Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/73

 

 

2024      02         20                                            2024/ШЦТ/73

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б

Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан хийж,Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Мид холбогдох эрүүгийн 2425000000005 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Н.М, регистрийн дугаар:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Бтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, айфоне 13 про макс загварын гар утсыг БНСУ-аас авчирч өгнө” гэж хуурч утасны урьдчилгаа төлбөр, утасны үнэ зэргээр нийт 9 удаагийн гүйлгээгээр 1,550,000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авч үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

-шүүгдэгч Н.Мийн мэдүүлсэн: 2023 оны 9 сард утас авчирч өгнө гэж мөнгө авсан, утас авчирч өгч чадаагүй. Маш их харамсаж байна гэх мэдүүлэг,

        -Эрүүгийн 2425000000005 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн супдалсан:    

       -хохирогч Б.Бгийн эзэмшлийн .............. тоот Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 7-14-р тал/

-хохирогч Б.Бгийн мэдүүлсэн... Би Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах ... төвийн В1 давхарт үйл ажиллагаа явуулдаг Б.Г захиралтай “... компьютер тоглоомын газарт 2023.09.01-ний өдөр админаар ажилд ороод одоог хүртэл ажиллаж байна. Намайг ажлаа хийж байх үед М гэдэг залуу манайхаар тогтмол үйлчлүүлж надтай танилцсан юм. Тэгтэл 2023.09.26-ны өдөр би ажлын байран дээрээ байж байхад Н.М орж ирээд ‘Iphone 13 рго мах” загварын гар утас 1,700,000 худалдаж авах уу, би гар утас БНСУ-аас таньдаг хүнээрээ дамжуулан Монгол Улсад оруулж ирдэг юм, таньдаг юм чинь төлбөрөө хувааж төлж болно гэхээр нь би зөвшөөрөөд 2023.09.26-ны өдөр Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт байрлах ... төвийн В1 давхарт ажлын байран дээрээ өөрийн эзэмшлийн Хаан банкны .............. дугаартай данснаасаа Төрийн банкны ..............дугаартай данс руу 400,000 төгрөгийг шилжүүлж өгөхөд 2023.10.01-ний өдөр гар утсыг чинь өгнө гэж хэлсэн. Н.М манай ажлын байран дээр 2023.09.28-ны өдөр надтай ирж уулзаад гар утас чинь ирэх гэсэн чинь зардал дутаад байна, боломжоороо мөнгө шилжүүлчих гэхээр нь би өөрт байсан 100,000 төгрөгийг ажлын байран дээрээ байж байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны .............. дугаартай данснаасаа Төрийн банкны ..............дугаартай данс руу шилжүүлсэн. 2023.09.30-ны өдөр Н.М манай ажил дээр байж байхад миний цалин буугаад би үлдэгдэл мөнгөнөөсөө өгөх гээд 500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны .............. дугаартай данснаасаа Төрийн банкны ..............дугаартай данс руу шилжүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Н.М мөн манай ажил дээр байж байхаар нь утасныхаа мөнгөнөөсөө үлдэгдэл төлбөрийг нь төлье гээд 150,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны .............. дугаартай данснаасаа Төрийн банкны ..............дугаартай данс руу шилжүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Н.М манай “...” компьютер тоглоомын газраар үйлчлүүлж байгаад 10,000 төгрөгийн тооцоогоо төлөх гэж байхдаа гар утсанд өгөх гэж байгаа мөнгөнөөсөө хасаад миний тооцоог төлчих гэхээр нь би захирлын ..............дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны .............. дугаартай данснаасаа 10,000 төгрөгийг шилжүүлсэн. 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр манай “...” компьютер тоглоомын газраар үйлчлүүлж байхдаа хонох газар байхгүй байна, танай тоглоомын газар хонож болох уу гэхээр нь би зөвшөөрөөд хамтдаа компьютер тоглоом тоглоод хонож байсан чинь шөнө 04 цаг 32 минутад хүн рүү 50,000 шилжүүлээд өгөөч, тэгээд гар утасныхаа тооцооноосоо хасчих гэхээр нь Н.Мийн өгсөн 006015102409 дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны .............. дугаартай данснаасаа 50,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. 2023.10.16-ны өдөр манай ажил дээр Н.М ирээд гар утас чинь ирсэн байна, үлдэгдэл мөнгөө өгчих гээд .............. дугаартай дансыг надад өгөхөөр нь би ажлын байран дээрээ байж байхдаа өөрийн эзэмшлийн Хаан банкны .............. дугаартай данснаасаа 200,000 төгрөгийг шилжүүлсэн. 2023.10.18-ны өдөр мөн манай ажил дээр ирээд үлдэгдэл мөнгөө яасан юм бэ гэхээр нь өөрт байсан боломжоороо 100,000 төгрөгийг түүний өгсөн ..............дугаартай данс руу өөрийн эзэмшлийн Хаан банкны .............. дугаартай данснаасаа шилжүүлж өгсөн. Н.М нь манай “...” компьютер тоглоомын газраар намайг ажпаагүй үед нөгөө ээлжний ажилтан ажиллаж байх үед үйлчүүлж өр нь 45,000 төгрөг болоход намайг төлчих нөгөө гар утасныхаа төлбөрөөс хасчих гэхээр нь би 2023.11.04-ний өдөр 45,000 төгрөгийг нөгөө ээлжний админ М гэдэг залуугийн .............. дугаартай данс руу шилжүүлж өгөхөд Н.М нь надад хандаж ингээд чи бид хоёрын гар утасны тооцоо болсон гар утсыг чинь маргааш авч ирж өгье гэж хэлээд энэ өдрөөс хойш надтай холбоо тогтоох нь багасаж, сүүлдээ бүүр утсыг минь авахгүй блоклосон. Тэгээд арай хийж нэг юм холбогдохоор гадуур ажилтай явж байна, одоохон ажлаа зохицуулчихаад гар утсыг чинь аваад очье, надад явж байна л гэж дандаа худлаа ярьсаар байгаад  өдийг хүрсэн. Очоод авъя гэж байнга хэлдэг байсан боловч зугтаагаад байдаг байсан. 023.10.01-ний өдөр гар утас өгнө гэж анх тохиролцсон боловч гэрт гар утас чинь ирчихсэн байгаа, надад байгаа гэж худлаа хэлээд байсан, тэгээд авч ирж өгөхгүй очоод авъя гэхээр шалтгаан тоочоод байсан. Надтай байнга уулзаад байсан болохоор гар утсаа аваагүй хэдий ч итгээд мөнгө шилжүүлэх болсон. Хуваагаад төлж болно гэсэн болохоор өөрт байсан боломжоороо мөнгөтэй болохоороо шилжүүлж өгөөд байсан юм. Би нийт 1,555,000 төгрөгийг Н.Мид шилжүүлж өгсөн, өргөдөл дээрээ 1,700,000 төгрөг гэж бичсэн учир нь бид хоёр хамт хоол захиалж идсэн тооцоогоо оруулсан байна, энэ тооцоогоо хасаад түүнээс 1,550,000 төгрөгийг гар утасны мөнгө гэж шилжүүлсэн тул уг мөнгийг нэхэмжилж байна. Би нэхэмжилсэн мөнгөө авчих юм бол гомдолгүй. Хуулийн дагуу шийдэж өгнө үү. Өөрийн хохиролдоо зөвхөн мөнгө авах болно, гар утас түүнээс авахгүй гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р тал/

-гэрч Х.Л мэдүүлсэн... Би өөрийн Төрийн банкны ..............дугаартай дансыг зөвхөн өөрөө ашиглаж байсан. Харин 2023 оны 09 дүгээр сард байсан санагдаж байна миний төрсөн эгч Х.Н,нөхөр Б.Н, төрсөн хүү болох Н.М нарын манай гэрт ирээд юм яриад сууж байгаад Х.Н эгч надаас ашигладаггүй данс байгаа юу, байвал виза картыг нь өгч ашиглуулаач гэж асуухаар нь өөрийн эзэмшлийн Төрийн банкны ..............дугаартай дансны виза картыг нууц кодыг нь хэлж өгсөн юм. Яагаад ямар зорилгоор надаас банкны виза картыг минь авах болсонг мэдэхгүй байна, би ч тодруулж асуугаагүй, ашиглаад байдаггүй болохоор юм бодолгүй өгчихсөн юм. Х.Н эгч надаас асууж авсан болохоор яг хэн нь ашигласанг мэдэхгүй байна. Тухайн үед орлого хийгдлээ гэсэн мэдээлэл миний ..................дугаартай утсанд мессежээр ирсэн гэхдээ энэ үед би өөрөө ашиглаагүй банкны виза картаа Х.Н эгчид өгсөн байсан болохоор ямар учиртай гүйлгээ болохыг мэдэхгүй байна, би тухайн үед тодруулан асуугаагүй. Мөнгөнөөс авсан үйлдэл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 22-р тал/

-шүүгдэгч Н.Мийн  яллагдагчаар мэдүүлсэн:.. 2023 оны 09 дүгээр сард байсан санагдаж байна би Орхон аймгийн Баян-Өндөр сум, Зэст багт байрлах Мандал төвийн В1 давхарт байрлах ... компьютер тоглоомын газар тоглож байхдаа админ залуу болох Б.Бтэй танилцаж зүс мэддэг болсон, тэрнээс ойр дотно харилцаа байхгүй. Тэгтэл Б.Б бид хоёрын дунд яриа өрнөж байхад гар утсаа зарна гэсэн яриа гарахаар нь би БНСУ-аас 1 сарын дотор айфон 13 загварын гар утас авч ирж 2,000,000 төгрөгөөр мөнгийг нь 2 хуваагаад өгч болно шүү гэж хэлэхэд зөвшөөрсөн.Тэгээд 2023.09.26-ны өдөр анх түүнээс 400,000 төгрөгийг хамаатны эгч Лхагвасүрэнгийн Төрийн банкны дансаар хүлээн авч мөнгийг хувийн хэрэгцээнд хэрэглэсэн, одоо дансны дугаарыг хэлж мэдэхгүй байна. Тэгээд гар утасны мөнгө өгчих гэж хэд хэдэн хоногийн зайтай Б.Бгээс нэхэж авахдаа өөрийн өртэй байсан хүмүүсийн данс руу шилжүүлэн авч байсан юм. Одоо өдөр хоног данс зэргийг нь хэлэх гэхээр санахгүй байна, зөвхөн эгч Л данс руу орсон мөнгийг өөрт авсан, учир нь эгчийн дансны виза карт надад байдаг байсан юм. Би Б.Бд эргүүлэн 1,700,000 төгрөгийг шилжүүлж хохирлыг бүрэн барагдуулсан. Надад 1,700,000 төгрөг өг гэсэн учир хэлсний дагуу шилжүүлсэн. Заасан хугацаандаа бол гар утас авч ирч Б.Бд өгч чадаагүй, хэрэв чадсан бол ийм зүйл болохгүй байсан гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44-р тал/

 

-Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 550 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 50-56-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 261 дугаар шийтгэх тогтоолын хуулбар  /хх-ийн 58-64-р тал/

-Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -437 дугаар нээлттэй хорих ангийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 04/1997 дугаар албан бичиг /хх-ийн 66-р тал/

-иргэн Г.Т эзэмшлийн ..............тоот Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 81-134-р тал/

-иргэн Б.М эзэмшлийн .............. тоот Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 135-187-р тал/

-иргэн Б.М зээмшлийн .............. тоот Хаан банкны депозит дансны хуулга /хх-ийн 188-р тал/

-иргэн Л.Х зээмшлийн ..............тоот Төрийн банкны депозит дансны хуулга /хх-ийн 193-200-р тал/

-Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар -437 дугаар нээлттэй хорих ангийн 2023 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 23/334 дугаартай “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусагвар болсон” тухай тогтоол /хх-ийн 206-р тал/зэрэг нотлох баримтуудыг нотлох баримтаар шинжлэн судлахад дараахь үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч Н.М нь 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт хохирогч Б.Бтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,Iphone-13 pro max”  загварын гар утсыг БНСУ-аас авчирч өгнө гэж хуурч утасны урьдчилгаа төлбөр, утасны үнэ зэргээр нийт 9 удаагийн гүйлгээгээр 1,550,000 төгрөгийг бусдын дансаар шилжүүлэн авчээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогчийн мэдүүлэг, дансны хуулгууд, гэрчийн мэдүүлэг зэрэг бичмэл нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрхи үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзэв.

 

Шүүгдэгч Н.Мийн үйлдлийн улмаас Б.Бд 1,550,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Б.Бгийн мэдүүлсэн... Хуваагаад төлж болно гэсэн болохоор өөрт байсан боломжоороо мөнгөтэй болохоороо шилжүүлж өгөөд байсан юм. Би нийт 1,555,000 төгрөгийг Н.Мид шилжүүлж өгсөн...гэх мэдүүлэг, хохирогч Б.Бгийн эзэмшлийн .............. тоот Хаан банкны депозит дансны хуулга, гэрч Х.Л... Тухайн үед орлого хийгдлээ гэсэн мэдээлэл миний ..................дугаартай утсанд мессежээр ирсэн гэхдээ энэ үед би өөрөө ашиглаагүй банкны виза картаа Х.Н эгчид өгсөн байсан болохоор ямар учиртай гүйлгээ болохыг мэдэхгүй байна.. гэх мэдүүлэг, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, яллагдагчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”,

2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Шүүгдэгч Н.М нь Б.Бгээс 1,550,000 төгрөгийг хуурч эзэмшилдээ авсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол ...ял шийтгэнэ” гэж заасан “залилах” гэмт хэргийн шинжтэй нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Шүүгдэгч Эрүүгийн хуулиар хориглосон үйлдлийг санаатай хийж бусдын өмчлөх эрхэд халдаж хохирол учруулжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нь бусдыг залилан мэхэлсэн үйлдэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж иргэн Б.Бд “Iphone-13 pro max” гар утсыг Солонгос улсаас авчирч өгнө гэж 1,550,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай, хохирогчид учирсан хохирол бүрэн төлөгдсөн гэж,

 - шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Н.М залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээсэн, зүйлчлэлийн талаар маргахгүй гэж тус тус дүгнэлт гаргасан.

 

Шүүгдэгч Н.Мийн гэм буруутай үйлдэл бүрэн нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 -шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

-хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлж барагдуулсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж  хорих ялыг сонгож оногдууллаа. Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: Шүүгдэгчид ял оногдуулахдаа урьд ял шийтгүүлсэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдлыг харгалзан үзэж 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналтай гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч: хохирлыг бүрэн барагдуулсан, маш их гэмшиж байгаа, хэд хэдэн газартай гэрээ хийж ажиллаж байгаа зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.

Шүүгдэгч Н.М нь урьд энэ төрлийн гэмт хэрэгт зорчих эрх хязгаарлах ял шийтгүүлж эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул хорих ял оногдуулах үндэслэл болсон.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 261 дугаар шийтгэх тогтоолоор Н.Мид оногдуулсан 1 жил 8 сар 16 хоногийн зорчих эрх хязгаарлах ялаас эдлээгүй 1 жил 1 сар 14 хоногийн ял үлдсэн байх тул,

Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн,...бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг , 6.8 дугаар зүйлийн 2 дэхь хэсгийн 2.3-д “зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг” гэж заасныг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 14 хоногийн зорчих эрх хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон 1 жил 1 сар 14 хоногийн хорих ялыг, энэ тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн эдлэх ялын хугацааг тогтоосон болно.

 

3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч Б.Б хохирол төлбөрөө бүрэн барагдуулж авсан, шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол саналгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж заалаа.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б ургийн овогт Нгийн Мийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Н.Мид энэ тогтоолоор оногдуулсан 6/ зургаа/ сарын хугацаагаар хорих ялд, тус шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 261 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 08 сар 16 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 01 сар 14 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын  1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялыг  1 жил 07 сар 14 хоногийн /нэг жил, долоон сар, арван дөрөв хоног/ хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мид оногдуулсан 1 жил 07 сар 14 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Н.Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдсугай

7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

               

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.АРИУНЦЭЦЭГ