| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0086/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/76 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/76
2024 02 21 2024/ШЦТ/76
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Т.Төгөлдөр
Шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Цид холбогдох эрүүгийн 2425000000061 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б ургийн овогт А.Ц
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б ургийн овогт А.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Э” караокены гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч буюу хохирогч Р.Атай "өөр эрэгтэй хүнтэй юм ярилаа” гэсэн шалтгаанаар маргалдаж, түлхэн унагаж эрүүл мэндэд нь “дагзанд шарх, баруун, зүүн шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч А.Цийн мэдүүлсэн: Гэм буруугаа сайн дураараа хүлээсэн. Урьд нь үнэн зөв мэдүүлсэн гэх мэдүүлэг,
эрүүгийн 2425000000061 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:
-Согтуурлыг шалгасан баримт /хх-ийн 6-7-р тал/
-хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /хх-ийн 9-р, 11-р тал/
-хохирогч Р.Агийн мэдүүлсэн... Би өчигдөр найз Л болон түүний найзууд болох хоёр залуутай Хуримт буудлын 204 тоот өрөөнд 2,5 литрийн 3 сав пиво хувааж уусан. Пиво ууж дуусаад буудлаас гараад нэмж пиво уухаар болоод “Э” караоке баар луу орж Л нэг шил 0,75 граммын архи авч хувааж уусан. Тэр архийг ууж байхад миний нөхөр Ц над руу утсаар яриад хаана байгаа юм бэ гэхээр нь байгаа газраа хэлсэн. Миний нөхөр ирээд Лын найзуудтай танилцаад хамт сууж үйлчлүүлсэн. Заяа дахин 1 шил 0,5 литрийн архи авч түүнийг нь бид тав хувааж уусан. Архиа ууж дуусаад гэртээ харих гэж баарнаас нөхрийнхөө хамт гарч явж байгаад би өөрөө ганцаараа Заяатай уулзах гээд эргээд баар луу орох гэж явж байхад бид нартай хамт байсан Лын найз Содоо гэж залуу тараад түүнтэй юм яриад зогсож байхад миний нөхөр Ц араас ирээд “чи нөхрийгөө байхад өр эрэгтэй хүнтэй юм яриад байхдаа яадаг юм бэ” гээд маргалдаж байгаад улмаар намайг түлхээд унагасан. Тэгэхэд нь би толгойн ар хэсгээрээ юм мөргөж толгойгоо хагалчихсан юм. Нөхрийгөө бааранд ирэхэд нь би согтуу архи уучихсан танихгүй 2 залуутай хамт байсан. Мөн сүүлд нь эргэж баар луу орох гэж явж байхдаа нөгөө хоёр залуугийн нэгэнтэй нь юм яриад зогсож байхыг хараад миний нөхрийн хар нь хөдөлсөн юм шиг байгаа юм. Намайг цохиж зодсон зүйл байхгүй. Явья гээд би явахгүй гээд маргалдаж байгаад намайг түлхээд унагасан. Тэгэхэд нь би савж унаад толгойныхоо ар дагз хэсэгт хагалсан. Эмнэлэг дээр очиж 3 ширхэг оёдол тавиулсан. Бид хоёр 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс хойш хамт амьдарч байгаа. Хамтран амьдрагч нар. Гэрлэлтийн батлах байхгүй. Урд өмнө нь намайг зодож цохиж байгаагүй. Миний зүгээс гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийн улмаас миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учраагүй.Ийм учраас сэтгэцэд учирсан хохирол тогтоолгохгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 12-16-р тал/
-гэрч Д.Лын мэдүүлсэн.... Би одоо өдрийг нь санахгүй байна. 2023 оны 12 дугаар сарын сүүлээр нэг өдөр ажилдаа явах гээд 16 цагийн орчим явж байсан чинь миний танил А над руу залгаад хаана явж байна гэхээр нь ажил руугаа явж байна гэсэн чинь Цацал буудал руу хүрээд ирээч гээд байгаа өрөөнийхөө дугаарыг хэлэхээр нь яваад очсон чинь А хоёр залуугийн хамт 0.5 литрийн пиво уугаад сууж байсан. Миний ажил эхлэх арай болоогүй байсан учир би тэд нартай хамт суугаад пиво уусан. Тэд нарын ууж байсан пиво дуусаад дахин 2.5 литрийн нэг сав пиво авч уусан бөгөөд тухайн пивыг ууж дуусаад намайг явах гэхэд А чи ажлаасаа чөлөө авчих, хоёулаа Э караоке орох уу гэхээр нь тэгье гээд зөвшөөрөөд бид хоёр хамт Э караоке бааранд ороод нэг шил 0,75 граммын архи аваад сууж байхад буудалд хамт байсан хоёр залуу араас орж ирээд хамт суусан. Энэ үед А нөхөр залгаад байна гээд утсаар яриад нөхрийгөө дуудсан. Удаагүй түүний нөхөр гэх залуу ирээд бид нартай хамт үйлчлүүлсэн. Агийн нөхрийг нь ирэхэд ууж байсан архийг нь бид нар хувааж ууж дуусгаад дахин нэг шил Э.5 литрийн архи авч хувааж уусан.Сүүлийн архийг ууж байхад А юунаас ч болсон юм бэ гэнэт уурлаад ширээн дээр байсан хундага авч шидээд хагалсан. Түүнээс нь болж бид хоёр бага зэрэг маргалдсан.Тэгтэл Агийн нөхөр нь эхнэрийгээ дагуулаад явах гээд гарсан. Тэр хоёрыг гараад удаагүй байхад хамт байсан хоёр залуу ч гэсэн мөн араас нь гарсан. Тэр хоёр залууг гарч байхад А орж ирээд надад явлаа гэдгээ хэлээд эргээд гарсан. Ийм л зүйл болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/
-Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 83 дугаартай: Р.Агийн биед дагзанд шарх, баруун, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх дагзан дахь шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт /хх-н 25-26-р тал/
--Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 565 дугаартай:.. Шинжилгээнд ирүүлсэн “Ц” гэж хаягласан цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. “Ц” гэж хаягласан цуснаас 2,3 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 2,3 промилли спирт нь согтолтын дунд зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 31-33-р тал/
Шүүгдэгч А.Цийн яллагдагчаар мэдүүлсэн... Миний эхнэр Р.Амаржаргал буудалд жижүүрээр ажилладаг юм. 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 12 цагт ажлаасаа буух ёстой байсан юм. Би тэр өдөр ажлаа хийж байгаа эхнэрийгээ ажлаас нь тарах үед гар утас руу нь залгасан боловч эхнэр маань гар утсаа авахгүй байсан. Тэр өдөр би бараг 20-30 удаа эхнэрийнхээ гар утас руу залгасан. Эхнэр гар утсаа авахгүй л байсан. Гэтэл орой 19 цаг өнгөрч байхад эхнэр Р.А өөрөө миний гар утас руу залгаад “Э” караоке бааранд хүрээд ир гэж согтуу ярьсан. Тэгэхээр нь тэр бааранд нь яваад очсон чинь эхнэр минь танихгүй нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хүнтэй архи уугаад сууж байсан. Би бааранд ороод эхнэрийгээ харих уу гэсэн чинь эхнэр маань ганц, хоёр дуу дуулж байгаад явья гэхээр нь би зөвшөөрөөд хамт уусан. Намайг бааранд очих үед тэд нар 0,75 граммын архи уугаад талдаа орж байсан бид тав тал архийг нь хувааж уусан. Үүний дараа миний эхнэрийн найз эмэгтэй надтай танилцсан гээд 0,5 литрийн 1 шил архи авч өгсөн. Түүнийг нь мөн бид тав хувааж уусан. Архиа ууж дуусаад явах гэж байхад эхнэр маань найз хүүхэнтэйгээ муудалцаад бид хоёр гэртээ харихаар гарсан. Баарнаас гараад явах гэж байхад эхнэр маань би баар луу эргэж ороод найзаасаа уучлалт гуйгаад ирье гээд баар луу ганцаараа орчхоод эргэж гарч ирээд баарны үүдэнд цуг бааранд сууж байсан 2 залуугийн нэгтэй нь юм яриад байсан. Тэгэхээр нь би эхнэр дээрээ очоод жоохон хар хөдлөөд эхнэрийгээ түлхсэн чинь арагшаа саваад унасан. Босоод ирсэн чинь толгойныхон ар хэсэгт хагарч цус гарч эхэлсэн... Би эхнэрийнхээ биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 48-р тал/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч А.Ц нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сум “Э” караокены гадаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, хамтран амьдрагч Р.Атай "нөхрийнхөө дэргэд өөр эрэгтэй хүнтэй юм ярьлаа” гэж хардаж, маргалдан түлхэн унагаж эрүүл мэндэд нь “дагзанд шарх, баруун, зүүн шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч А.Цийн үйлдлийн улмаас Р.Агийн биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон ба А.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч А.Цийн хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан,хүсэлтийг хүлээн авч 600 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял санал болгоход зөвшөөрсөн гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээсэн. Ялын агуулгыг ойлгосон, өөр саналгүй гэж тус тус дүгнэлт санал гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”гэж,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ,
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдууллаа.
3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч Р.А нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, хохирлын нэхэмжлэл гаргаагүй тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1,5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт А.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цид 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цид шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч А.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ