Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01269

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2022/01269

 

 

Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, Д.Цолмон, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2020/01270 дугаар шийдвэртэй,

 

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр магадлалтай,

 

Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-д холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 13,001,218.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

Шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь хариуцагч Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-д холбогдуулан Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 13,001,218.54 төгрөг гаргуулах тухай гомдол гарган маргажээ.

 

2. Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2020/01270 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 28.1.5.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 13,001,218.54 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,360 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамж 222,960 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2020/01270 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүх хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүх хуралдаанд Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.06.11-ний өдрийн 001/ХТ2020/00294 дугаар тогтоол, Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1,2-т заасныг тус тус үндэслэн Б.Эрдэнэцэцэгийн 99098769 дугаарын утас руу 2020.08.26-ны өдөр утасдан Ажилд эгүүлэн авах тухай тушаал гаргалаа ажилдаа ирж ор гэж мэдэгдсэн. Б.Эрдэнэцэцэг 2020.08.27-ний өдөр Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчнаар ажилдаа орох хүсэлт өгснийг хангаж, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2020.08.27-ны өдөр Ажилд эгүүлэн томилох тухай Б/211 тоот тушаал гаргасан.

Дээрх тушаал гарсны дагуу Б.Эрдэнэцэцэгт тушаалыг танилцуулах гэж 99098769 дугаарын утас руу нь залгасан боловч, утсаа аваагүй. Эргэж холбогдоогүй. Уг тушаалыг дугтуйлан Орхон аймгийн шуудангийн газраар 2020.08.28-ний өдөр гэрийн хаягаар хүргүүлсэн. Б.Эрдэнэцэцэг нь 5 өдрийн дараа буюу 2020.09.02-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал 2020.09.02-ны өдөр Б/216 тоот тушаал гарган ажлаас чөлөөлсөн. Хэдийгээр Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.26-ны өдрийн 142/ШШ2019/00230 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.05.09-ний өдрийн 62 дугаар магадлалтай, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2020/00294 дугаар тогтоолууд гарсан хэдий ч Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК, Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчин Б.Эрдэнэцэцэг нарын хооронд Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасан хөдөлмөрийн харилцаа үүсээгүй.

Учир нь: А.Б.Эрдэнэцэцэгийг 2020.08.27-ны өдөр Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б/211 тоот тушаал гарган Зуухан цехийн өрлөг дулаан тусгаарлалтын засварчнаар ажилд нь томилсон боловч ажилдаа ирж манай байгууллагатай хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй. Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.08.27-ны өдрийн Б/211 тоот тушаалыг Б.Эрдэнэцэцэгт танилцуулж, ажилд нь оруулах гэсэн боловч 2020.08.27-ны өдөр болон 08.28-ны өдөр 99098769 дугаарын утсыг авч яриагүй учраас 2020.08.28-ны өдөр Орхон аймаг, Баян-Өндөр сум, Наран багийн 40-02 тоот руу гэрийн хаягаар нь шуудангаар хүргүүлсэн боловч 5 өдрийн дараа буюу 2020.09.02-ны өдөр ирж ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.08.27-ны өдөр Ажилд эгүүлэн томилох тухай Б/211 тоот тушаал биелэгдэхгүй болох нь нотлогдсон.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т Энэ хуулийн 36.1.2- т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэсний дагуу Хөдөлмөрийн харилцаа үүсч байж Б.Эрдэнэцэцэгт мөнгө олгох ёстой. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.02.26-ны өдрийн 142/ШШ2019/00230 дугаар шийдвэрээс хойших хугацааны нэхэмжилсэн 13.001.218.54 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Эрдэнэчимэг хяналтын журмаар гаргасан гомдлын хариу тайлбарт: ...Орхон аймгийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.21-ний өдрийн 11 дугаартай магадлалыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна гэжээ. Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлийн шаардлага нь ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах тухай хөдөлмөрийн маргаан байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эс зөвшөөрч гаргасан хяналтын гомдол нь Орхон аймгийн Захиргааны хэргийн 2021.01.21-ний өдрийн 11 дугаар магадлалд гомдол гаргасан нь энэ хэрэгт хамааралгүй байна. Иймд тус хяналтын гомдлыг шүүх хурлаар хэлэлцүүлэхгүй буцаана уу. Нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийг ажилдаа ор гэж мэдэгдсэн боловч холбогдоогүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 36.1.2-т зааснаар хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэжээ. Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн 2020.08.27-ны өдрийн Б/211 дүгээр захирлын тушаалаар Б.Эрдэнэцэцэгийг өмнө эрхэлж байсан ажилд нь /зуухан цехийн өрлөг, дулаан тусгаалалтын засварчин/ эгүүлэн томилсон ба эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ажлаа цаашид хийх боломжгүй байдал үүссэн тул өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаснаар 2020.09.02-ны өдрийн Б/216 дугаартай ажлаас чөлөөлөх тушаал гарсан байдаг.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.29-ний өдрийн 142/ШШ2020/01270 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.05.09-ний өдрийн 62 дугаар магадлалтай, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2020/00294 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 1 сарын цалинг 684,274.66 төгрөгөөр тооцон 2018.10.25-ны өдрөөс 2019.01.15-ны өдрийг хүртэл 3 сарын цалин 2,052,824 төгрөгөөр тооцож хариуцагчаас гаргуулахаар эцэслэн шийдвэрлэсэн. Нэгэнт шүүхийн шийдвэр, магадлал тогтоол нь хүчин төгөлдөр болсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацааны цалин хөлсийг нэхэмжлэх эрхтэй гэсний дагуу 2019.01.25-ны өдрөөс 2020.08.25-ны өдөр хүртэл, 19 сарын цалин буюу 13,001,218 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Гэтэл энэ хугацааны цалинг өгөх үндэслэлгүй гээд маргалдаад байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол нь хууль зүйн үндэслэлгүй, ойлгомжгүй байна. Б.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 13,001,218 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.29-ний өдрийн 142/ШШ2020/01270 дугаар шийдвэрээр бүрэн хангаж шийдвэрлэсэн болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолтой танилцахад хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд хариуцагч талаас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан боловч Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.05.09-ний өдрийн 62 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байх тул хэвээр үлдээсэн. Гэтэл энэ хугацааны цалинг өгөх үндэслэлгүй гээд маргалдаад байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол нь хууль зүйн үндэслэлгүй, тодорхойгүй, ойлгомжгүй хуульд эс нийцэж байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хяналтын гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

 

7. Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэг нь хариуцагч Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 13,001,218.54 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шаардлагын үндэслэлээ ... ажилгүй байсан 2019.01.15-ны өдрөөс эхлэн 2020.08.25-ны өдөр хүртэлх хугацааны цалин олговорт 13,001,218 төгрөг (684,274.66 төгрөг*19 сар) гаргуулах үндэстэй гэж тайлбарласан бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...2020.06.11-ний өдрийн Улсын дээд шүүхийн тогтоолд үндэслэн Б.Эрдэнэцэцэгийг ажилд эгүүлэн авах тухай эрх бүхий этгээдийн Б/211 тоот тушаал 2020.08.27-ны өдөр гарсан. ... тэрээр ажилдаа буцаж ороогүй. ... 2020.09.02-нд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгч, энэ өдрийн Б/216 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлөгдсөн. ... хөдөлмөрийн харилцаа үүсээгүй тул нэхэмжилсэн 13,001,218.54 төгрөгийг олгох хууль зүйн үндэслэлгүй гэж маргасан байна.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн байх тул энэ өдрөөс хойш ажилд нь эгүүлэн авах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор шаардах эрхтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

 

9. Нэхэмжлэгч Б.Эрдэнэцэцэгийг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн 2019.02.26-ны өдрийн 142/ШШ2019/00230 дугаартай шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд уг шийдвэрт 2019.01.15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор хянан шийдвэрлэсэн талаар талууд маргаагүй. Түүнчлэн нэхэмжлэгчийг Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2020.08.27-ны өдрийн Ажилд эгүүлэн томилох тухай Б/211 тоот тушаалаар ажилд нь эгүүлэн томилж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн боловч нэхэмжлэгч ажилдаа эргэж ороогүй, 2020.09.02-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн үйл баримтыг маргаагүй. Харин нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан 2019.01.15-ны өдрөөс түүнийг ажилд эгүүлэн авсан 2020.08.26-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах үндэстэй эсэх талаар маргасан байна.

 

10. Маргааны зүйлийн талаар зохих хууль зүйн дүгнэлтийг өгч Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1., 128 дугаар зүйлийн 128.1.5.-д заасныг тус тус баримтлан 2019.01.15-ны өдрөөс түүнийг ажилд эгүүлэн авсан 2020.08.26-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 13,001,218 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэстэй, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

11. Ажилтан 2020.09.02-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн нь түүнийг ажилд авах хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хуульд заасан хэмжээгээр нэхэмжлэх эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

12. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.    Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 142/ШШ2020/01270 дугаар шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 11 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтансүхийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Эрдэнэтийн дулааны цахилгаан станц ТӨХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021.02.04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 222,960 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.