Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/шш2021/00195

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 102/ШШ2021/00195

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхтөр даргалж, тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 3 дугаар хороо, 42 дугаар байр, 4в тоот хаягт байрлах, Ноён адмирал ХХК /РД: 6010733/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 24 дүгээр хороо, Алтай хотхон 21 дүгээр байр, 02 дугаар орц, 85 тоот хаягт оршин суух, Энхмэнд овогт Бямбажавын Мөнхгэрэл /РД: ОЭ72122768/-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Чулуунбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ноён адмирал ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Чулуунбаатар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганбат нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Б.Мөнхгэрэл нь мөнгө зээлээч гэхээр нь 2020 оны 7 дугаар сарын 31-ны өдөр өөрийнхөө Ноён Адмирал ХХК-ийн данснаас 500,000 төгрөг бэлнээр гаргаж аваад 500,000 төгрөгийг бүгдийг нь өгөх гэсэн боловч Б.Мөнхгэрэл одоохондоо талыг нь авъя гээд Баянгол дүүрэг, 72 дугаар байрны 7 давхар байдаг бариа заслын төв дээрээ 80,000 төгрөгийг авсан. Тэндээсээ гараад 200,000 төгрөгийг УБЛ 30-16 улсын дугаартай, Тоёота стима загварын машин дотор тоолж өгсөн, ингээд нийт 280,000 төгрөгийг Б.Мөнхгэрэлд Ноён адмирал ХХК-ийнхаа өмнөөс өгсөн. Мөнгө авахдаа 2, 3 хоноод л буцаагаад өгнө гэсэн. Үүнээс хойш удаа дараа залгаад мөнгөө авъя гэхээр өөдөөс хэл амаар доромжлоод, янз бүрийн мессеж явуулдаг байсан. Мессежүүд нь утсан дээр байсан боловч устгасан байна. Тухайн үед Б.Мөнхгэрэлд мөнгө зээлдүүлэхдээ баримт үйлдсэн ба үүнийг шүүхэд гаргаж өгсөн. Миний хөл гар муу болохоор мөнгө төгрөг хэрэг болж байна. Б.Мөнхгэрэлд зээлсэн 280,000 төгрөгийг нэхэмжилж гаргуулахыг хүсэж байна. Хүү, алданги тооцоогүй.

 

Ч.Чулуунбаатар бол Монгол Улсын харцага цолтой бөх хүн, бөх хүн бол үнэн ч шударга гүндүүгүй байдаг. Ч.Чулуунбаатарын Б.Мөнхгэрэлд 280,000 төгрөг өгсөн зарлагын баримт байдаг. Өмнөх шүүх хуралдаанд Б.Мөнхгэрэл над руу их дайрч янз бүрээр доромжилсон, өнөөдөр гэхэд л шүүхийг үл хүндэтгэж ирээгүй байна, шүүгчийн туслах хурлын өмнө утсаар залгахад 20 минутын дараа очно, хүлээж бай гэж харьцаж байх жишээтэй. Хуулийн дагуу мөнгөө гаргуулах нь зүйтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.

 

Хариуцагч Б.Мөнхгэрэлийн шүүхэд гаргасан хариу тайлбарт: Миний бие Б.Мөнхгэрэл нь Ноён адмирал ХХК гэж мэдэх ч үгүй, надад энэ компанитай харьцах ажлын шаардлага ч байхгүй. Яагаад намайг гүтгэж, доромжилж байгааг би ойлгохгүй байна. Зүгээр байгаа хүний нэр төрд халдаж байгаад нэр төрөө сэргээлгэхийг хүсэж байна гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ноён адмирал ХХК нь хариуцагч Б.Мөнхгэрэлд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.Мөнхгэрэл ... Миний бие Б.Мөнхгэрэл нь Ноён адмирал ХХК гэж мэдэх ч үгүй, надад энэ компанитай харьцах ажлын шаардлага ч байхгүй. Яагаад намайг гүтгэж, доромжилж байгааг би ойлгохгүй байна. Зүгээр байгаа хүний нэр төрд халдаж байгаад нэр төрөө сэргээлгэхийг хүсэж байна гэж маргажээ.

 

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч Ноён адмирал ХХК нь хариуцагч Б.Мөнхгэрэлтэй 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээг амаар байгуулж, 280,000 төгрөгийг 2-оос 3 хоногийн хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлэхээр тохиролцсоны дагуу 280,000 төгрөгийг бэлнээр хариуцагчид хүлээлгэж өгсөн ба зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно. гэж заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хуульд заасан хэлбэр, шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Хариуцагч Б.Мөнхгэрэл нь нэхэмжлэгч Ноён адмирал ХХК гэж би мэдэхгүй, ажлын шаардлагаар ч харьцах шаардлага байхгүй, зээлийн гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй гэх хариу тайлбарыг гаргасан боловч зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгчээс хариуцагчид мөнгийг хүлээлгэж өгсөн болох нь Ноён адмирал ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, Хаан банкны 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн зарлагын мэдүүлгээр тогтоогдсон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаан дээр Ноён адмирал ХХК-иас Б.Мөнхгэрэлд 280,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн гэх бэлэн мөнгөний зарлагын баримтыг гаргаж өгсөн, үүнтэй хариуцагч Б.Мөнхгэрэл танилцсан боловч дээрх баримтыг үгүйсгээгүй, үгүйсгэсэн тайлбар, баримтыг гаргаж өгөөгүй, өөрөө хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй болно.

 

Иймд хариуцагч Б.Мөнхгэрэлээс зээлийн гэрээний үүрэгт 280,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ноён адмирал ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт хүү, алданги нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1заасныг баримтлан хариуцагч Б.Мөнхгэрэлээс зээлийн гэрээний үүрэгт 280,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ноён адмирал ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 9,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаа 9,050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар энэ шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХТӨР