| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2024/0209/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/202 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Пүрэврагчаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ШЦТ/202
2024 02 27 2024/ШЦТ/202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
Улсын яллагч Д.Пүрэврагчаа,
Хохирогч: Л.Ц,
Шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Э.Б /РД:/******/-д холбогдох эрүүгийн 240900000000** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ** төрсөн, 25 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашины засварчин мэргэжилтэй, *** ХХК-д машинист ажилтай, ам бүл 1, ганцаараа, Улаанбаатар хот *** дүүрэг 26 дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай боловч одоо ** дүүргийн ** дугаар хороо ** байрны *** тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Э.Б РД:/********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө ** дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” нэртэй караокед хохирогч Л.Ц-тай маргалдаж, улмаар Л.Ц-ийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар таславчийн муруйлт, зүүн нүдний алим, дээд доод зовхи, дух, цээжинд цус хуралт, дээд уруулд шарх, баруун чамархай, зүүн хацар болон дээд уруул орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь “...2023 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “**” нэртэй караокед хохирогч Л.Ц-тай маргалдаж, улмаар Л.Ц-ийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамар таславчийн муруйлт, зүүн нүдний алим, дээд доод зовхи, дух, цээжинд цус хуралт, дээд уруулд шарх, баруун чамархай, зүүн хацар болон дээд уруул орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:
Хохирогч Л.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 23-ны орой би өмнө хамт ажилладагг байсан хоёр хүн болох захирал С, нарийн бичиг У нарын хамт *** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхдийн 100-д “**” караокед орж үйлчлүүлсэн. Бид хэд тухайн газарт 21-00 цагийн хооронд үйлчлүүлсэн санагдаж байна. Уянга болохоор 23 цаг 30 минутын үед түрүүлээд гарсан. С бид 2 үлдсэн. Караокены өрөөнд С нь надтай ойрхон суугаад намайг тэвэрч байсан. Би тухайн газарт үйлчлүүлэхдээ 1 шил яагир уусан, тэр согтууруулах ундаанд согтно гэж бодохгүй байгаа ч согтсон байна. С ёсгүй гэж бодож байна. Гэвч би согтож тасарсан. С-тай караокены өрөөнд хоёулаа үлдэхдээ л би тасраад согтсон байгаа юм. Дунд нь болсон явдлууд орж гараад хальт санагдаж байна. Нэг сэрэхэд би нүүр нүдгүй зодуулж байсан. Би тэрийг бол санахгүй байна. С ын хэлснээр бол өмнөх найз залуу Батсамбуу нь намайг зодсон гэсэн. Батсамбуу гэх залууд зодуулснаас болоод миний толгойд 2,3 газар язарсан, уруул 2-3 газраа сэтэрсэн, уруулын 3 газарт оёдол тавиулсан, хамрын таславч яс нь тэр чигээрээ угаараа хугарч гэмтсэн..." гэх мэдүүлэг, /ХХ-ийн 14-15-р тал/,
Гэрч М.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 23-24-нд шилжих шөнө ажлынхаа хоёр хүн болох Ц, У нарын хамт Хүүхдийн 100-д “**” нэртэй караокед орж суусан. Тэгээд бид гурав 1 шил яагир авч уусан, бас 1 шил виски, хажуугаар нь пивонууд их уусан. Тэгж байгаад нэг мэдэхэд би маш их согтсон байсан. У ямар ч байсан явлаа гээд гараад эргэж орж ирээд Ц бид хоёрыг явъя гэж байсныг санаж байгаа юм. Ц караокены өрөөнд буйдангийн хажуу руу шал руу бөөлжсөн, тэгээд би ямар ч байсан зөөгч дээр нь очоод салфетка аваад арчиж цэвэрлэсэн. Тэгээд л хажууд нь суугаад юм яриад сууж байсан, би ярьсан юмаа ч санахгүй байна. Эргээд харсан чинь Б зогсож байсан. Ц, Б нар зодолдох гээд байсныг санаж байна, тэгээд ямар ч байсан Батсамбуу нь Цийг цохисон, дахиад цохих гэхээр нь би Ц-г тэвэрч аваад өөрийнхөө цээж рүү караокены үүдний сандал дээр ганцаараа сууж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 19-20-р тал/,
Гэрч Б.Ц-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг 2023 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө ** дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “**” караокед зөөгчөөр ажлаа хийж байхад орой 20, 21 цагийн үед 1 эрэгтэй, 2 эмэгтэй хүн орж ирээд караокены өрөө асууж 4 номерын өрөөнд орж үйлчлүүлсэн. Тэр 3 өрөөнд ороод 1 литр 1 шил яагир, 1 литр шил Баллантайнес авч суусан. Тэгээд тэр 3 үйлчлүүлэгч нэлээн удаан цаг сууж үйлчлүүлж байгаад 1 эмэгтэй нь тооцоогоо хийгээд түрүүлээд гараад явсан. Үлдсэн хоёр нь нэг цаг сунгаад шөнө 3 цаг хүртэл сууцгаасан. Тэгээд намайг 3 номерын өрөөг цэвэрлэж байхад манай нөгөө зөөгч Төгөлдөр нь 4 номерт зодоон болсон байна хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд орсон чинь тухайн өрөөнд сууж үйлчлүүлж байсан 1 эрэгтэй, 1 эмэгтэйн эрэгтэй нь зодуулсан байдалтай цус нөждөө хутгалдсан байсан. Намайг 4 номерын өрөөнд ороход тэр 2-оос өөр хүн байгаагүй. Эмэгтэй нь надад хэлэхдээ өөр өрөөнөөс хүн орж ирээд манай найзыг зодчихлоо гэсэн. Тэгээд эмэгтэй нь караокены өрөөнөөс үүд рүү гараад явсан. Эрэгтэйг нь Төгөлдөр бид 2 дагуулж гараад ариун цэврийн өрөө оруулаад нүүр гарыг нь угаалгасан. Тэгээд дагуулж гарч ирээд үүдний сандал дээр эмэгтэйн хажууд суулгасан. Тухайн үед шөнийн 4 цаг дөхөж манай караоке хаах гэж байсан, караокег хариуцаж байсан эгчийнхээ машиныг асааж өгөх гээд гарах замдаа би нэг залуутай таарсан. Тэгээд хойшоо харсан чинь нөгөө зодуулсан ахыг дагуулж гарах гээд сугадаж босгоод байсан. Манай эгч тэр хүнийг болохоор өгч явуулахгүй цагдаа дуудсан байгаа, цагдаа ирэхээр шийднэ биз гэсэн. Тэгсэн чинь дагуулж гарах гээд байсан ах орхиод зугатаасан. Тэгээд би барьж авах гээд куртикнээс нь зуурсан ч гар халтираад тавигдаад гараад гүйчихсэн. Хойноос нь гараад гүйх гэсэн чинь эгч хойноос цагдаа ирж байгаа яахын яахын гэсэн. Тэгээд орхисон. Тэрний дараагаар би эгчийн машиныг асаах гэж 2-3 удаа гарсан, машин асах гэж байн байн унтраад байдаг болохоор байн байн эргэж гарах болсон. Гадаа гартал манай хажуугийн Луна гэсэн паабын үүдэнд нөгөө зугатаасан залуу хараад зогсож байгаад намайг хараад зам гараад гүйгээд зугатаж байсан. Тэр хүн орж ирээд зодуулсан ахыг сугадаад дагуулж гарах гээд байхаар нь манай эгч цагдаа ирж байгаа гэсэн чинь орхиод гараад зугатаачихсан. Манай караокед үйлчлүүлсэн хүн биш, тэр хүн ганцаараа гаднаас орж ирсэн...” /ХХ-ийн 21-22-р тал/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 752 дугаартай:
1. Л.Ц-ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, зүүн нүдний алим, дээд доод зовхи, дух цээжинд цус хуралт, дээд уруулд шарх, баруун чамархай, зүүн хацар болон дээд уруул орчмынн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй гэх шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 24-25-р тал/,
Э.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би Ц, С нарыг жоохон эвгүй байдалтай харчихсан болохоор уур хүрээд Ц-ийг тэр караокены өрөөнд хэд хэдэн удаа гараараа цохисон. Ууртай байсан болохоор биеийнх нь аль хэсэгт цохиж байгаагаа анзаараагүй. Тэгээд зодчихоод уурандаа хоюуланг нь тэнд хаячихаад ганцаараа гараад явсан. Тухайн үед би өөрийнхөө машинтай жолоо барьж явсан болохоор архи уугаагүй, эрүүл байсан. Харин тэр 2 нилээн согтуу байсан. Надад гэмтэл, шарх учирсан юм бол байхгүй. Ц миний мөр рүү хальтж цохисон. Тэгээд би гараад нилээн байж байгаад буцаж орсон чинь караокены үүд коридор хэсгийн буйдан дээр Ц суучихсан С ын цамцыг дээш сөхөөд тэвэрчихсэн өөр рүүгээ татаж байсан. Тэгээд би ороод Цийг дагуулж гарах гэсэн чинь караокены хүмүүс гаргаж явуулахгүй байхаар нь тэнд нь орхиод явсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 58-59-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.
Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Э.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Л.Цийн биед хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.
Иймд шүүгдэгч Э.Б г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.
Хохирол хор уршгийн хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ц-ийн биед хөнгөн хохирол учирсан ба хохирогч нь эмчилгээний зардалд 2.000.000 төгрөг, цалин 4.000.000 төгрөг нэхэмжилсэн ба сэтгэцэд учирсан хохиролоо нэхэмжилнэ гэсэн болно.
Хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой 1.093.320 төгрөгийн нотлох баримт гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Э.Б-с 1.093.320 төгрөгийг гаргуулж, хохирогч Л.Ц-д олгож шийдвэрлэлээ.
Мөн хохирогч нь тус гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролоо нэхэмжилсэн ба хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл нь Хуульзүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар тушаалуудаар хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарахаар байна.
Энэ талаар хохирогчид танилцуулсан болох хавтаст хэргийн 67 дугаар хуудсанд авагдсан ба хохирогч болон шүүгдэгч нь үүнтэй ямар нэгэн байдлаар маргаагүй.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан “хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.6-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтан үзэхээр заасан тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээг шинжээч томилж, тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.
Хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролыг тооцохдоо гэмт хэрэг үйлдэгдэхэд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож 3.300.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Дээрх хохиролыг гаргуулж шийдвэрлэхдээ хохирогч Л.Ц-ийн биед хөнгөн хохирол учирсан гэмтлийн байдал, тухайн гэмтлээс болж хохирогчид учирсан сөрөг үр дагавар, мөн түүнчлэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал зэргийг тус тус харгалзаж үзлээ.
Харин хохирогч Л.Ц нь тухайн гэмт хэргийн улмаас ажлаа хийж чадаагүй тул цалин хөлсөө нэхэмжилнэ гэх боловч энэ талаар баримтаа гаргаж ирүүлээгүй байх тул цалин хөлстэй холбоотой баримтаа болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна....” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Хохирогч Л.Ц нь эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Хариуцлага хөнгөн санагдаж байна. харамсалтай байна...” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Э.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнхүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Э.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38х/, оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 39х/, жолоочийн лавлагаа /хх-ийн 40х/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 41-42х/, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа /хх-ийн 43х/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 44х/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Шүүхээс шүүгдэгч Э.Б гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс тогтоосон хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн болон түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Э.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 230 дугаар зүйлийн 230.2, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т тус тус зааснаар шүүгдэгч Э.Б-с эмчилгээний зардал 1.093.320 /нэг сая ерэн гурван мянга гурван зуун хорь/ төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Л.Цт олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Ц нь цаашид гарах эмчилгээний зардал болон цалин хөлстэй холбоотой баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС