Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 213/МА2018/00029

 

*******гийн нэхэмжлэлтэй *******д холбогдох

иргэний хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Н.Энхмаа, Г.Уламбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2018/00517 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэг 1.000.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг үндэслэн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нар оролцов.

Нэхэмжлэгч *******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь 2017 оны 1 дүгээр сарын 27-нд иргэн *******д нэг сая төгрөг хоёр сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн юм. Одоо үндсэн 1 сая төгрөгөө авмаар байна. эвлэрүүлэн зуучлахаар орсон боловч шүүхээр шийдүүл гэсэн юм. Иймд 1 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Миний бие нь *******д 2017 оны 01 дүгээр сарын 27-нд 1 сая төгрөгийг 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлсэн нь үнэн болно. Гэтэл ******* нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл үндсэн 1 сая төгрөгнөөс нэг ч төгрөг өгөөгүй болно. 2017 оны 01 дүгээр сарын 27-ноос 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 16 сарын хугацаанд сая төгрөгийн хүүнд 800.000 төгрөг төлсөн нь үнэн. Иймд зээлийн гэрээний үндсэн төлбөрөө гаргуулна. Би энэ хүнийг мөнгөний хэрэг болоод байна гэх үед нь эмчилгээнд явах гэж хадгалж байсан мөнгөө өгсөн. Хүүгээ өгч яваад гэрээгээ сунгая гэсэн тул тухай бүр нь сунгаж байсан. Бэлнээр мөнгө авсан зүйл байхгүй гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбартаа:

******* миний бие 2017 оны 01 дүгээр сарын 27-нд *******гаас 1.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлсэн нь үнэн. 2017 оны 2,3 дугаар сарын хүү болох 200.000 төгрөгийг 5225112895 дансанд шилжүүлсэн юм. Тэгээд мөнгөө сунгая гэж 4 дүгээр сарын хүү 100.000 төгрөгийг *******гийн дансруу шилжүүлсэн. 5 дугаар сарын хүү болох 100.000 төгрөгийг доод зах дээр Л.Цэцэгээтэй явж байхад бэлнээр авсан. 6 дугаар сарын хүүг ******* дансруу 2017 оны 06 дугаар сарын 27-нд хийсэн. 2017 оны 06 дугаар сарын хүүг өгөөд одоо хүү өгөх боломжгүй гэдгээ хэлж үндсэн мөнгөө өгье гэж хэлээд гэрээгээ сунгаагүй.

2017 оны 07 сарын 27-нд 100.000 төгрөг /******* /

2017 оны 08 сарын 29-нд 100.000 төгрөг *******

2017 оны 11 сарын 20 нд 100.000 төгрөг *******

2018 оны 01 сард 100.000 төгрөгийг манай гэрт ирж авсан.

2018 оны 02 сарын 13 нд 100.000 төгрөгийг *******

2017 оны 9,10,12 сард тус тус 100.000 төгрөгийг ХААН банкны ******* дансанд хийсэн. Одоогоор үндсэн мөнгөнөөс 800.000 төгрөг хийсэн учир одоо 200.000 төгрөг өгөх ёстой. Иймээс 800.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч ******* анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

Би 2017 оны 02 дугаар сард *******гаас 1.000.000 төгрөг зээлж зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан, нотариатаар батлуулаагүй. Би *******гаас 1.000.000 төгрөг авсан нь үнэн тухайн мөнгийг эргэлтэд оруулаад сар болгон хүүг нь өгч байя гэж тохирсон. Тэгээд би 2017 оны 6 дугаар сар хүртэл хүүг нь өгч байсан. 2017 оны 6 дугаар сараас 2018 оны 2 дугаар сар хүртэл 800.000 төгрөг өгсөн. Би хүн луйвардаагүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1- д заасныг тус тус баримтлан зээлийн гэрээний үүрэг 700.000 төгрөгийг хариуцагч П.Ааас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д тус тус заасныг улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******гийн төлсөн 28.550 төгрөгийг төвлөрсөн төсвийн дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэсэн зарим хэсэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21.350 төгрөгийг хариуцагч П.Ааас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Иргэний хэргийн анхан шатны шүүх хурлаар иргэн ******* бид хоёрын 1 сая төгрөгийн гэрээ 10 хувийн хүүтэй гэрээ байгуулсан гэж зөв дүгнэсэн гэж үзэж байна. Харин миний зүгээс үндсэн мөнгө болон зээлийн хүүнд өгсөн байдлыг дутуу гаргасан гэж гомдол гаргаж байна. Миний бие 2017 оны 6 сард одоо хүүг өгөх боломжгүй, үндсэн мөнгөө бага багаар өгөе гэж *******д хэлсэн.

Миний өгсөн мөнгөнөөс 2017 оны 3, 4 сард хийсэн мөнгийг шүүх төлсөн гэж үзээгүй. Үнэндээ бол миний төрсөн эгч Мэндээгийн 5225112895 данснаас *******гийн ******* данс руу 200.000 төгрөг шилжсэн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тодорхой харагдаж байгаа. үүнийг шүүх буруу үнэлж шийдлээ гэж үзэж байна.

2017 оны 5 дугаар сард Цэцгээтэй хамт явж байгаад өгсөн 100.000 төгрөг, гэрт ирж 2018 оны 1 сард бэлнээр авч явсан 100.000 төгрөг зэргийг огт тооцож үзээгүй явдал иргэн намайг хохироож шударга бус шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймээс энэ төлсөн мөнгийг хасаж тооцох эсвэл хэргийг анхан шатанд нь буцааж бүх явдлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч *******гаас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч *******аас зээлийн гэрээний үүрэг 1.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Анхан шатны шүүх *******аас 700.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 300.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгууллагджээ. Талууд хоорондоо тохиролцож зээлийн гэрээний хугацааг нэг, нэг сараар гурван удаа сунгажээ. Зээлийн гэрээний хугацаа нь нийтдээ 5 сар болсон байх тул энэ зээлийн гэрээний хугацаанд хүү тооцож гаргуулах үндэстэй.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 1.000.000 төгрөг, зээлийн гэрээний 5 сарын хүү 500.000 төгрөг нийт 1.500.000 төгрөгийг төлөх үндэстэй байна.

Зээлдүүлэгч *******гаас тайлбарлахдаа хариуцагч ******* нь нийтдээ 800.000 төгрөгийг надад буцааж төлсөн гэж тайлбарладаг бол зээлдэгч ******* нь нийтдээ 1.200.000 төгрөгийг *******д төлсөн гэж тайлбарладаг байна.

Хариуцагч талаас зээлийн гэрээний үүрэгт нийт 800.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар, дансын хуулга зэргээр тогтоогдсон байна.

******* нь миний төрсөн эгч Л.Мэндээгийн данснаас 200.000 төгрөг төлсөн, мөн бэлнээр 200.000 төгрөгийг *******д төлсөн энэ мөнгийг анхан шатны шүүх хасаагүй гэж гомдол гаргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Хариуцагч *******аас 2017 оны 5 дугаар сард Цэцгээтэй явж байгаад *******д 100.000 төгрөг өгсөн, 2018 оны 1 дүгээр сард ******* нь гэрт ирж 100.000 төгрөг авсан, мөн төрсөн эгч Л.Мэндээгийн данснаас 200.000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байгаа ч энэ төлсөн тухайгаа нотлох баримтаар нотолж чадаагүй байна.

Хэрэгт авагдсан ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-22-29 дүгээр тал/ байгаа боловч энэ хуулга нь *******ын дансны хуулга бөгөөд нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

*******ын төрсөн эгч Л.Мэндээгийн данснаас 200.000 төгрөгийн зарлага гарсан огноо нь нэхэмжлэгч *******гийн дансанд орлого орсон огноо нь хоорондоо тохирч байгаа нь данс эзэмшигч нарын дансны хуулганаас тодорхой харагдах үндэстэй байтал төрсөн эгч Л.Мэндээ гэгчийн дансны хуулга хэрэгт авагдаагүй. Хариуцагчийн гомдолд дурьдсан ХААН банкны 5225112895 тоот данс нь Л.Мэндээ гэгчийн данс мөн эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28.550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 131/ШШ2018/00517 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 28.550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

ШҮҮГЧИД Н.ЭНХМАА

Г.УЛАМБАЯР