Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/70

 

 

2024       02         15                                           2024/ШЦТ/70

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Ц.Лхамсүрэн

 Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Эад холбогдох эрүүгийн 2425000420073 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, У овогт С.Э

 

Холбогдсон хэргийн талаар:

             Шүүгдэгч С.Эыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт .............улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 1,11 хувийн согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогдуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

        Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

   

            -шүүгдэгч С.Эын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

 

    - эрүүгийн 2425000420073 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

 

-Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн шинжтэй үйлдэл илрүүлсэн “...драгер 7510 серийн дугаартай төхөөрөмжийн заалт 1,11% ...” гэх тэмдэглэл, драгерын заалт, Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-н 4-6-р тал/

 

- Тоёота Приус 20 маркийн .............улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 11-р тал/

-Эд зүйл /баримт бичиг гомдол мэдээлэл, бусад баримтыг/ хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 14-р тал/

-Хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн ...бараан куртиктэй эрэгтэй хүнийг 00:28 минутад шалгаж байв. ...Этилийн спиртийн хэмжээ тогтоох драгер багажаар үлээлгэж шалгахад дээгүүрээ бараан өнгийн куртиктэй эрэгтэй “1.11% гарч байна...” гэх тэмдэглэл, зургийн үзүүлэлт, /хх-ийн 15-17-р тал/

-Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 18-р тал/

-гэрч С.Б мэдүүлсэн:..Миний төрсөн ах С.Э нь 2023 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, цагдаад баригдаад жолоодох эрхээ 1 жилийн хугацаатай хасуулсан. Жолооны эрхгүй байх үедээ буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаад баригдсан. Эрүүгийн хуульд шинээр орсон өөрчлөлтийн дагуу цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм. С.Э ахыг хэнтэй хамт архи уусан талаар мэдэхгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь төрсөн ах С.Эын эзэмшилд байдаг. Гэхдээ ББСБ нэр дээр байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 20-р тал/

-гэрч Б.М мэдүүлсэн:.. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний орой 20 цагаас маргааш өдрийн 10 цаг хүртэл хугацаанд цагдаагийн дэд ахлагч И.М хамт шөнийн эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Дэнж багийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж байхдаа .............улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан С.Э нь жолооны эрхээ хасуулсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илэрсэн. С.Эын согтолтын зэргийг тогтоох зорилгоор драгер багажаар үлээлгэхэд 1.11 хувийн согтолтой байсан тул тээврийг хэрэгслийг түр саатуулж, дараагийн арга хэмжээг авсан. С.Э нь тухайн үед тээврийн хэрэгсэл дотор хөл муутай, нилээн согтуу эрэгтэй хүний хамт явж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

-гэрч Э.Б мэдүүлсэн:.. Миний хуурай ах С.Э нь 2023 онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, цагдаад баригдаад жолоодох эрхээ 1 жилийн хугацаатай хасуулсан байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаад баригдсан асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа. Өөр зүйлийн талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/

-гэрч Ж.Б мэдүүлсэн:. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр үеэл С.Эынд бид хоёр 0.5 литрийн 1 шил архи хувааж уусан. Орой намайг гэрт хүргэж өгөх гээд С.Э нь өөрийнхөө .............улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, би хажууд нь суугаад С.Эын гэрээс хөдлөөд замын хөдөлгөөнд оролцож байхад Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт байрлах нарийн гудамжны харалдаа замын цагдаа нар зогсоосон. Замын цагдаа нь С.Эыг үлээлгэхэд 1 бүхэл гарантай согтуу байна гэж гарч ирсэн тул тээврийг хэрэгслийг түр хураан авч журмын хашаа руу ачуулсан. С.Э 2023 оны 08 сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр жолооны эрхээ хасуулчихсан байсан. Жолооны эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон юм. Яагаад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бэ гэхээр би хөл муутай тул намайг хүргэж өгөх гээд машин жолоодсон юм. Энэ асуудал нь миний буруугаас болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 28-р тал/

-Шүүгдэгч С.Эын яллагдагчаар мэдүүлсэн:.. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр манай гэрт үеэл Баярхүүгийн хамт 0.5 литрийн архи хувааж уусан. Баярхүү нь хөл муутай тул би гэрт нь хүргэж өгөх гээд өөрийнхөө .............улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож байх үед замын цагдаа таарч, зогсоосон. Өмнө 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлөөр жолооны эрхийг 1 жилийн хугацаатайгаар хасуулчихсан байсан юм. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө би жолооны үнэмлэхгүй, жолоодох эрхгүй үедээ согтуугаар дахин тээврийн хэрэгсэл жолоодсон. Дээрх үйлдэлдээ маш их харамсаж байна. .............улсын дугаартай Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийнх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа.... гэх мэдүүлэг /хх-ийн 35-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Э нь 2023 оны 07 дугаар сарын 30-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны учир тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байхдаа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний шөнийн 23 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт .............улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг  жолоодон замын хөдөлгөөнд оролцжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хяналтын камерын бичлэг, гэрчүүдийн мэдүүлэг, согтуурал шалгасан баримт, яллагдагчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Шүүгдэгч С.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний шөнө 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Дэнж багийн нутаг дэвсгэрт .............улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 1.11 хувийн согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон  болох нь Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, драгерын заалт, жолоочийн лавлагаа мэдээлэл, хяналтын дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч С.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангиийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон,...бол... ял шийтгэнэ” гэж заасан хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн шинжтэй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан атлаа хүсэж хийсэн санаатай хэлбэрийн гэм буруутай үйлдэл гэж дүгнэх үндэслэл болж байх бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.  

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

      Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч 2700 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял санал болгоход зөвшөөрсөн гэж,

     -шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээсэн. Ялын агуулгыг ойлгосон, өөр саналгүй гэж тус тус дүгнэлт санал гаргасан.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:    

 

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”гэж,

   5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ,

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 2,700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй. 

Харин, прокуророос яллагдагчид эрүүгийн ял санал болгохдоо Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж...” гэж заасан, заавал оногдуулахаар заасан нэмэгдэл ялын талаар тохиролцоогүй орхисон байх тул,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасныг баримтлан шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У овогт С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 /хоёр/ жил 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч С.Эад шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 хоёр сая долоон зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

  

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.АРИУНЦЭЦЭГ