Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/83

 

 2024       02          27                                            2024/ШЦТ/83

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Т.Төгөлдөр

Шүүгдэгч Ш.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Нд холбогдох эрүүгийн 2425000000075 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Ш.Н

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б ургийн овогт Ш.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ 2023 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С" ресторанд байхдаа хохирогч С.Өыг ажлаа хэвийн хиймээр байна гэсэн шаардлага тавихад нь уурлаж, толгойн тус газарт нь архины шилээр цохиж, газарт унасан байх үед нь нүүр болон цээж хэсэгт нь удаа дараа өшиглөж эрүүл мэндэд нь "баруун хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний алим, баруун шуунд цус хуралт" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал,шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч Ш.Нийн мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

       Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:

-хохирогч С.Өын мэдүүлсэн:...Эрдэнэт Ус ОНӨХК-ий шинэ жилийн үйл ажиллагаа 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр оройны 18 цагт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багт байрлах С ресторанд эхэлж, 00 цагийн орчимд тарах болоход рестораны заалны зүүн урд талд сууж байсан ширээнийхээ ард босож зогссон байхдаа би хамт ажилладаг Ш.Н гэдэг ахад хандаж "та ажлаа хэвийн хиймээр байна, архи битгий уугаад байгаач" гэсэн шаардлагыг хэлэхэд зөвөөр хүлээж авахгүй уурлаж хүлээн авч "ахын дүү зүгээр байгаарай, яах гээд байгаа юм бэ" гэж хэлмэгцээ ширээн дээр байсан "Иден" нэртэй пивоны шилээр 1 удаа миний нүүрний баруун хэсэг рүү цохиход шил хагарч хөмсөг сэтрэхэд үргэлжлүүлж гараараа баруун шанаа хэсэг рүү 1 удаа цохиход би газар унажхөмсөг, хамраас цус гарсан. Энэ үед хамт ажилладаг ус тоолуурын байцаагч Заяадэлгэр намайг авч явж 00-ийн өрөө рүү оруулж миний цусыг цэвэрлэж өгсөн. Тэгээд би эхнэр Хонгорт утсаар болсон асуудлын талаар хэлж өөрийн Зэст багийн 1-17 дугаар байрны 4 тоот хаягтай гэртээ харьж эхнэрийн хамт Бүсийн оношлогоо эмчилгээний төв орж эмчид үзүүлсэн. Намайг цохиулж байхыг Б.Т, Ц.М нар нь харсан гэж бодож байна. Би Ш.Нд ахад шаардлага тавьсан шалтгаан нь бид хоёр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин болон Хүрэнбулаг багт засварын үйлчилгээг явуулдаг юм. Тэгэхэд Ш.Н ах адилхан цалин авч байж ажпаа хийхгүй, ажлаа тасалж, архи уугаад алга болчихдог болохоор нь шаардлага тавьсан юм. Ш.Н ах өөрийн ирсэн дуудлага мэдээлэлд очихгүй байхаар дуудлага нь надад ирээд байдаг. Би Ш.Н ахын биед халдах үйлдэл гаргаагүй, зүгээр зогсож байхад намайг цохиж зодсон...Тухайн үед энэ үйл явдал маш хурдан болж өнгөрсөн болохоор пивоны шил байсан гэж харсан юм, архины шил ч байсан байж магадгүй, ямар ч байсан зузаан шил байсан. Тэгээд үргэлжлүүлж нэг удаа нүүр хэсэг рүү гараараа цохиход би ухаан алдаж шалан дээр унасан, хэсэг ухаан балартахад цохиж зодсон байж магадгүй, ухаан алдсан болохоор санахгүй байна. Ш.Н нь хохиролд 700,000 төгрөгийг надад шилжүүлэн өгсөн, миний зүгээс гаргах санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл оайхгүй мөн сэтгэл санаанд ямар нэгэн хохирол учраагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9, 11-р тал/

-гэрч У.З мэдүүлсэн...Эрдэнэт Ус ОНӨХК-ий шинэ жилийн арга хэмжээ Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг С ресторанд 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн орой 18 цагт эхэлж 23 цаг өнгөрч байх үед дуусаж, хүмүүс тараад явах гэж байх үед Шуурхай үйлчилгээний албаны ажилчид сууж байсан ширээ рүү харсан чинь Ш.Н гэдэг ажилтан маань юм дэвсээд байгаа юм шиг харагдахаар нь дөхөж очтол яг дэвсэж байсан хэсэгт нь С.Ө явган суугаа байдалтай хамар болон хөмсөг хэсгээс нь цус гарчихсан, цус гарч байсан хэсэгтээ хувцсаар дараад сууж байсан бөгөөд эргэн тойрных нь шал тэр чигтээ цус их хэмжээгээр болчихсон байхаар нь яасан юм бэ гэсэн чинь Ш.Н ахтай юм ярьж байгаад архитай холбоотой юм хэлсэн чинь пивоны шилээр нүүр хэсэг рүү цохичихлоо гэсэн....гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/

-гэрч Г.Б.Т мэдүүлсэн:... Тэгээд машиндаа суулгаж яасан юм бэ гэж асуусан чинь Ш.Н ахад хандаж ажпаа хэвийн хиймээр байна гэсэн чинь пивоны шилээр цохичихлоо гэсэн. Тэгээд бид хоёр Ө 1-17 дугаар байрны гадна талд буулгахад эхнэр нь гадаа хүлээж байсан бөгөөд эхнэрт нь хүлээлгэж өгөөд цааш явсан....” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 17-р тал/,

-гэрч Ц.М мэдүүлсэн... Н ах пивоны шилээр миний нүүр лүү цохичихлоо гэж хэлэхээр нь очоод авъя гараад ир гэж хэлээд үүдний хэсэгт очиход Ө өөдөөс гарч ирж таарсан бөгөөд баруун хөмсөг хэсгээ салфетикаар дарчихсан, салфетик нь цус болчихсон байсан. Тэгээд машинд суулгаад юу болсон талаар тодруулахад Н ахыг ажлаа хэвийн хийж байх талаар шаардлага тавихад пивоны шилээр цохичихлоо гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 20-р тал/,

-гэрч О.О мэдүүлсэн:.. ширээний ард талд С.Ө ирээд зогсож байсан чинь Н араас нь ирмэгцээ архи байна уу ахындүү нэг хундагалаач гэсэн чинь С.Ө ширээн дэзрээс Алтан чингис нэртэй архины шилийг авч үзэн байхгүй байна ахаа гэсэн чинь яахаараа байдаггүй юм, томроод байгаарай гэж хэлэн нөгөө архины шилийг авч Ө толгойны дээд хэсэг рүү 1 удаа цохиход Өгазар унасан. Тэгсэн чинь давраад байгаарай бацаанаа, дуугүй байгаад байхад хэгжүүрхээд байх юм гэснээ дөрөв байна уу, таван удаа нүүр болон цээж хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөсөн....” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 23-р тал/,

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 112 дугаартай ... С.Өын биед баруун хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний алим, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.  Дээрх баруун хөмсөг шарх гэмтэл нь дангаараа, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 26-30-р тал/

-Шүүгдэгч Ш.Нийн яллагдагчаар мэдүүлсэн... урд ирчихэд чамайг өдсөн хүнийг яадаг юм гээд мөр лүү зөөлөн цохиод байхаар нь ууж байсан пивоны шилээр хөмсөг хэсэг рүү нь нэг удаа цохиход С.Ө шалан дээр унасан. Пивоны шилээр л нэг цохисон өөрөөр биед нь халдсан үйлдэл байхгүй..." гэсэн мэдүүлэг, /хэргийн 43-р тал/

-Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 235 дугаар Таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 51-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 355 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 54-59-р тал/

-Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ, ОНӨХК-ийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/250 дугаар тушаал, ажил байдлын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 62-72-р тал/

-Шүүгдэгч Ш.Нийн хохирогч С.Өын эмчилгээний төлбөрт 700.000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 94-р тал/

-Орхон аймаг дахь Шүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437-р нээлттэй хорих ангийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны 24/03 дугаар эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолын хуулбар /хх-ийн 95-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

 Шүүгдэгч Ш.Н нь 2023 оны 12 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Оюут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “С" ресторанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт ажилладаг С.Өыг үл ялих зүйлээр шалтаглан, толгойн тус газарт нь архины шилээр цохиж, газарт унасан байх үед нь нүүр болон цээж хэсэгт нь удаа дараа өшиглөж эрүүл мэндэд нь "баруун хөмсөг шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн нүдний зовхи, баруун нүдний алим, баруун шуунд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулжээ.

      

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ш.Нийн үйлдлийн улмаас С.Өын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг,гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

         Шүүгдэгч Ш.Нийн хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Ш.Нийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

      Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.          

         Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хохирлоо төлсөн байх тул хүсэлтийг хүлээн авч 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял санал болгосон гэж,

     -шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаварыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй, хохирол төлсөн гэж тус тус санал дүгнэлт гаргасан.         

                     

          2.Эрүүгийн хариуцлагын талаар.

         

       Шүүгдэгч Ш.Нийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,

         5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

        Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.    

        

        3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч С.Ө нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, шүүгдэгч хохирогчийн эмчилгээний төлбөрт 700,000 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 94-р тал/ авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон ургийн овогт Шагдаржавын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ш.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон ургийн овгийн Шагдаржавын Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нд 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Нд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ш.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ