| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2020/00293/И |
| Дугаар | 18 |
| Огноо | 2021-02-02 |
| Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2-р баг ....... тоотод оршин суух, Х овогт Б-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, .......тоотод оршин суух, Н овогт Ш.Б - д холбогдох,
“Бор-Өндөр сумын 4 дүгээр баг ....... тоотын үл хөдлөх, байшин, газрын гэрчилгээ /........ дугаартай гэрчилгээг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгч Б.Т, хариуцагч Ш.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Т би Жаргалантын 2-201 тоот өөрийн эзэмшлийн 4 тал хашаа 4*8 хэмжээтэй өвлийн байшингийн хамт зарах зарыг 2017 оны 11-р сард Facebook-т байрлуулсан. Байршуулсан зарын дагуу хариуцагч Ш.Б ирж уулзан хашаа байшинг үзээд наймаа хийхээр болоод зарах болсон. 9.500.000 төгрөгийг 2 хувааж өгөхөөр аман байдлаар тохиролцсон. Тохиролцсон ёсоор 2018 оны 12 сарын 02-ны өдрөөс 12 сарын 03-ны өдрийн хооронд өгөх 5.000.000 төгрөгийг Б.Т миний 5946210981 дугаарын дансанд шилжүүлж хийсэн. Үлдсэн 4.500.000 төгрөгийг хавар 4-р сард бүрэн өгч дуусгана гэж тохиролцоод хашаа байшингийн гэрчилгээг 5 сая төгрөгийнхөө барьцаа болгож авсан нь үнэн болно. Тохирсон ёсоор 4-р сард үлдэгдэл мөнгө болох 4.500.000 төгрөгийг нэхэмжлэхэд боломжгүй байна гээд эхний ээлжинд 1 сая төгрөгийг өгсөн. Түүнээс хойш 2 жилийн хугацаанд үлдэгдэл 3500.000 төгрөгийг нэхэмжлэхэд хариуцагч Ш.Б нь ажилгүй, мөнгө өгөх боломжгүй байна. Харин чи ахаасаа авсан 6.000.000 төгрөгөө ахдаа буцаагаад өгөө, би авахаа болилоо гээд надаас мөнгөө нэхэмжлэх болсон. Миний бие Ш.Ба-аас авсан 6 сая төгрөгөө бэлэн гаргаж өгөх боломжгүй байсан тул өнгөрсөн хугацаанд үлдэгдэл 3.500.000 төгрөгийг хариуцагчаас нэхээгүй. 2020 оны 11 сарын 10-ны өдөр хариуцагчаас авсан 6.000.000 төгрөгийг буцааж Ш.Б-ы 5935161663 дансанд шилжүүлсэн нь үнэн болно. Хариуцагч Ш.Б-д 6.000.000 төгрөгийн барьцаанд өгсөн хашаа байшин, үл хөдлөхийн гэрчилгээг буцааж өгөхгүй байна. Иймд үл хөдлөхийн Г-1804000729 дугаартай гэрчилгээг Ш.Б-аас гаргуулж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн бүрт төрөөс өмчлөлийн зориулалтаар өгсөн 0.07 га газар дээрээ 4*8 хэмжээтэй өвлийн байшин барьсан юм. Түүнийгээ мөнгөний хэрэгцээ гарч 2017 онд худалдахаар болж зар тавьсны дагуу Ш.Б ах ирж уулзаж, 9500.000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, тохиролцсон хугацаанд 6000.000 төгрөг өгсөн. Би барьцаанд нь газрын гэрчилгээгээ өгсөн. Байшингийн түлхүүрийг төлбөр бүрэн төлсний дараа өгнө гээд өгөөгүй байсан юм. Үлдсэн 3500.000 төгрөгийг өгөлгүй өдийг хүрлээ. Ш.Б нь надаас хашаа байшинг маань худалдан авч, үнийг бүрэн төлөөгүй хэрнээ цааш нь хүнд худалдахаар ярилцсан байсан ба худалдаж авах гэж байгаа хүн нь надтай ирж уулзсан асуудал гарсан. Тиймээс би хашаа байшингаа худалдахаа больж, банкнаас зээл аваад Батсайхан ахын дансанд 6000.000 төгрөгийг нь буцааж шилжүүлсэн боловч газрын гэрчилгээг маань өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү.” гэв.
Хариуцагч Ш.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “Б.Т-аас байшин, хашаа анхны үнэ 9.500.000 төгрөгөөр буцааж авах, энэ хугацаанд хүнд түрээслүүлж мөнгийг нь аваад Б.Т-д нэмж өгөхийг санал болгосон боловч Б.Т-ын эхнэр Н зөвшөөрөөгүй. Т байшин зарахаар зар тавьсан. 7 сар гаруй хугацаа өнгөрсөн. Ш.Б миний бие Тэ-тай уулзаад анхны үнээр авъя гэхэд зөвшөөрсөн. Н.Н-т би үлдэгдэл 3.500.000 төгрөг өгч чадаагүй болно. Энэ хугацаанд Тэ байшингаа 2 удаа түрээслүүлж байсан. Т Улаанбаатар хот шилжиж байгаа үлдэгдэл 3.500.000 төгрөгөө шилжүүл гэсэн. Би Т-д газрын гэрчилгээ Ш.Б миний нэр дээр шилжүүл гэсэн боловч шилжүүлээгүй. Ийм үндэслэлээр Т-д газрын гэрчилгээг буцаахгүй анхны үнээр авах хэрэгтэй байна. Би Төрийн банкнаас 2018 онд 12.500.000 төгрөгийн цалингийн зээл авч Б.Т-д өгсөн. Иргэн Ц.Б-с 1.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай 20 хувийн хүүтэй зээлж Т-д өгсөн. Үл хөдлөхийн Г-1804000729 дугаартай гэрчилгээг Б.Т-д буцаахгүй, хашаа байшинг анхны үнээр худалдаж авах хүсэлтэй байна.” гэжээ.
Хариуцагч Ш.Б-шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Надтай Тэ-манай хүүгээр дамжуулж хашаа байшингаа 10.000.000 төгрөгөөр зарна гэхээр нь 9.500.000 төгрөгөөр авна гэж хэлээд бид 2 тохирсон. Надад урьдчилаад 5.000.000 төгрөг өгчих, яаралтай мөнгөний хэрэг гараад байна гэсэн. Би эхнэрээ банкнаас зээл авахуулаад 5.000.000 төгрөг өгсөн. Мөн эхнэрээс 1.000.000 хэрэгтэй байна гээд авсан. Короно гээд ажил хийхгүй, мөнгөний боломжгүй үлдэгдэл мөнгийг нь удаасан нь үнэн. 2020 оны 10 сард -тай утсаар яриад ах нь мөнгөтэй болчихлоо, дансаа өгчих гэсэн чинь зарахаа больсон гэж хэлсэн. Надаас гэрчилгээгээ авъя гэхээр нь би өгөхгүй, хашаа байшингаа авна гэж хэлсэн. Намайг хашаа байшин авсны дараа нэг хүн 1.000.000 төгрөгөөр хөлслөе гэхээр нь Т-ын эхнэртэй нь яриад байшингийнхаа түлхүүрийг өгчих, хүн 1.000.000 төгрөгөөр хөлслөе гэж байна, би дээрээс нь 2.500.000 төгрөг нэмээд 3.500.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгсэн эхнэр нь бэлэн мөнгөө гар дээр тавь гэсэн. Тэгээд нөгөө хүн байшиндаа ороогүй учраас мөнгөө өгөөгүй. Намар бэлэн мөнгөтэй болчихоод байшингаа авъя гэсэн чинь зарахгүй гэж хэлсэн. Одоо 3 жил болж байна, банкны хүү төлсөн, анх тохиролцсон үнээрээ авмаар байна, мөнгийг нь бэлэн болгочихоод бичиг баримтаа солилцъё гэсэн үгүй гэсэн. ” гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т- нь хариуцуагч Ш.Б-д холбогдуулан “Бор-Өндөр сумын 4 дүгээр баг ........ тоотын үл хөдлөх, байшин газрын /Г-1804000729/ дугаартай гэрчилгээг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т нь Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж, уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй.
Нэхэмжлэгч Б.Т-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Б- хүлээн зөвшөөрөхгүй, анхны худалдсан үнээр хашаа, байшинг худалдаж авах хүсэлтэй байна гэж маргаж, мэтгэлцэв.
Зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаар нэхэмжлэгч Б.Т-нь иргэн бүрт төрөөс өмчлөлийн зориулалтаар олгосон 0.07 га газрыг Бор-Өндөр сумын 4 дүгээр багт авч, газар дээрээ 4*8 харьцаатай өвлийн байшин барьж, түүнийгээ 9500.000 төгрөгөөр худалдахаар иргэн Ш.Б-тай 2017 онд тохиролцож, тохиролцсон ёсоор хариуцагч нь нэхэмжлэгчид 6000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн үйл баримтууд тогтоогдсон ба талууд эдгээр үйл баримтын талаар маргаагүй байна.
Харин Ш.Б-нь үлдэгдэл төлбөр болох 3500.000 төгрөгийг төлөөгүй 2 жил болсон үндэслэлээр талуудын хооронд маргаан гарч иргэн Б.Тэг- нь хашаа байшинг худалдахаас татгалзаж, Ш.Ба-с авсан 6000.000 төгрөгийг түүний дансанд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр буцаан шилжүүлжээ.
Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ.” гэж заасан ба худалдах-худалдан авах гэрээний хэлбэрийг буюу бичгээр эсхүл амаар байгуулах талаар хуульчлаагүй тул нэхэмжлэгч Б.Т-, хариуцагч Ш.Б-нарын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан ба энэхүү гэрээний хувьд худалдагч нь Б.Т-, худалдан авагч нь Ш.Б-байх бөгөөд тэрээр хэлэлцэн тохирсон үнийг төлөөгүй тул нэхэмжлэгч Б.Тэ- нь газрын гэрчилгээг шаардах эрхтэй. Хариуцагч Ш.Ба- нь худалдан авсан зүйл болох хашаа байшингийн үнийг бүрэн төлж барагдуулаагүй хэрнээ бусдад дамжуулан худалдах гэж байсан талаар нэхэмжлэгч Б.Тэ-шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбарласныг хариуцагч Ш.Б-үгүйсгээгүй ба Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан хуулийн зохицуулалттай нийцэж байна.
Мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.2 дахь хэсэгт “Өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй...” гэж заасанчлан өмчлөх эрх олж авч байгаа этгээд болох хариуцагч Ш.Б- нь худалдан авч буй зүйлийн үнийг хугацаанд нь төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иймд өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд болох нэхэмжлэгч Б.Т нь өөрийн өмчлөлийн газар дээр баригдсан хашаа, байшинг худалдахаас татгалзах эрхтэй бөгөөд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэг үүссэнээр хариуцагч Ш.Б нь газрын Г-1804000729 дугаартай гэрчилгээг нэхэмжлэгч Б.Тэ-д буцааж өгөх нь хуульд нийцэх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хариуцагч Ш.Б нь ХААН банкны 5935161663 дугаарын данснаас 2018 оны 12 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд тус бүр 1000.000 төгрөгөөр 5 удаа шилжүүлсэн 5000.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр шилжүүлсэн 1000.000 төгрөг, нийт 6000.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Т-д шилжүүлснийг, Б.Тэ буцаан 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ш.Б- 5935161663 дугаарын дансанд шилжүүлсэн тухай Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга хэргийн материалд авагдсан байна. /хх-ийн 4, 6, 15 дугаар хуудас/
Нэхэмжлэгч Б.Т-ын газрын Г-1804000729 дугаартай гэрчилгээ хариуцагч Ш.Б-ы эзэмшилд байгаатай холбогдуулан шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй бөгөөд Б.Т нь шүүх хуралдаанд “...Бор-Өндөр сумын ..... тоот газрын өмчлөгч нь миний бие мөн, хамтран өмчлөгч байхгүй.” гэх тайлбарыг гаргасан ба түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт зааснаар үнэн зөв тайлбар өгөхийг урьдчилан сануулсан тул түүний тайлбарыг үнэн зөв гэж шүүх үнэлсэн болно.
Түүнчлэн өмчлөлийн асуудлаар хариуцагч Ш.Бмаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ш.Б-с улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгохоор хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Б-д холбогдох “Бор-Өндөр сумын 4 дүгээр баг, ......... тоотын үл хөдлөх, байшин газрын /Г-1804000729/ дугаартай гэрчилгээг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ш.Б-с газрын Г-1804000729 дугаартай гэрчилгээг гаргуулан нэхэмжлэгч Х овогт Б.Т -д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Ш.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ