Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 93

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож

Улсын яллагч Х.Оюунцэцэг нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Цогзолмаагийн Бямбацогтод холбогдох эрүүгийн 201719000166 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1994 оны 06 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, яс үндэс халх, эрэгтэй, 23 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүүгийн хамт Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрикийн 02-25 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Онгод овгийн Цогзолмаагийн Бямбацогт  /РД:УЗ:94060591/

 

            Холбогдсон хэргийн талаар: /Сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолд дурдагдсанаар/

 

Шүүгдэгч Ц.Бямбацогт нь согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 05ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал 2 дугаар багийн нутаг “Хамар давааны өвөр” нэртэй газраас иргэн М.Баатаржавын гэрийн гадаа байсан эмээлийг нь хулгайлж бусдад 250 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ц.Бямбацогт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би авсан эмээлээ буцаагаад өгчихсөн. Хохирогч надтай сайн дураараа эвлэрсэн, надаас мөнгөн төлбөр нэхэмжлэхгүй, санал гомдолгүй гэсэн тул хэргийг маань хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Ц.Бямбацогтын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд очиж архи уусан. Тэгээд нилээн орой болсон байсан ба найз Будбаяр над дээр ирээд харанхуй болохоос өмнө эртхэн харья гээд бид хоёр мориндоо мордоцгоогоод явсан. Би нилээн яваад сэргэтэл Төв аймгийн Алтанбулаг сумын “Хамар давааны өвөр” гэдэг газрын хавьцаа явж байсан ба гадаа их хүйтэн байсан болохоор айлд орж цай ууж дулаацъя гэж бодоод харагдаж байгаа хоёр айлд очсон юм. Би тэр айлд ороод өвөөтэй юм яриад сууж байтал найз Будбаяр маань түрүүлээд яваад өгсөн. Би явах гэж гараад мориндоо мордохдоо гэрийн хажууд байсан эмээлийг хулгайлж аваад Будбаярынхруу шууд явсан. Тэгээд Будбаярын гэрийн хойд жалганд эмээлээ авч тавьчхаад Будбаярын морийг нь өгчхөөд буцаж ирээд эмээлээ аваад явсан. Би хулгайлж авсан эмээлээ Баатаржав өвөөд буцаагаад өгчихсөн. Би хулгай хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/

 

Хохирогч М.Баатаржав шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Шүүгдэгч Ц.Бямбацогтоос  эд зүйлээ буцаан авч, хохиролгүй болсон. Би өөрийн сайн дураар Бямбацогттой эвлэрч байгаа тул хэргийг нь хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хохирогч М.Баатаржавын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би Төв аймгийн Алтанбулаг сумын “Хамар давааны өвөр” гэдэг газар оршин суудаг юм. 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед манай хойд талын айлд үл таних хоёр залуу орж ирээд ахаа даараад цай уумаар байна гэхээр нь цай уулгаад байж байтал нэг залуу нь яваад өгсөн. Нөгөө залуу нь нилээн халамцуу надтай юм ярьж сууж байгаад 10-аад минутын дараа гарч явсан. Намайг араас нь гарахад миний урд гэрийн гадаа байсан модон эмээл маань алга болсон байсан. Тэгтэл манайд ирээд цай ууж суугаад сүүлд явсан Бямбацогт гэдэг залуу авсан байсан. Миний эмээлийг олж өгсөн цагдаа нарт баярллаа гэх мэдүүлэг/ хх-ийн 21-23 хуудас/

 

Гэрч А.Анхбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 18 цагийн үед манайд үл таних хоёр залуу орж ирээд өвөө даараад цай уумаар байна гэхээр нь би цай аягалж өгөөд байж байтал нэг залуу нь түрүүлээд явсан. Харин нөгөөх нь нилээн согтуу баахан юм ярьж байгаад явлаа гээд яваад өгсөн. Манай айлын өвөө Баатаржав гуай ч харьлаа гэж гараад удаа ч үгүй буцаад ирэхээр нь яасан бэ гэхэд “гэрийн гадна байсан модон эмээл алга болчихсон байна. Та нар  харсан уу гэж асууж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 хуудас/

 

Гэрч Б.Будбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Бямбацогт бид хоёр Төв аймгийн Аргалант суманд болсон Дүнжингаравын наадам үзсэн. Бямбацогт шувуун фабрикийнхаа ах нартай нийлж архи уусан. Наадам тараад Бямбацогт бид хоёр Төв аймгийн Алтанбулаг сумын “Хамар давааны өвөр” гэдэг газрын хавьцаа явж байхад хоёр айл харагдахаар нь айлд орж цай уугаад би түрүүлээд явсан. Харин Бямбацогт үлдсэн гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуудас/

 

Хохирогч М.Баатаржав шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Шүүгдэгч Ц.Бямбацогтоос хохиролоо бүрэн барагдуулж авсан тул санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй тул хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28 хуудас/

 

 Шүүгдэгч О.Батхүүгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 хуудас/

 

 Эмээлийг түр хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-20 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Ц.Бямбацогт нь согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 05ны өдрийн 18 цагийн үед Төв аймгийн Алтанбулаг сумын Аргал 2 дугаар багийн нутаг “Хамар давааны өвөр” нэртэй газраас иргэн М.Баатаржавын гэрийн гадаа байсан эмээлийг нь хулгайлж бусдад 250 000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэв.

 

Төв аймгийн Прокурорын газраас Ц.Бямбацогтод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Бямбацогтыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэмт буруутайд тооцох үндэслэлтэй  байна.

Хохирогч М.Баатаржав нь алдагдсан эмээлээ Ц.Бямбацогтоос буцааж авсан,  нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж байгаа тул шүүх хуралдаанаар хэлэлцэх хохирол төлбөрийн асуудал байхгүй байна.

 

Шүүгдэгч Ц.Бямбацогтын холбогдсон Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж зааснаар хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан, хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн гэх үндэслэлүүдээр шүүгдэгч Ц.Бямбацогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.

           

Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.Бямбацогт нь бусдад төлөх төлбөргүй, урд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

           

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 248 дугаар зүйлийн 248.1.2, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Онгод овгийн Цогзолмаагийн Бямбацогтыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Ц.Бямбацогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэхь хэсэгт заасныг журамлан түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Ц.Бямбацогт нь бусдад төлөх төлбөргүй, урд цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Бямбацогтод урд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,  Ц.Бямбацогтод авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.МӨНХТУЯА