| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0066/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/62 |
| Огноо | 2024-02-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/62
2024 02 02 2024/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.З
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Х.М нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Мт холбогдох эрүүгийн 2425000000057 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, И ургийн овогт Х.М, регистрийн дугаар:;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Х.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэр .......... байх н.Т гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр, хохирогч С.Он-Э рүү найзтай минь маргалдсан гэсэн шалтгаанаар аяга авч шидсэн, улмаар Шанд багийн 36 дугаар гудамжинд над руу юм шидээд гарч явлаа гэсэн шалтгаанаар араас хөөн барьж толгой болон бие рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “дагзанд зөөлөн эдийн няцрал, шарх, баруун нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, духанд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, хэргийн нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Х.Мын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна. Урьд нь үнэн зөв мэдүүлсэн гэх мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:
-хохирогч С.Он-Э мэдүүлсэн... 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр би нөхрийн хамт Орхон аймаг Баян- өндөр сутоотод байдаг Т гэрт нь очиход гэр бүлийн найзууд бүгдээрээ байсан. Тэгээд бүгдээрээ сайн муу болоод хоол унд идээд 2 шил архи ууцгаасан. Тухайн үед миний бие эвгүй байсан учир би огт архи уугаагүй. Тэгээд удалгүй Эдалай, А, Эхүү гэртээ харихаар явсан. Тэгээд би тэр хэдтэй хамт гэртээ харих гэтэл манай нөхөр болох Х.М надруу уурлаад хэл амаар доромжлоод байхаар нь явахгүй үлдсэн. Тэгээд би өвчин намдаагч уугаад найзындаа орон дээр жоохон унтаж босоод ундаа уугаад жоохон бүжиглээд байж байтал манай нөхөр гэнэт найзууддаа сайхан амьдарч байгаагаа магтаад аархаад байсан. Тэгтэл М гэх найз маань намайг чи их шуналтай хүүхэн чи бид нарын дунд хэнч биш гэж хэрүүл өдөж эхэлсэн. Тэгэхээр нь би буцаагаад чи миний амьдарлаар амьдарч үзээгүй байж гээд хэлсэн чинь манай нөхөр шууд найзыгаа өмөөрөөд хэл амаар доромжилоод өөрийнхөө урд байсан аяга тавгийг надруу шидээд байхаар нь зугатаад явах гэтэл миний толгой руу архины шил шидэхээр нь би буцаагаад нөхөр лүү аяга шидчихээд охин руугаа утсаар яриад байгаа айлынхаа хаягийг хэлээд UB CUB дуудаад ээжийгээ авчих гэж хэлээд нөгөө айлаас зугатсан чинь нөхөр ардаас гүйцэж ирээд үсдэж чирээд газар хэвтүүлж байгаад нүүр болон толгой бүх биерүү маш олон өшиглөж гараараа зодсон. Тэгээд зодуулж байтал 103- н түргэн тусламжийн машин таарч намайг зодохыг болиулсан. Тэгээд найзууд нь ардаас нь ирээд охин маань бас UB CUB-тай ирсэн. Тэгээд би шууд машинд нь суугаад явах гэтэл нөхөр машиныг явуулахгүй урд нь хаагаад байсан. Тэгээд охин маань машинаас буугаад ааваа болиоч гэсэн чинь охиныг маань цохисон гэж UB CUB-н жолооч хэлсэн. Тэгээд би шууд эмнэлэг орсон чинь миний хамар муруйсан байна гэсэн. Тэгээд цагдаад өөрийн биеэр өргөдөл гаргаж ирсэн....Гэмт хэргийн улмаас надад хор уршиг учраагүй. Манай нөхөр надаас уучлалт гуйж гэм буруугаа хүлээн зөвшөөрч ахиж намайг цохиж зодохгүй гэсэн. гэх мэдүүлэг /хх-ийн 6-9-р тал/
-гэрч М............гийн мэдүүлсэн.... 2023 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө манай төрсөн дүү болох М.М надад хэлэхдээ ээж утсаар залгаад намайг ирээд авчих гэж хэлэхээр нь би 1)Ь каб дуудаад ээжийн байгаа газар очсон чинь аав ээжийг зодчихсон ээжийн хувцас нь цус болчихсон, нүүр ам нь хавдчихсан байдалтай байж байхаар ээжийг аваад явж байх замдаа ээжийн эгчрүү залгаад болсон зүйлийн талаар хэлээд хамт цагдаад ирж өргөдөл гаргасан гэж хэлсэн. Тухайн хэргийн талаар дүүгээсээ сонссоноороо мэдүүлэг өглөө.... гэх мэдүүлэг /хх-ийн 12-р тал/
-гэрч Г.Б мэдүүлсэн:... Тиймээ тухайн өдөр хорооллын чиглэлд дуудлаганд явсан. Тэгтэл шөний 02 цагийн үед Даваат багт дуудлаганд айлд байж байтал нэг эмэгтэй хүний дуу сонсогдсон. Тэр хүүхэн туслаарай амь авраарай гээд орилсон. Би яг тухайн үед хүний бие үзэж байсан учир тэр дороо гарч чадаагүй 10 минутын дараа хүнээ үзчихээд машиндаа суугаад төв зам руу ороод явж байтал нэг залуу нэг хүүхэнг үснээс нь чирээд байхаар нь би шууд машинаас бууж очоод тэр 2-г салгасан чинь. Нөхөр нь бололтой эрэгтэй чамд хамаагүй гээд надруу уурлаад байсан. Тэгэхээр нь би чамайг цагдаад өгнө гээд цагдаа дуудах гэсэн чинь нөгөө эмэгтэй нь намайг та битгий цагдаа дуудаарай цагдаагаас гарч ирээд намайг ална гэж хэлээд цагдаа дуудуулаагүй. Тухайн үед нөхөртөө нэлээн зодуулсан бололтой нүүр нь нэлээн улайж хавдчихсан, хувцас хунар нь шороо болчихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/
-гэрч Б.Мы мэдүүлсэн:.. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Шанд багт байдаг найзынхаа гэрт очооп байж байтал манай найз Х.М эхнэр С.Он-Эрдэний хамт ирсэн. Тэгээд сайн муу болоод хоол унд идээд архи ууцгаасан. Би нэлээн согтчихоод С.Он-Э дуугүй байгаад ганцаараа биднээс хол суугаад байхаар нь би хажууд нь ойртож очоод юундаа дуугүй байгаад байгаа юм бэ гэж хэлсэнээ санаж байна түүнээс цааш юм санахгүй байна. Тэгсэн чинь Х.М намайг өмөөрөөд С.Он-Эд хандан чи миний найзуудтай ярьсангүй чи өөрөө найзуудтайгаа гарж нийлж явахаараа дуу шуутай юм байналээ гэж хэлээд таваг авж шидсэн чинь эхнэр нь буцаагаад нэг юм шидсэн тэрийг юу гэдгийг санахгүй байна.Тэгээд л С.Он-Э айлын гэрээс гараад явчихсан... гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/
-насанд хүрээгүй гэрч М.М мэдүүлсэн:.. 2023 оны 12 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөний 02 цагийн үед ээж надруу утсаар залгаад байгаа газраа хэлэхээр би 11В каб дуудаад ээжийн байгаа газар очиход ээж аав хоёр байж байсан.Тэгээд би машинаас буугаад ээж дээр очиход үс нь сэгсийгээд хувцас нь цус болчихсон аав ээжийг зодсон байдал байж байсан.тоэгээд шууд ээжийг машинд суулгаад замдаа явж байхдаа нагац эгч Эчимэгрүү утсаар яриад болсон хэргийн талаар хэлээд цагдаа дээр хамт ирсэн. Тэгээд ээж нагац эгч хоёр цагдаад өргөдөл гаргасан... гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 99 дугаартай...С.Он-Э биед дагзанд зөөлөн эдийн няцрал, шарх, баруун нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, духанд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх дагзанд зөөлөн эдийн няцрал, шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....гэх дүгнэлт /хх-н 27-29-р тал/
Шүүгдэгч Х.Мын яллагдагчаар мэдүүлсэн:.Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тухайн өдөр би эхнэр болох С.Он-Э манай найз Мтой хэрэлдэж маргалдсан болохоор би найзыгаа өмөөрөөд эхнэрээ цохиж зодсон. Би ахиж эхнэрээ цохиж зодохгүй хийсэн хэрэгтээ гэмшиж байна ..гэх мэдүүлэг /хх-ийн 40-р тал/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Үйл баримт: Шүүгдэгч Х.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн нутаг дэвсгэр 26-34 тоотод байх н.Т гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр, хохирогч С.Он-Э рүү найзтай минь маргалдсан гэсэн шалтгаанаар аяга авч шидсэн, улмаар Шанд багийн 36 дугаар гудамжинд над руу юм шидээд гарч явлаа гэсэн шалтгаанаар араас хөөн барьж толгой болон бие рүү гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь “дагзанд зөөлөн эдийн няцрал, шарх, баруун нүдний зовхи, зүүн гуянд цус хуралт, хамрын нуруунд цус хуралт, зулгаралт, духанд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Х.Мын үйлдлийн улмаас С.Он-Э биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, Х.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Х.Мын хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 мянган төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч С.Он-Э нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч И овогт Х.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мт 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Мт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Х.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ