд анхан шатны шүүх хүү ыг эцэг *******гийн асрамжинд  үлдээж  шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй байна. 

Хариуцагч ******* нь анхан шатны шүүх хуралдаан дээр хүү ыг өөрийнхөө асрамжинд  авахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд сөрөг нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар шүүхийн шийдэрт тусгаагүй, сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн шийдвэрээ  надад гардуулаагүй гэж  гомдол гаргаж байгаа боловч шүүгч сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тухай 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 01328 дугаар шүүгчийн захирамжийг анхан шатны шүүх хуралдаан дээр танилцуулсан болох нь  шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа нь хэргийн оролцогчийн эрхийг хангаж  шийдвэрлэсэн байна гэж үзлээ..

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч  *******ын  давж заалдсан гомдлыг хангах  үндэслэлгүй  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200  төгрөгийг  төрийн сангийн дансанд хэвээр үлдээх  үндэслэлтэй байна.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

   ТОГТООХ  нь:

1.  Баянхонгор  аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн   2018 оны 4 дүгээр сарын 30-ны  өдрийн 131/ШШ2018/00421  дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж,  хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг  хэрэгсэхгүй болгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56  дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг   төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж  заалдах  шатны  шүүх  хэргийг  шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг  гардан  авсан, эсхүл хүргүүлснээс  хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд   хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй  болохыг  дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                     

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                                                                 ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ    

                                                                                            Г.УЛАМБАЯР