Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 30

 

               Ж.А, Т.Б нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Жамбалсүрэн даргалан, шүүгч Л.Алтан, шүүгч Н.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолтой, Ж.А, Т.Б нарт холбогдох, 20350000200051 эрүүгийн дугаартай, 1 хавтас хэргийг шүүгдэгч Ж.А, Т.Б, тэдгээрийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа, прокурор Х.Энхтуул, шүүгдэгч Ж.А, Т.Б, тэдгээрийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нар оролцов.

Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 25-нд Увс аймгийн Завхан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, малчин, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Увс аймгийн Завхан сумын .. оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй Я овогт Ж-ын А,

Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 07-нд Увс аймгийн Завхан суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт Увс аймгийн Завхан сумын .. оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй Х овогт Т-ын Б/.

Шүүгдэгч Ж.А, Т.Б нар нь бүлэглэн Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 26-ны шөнө хууль сахиулагч Завхан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Т, хэсгийн цагдаа Д.Х, олон нийтийн цагдаа Э.Б нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж, цагдаагийн дэслэгч Б.Т, олон нийтийн цагдаа Э.Б нарын биед халдсан, албаны хэрэгцээнд ашиглаж байсан хүрэн өнгийн ширээний тавцан, саарал өнгийн ширээний тавцан зэргийг эвдсэн гэх гэмт хэрэгт холбогдсон байна.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Яргай овогт Жалбын Амилхаан, Хожгор овогт Тогтохбаярын Бат-Эрдэнэ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-д заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Ж.А, Т.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар тус бүрт нь 8 /найм/ сар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Ж.А, Т.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Ж.А, Т.Б нарт нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч Ж.А, Т.Б, тэдгээрийн өмгөөлөгч Л.Эрдэнэнцэцэг нар хамтран давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь үнэлж дүгнэлгүй хэт нэг талыг барьж ял хүндрүүлэх байр сууринаас хандаж Ж.А, Т.Б нарт тус тус 8 сар хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Шүүгдэгч Ж.А, Т.Б нар нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон болох нь хэргийн 140, 155 дугаар талд авагдсан ял шалгах хуудсаар нотлогддог ба Т.Б нь 2 жилийн өмнө зүрхний хагалгаанд орсон гэдэг нь гэрч Ж.Баярхүүгийн мэдүүлгээр нотлогддог, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээгүй, мөн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг анхан шатны шүүх хэрэглэлгүй хорих ял оногдуулсанд гомдолтой байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Ж.А, Т.Б нарыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоол үндэслэлтэй, шүүх шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул уг шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.А, Т.Б, тэдгээрийн  өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын гаргасан гомдлыг үндэслэн Ж.А, Т.Б нарт холбогдох, 20350000200051 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ж.А, Т.Б нар нь бүлэглэн Увс аймгийн Завхан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт 2019 оны 12 дугаар сарын 26-ны шөнө Завхан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Б.Т, хэсгийн цагдаа Д.Хишигтогтох, олон нийтийн цагдаа Э.Б нарыг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ж.А, Т.Б нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч нарын  үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр  зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Ж.А, Т.Б, тэдгээрийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг  нар “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг хэрэглэлгүй хорих ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү” гэх  агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх суурь үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байх нөхцөл бөгөөд энэхүү зохицуулалт нь агуулга, онолын үзэл баримтлалын хувьд анхан шатны шүүхээр гэм буруугийн асуудал хэлэлцэгдэх болон түүний өмнөх шатанд хэрэгждэг заалт төдийгүй шүүгдэгчид ял оногдуулахдаа заавал хэрэглэгдэхээр шүүхэд үүрэг болгосон заалт биш юм.

Шүүгдэгч нар нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн шүүгдэгч нарын хорих  ялыг хөнгөрүүлэх, тэнсэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Нөгөөтэйгүүр анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэл нь шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэрэгт тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч Ж.А,Т.Б, тэдгээрийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.А, Т.Б нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 34 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 77 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Ж.А, Т.Б, тэдгээрийн өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ж.А, Т.Б нарын анхан шатны шүүх хуралдаанаас давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл буюу 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 34 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.ЖАМБАЛСҮРЭН

 

ШҮҮГЧИД                                                                 Л.АЛТАН

 

                                                                                                Н.МӨНХЖАРГАЛ