Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/93

 

 

2024      03         04                                          2024/ШЦТ/93

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Т.Д

Шүүгдэгч С.А нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Ат холбогдох эрүүгийн 2425000000013 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ө овогт С.А, регистрийн дугаар:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” гэх дэн буудалд хохирогч Э.Нтай “чи хаашаа яваад ирж байгаа юм бэ шээс минь” гэсэн үг хэлсэн гэх шалтгаанаар маргалдаж, улмаар “О” гэх нэртэй дэн буудлын хаалганы үүдний хэсэгт хохирогчийн нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун бугалга, нуруу баруун нүдний зовхинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч С.Аын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,    

     эрүүгийн 2425000000013 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

-шүүгдэгч С.Аын согтуурлыг шалгасан баримт /хх-ийн 3-р тал/

-хохирогч Э.Нын мэдүүлсэн: ...Тэгээд хамт уух уу гэхээр нь тэгье гээд Аагий гэж залуугийн найзуудтайгаа байсан өрөө рүү орсон чинь архи уугаад сууж байсан. Тэгээд бид нар нөгөө залуучуудтай нийлээд архи уусан. Тэгж байхдаа би Аагий гэж залуутай маргалдсан. Бид хоёр улмаар хоорондоо зодоон хийгээд би Аагий гэж залууг доороо дээр нь гараад суусан чинь хажуу талаас нэг залуу миний нүүр лүү өшиглөсөн. Тэгэхэд нь би унасан. Тэгтэл дээрээс цохиж, өшиглөөд байсан. Өндийгөөд босоод ирсэн чинь миний зүүн талын нүд, толгой, нуруу хавдсан байсан. Тийм учраас цагдаагийн байгууллагаддуудлага мэдээлэл өгсөн юм. ...Намайг зодсон С.А надтай уулзаж, уучлалт гуйсан. Тийм болохоор одоо миний зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би сэтгэцэд учирсан хохирол нэхэмжпэхгүй… гэсэн мэдүүлэг /хх-ийн 07-08-р тал

-гэрч Т.М мэдүүлсэн:.. Хаалгаар гарах үедээ Н.А зүүн талын хацар луу нь алгадсан. Тэгсэн чинь А эргэж ороод буудлаас гарах хаалганы үүдний хэсэгт Н зодоон хийсэн. Тэгэхээр нь би эргэж ороод тэр хоёрыг салгасан. Тэр хоёрыг салгах үед Аын баруун талын хөмсөг нь халцарч, Нын зүүн талын нүд нь цус хурж хөхөрсөн байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12-р тал/

-гэрч О.Ө .. “...Анх бид нарыг “Мөнх наран” буудалд очих үед Н намайг хараад чи юу хийдэг билээ гэхээр нь өрмийн мастер хийдэг гэсэн чинь Н би бас өрмийн мастер гээд араас нь хэг, ёг хийсэн үг хэлэхээр нь би гараад явчихсан юм. Сүүлд Н, А “О” буудалд юунаас болж маргалдаж, муудалцсан талаар огт мэдээгүй. Би согтуу унтаж байсан. Сэрсэн чинь хоорондоо муудалцаад л байгаа бололтой байсан. А, Н хоёрыг зодоон хийснийг нь би мэдээгүй. Шөнө А орж ирээд л Н гай зодоон хийгээд цагдаа дээр очоод ирлээ гээд ирсэн. ...” гэсэн мэдүүлэг/хх-ийн 14-15-р тал/

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1021 дугаартай дүгнэлт “...Э.Нын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун бугалга, нуруу, баруун нүдний зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй…. гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26-р тал/

-Шүүгдэгч С.Аын яллагдагчаар мэдүүлсэн... 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр найзууд болох Ө, А, Б нарын хамт “О” буудалд архи ууж байсан чинь миний найз А над руу 13 цагийн орчим утсаар яриад Булаг багт үйл ажиллагаа явуулдаг “М“ буудалд байна хүрээд ирээч гэхээр нь найз О руу утсаар яриад хаана байна гэсэн чинь гадуур машинтайгаа явж байна гэхээр нь хүрээд ирээч гэж дуудаад бид нар “М” буудал руу хүргүүлсэн... Бид нарыг орсон чинь Н бид нарыг хараад юу байна. Булгийн шээснүүд, суу, уу гэж хэлэхээр нь чиний шээс хэзээ байсан юм бэ гэж би хэлээд маргалдсан...Би барилгачдын талбай дээр ирээд Улаанбаатар хот руу явах машин хайсан боловч машин байгаагүй. Тэгэхээр нь эргээд “О” буудалд очсон чинь А, Аптанцэцэг, Мөнгөнзул, Н нар ирчихсэн бид нарын байсан өрөөнд архи          уугаад сууж байсан. Намайг өрөөнд орсон чинь Н чи хаашаа яваад ирж байгаа юм бэ шээс минь гэж хэлэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ гэж хэлээд бид хоёр маргалдсан. Н хоёулаа жорлои оръё, зодоон хийе гээд намайг хоргоогоод байсан. Бид хоёр учраа олж ярилцах гээд буудлын жорлон руу орсон чинь Н над руу дайраад байхаар нь буудлаас гарахаар болсон. Тэгээд буудлаас Ныг дагаад гарах үед буудлын үүдний хэсэгт өөрөө түрүүлээд миний нүүр лүү цохисон. Тэгэхээр би зөрүүлээд түүний нүүр лүү нь цохиод тонгойхоор нь нуруу руу нь өшиглөж, цохисон. Би Нын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна....гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р тал/

-Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 364 шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 62-64-р тал/

-Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20/169 дугаар Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолын хуулбар /хх-ийн 66-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 

Шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” дэн буудалд хохирогч Э.Нтай маргалдаж, улмаар хохирогчийн нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун бугалга, нуруу баруун нүдний зовхинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулжээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Шүүгдэгч С.Аын үйлдлийн улмаас Э.Нын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Э.Н мэдүүлсэн... Тэгж байхдаа би А гэж залуутай маргалдсан. Бид хоёр улмаар хоорондоо зодоон хийгээд би А гэж залууг доороо хийгээд дээр нь гараад суусан чинь хажуу талаас нэг залуу миний нүүр лүү өшиглөсөн. Тэгэхэд нь би унасан. Тэгтэл дээрээс цохиж, өшиглөөд байсан. Өндийгөөд босоод ирсэн чинь миний зүүн талын нүд, толгой, нуруу хавдсан байсан. Тийм учраас цагдаагийн байгууллагаддуудлага мэдээлэл өгсөн гэх мэдүүлэг, гэрч Т.М:.. Хаалгаар гарах үедээ Н.А зүүн талын хацар луу нь алгадсан. Тэгсэн чинь А эргэж ороод буудлаас гарах хаалганы үүдний хэсэгт Н зодоон хийсэн. Тэгэхээр нь би эргэж ороод тэр хоёрыг салгасан. …гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1021 дугаартай дүгнэлт “...Э.Нын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун бугалга, нуруу, баруун нүдний зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй… гэх шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

         Шүүгдэгч С.Аын хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

           Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч С.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О” гэх нэртэй дэн буудалд хохирогч Э.Нтай маргалдаж, хохирогчийн нүүрэнд гараараа цохиж эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхинд цус хуралт, баруун бугалга, нуруу баруун нүдний зовхинд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж,

- шүүгдэгч  өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ. Гэм буруугаа хүлээж байна гэж тус тус дүгнэлт гаргасан.      

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

Эүүгийн хуудлийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,       

    шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

 шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол төлсөн байдал, хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

  Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3.Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч Э.Н нь цаашид гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.

Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн тухайд: Архи согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ, олны дунд биеэ авч явах, бусадтай харилцах тухайд бие хүний төлөвшилгүй байдал нөлөөлсөн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ө овогт С.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Аыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ