Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 152/ШШ2021/00110

 

        Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Болор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

        Нэхэмжлэгч: Я овогт Д-ийн О-ийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох,

2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалин нийт 2.363.760 төгрөг гаргуулах, мөн цалингийн урамшуулал улирал тутам олгох 990.627 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, нийт 4.154.387 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 419.348 төгрөгийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оноос эхлэн х өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй ажиллаж байсан билээ. Гэтэл би ажлаа өөрийнхөө эрх хэмжээнийхээ дагуу гүйцэтгэж байтал Улаангом сумын Засаг дарга ямар ч үндэслэлгүйгээр 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр захирамж гарган ажлаас чөлөөлсөн. Тэгээд би Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөн тушаал бууж тус төвийн их эмчээр томилогдон ажилласан. Би ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн учир шүүхэд нэхэмжлэл гаргасан ба анхан шатны шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 690 дугаар шийдвэрээр ажилд эргүүлэн тогтоосон билээ. Би Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа үндсэн цалин 825.523 төгрөг, нэмэгдэл цалин 55 хувь, нийт 1.279.560 төгрөгийн цалин авдаг байсан бөгөөд улирал бүр цалингийн урамшуулал 60 хүртэл хувиар тооцож 495.313 төгрөгийн урамшуулал авдаг байсан. 2020 оны эхний 1 дүгээр улиралд би өөрөө урамшуулал авахгүйгээр ажилчдынхаа эрх ашигт нийцүүлэн зохих хууль дүрмийн дагуу олгосон байгаа. Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөгүй бол би ямар нэгэн байдлаар шүүхэд хандаж, өмгөөлөгч авч, өмгөөллийн хөлс төлөхгүй байсан. Мөн Улаангом сумын Засаг дарга, Увс аймгийн Эрүүл мэндийн газар, Х өрхийн эрүүл мэндийн төв нь гурвалсан гэрээ байгуулж ажилладаг. Уг гурвалсан гэрээнд өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч, ажилчдын ажлын үр дүнг хагас бүтэн жилээр дүгнэнэ гэж заасан байдаг бөгөөд өрхийн эрүүл мэндийн төв нь 90 буюу түүнээс дээш хувиар ажлаа дүгнүүлсэн тохиолдолд тухайн эрүүл мэндийн төвийн ажилчдын ур чадвар, урамшууллыг олгодог. Гэтэл би өнгөрсөн хугацаанд ямар нэгэн ур чадварын урамшуулал аваагүй. Би өөрийнхөө урамшуулалыг улирал бүрээр 990.627 төгрөг авах байсан мөн өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг төлж их хэмжээгээр хохирол амсаад байна. Мөн ажлаас чөлөөлөгдөн тушаал буурч 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд 738.000 төгрөгийн цалин авч байсан. Иймд цалингийн зөрүү, урамшуулал, өмгөөлөгчийн хөлс бүгд 4.154.387 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 419.348 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй, Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт хөдөлмөрийн маргаан таслах комисс ажилладаг эсэхийг мэдэхгүй... гэжээ.

      Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Улаангом сумын Х өрхийн эрүүл мэндийн төвийн дарга О нь цалингийн зөрүү, урамшуулал, өмгөөлөгчийн зардал, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэхээр сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагад хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч О нь Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл тухайн өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаад ёс зүйн алдаа дутагдал удаа дараа гаргаж байсан тул албан тушаал бууруулсан. Тухайн үед ажилтан албан хаагчдаас нь Өөрийн дураар ажилтан, албан хаагчдаа сольж халдаг, хувийн компани шиг загнадаг, нөхөрлөлийн дүрэм журмаа барьж ажилладаггүй гэх мэт гомдлыг удаа дараа гаргаж байсан. О нь чөлөөлөгдсөний дараа х өрхийн эрүүл мэндийн төвд их эмчээр ажиллаж байсан. О нь 7 дугаар сард ээлжийн амралтаа авсан. 8 дугаар сард өвчтэй байсан ба 9 дүгээр сарын цагийн балансаас харахад 20 цагийн таслалт /20x5137=102740/, 10 дугаар сард 76 цагийн таслалт /76x5811=441636/, 11 дүгээр сард 4 цаг таслалт /4x6.299=25.196 төгрөг/, 12 дугаар сард 120 цагийн таслалттай ажилласан /120x5.271=637.520 төгрөг/, нийт 1.207.092 төгрөгийн цалин илүү авсан байна. Нэхэмжлэгч нь Х өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллаж байх хугацаандаа аав өвчтэй, ээж өвчтэй гэх мэт шалтгаанаар нэг сар гаруй ажилдаа ирээгүй юм байна лээ. Түүний ажилдаа ирээгүй цагийг цалинтай нь бодож үзэхэд 1.500.000 төгрөгийн цалин авах хэмжээний ажил тасалсан байсан. Одоо ч Х өрхийн эрүүл мэндийн төвийн ажилчдаас О-той холбоотой гомдол ирсээр л байгаа. Иймд цалингийн зөрүү, урамшуулал өмгөөлөгчийн зардал, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг олгох боломжгүй ба нэхэмжлэлийн гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй... гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч О нь хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн зөрүү 2.363.760 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 419.348 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, улирал тутам олгох урамшуулал 990.627 төгрөг, нийт 4.573.735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

       Нэхэмжлэгч О нь Увс аймгийн Улаангом сумын х өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байгаад Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 тоот О-г ажлаас чөлөөлөх тухай захирамжаар 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон өрхийн эрүүл мэндийн төвийн даргын ажлаас чөлөөлж, албан тушаал буурч х өрхийн эрүүл мэндийн төвийн эмчээр томилогджээ.

       Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 690 тоот шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.5, 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч О-г Увс аймгийн Улаангом сумын Х нөхөрлөл ББН/ өрхийн эрүүл мэндийн төв/-ийн даргын ажилд эгүүлэн тогтоосон ба Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/23 тоот О-г томилох тухай тушаалаар түүнийг Улаангом сумын х Өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар томилжээ.

         Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газарт хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй болох нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаас 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн тодорхойлолтоор тогтоогджээ. Иймд О-ийн нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох, 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн зөрүү 2.363.760 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 419.348 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, улирал тутам олгох урамшуулал 990.627 төгрөг, нийт 4.573.735 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журам хэрэглэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

        Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь

- Нэхэмжлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд авах цалингийн зөрүү 2.363.760 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 419.348 шимтгэл гаргуулахаар шаардсан ба тэрээр Х өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа хэдэн төгрөгийн цалин авч байсан, албан тушаал буурч эмчээр ажиллаж байхдаа хэдэн төгрөгийн цалин авч, хэдэн төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан нь тодорхойгүй, энэ талаар баримт авагдаагүй,

- Улирал тутам олгох урамшуулал 990.627 төгрөг хэмээн нэхэмжлэгч өөрөө тооцоолсон ба энэхүү урамшууллыг олгох эсэх, хэдэн хувиар олгох нь ажил олгогчийн эрх хэмжээний асуудал бөгөөд улирал тутам олгох урамшуулал 990.627 төгрөгийг нэхэмжлэгчид гаргаж олгох боломжгүй,

- Өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөгийг гаргуулах боломжгүй. Нэхэмжлэгч нь өөрийн эрх ашгийг хамгаалж өмгөөлөгч авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эрхтэй, мөн хуулийн зөвлөгөө авах энэхүү эрхээ хэрэгжүүлсэн зардлыг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж тус тус үзлээ.

       Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 128.1.5-т заасныг баримтлан О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн зөрүү 2.363.760 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 419.348 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, улирал тутам олгох урамшуулал 990.627 төгрөг, нийт 4.573.735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн Х өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээ нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан гэрээ, мөн хариуцагчаас гаргасан Х өрхийн эрүүл мэндийн төвийн цагийн бүртгэлийн баримт нь хэрэгт хамааралгүй тул тус тус үнэлээгүй болно.

Увс аймгийн Эрүүл мэндийн газраас 2021 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 155 тоотоос харахад Х ӨЭМТ нь ЭМС-ын 2017 оны А/05 тоот тушаалын дагуу хамтран ажиллах гурвалсан гэрээний хэрэгжилт 92.3%-тай дүгнэгджээ.

       Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.1, 128.1.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч О-ийн хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны цалингийн зөрүү 2.363.760 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 419.348 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг, улирал тутам олгох урамшуулал 990.627 төгрөг, нийт 4.573.735 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88.130 улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         П.БОЛОР