| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0065/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/63 |
| Огноо | 2024-02-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/63
2024 02 07 2024/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах
Улсын яллагч Ж.Батбаатар
Хохирогч М.О
Хохирогчийн өмгөөлөгч Н.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т
Шүүгдэгч Ж.Д нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Дад холбогдох эрүүгийн 2325000000453 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б овогт Ж.Д /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Д /РД:/ нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Урт булаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Воззоло” худалдааны төвийн урд талын засмал зам дээр ....................улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч явсан хохирогч М.Оыг мөргөж эрүүл мэндэд нь биед тархины хажуугийн ховдлын цус хуралт, тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун алга, зүүн гуя, бэлгийн их уруулд цус хуралт бүхий хүнд гэмтэл хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Ж.Дын мэдүүлсэн: Би бүх мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Өмнөх өдөр нь найзуудтайгаа уулзаж согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Зүйлчлэл гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид 3,8 сая төгрөг төлсөн. Цаашид шүүх шийдсэн хэмжээгээр төлнө гэх мэдүүлэг,
-хохирогч М.Оын мэдүүлсэн: Тэр өглөө явган хүний гарцаар гарч байхад нэг машин их хурдтай ирж дайрсан. Маш их өвдөлтийг тэсэж гарсан, маш их сэтгэл зүйн шарх авсан. 3 хоног ухаангүй байсан. 13 хоног БОЭТ-д хэвтэж гараад УБ-т ГСҮТ-өөр 1 сар гаруй явсан. Харвалт хүндрэлээс сэргийлэх нөхөн сэргийлэх эмчилгээ хийгдсэн. Би ганц охинтой, охин маань маш их сэтгэл зүйн дарамтад орсон. Маш их гомдолтой байна. Одоо сэтгэл зүй маш их айдастай, нойргүйдэл толгойн өвдөлт, тархины баруун талын саажилт, марталт, эмч мэргэжлээрээ ажиллах итгэлгүй болсон, шүлэг бичдэг байсан чадваргүй болсон, нүдний хараа муудсан. Нөхөн сэргээх эмчилгээ жилд 3-4 удаа явах шаардлагатай болсон. Хотод үзүүлсэн эм эмчилгээ, зардал нийт 13,092,755 төгрөг, 6 сар ажилгүй байсан хугацааны 6,000,000 төгрөг, асрагчийн зардал зэргийг нэхэмжилнэ. Мөн сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хохирол шинжээчийн дүгнэлтийн дагуу нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
- эрүүгийн 2325000000453 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан,талуудаас шинжлэн судалсан:
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-14-р тал/,
-Ж.Дын согтуурлыг шалгасан баримт /хх-ийн 15-р тал/
-хүний биеэс биологийн дээж /цус/ авсан тэмдэглэл /хх-ийн 17-р тал/
-хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай .....Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртбулаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Bozzolo” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгээс урд талын зам руу харсан “zam ruu harsan heseg” бичлэгийг үзэхэд ертөнцийн зүгээр худалдааны төвийн урд талд байх 4 эгнээ, 2 урсгалтай, явган хүний гарцыг харуулсан хяналтын камерын бичлэг байв...дээгүүрээ цайвар өнгийн цамцтай,доогуураа хар өнгийн өмдтэй эмэгтэй бараан өнгийн цүнх үүрч 2 гартаа эд зүйл бариад явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад 08:05:48 цагт ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд бараан өнгийн суудлын тээврийн хэрэгсэл шууд мөргөж эмэгтэй хүн агаар дээр 1 удаа эргэж газар унаж байв... гэх тэмдэглэл /хх-ийн 17-21-р тал/
- Камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22-р тал/
-Хохирогч М.Оын мэдүүлсэн:.. Болсон үйл явдпын талаар бага багаар санаж эхэлж байна. Осол болсон өдөр би гэр хорооллын эцсээс таксинд сууж “Воззола" худалдааны төвийн эсрэг талын авто машины зогсоол дээр буусан. Тухайн үед би хайрцагтай зүйл барьчихсан, хар өнгийн цүнх үүрээд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан тээврийн хэрэгсэл намайг мөргөсөн. Би машинд мөргүүлээд ухаан алдсан. Яаж эмнэлэгт очсон талаар мэдэхгүй байна. Миний биеийн байдал хүнд, өөрөө явж чадахгүй, тэргэнцэрт сууж бие засаж байна. толгой, нуруу их өвчинтэй, нүдний хараа муу, нүд бүрэлзээд байна. Оюун ухаан мартамхай, сэтгэл санаа их хямарч байна. Осол болсон өдрөөс хойшхи эмчилгээний зардал, эмнэлгийн зардал зэргийг намайг мөргөсөн этгээд тодорхой хэмжээгээр төлсөн. Одоогоор гарсан зардлын нэхэмжлэлийн баримтуудыг нэгтгэж байгаад цагдаагийн байгууллагад гаргаж өгнө. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, тухай бүр нь цагдаа, прокурор, шүүхийн шатанд нэхэмжпийн баримтыг нэмж гаргаж өгнө. Орхон аймагт төрсөн ах Баярсайхан амьдардаг. Утасны дугаарыг нь сайн санахгүй байна. Өөр хамаатан садангын хүн байхгүй учир асрагч хөлслөөд өөрийгөө харуулж байна. Би ганц охинтой, охин маань Улаанбаатар хотод ажлаа хийж байгаа. Би ялимгүй айдастай болчихсон, нойронд муу, гутрамттай байдалтай, танин мэдэхүйн үйл явц удааширсан, босож явах чадваргүй байгаа тул нийгмийн харилцаанд бие даан оролцож чадахгүй, биеийн бүсэлхий хэсгээс хойшхи хөдөлгөөн хязгаарлагдмал болчихсон. Би сэтгэл санаа болон сэтгэцэд учирсан хор уршигийг буруутай этгээдээс нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/,
-гэрч О.Дын мэдүүлсэн:.. Миний ээж М.О нь 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос Орхон аймагт ирсэн. Орхон аймагт байх хаагдсан эмнэлгийн тоног төхөөрөмж, тавилгыг нэг газраас нөгөө газарт зөөх гэж явсан. Өнөөдөр Орхон аймгаас Улаанбаатар хот руу явах ёстой байсан. 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн үед миний утас руу ээж М.Оын төрсөн эгч М.Баярмаа залгаж “...ээж нь Орхон аймагт зам тээврийн осолд ороод ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн байна” гэж хэлсэн. Би Улаанбаатар хотоос гарч Орхон аймагт 17 цаг өнгөрч байхад ирээд шууд аймгийн БОЭТ-ийн Гэмтлийн тасагт очиход ээж маань намайг танихгүй, биеийн байдал нь хүнд, хөдөлж чадахгүй байдалтай ямар нэгэн зүйл асуухаар хариулахгүй, ойлгохгүй байх шиг байна. Ямар ч байсан тархиндаа гэмтэл авсан, зулай хэсгээсээ цуурч эхэлж байна гэж эмч хэлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-р тал/
-гэрч Б.Бын мэдүүлсэн:.. 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 08-09 цагийн хооронд ажил дээрээ байхад миний утас руу эхнэр Ж.Д залгаж “...би Воззола дэлгүүрийн урд талд хүн мөргөчихлөө, хүрээд ирээч” гэж хэлсэн. Би ажлаасаа гараад Воззола дэлгүүрийн урд очиход цагдаа нар ирчихсэн байсан. Эхнэр Ж.Даас юу болсон талаар асуухад “...ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд эмнэлэгт очиж шинжилгээ өгөх гээд явж байхад гэнэт хүн гарч ирсэн. Би тэр хүнийг мөрчихлөө.” гэж хэлсэн. Цагдаагийн алба хаагч манай эхнэр Ж.Дыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.001 хэмжээний согтолтой гарсан. Уг тээврийн хэрэгслийг эхнэр Ж.Д жолоодоод ганцаараа явж байсан. Уг тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байдаг, гэр бүлийн дундын өмч байгаа юм. Эхнэр маань уг тээврийн хэрэгслийг жолооддог. Эхнэр Ж.Д 2023 оны 08 дугаар сарын 22-ны орой найз нартайгаа хамт бааранд орж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Би шөнийн 00 цагийн үед эхнэрээ тосож аваад гэртэй харьж амарч, өглөө эрт ажилдаа явсан. Цагдаа нарын хамт хяналтын камерын бичлэгийг үзэхэд манай эхнэр Ж.Д нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөсөн нь бичигдсэн байсан. Ж.Д зан байдлын хувьд шаргуу, ажилсаг, даруухан, гэр бүлдээ хайр халамжтай, элдэв муу зуршил гэх зүйл байхгүй. Улаанбаатар хотын МУБИС-ын 5 дугаар курсэд суралцдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 33-р тал/
-Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4023 дугаартай:...Шинжилгээнд ирүүлсэн “23/эм Ж.Д” гэж хаягласан цусанд 0,8 промилли спирт илрэв. Цусан дахь 0,8 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна ...гэх дүгнэлт /хх-ийн 40-42-р тал/
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 730 дугаартай:..М.Оын биед тархины хажуугийн ховдлын цус хуралт, тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун алга, зүүн тохой, зүүн гуя, бэлгийн их уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тоггоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээр хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 47-49-р тал/
-Орхон аймгийн автотээврийн төвийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 27 дугаартай, ....................улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгасан тухай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-61-р тал/
-Орхон аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Цагдаагийн хошууч Б.Болд-Эрдэнийн гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаартай:... ....................улсын дугаартай “Тоёота Акуа” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл “Жолоочид дараахи зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох: 12.3 дугаар зүйлд “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, 16.1 дугаар зүйлд “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж. уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Явган зорчигч М.О нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна... гэх мөрдөгчийн магадлагаа /хх-ийн 64-65-р тал/
-Шүүгдэгч Ж.Дын яллагдагчаар мэдүүлсэн:.. 2023 оны 08 дугаар сарын 23-ны өглөө 07 цаг 50 минутад хадам аав Баяртын гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сум, Чандмань баг, 7 дугаар хорооллын 3-39 тоотоос гарч Бүсийн оношлогоо эмчилгээний төв рүү явах гээд нөхрийн нэр дээр бүртгэлтэй, гэр бүлийн эзэмшлийн ....................улсын дугаартай Тоёота акуа загварын тээврийг хэрэгслийг жолоодож “Воззола” худалдааны төвийн урд талын засмал замаар хөдөлгөөнд оролцож байхдаа явган хүний гарцаар гарч байсан эмэгтэй хүнийг мөргөөд зогссон Би хохирогчийг явган хүний гарцаар гарч байгааг анзаарч хараагүй, шууд мөргөж зогссон. Тухайн үед би тээврийн хэрэгсэлд ганцаараа явж байсан ба зам тээврийн осол гаргасаны дараа хохирогч эгчийн хажууд очиж биеийн байдлыг нь асуучихаад өөрийнхөө утаснаас эмнэлэг болон цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед зорчих хэсгийн хөдөлгөөн дунд зэрэг байсан. Зам тээврийн осол гаргасан өглөө би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин урьд өдөр нь буюу 2023 оны 08 дугаар сарын 22-ны шөнө найз нарын хамт бааранд орж, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад шөнийн 00 цагийн үед хадам аав Баяртын гэрт очиж амарсан. Осол гаргасны дараа цагдаа нар намайг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.01% гэж гарч ирсэн. Зам тээврийн осол гаргаснаас хойш хохирогчийн эмчилгээний бүх зардлыг би төлж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулна. Нийт хичнээн төгрөгний хохирол төлсөн талаарх баримтыг нэгтгэж байгаад гаргаж өгнө... гэх мэдүүлэг /хх-ийн 74-р тал/
-Хохирогч М.Оын Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн талаархи өвчний түүхийн хуулбар /хх-ийн 93-122-р тал/
-Хохирогч М.Оаас гаргасан хохирол төлбөрийн баримтууд /хх-ийн 126-155-р тал/
-шүүгдэгч Ж.Даас гаргасан хохирол төлсөн баримтууд /хх-ийн 171-205-р тал/
-Тоёота Акуа маркийн ....................улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 206-р тал/
-Шүүх сэтгэц эмгэг судлалын:... Магадлуулагч М.О нь дээрх гэмт хэргийн улмаас: Гэмтэлийн дараах дарамтат эмгэг, сэтгэл гутрах, сэтгэл түгших хам шинж /Р43.1/ гэх эмгэгтэй болсон байна. Энэ сэтгэцийн эмгэгийн дараах шинж тэмдэгүүд түүнд тод илэрч байна: Нойргүйдэл, Сэтгэл гутрал, Уур бухимдал, Сэтгэл тогтворгүйдэл, Сэтгэл зовинол, Сэтгэл түгшил, Сэтгэл зориггүйдэл, Цочролын хам шинж, Айдас түгшүүр, Вегетатив хам шинж, Сульдлын хам шинж. Магадлуулагч М.От сэтгэл засал болон сэтгэл зүйн эмчилгээ мөн сэтгэцийн эмчийн хяналтанд эмийн эмчилгээ хийлгэх шаардлагатай байна... гэх дүгнэлт /хх-ийн 233-235-р тал/
-Сэтгэцийн шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 248 дахь тал/
-Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар, баримт /хх-ийн 250-р тал/,
-шүүхэд хохирогч талаас гаргасан иргэний нэхэмжлэл, хавсаргасан баримтууд зэргийг нотлох баримтаар шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Ж.Д нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн өглөөний 08 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сум, Урт булаг багийн нутаг дэвсгэрт “Воззоло” худалдааны төвийн урд талын төв засмал замаар ....................улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан М.Оыг мөргөж биед нь тархины хажуугийн ховдлын цус хуралт, тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун алга, зүүн гуя, бэлгийн их уруулд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд зэргийн гэмтэл учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, камерын бичлэг, тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, сэжигтэний мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.
Шүүгдэгч Ж.Дын үйлдлийн улмаас М.Оын биед хүнд гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч М.Оын мэдүүлсэн...Тухайн үед би хайрцагтай зүйл барьчихсан, хар өнгийн цүнх үүрээд явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхад ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд явж байсан тээврийн хэрэгсэл намайг мөргөсөн. Би машинд мөргүүлээд ухаан алдсан...гэх мэдүүлэг, гэрч О.Дын... 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 10 цагийн үед миний утас руу ээж М.Оын төрсөн эгч М.Баярмаа залгаж “ээж нь Орхон аймагт зам тээврийн осолд ороод ухаангүй эмнэлэгт хүргэгдсэн байна” гэж хэлсэн... гэх мэдүүлэг, гэрч Б.Бын мэдүүлсэн:.. 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 08-09 цагийн хооронд ажил дээрээ байхад миний утас руу эхнэр Ж.Д залгаж “...би Воззола дэлгүүрийн урд талд хүн мөргөчихлөө, хүрээд ирээч” гэж хэлсэн. Би ажлаасаа гараад Воззола дэлгүүрийн урд очиход цагдаа нар ирчихсэн байсан. Эхнэр Ж.Даас юу болсон талаар асуухад “...ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлд эмнэлэгт очиж шинжилгээ өгөх гээд явж байхад гэнэт хүн гарч ирсэн. Би тэр хүнийг мөрчихлөө.” гэж хэлсэн. Цагдаагийн алба хаагч манай эхнэр Ж.Дыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.001 хэмжээний согтолтой гарсан... гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4023 дугаартай:...Шинжилгээнд ирүүлсэн “23/эм Ж.Д” гэж хаягласан цусанд 0,8 промилли спирт илрэв. Цусан дахь 0,8 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна ...гэх дүгнэлт, Орхон аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 730 дугаартай:..М.Оын биед тархины хажуугийн ховдлын цус хуралт, тархины 2 тал бөмбөлгийн дух, зулай хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн бугалга, баруун алга, зүүн тохой, зүүн гуя, бэлгийн их уруулд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл зам тээврийн ослын үед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тоггоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн үр дүнгээр хамаарна... гэх дүгнэлт,Орхон аймгийн автотээврийн төвийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөрдөгч Б.Болд-Эрдэнийн гаргасан 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаартай:.. ....................улсын дугаартай Тоёота “Акуа” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ж.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйл Жолоочид дараах зүйлийг хориглоно: ...эсвэл согтууруулах ундаа... хэрэглэсэн,...16.1 дугаар зүйлд Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж. уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан байна. Явган зорчигч М.О нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна... гэх мөрдөгчийн магадлагаа, шүүх сэтгэц эмгэг судлалын:... Магадлуулагч М.О нь дээрх гэмт хэргийн улмаас: Гэмтэлийн дараах дарамтат эмгэг, сэтгэл гутрах, сэтгэл түгших хам шинж /Р43.1/ гэх эмгэгтэй болсон байна... гэх дүгнэлт, Сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн эм эмчилгээ,оношилгооны баримтууд, шүүгдэгч төлбөр төлсөн баримтууд зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.
Шүүгдэгч Ж.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 16.1 дэх заалтыг зөрчсөн тухай мөрдөгчийн магадлагаатай шүүгдэгч танилцсан ба гомдол гаргаагүй, хэргийн үйл баримт, гэм буруутай эсэх талаар маргаагүй байна.
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 4023 дугаартай:...Шинжилгээнд ирүүлсэн “23/эм Ж.Д” гэж хаягласан цусанд 0,8 промилли спирт илрэв. Цусан дахь 0,8 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр шүүгдэгч нь осол болох үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болох нь тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”,
2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Ж.Дын үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтэл хохирлын хоорондхи шууд шалтгаант холбоотой байдал нь, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1/согтуурсан үедээ/, 2.3/ хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж/-д заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хор уршиг учирч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн хайхрамжгүй хандсан болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Аливаа болгоомжгүй гэм буруутай үйлдэл нь, буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдах, эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч хэрэг үйлдсэн нөхцөлтэй холбож үзвэл тэрхүү хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан ч хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг.
Шүүгдэгч Ж.Д архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж нийгэмд, бусдад хор хохирол учруулж болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой ч хайхрамжгүй хандсаны улмаас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа явган хүний гарцаар гарч явсан М.Оыг мөргөж Эрүүгийн хуулиар хориглосон үйлдэл хийж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн болгоомжгүй хэлбэрийн гэм буруутай үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь тогтоогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Хохирогчийн эмчилгээний зардал 13,092,755 төгрөг, сэтгэцэд учирсан хохирлыг 5-р зэрэглэл гэж тогтоосон тул хүснэгтэд зааснаар 50%иар тооцож гаргуулах саналтай гэж,
-шүүгдэгчийн өмгөөлөгч А.Т: Зүйлчлэл болоод гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдгээ илэрхийлсэн. Мөн шүүхээс тогтоосон зардлыг төлнө гэдгээ илэрхийлсэн. Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг судлаад үзэхээр гэм хорын баримтуудыг хавсаргаж өгсөн боловч зарим нь шаардлага хангахгүй баримтууд байсан. Мөн Улсын Дээд шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан гэм хор хохирлыг тогтоох талаар гарсан тогтоолд зан үйлтэй холбоотой буюу хүний зайлшгүй хэрэгцээт зүйлтэй холбоотой зүйлийг төлөхгүйгээр тогтоолдоо дурдсан байдаг. Хэрэгт авагдсан сүүлийн баримт дээр хохирогчийн эмчилгээтэй шууд холбоогүй баримтууд байсан. Ж.Дын өөрийн өгсөн баримтуудыг тооцоод үзэхээр 3,875,985 төгрөгийг төлсөн байгаа. Ингэхээр хохирогчид учирсан шууд гэм хорын хохирлыг Дын зүгээс төлсөн байна гэж үзэж байгаа. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг 5 дугаар зэрэглэлээр тогтоосон тул аргачлалаар тооцож үзээд өмгөөлөгчийн хувьд 17.050.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэж,
-хохирогчийн өмгөөлөгч Н.М:..Хохирогчийн гаргасан нэхэмжлэлийг дэмжиж байна. Нэгэнт шүүгдэгч гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэл дээр маргахгүй гэсэн учраас зөвхөн хохирлын нэхэмжлэлтэй холбоотойгоор дүгнэлт гаргана. Хохирогчийн гаргасан иргэний нэхэмжлэл бол нийт баримтын хэмжээнд 13,092,755 төгрөг байгаа. Энэ нь нэгдүгээрт эмчилгээнд зарцуулсан бодит зардал, асаргаа, сувилгаа, эмийн эмчилгээ болон бусад ахуйн зардал мөн замын зардал гээд нийт 7.042.755 төгрөг болж байгаа. Үлдэх 6 сая төгрөг нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, сарын олох ёстой байсан орлого 1 сая төгрөг гэж үзэж байгаа. Үүнд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Гэрэл төвөөс сар бүр 250,000 төгрөг авдаг, өөрийнх нь үйл ажиллагаа явуулдаг “Жаргалын Ундрага” эмнэлэгийн цалин хөлс болох 750.000 төгрөг гээд сард 1 сая төгрөг олдог байсан гэж үзээд ажилгүй байсан 6 сарын хугацаанд 6 сая төгрөгийг олох ёстой байсан гэж үзэж нийт 13,092,755 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан байгаа. Баримтуудын тухай анх мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх үед 09 сарын 25-ны өдөр иргэний нэхэмжлэл гаргасан. Тэр хугацаанд 4.764.015 төгрөг, энэ дээр 1 сарын олох ёстой байсан орлого ороод, үүний дараа шүүхийн шатанд 2024 оны 01 сарын 29-ний өдөр 2.863.000 төгрөгийн баримтуудыг гаргаж өгсөн. Өнөөдөр буюу 02 сарын 07-ны өдөр 465.740 төгрөгийг гаргаад эдгээр баримтуудын хэмжээнд 7,042,755 төгрөгийн эм эмчилгээ болон бусад ахуйн зардал асаргаа, сувилгаа, замын зардал зэрэгт гарсан байгаа. Бүгд баримтаар тогтоогдож байх тул хангаж өгнө үү. Асрагчийн тухайд хохирогч М.О төрсөн ганц охинтой. Ганц охин нь Улаанбаатар хотод ажилладаг. Осол болсон даруйд 08 сарын 23-ны өдрөөс 09 сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд сахисан. Тухайн үед ээжийгээ асарч өөрийнхөө дутуу авсан цалин хөлсийг нэхэмжлээгүй, зөвхөн зайлшгүй ээждээ зарцуулагдсан зардлыг нэхэмжилсэн байгаа. Өөрийнх нь тухайд ажил хөдөлмөр эрхэлдэг учраас боломжит чөлөө олгогдсон хугацаанд ээжийгээ асарсан. Асраад эмнэлэгээс гараад дахин хэвтэн эмчлүүлэхэд Эрдэнэт сувилал болон “Очир-Увидас” эмнэлэгийн зүгээс хэвтрийн дэглэмтэй өөрөө бие засах чадваргүй ийм хүнд дангаараа үйлчилгээ үзүүлэх боломжгүй учраас заавал нэг хүн харгалзаж хамт хэвт гэсэн шаардлагын дагуу зайлшгүй асрагч хөлсөлж тухайн асрагчтай асрагчийн үйчилгээ үзүүлэх гэрээ байгуулаад гэрээний төлбөрийг төлж барагдуулаад үйлчилгээ авсан байгаа. Мөн хохирогчийн охин Улаанбаатар хотоос ирэх, буцаж явах замын зардалууд болон Улаанбаатар хотод очоод Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү таксигаар явсан. Өнөөдрийн гаргаж өгсөн 565.740 төгрөгийн баримтаас дурдвал 09 сарын 27-ны өдөр Эрдэнэт сувилал эмнэлэгээс гараад 2 хоногийн дараа Улаанбаатар хот руу явсан. Тухайн үедээ өөрөө босож суух боломжгүй байсан учраас хэвтрийн дэглэмээр явах тусгай өөр машин хөлсөлж явсан учраас хот руу явсан зардал 150.000 төгрөг, бусад зардалууд нь 30.000 төгрөгөөр тооцогдож баримтуудаа гаргаж өгсөн байгаа... 10 сарын 24-ний өдрийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дүгнэлтээр F43/1 оноштой буюу сэтгэцэд нь эмгэг байгааг нь тогтоосон. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд зэрэглэлийг 5 дугаар зэрэглэл гэж тогтоосон байгаа...нөхөн төлбөр олгохдоо хохирогчид өөрт учирсан өвчин, өвдөлт, зовиур шаналал мөн гэмтлийн байдал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар айдас, шүүгдэгчийн гэм буруу мөн хохирогчийн насны байдлыг онцгойлон анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл залуу хүний бол бие махбод эдгэх, хэвийн байдалдаа орох явц арай өөр, гэтэл энэ хүний насны байдлыг харгалзаж эдгэрэлтийн явц удааширна, цаашид хөдөлмөр эрхлэх боломжтой юу, үгүй гэдэг байдал хүртэл яригдах учраас эдгээр зүйлийг харгалзан үзэж зэрэглэлээр мөнгөн дүнг тодорхойлох, нөхөн төлбөр гаргуулах хэмжээг тогтоож өгнө үү гэж хүсэж байна... хувийг хөдөлмөрийн чадвар алдалтын 80 хувиар бодож тооцож олгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэж... тус тус дүгнэлт гаргасан.
Шүүгдэгч Ж.Д нь үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардлыг төлсөн, цаашид гарсан зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж, шүүгдэгч анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээсэн байдал, хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Хохирогч түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд, эмчилгээнд зарцуулсан бодит зардал, асаргаа, сувилгаа, эмийн эмчилгээ болон бусад ахуйн зардал, замын зардал нийт 7,042,755 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 6 сая төгрөг, нийт 13,092,755 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан. Мөн хохирогчийн сэтгэц учирсан хохирлын зэрэглэлийг 5-р зэрэглэлд хамааруулж тогтоосон байх тул 80%иар тооцож гаргуулахаар нэхэмжилсэн байна. Шүүгдэгч нь осол болсон өдрөөс хойш 9 сарын 23-ны хооронд хохирогчийн эм, эмчилгээ, асаргаа сувилгаа, хэвтэн эмчлүүлсэн төлбөр зэрэгт баримтаар нийт 2,764,020 төгрөг төлсөн байна.
Хохирогч 9 дүгээр сарын 23-наас хойшхи хугацааны гарсан эмчилгээ, оношлогоо, үзлэг, асаргаа сувилгааны зардал нэхэмжилжээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас, хоол, ахуйн хэрэглээний нийт 252,560 төгрөгний /хх-ийн 140-148 дахь талд баримт авагдсан/ зардлыг хохирогчид учирсан гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зайлшгүй зардалд тооцохгүй үндэслэлээр хасаж, эмчилгээ, сувилгааны зардалд 6,790,195 төгрөг, гэмтлийн улмаас ажлаа хийж чадаагүй хугацааны олох байсан орлого, цалин нийт 6,000,000 төгрөг, нийт 12,790,195 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж шийдвэрлэлээ.
Хохирогч нь өөрийн үүсгэн байгуулсан “Цагаан Д” ХХК-ний “Жаргалын Ундарга” хүүхдийн эмнэлэгт их эмчээр ажиллаж байсан, мөн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо”-ны Орхон салбарт эмчээр ажиллаж сард нийт 1,000,000 төгрөгний цалингийн орлоготой байсан, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болох нь хэргийн 159-165 дугаар хуудаст авагдсан баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх тул 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрөөс хойш ажилгүй байсан 6 сарын хугацааны 6,0 сая төгрөгийн цалин нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
Мөн хохирогч М.О нь 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 9 дүгээр сарын 29-ний өдөр асрагчаар Э.Д гэрээний үндсэн дээр өдөрт 70,000 төгрөгийн хөлстэйгээр ажиллуулж нийт 1,950,000 төгрөг төлсөн болох нь хэргийн 149-158 дугаар талд авагдсан, асрагчийн гэрээ, төлбөрийн баримтууд зэргээр нотлогдсон.
Хохирогч М.О сэтгэцэд учирсан хохирол төлбөр нэхэмжилсэн.
Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн шинжээчийн.... М.Оын сэтгэцэд гэмтлийн дараах дарамтат эмгэгийн шинж илэрч байна гэх дүгнэлт, М.Оын сэтгэцэд үүссэн гэмтлийн дараах дарамтат эмгэг нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн тавдугаар зэрэглэлд хамаарч байна... гэх Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 3 эмчийн дүгнэлтийг үндэслэн,
Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолын хавсралт жишиг аргачлалын Гурав дахь хэсгийн 3.4-д” Энэ хэсгийн 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхөн төлбөрийн дээд хязгаар буюу “100” хувь болно. Иймд... хор уршгийн нөхөн төлбөрийн мөнгөөр илэрхийлэгдэх дээд хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс тооцох үндсэн аргачлалыг баримталсан. Сэтгэцийн хор уршгийн хэмжээ буюу...5-р зэрэглэл 31-99% гэж тогтоож, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэн дүнгээс нөхөн төлбөрийн хэмжээг хувьчлан тус тус тооцно” гэж заасны дагуу,
Хүснэгтийн Тавдугаар зэрэглэлд заасан хэмжээний 31-99%ийн 50%иар, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2024 оны 1 дүгээр сарын 01-нээс мөрдөж эхэлсэн 660,000 төгрөгөөр тооцохдоо, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөс /660,000х150=99,000,000 төгрөг буюу 100% гэж үзнэ/ 50%иар тооцож 49,500,000 төгрөгийг хохирогчийн сэтгэцэд учирсан хохиролд тооцон гаргуулахаар шийдвэрлэлээ. Ингэж шийдвэрлэхдээ, хэргийн нөхцөл байдал, хохирогчид учирсан гэмтлийн шинж байдал сөрөг үр дагавар, эдгэрэлтийн хугацаа, насны байдал зэргийг харгалзан үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж хэргийн газраас авсан хэсэг үсийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Жанцалгалсангийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зөвхөн Улаанбаатар, Орхон аймгийн хооронд зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дад шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солих журамтайг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167, 177 дугаар зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Дад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.3-т зааснаар шүүгдэгч Ж.Даас нийт 62,290,195 төгрөг гаргуулж хохирогч М.О /Орхон аймаг Баян-Өндөр сум .............................тоотод оршин суух, /РД:........................./-т олгуулсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэг хавсаргаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн газраас авсан хэсэг үсийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт хариуцсан коммист даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ