Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/26

 

2024 оны 02 дугаар                                                Дугаар 2024/ШЦТ/26                                                   Мандал сум

сарын 15-ны өдөр

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

             Нарийн бичгийн дарга                         С.Төртулах

             Улсын яллагч                                       Г.Тунгалаг

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   Ц.Энх-Амгалан

             Хохирогчийн өмгөөлөгч                       *******

             Шүүгдэгчийн өмгөөлөгч                       Б.Болортуяа

             Шинжээч                                               *******

                         Шүүгдэгч                                                      ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Тунгалагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн *******д холбогдох 2332000370081 дугаартай Эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, оны дугаар сарын -ны өдөр аймгийн суманд төрсөн, настай, эмэгтэй, халх, дээд боловсролтой, мэргэжилтэй, “Их амар” группт хүний нөөц ажилтай, ам бүл 3, аав, дүүгийн хамт хот дүүрэг хороо тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,******* *******

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Эрдэнэтээс хотын чиглэлд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тахилтын даваа”-ны орчимд төв асфальтан зам дээр “Тоёота приус-30” маркийн, “58-49” УАК Улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчиж, явган зорчигч, мөргөж, амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  Шүүгдэгч ******* шүүх хуралдаан мэдүүлэхдээ: “...2023 оны 2 сарын 23-ны өдөр 17-18 цагийн хооронд Дархан-Уул аймгаас гараад хотын чиглэлд явсан. Тухайн үед цагаан сар болсон байсан тул машинууд бүгдээрээ замаар цуваанд ороод явж байсан. 18 цаг 58 минут орчимд би цагдаад дуудлага өгсөн байна. Би тэндээс ирж байхдаа “Хустайн” даваа уруу газар уруудаад явж байхад замын хажуу талд нэг машин байсан, эсрэг талын урсгалд замаа бас бүрэн чөлөөлөөгүй, тийм машин байсан. Тэрийг хараад би хурдаа багасгаад тэгээд явж байхад хаанаас ч юм гэнэт л нэг харанхуй юм ороод ирсэн. Тэрийг би анхандаа бол нохой ч юм уу юу ч юм хаанаас орж ирж байгааг ч мэдээгүй, зүүн талаас юм болов уу гэж бодож байсан. Одоо харин бодоод байсан чинь баруун талаас орж ирж байсан юм билээ. Тэгээд ерөнхийдөө тийм хэрэг болоод, би уйлаад, орилоод, аав маань сэрээд тэгээд очоод харсан чинь хүн байсан. Би машинаас бууж ирж хараад л хүн гэдгийг мэдсэн. Тэгэхэд манай дүү, аав, ахиад том эгчийн хүүхэд  бид дөрөв явж байсан. Тэгээд цагдаа руу дүү бид хоёр аль аль нь зэрэг залгаад бас эмнэлэг рүү залгаад түргэний машин  ирсэн...гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энх-Амгалан шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний ээж 2023 оны 2 сарын 23-нд эрүүл саруул, ах, дүү нартайгаа золгох гээд явсан. Миний хувьд маш их харамсалтай, гомдолтой. Энэ хүний ярьж  байгаа байдал бол, юугаа ч ойлгоогүй. Одоо хүртэл энэ хэргийнхээ тухай, хүний амь хөнөөчихсөнөө төсөөлж бодохгүй явж байгаа нь илт харагдаад байна. Бидэнд бол маш их гомдолтой. Бидэнтэй ч ирж уулзаж энээ тэрээ гэж ярьж үзээгүй. Тийм байна. Миний ээж бол эрүүл саруул, ямар ч өвчин зовлонгүй бидний хүүхдүүдийг хараад бидэнд бас дэм болоод өдий зэрэгтэй амьдарч байсан. Энэ хүний болчимгүй үйлдлээс болж ээжийгээ алдсанд маш их харамсалтай байна. Гомдолтой байна. Тэгээд бидэнтэй ч ирж уулзаж бид нарыг одоо яаж байна, ийж байна гэж нэг ч удаа ярьж үзсэнгүй бүтэн жил боллоо. Бид нарын энэ оршуулгын зардал ч юм уу, ямар нэгэн туслалцаа үзүүлье гэж ердөө тийм сэтгэлгүй байгаа нь бол хэцүү харагдлаа. Тэгээд одоо ярьж байгаа бүх юм л худлаа л ярих гээд өөрийгөө хамгаалах гээд байх шиг байна. Өөр юм алга, маш их гомдолтой...” гэжээ.

Шинжээч ******* шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэхдээ: “...би эдгээр хүмүүстэй садан төрлийн холбоо байхгүй, танихгүй. 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 001/29 дугаартай дүгнэлтийг би гаргасан нь үнэн. Шинжээчийн дүгнэлт нас барсан хүний хэргийн дүгнэлт байсан, би одоо бараг жилийн өмнө гаргасан дүгнэлт шүү дээ, ямар ч байсан хэрэгтэй танилцсан байх гэж бодож байна. Одоо хэлэхэд хэргийн материалтай бол танилцсан, уншсан, мэдүүлгүүдийг бүгдийг нь уншсан. Хэрэгт бол байсан материалууд, надад өгсөн материалуудыг би уншсан, шүүгдэгчийн өөрийн мэдүүлэгт нь байна лээ. Наад хүн чинь би ерөөсөө зогсоох арга хэмжээ аваагүй. Явж байтал гэнэт урдуур гараад л ирсэн гэж хэлдэг. Өөрийнх нь мэдүүлэгт үндэслэж наад дүгнэлтийг гаргасан. Тэгээд ер нь бол жолоо бариад замын хөдөлгөөнд оролцоод явж байхад замын хөдөлгөөнд аюул саад бий болсныг мэдчихээд тээврийн хэрэгслийн хурдыг хасах буюу зогсоох арга хэмжээ авна гэхээр Отгонгэрэл өөрөө мэдүүлэгтээ тэгж хэлсэн байдаг юм. Би ерөөсөө хараагүй ээ. Гэнэт гүйгээд гараад ирсэн. Би зогсоогоогүй гэдгээ өөрөө хэлсэн байдаг юм. ...Баруун гар талдаа, баруун талаараа байсан, хохирогч эмэгтэй шидэгдчихсэн байдсан.  ...Би хэргийн газрын үзлэг, зургийг л үндэслэсэн байгаа. Дээрээс нь наад хүмүүсийн чинь мэдүүлэг дээрээс авч дүгнэлт хийж  байгаа болохоос биш яг тэр хохирогчийг тэр мөргөсөн, энэ мөргөсөн гэж гаргаагүй, ...Саяхан би материалтай нь танилцаад харж байсан. Болбол одоо яг тэн дээр тэгэх ёстой байж ингэх ёстой байж гэдэг юмыг хэлэхээр байтал энэ чинь би замын хөдөлгөөний дүрэм талаасаа зөрчсөн үгүйг л гаргаж байгаа болохоос биш би тэр хүний бэртэл гэмтэл дээр шинжээчид асуулт тавих эрх байхгүй шүү дээ. Нимгэн хувцастай шиг санагдаад байх юм. Их зузаан юм өмсөөгүй байсан юм шиг санагдаж байна. Наадах явган зорчигчийн үүрэг мөн. Тэгэхдээ харанхуй үед биш байсан шүү дээ. Би бас мэдүүлгийг нь л үндэслэж хийж байсан юм аа. ... Яг зам руу гарах гээд явж байсан гэж ойлгосон. Наадах чинь тэр охин нь бол тэгж л мэдүүлсэн байдаг юм. ...Би замын аж ахуй ашиглалтын инженер. Замын хөдөлгөөний хууль дүрмийн . Би тэр хэргийн материалыг уншаад л Замын хөдөлгөөний хууль дүрмийн заалт зөрчсөн заалтуудыг л тавьж гаргасан. Мэдүүлэг, гэрчийн мэдүүлгүүдийг уншсан. Зургийг нь харсан. Гэхдээ би тэр осол болсон газрын зургийг, бүдүүвч, ослын газрын зураг, тэмдэглэл байдаг шүү дээ. ...Бусад авто тээвэр, авто тээврийн чиглэлийн бүх сургалтад хамрагдсан сертификат надад байгаа...гэжээ.

 

Эрүүгийн 2332000370081 тоот хавтаст хэргээс:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энх-Амгалан мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны орой гэртээ байж байтал 19 цагийн орчимд төрсөн дүү над руу залгаж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын төв өнгөрөөд явж байтал ээжийг машин дайрчихлаа ээж өнгөрчихлөө гэж хэлэхээр нь шууд л хотоос Баянгол сум руу гарсан юм. Эрдэнэт рүү хамаатан садантайгаа золгох гээд нагац ах , бэр , дүү нартай ахын машинтай 15 цагийн орчимд хөдөлсөн юм. Миний ээж эрүүл саруул инээгээд явж байсан хүн шүү дээ надад маш харамсалтай санагдаж байна. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/,

           Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Би эхнэр Цэнд-Аюуш, дүү , , охин , нарын хамтаар 1 тээврийн хэрэгсэлтэй хотоос Эрдэнэт хот руу дүү нар дээрээ очиж золголт хийхээр 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад аас хөдөлсөн. Зам зуур огт сааталгүй шууд явж байтал Баянгол сум өнгөрөөд орой нэлээн бүрэнхий болж байхад 19 цаг орчмын үед манай унаж явсан “92-33” УБЯ Улсын дугаартай тээврийн хэрэгсэл зүүн талын хойд дугуй хагараад хий нь гараад дууссан. Тэгээд би болон жолооч бид 2 буугаад дугуйгаа солихоор багаажинд байсан эд зүйлсийг гаргаад байж байх хооронд машинд сууж явсан бусад хүмүүс орилоод чанга дуугарахаар нь цочоод хартал манай эхнэрийг саарал өнгийн “приус-30” маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан. Тэгээд бүгд шуугиад байсан би гүйж очоод тэвэртэл миний гар дээр нэг удаа гүнзгий амьсгаа аваад тэгээд амьсгал хураасан. Намайг очиход дээшээ хараад хэвтэж байсан. Би очоод толгойн доогуур нь гараа хийгээд тэврээд газар сууж байтал нас барсан ийм л асуудал болсон удалгүй цагдаа нар ирсэн. Намайг харахад уг машин миний эхнэрийг мөргөж байсан. Маш их хурдтай орж ирсэн, мөн маш хүчтэй цохигдох чимээ гарсан. Мөргөөд л шууд аваад явчихсан овоо хол явсан байх би сайн мэдэхгүй байна, мөргөснийхөө дараа л тоормос гишгэсэн байх гэж бодож байна, эсхүл хурдтай л явж байсан байх. Уг асуудлыг хамгийн түрүүнд харсан нь охин харсан байх, хамгийн түрүүнд орилоод л явчихсан тэгээд хартал яг мөргүүлж байсан”...гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/,

          Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “ Би өөрийн охин хамтаар хотоос 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гарч Эрдэнэт хотод очиж хоноод маргааш нь буюу 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 12 цагийн үед Дархан хот руу гарсан. Дарханд очоод 2 эмээтэйгээ золголт хийж байгаад 17-18 цагийн үед гарсан байх гэж санаж байна. Тэгээд би охины хамт явж байгаад ядраад унтсан. Унтаж байтал манай охин гэнэт би хүн дайрчихлаа гэсэн. Тэгээд би сандраад юу болов яав гээд буугаад хараад даарчих юм болов уу гээд машинд байсан хөнжлөөр газар хэвтэж байсан эмэгтэйг хучсан, 2 залуу ирээд үг хэлэхийн завдалгүй цохиод авсан. Тэгээд дайраад байхаар нь би бишээ гээд хэлэхийн завдалгүй дайраад л байсан. Манай охин Отгонгэрэл, Гэрэлт-Од болон зээ хүү Дөлгөөн нар сууж явсан. Өөр хүн байгаагүй. Би юм мөргөхөд нь сэрээгүй, уйлаад орилохоор нь сэрсэн”... гэх мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар хуудас/,

           Гэрч Д. мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “Тэгээд юм хийж байхдаа халти харахад зам гарах гээд явж байгаа нь харагдсан. Зогссон хэсгийн баруун тал замын хажуу жалгатай байсан болохоор эсрэг тал руу гарч бие засах гэж байсан байх гэж бодоод юмаа хийж байтал гэнэт л их чимээ гарсан. Юу болов гэтэл манай эгч машинд мөргүүлэн агаар дээр 2 удаа эргэлдээд газарт унасан. Тэгээд л тэнд байсан хүмүүс орилолдоод л очтол манай эгч Цэнд-Аюуш удалгүй газар дээрээ нас барсан. Эмнэлгийн байгууллага ирсэн боловч одоо найдваргүй гэсэн тэгээд л цагдаа нар ирсэн ийм л асуудал болсон. Үгүй ээ согтууруулах ундаа огт хэрэглээгүй эрүүл саруул байсан. Үзэгдэх орчин хэвийн харагдаж байсан. Арай ч бүрэнхий болчхоогүй үе байсан. Манай эгч замд явж байхад хэвийн, хамт хөгжилдөөд л явж байсан, сэтгэл санааны хувьд өөрчлөгдсөн зүйл байхгүй байсан. Уг асуудал болоход тээврийн хэрэгслийн хөдөлгөөн сийрэг өөр машин тэрэг харагдахгүй байсан. Тэгж байтал гэнэт л тас гэх чимээ гарахаар нь хартал эгч маань мөргүүлсэн байсан. Уг тээврийн хэрэгсэл нь маш их хурдтай явж байсан болохоор л тэгж мөргөсөн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/,

            Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай “1.Талийгаач биед тархины эдийн няцрал, уушги, элэг, дэлүүний эдийн задрал, дотуур цус алдалт, зүүн шилбэ ясны ил хугарал, дух, зүүн хөмсөг, зүүн шилбэнд шарх, дух, баруун бугалга, баруун тохой, зүүн тохой, баруун шуу, зүүн шуу, баруун сарвуу, зүүн өвдгөнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Талийгаач биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хүчтэй цохилт, цохигдлын үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Талийгаач биед учирсан дээрх гэмтлүүд нь нас барах үед үүссэн шинэ гэмтэл байна. 4. Талийгаач дээрх гэмтлүүдийн улмаас нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. 5. Талийгаач биед үхэлд нөлөөлөх ямар нэгэн архаг хууч өвчингүй байна. 6.Талийгаач гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн няцрал, уушги, элэг, дэлүүний эдийн задрал, дотуур цус алдалт, олон хавирганы хугарал хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна. 7. Талийгаач нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байна” гэх дүгнэлт /ХХ-ийн 53-63 дугаар хуудас/    

            Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1288 дугаартай “...1.2.3 Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэж байна. “2023 оны 02-р сарын 23-нд Д.Цэнд-Аюуш 68 настай, эмэгтэй нас барсан” гэж хаягласан хуруу шилтэй цусанд спиртийн агууламж илрээгүй” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /ХХ-ийн 66-68 дугаар хуудас/

            “АСБЦД” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №001/29 дугаартай “3.1. “Тоyota prius” маркийн “58-49” УАК Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Эрдэнэбилэг овогтой Отгонгэрэл /РД:ОА9200/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 заалтуудыг зөрчсөн. 3.2 “Toyota prius” маркийн “58-49” УАК Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Эрдэнэбилэг овогтой Отгонгэрэл /РД:ОА9200/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна /өөрийн мэдүүлгээс үзэхэд/ заалтуудыг зөрчсөн. 3.3 Явган зорчигч Дамдинзэвэг овогтой Цэнд-Аюуш /РД:ШБ551136/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчөөгүй. 3.5 “Toyota prius” маркийн “58-49” УАК Улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Эрдэнэбилэг овогтой Отгонгэрэл /РД:ОА9200/ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 заалтуудыг зөрчсөний улмаас үүссэн байна” гэх дүгнэлт /ХХ-ийн 87-88 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд авагджээ.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа /ХХ-ийн 113 дугаар хуудас/, Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /ХХ-ийн 114 дүгээр хуудас/, Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /ХХ-ийн 111 дүгээр хуудас/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн тодорхойлолт /ХХ-ийн 112 дүгээр хуудас/, Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /ХХ-ийн 115 дугаар хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

 

Нэг.Шүүгдэгч *******ийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Эрдэнэтээс хотын чиглэлд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Сэлэнгэ аймгийн Баянгол сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Тахилтын даваа”-ны орчимд төв асфальтан зам дээр “Тоёота приус-30” маркийн, “58-49” УАК Улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчиж, явган зорчигч, мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтад өгсөн “Би 2023 оны 02 дугаар сарын 23-ны орой гэртээ байж байтал 19 цагийн орчимд төрсөн дүү над руу залгаж, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын төв өнгөрөөд явж байтал ээжийг машин дайрчихлаа ээж өнгөрчихлөө гэж хэлэхээр нь шууд л хотоос Баянгол сум руу гарсан юм. Эрдэнэт рүү хамаатан садантайгаа золгох гээд нагац ах , бэр , дүү нартай ахын машинтай 15 цагийн орчимд хөдөлсөн юм. Миний ээж эрүүл саруул инээгээд явж байсан хүн шүү дээ надад маш харамсалтай санагдаж байна. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /ХХ-ийн 30 дугаар хуудас/, гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэгээд би болон жолооч бид хоёр буугаад дугуйгаа солихоор багаажинд байсан эд зүйлсийг гаргаад байж байх хооронд машинд сууж явсан бусад хүмүүс орилоод чанга дуугарахаар нь цочоод хартал манай эхнэрийг саарал өнгийн “приус-30” маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан. Тэгээд бүгд шуугиад байсан би гүйж очоод тэвэртэл миний гар дээр нэг удаа гүнзгий амьсгаа аваад тэгээд амьсгал хураасан. Намайг очиход дээшээ хараад хэвтэж байсан. Би очоод толгойн доогуур нь гараа хийгээд тэврээд газар сууж байтал нас барсан ийм л асуудал болсон удалгүй цагдаа нар ирсэн. Намайг харахад уг машин миний эхнэрийг мөргөж байсан. Маш их хурдтай орж ирсэн, мөн маш хүчтэй цохигдох чимээ гарсан. Мөргөөд л шууд аваад явчихсан овоо хол явсан байх би сайн мэдэхгүй байна, мөргөснийхөө дараа л тоормос гишгэсэн байх гэж бодож байна, эсхүл хурдтай л явж байсан байх. Уг асуудлыг хамгийн түрүүнд харсан нь охин харсан байх, хамгийн түрүүнд орилоод л явчихсан тэгээд хартал яг мөргүүлж байсан”...гэх мэдүүлэг /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/, гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “ ...Унтаж байтал манай охин гэнэт би хүн дайрчихлаа гэсэн. Тэгээд би сандраад юу болов яав гээд буугаад хараад даарчих юм болов уу гээд машинд байсан хөнжлөөр газар хэвтэж байсан эмэгтэйг хучсан, ...Би юм мөргөхөд нь сэрээгүй, уйлаад орилохоор нь сэрсэн”... гэх мэдүүлэг /ХХ-ийн 38 дугаар хуудас/, гэрч Д.ы мөрдөн байцаалтад өгсөн: “Тэгээд юм хийж байхдаа халти харахад зам гарах гээд явж байгаа нь харагдсан. Зогссон хэсгийн баруун тал замын хажуу жалгатай байсан болохоор эсрэг тал руу гарч бие засах гэж байсан байх гэж бодоод юмаа хийж байтал гэнэт л их чимээ гарсан. Юу болов гэтэл манай эгч машинд мөргүүлэн агаар дээр 2 удаа эргэлдээд газарт унасан. Тэгээд л тэнд байсан хүмүүс орилолдоод л очтол манай эгч Цэнд-Аюуш удалгүй газар дээрээ нас барсан. ... Тэгж байтал гэнэт л тас гэх чимээ гарахаар нь хартал эгч маань мөргүүлсэн байсан. Уг тээврийн хэрэгсэл нь маш их хурдтай явж байсан болохоор л тэгж мөргөсөн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 40-41 дүгээр хуудас/, Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 21 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 53-63 дугаар хуудас/, Монгол Улсын Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 1288 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, /ХХ-ийн 66-68 дугаар хуудас/, “АСБЦД” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №001/29 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 87-88 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.       

            Тиймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйчлэл тохирсон байна.

            Иймд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Авто тээврийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

            Хоёр.Хохирол төлбөрийн талаар:

            Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн Д.Цэнд-Аюуш нас барсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Энх-Амгалан нь оршуулгын зардалд баримтаар нийт 14 039 822 төгрөг, Хаан банкнаас олгосон тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрт 3 500 000 төгрөг, бүгд 17 539 822 төгрөг, баримтгүйгээр сэтгэл санааны хохирол нийт 40 000 000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч ******* 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 17 540 000 төгрөг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц. төлсөн бөгөөд нэхэмжлэлээс үлдэх сэтгэл санааны хохиролд 40 000 000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хуульд зааснаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

  Гурав.Шүүгдэгч *******-д оногдуулах Эрүүгийн хариуцлагын талаар:    

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчиж, явган зорчигч, мөргөж, амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь болгоомжгүй байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Иймд шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгчийн дотоод итгэлээр хэргийн бодит байдлыг тал бүрээс нь дүгнэж, улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас сонгон хэрэглэж шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 жил сарын хугацаагаар тэнсэж, тэссэн хугацаанд “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт “Toyota prius 30” маркийн “58-49” УАК Улсын дугаартай тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч т хариуцуулан битүүмжилсэн прокурорын 2023 оны 03 дугаар сарын 27-ны 03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигчид буцаан олгож, *******ийн 11289 дугаартай жолооны “B” ангиллын үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоолын хамт зохих байгууллагад хүргүүлж, ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8  дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6. зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 17 539 822 /арван долоон сая таван зуун гучин есөн мянга найман зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хотын Баянгол дүүргийн 10 дугаар хороо гэр хороолол 2б-20 тоотод оршин суух Сутай овогт Цэнд-Аюушийн /РД:УУ75120111/-д олгохоор шийдвэрлэснийг ******* нь 2024 оны 02 дугаар сарын 08-нд 17 540 000 /арван долоон сая таван зуун дөчин мянга/ төгрөг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлж барагдуулсан бөгөөд нэхэмжлэлээс үлдэх сэтгэл санааны хохиролд 40 000 000 /дөчин сая/ төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Энэ хэрэгт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 03 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор “58-49” УАК Улсын дугаартай тээврийн хэрэгсэл, битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, тээврийн хэрэгслийн эзэмшигч хот дүүрэг хороо тоотод оршин суух хаягтай   овогт Даваажавын Эрдэнэбилэг буцаан олгож, *******ийн 11289 дугаартай жолооны “B” ангиллын үнэмлэхийг тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан шийтгэх тогтоол, гүйцэтгэх хуудасны хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлж, ******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд шилжиж ирсэн иргэний бичиг баримтгүй, нөхөн төлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

           7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдлоо шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.