| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0087/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/102 |
| Огноо | 2024-03-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/102
2024 03 06 2024/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Т.Төгөлдөр
Шүүгдэгч Т.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.От холбогдох эрүүгийн 2425000000037 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д ургийн овогт Т.О регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, .......................тоот өөрийн гэртээ хохирогч П.Нтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар бие биенийхээ үснээс зулгаан харилцан зодолдох явцдаа хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн мөр, баруун бугалга, баруун тохой, нуруу, зүүн гуяанд цус хуралт, нуруу, хүзүү, баруун чамархай, дух, баруун хацар, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хамрын угалзанд, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Т.О мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,
эрүүгийн 2425000000037 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-Хохирогч П.Нын:..2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүүхдүүдийнхээ хамтаар өвөө Х гэр рүү явах гэж байтал гэр хорооллын эцэс дээр 16 цагийн орчимд найз Т.Отэй таарсан... Хамт пиво уух уу гэж хэлээд том Сэнгүр пиво уусан. Дахин хоёр том Сэнгүр пиво уусан. Би гэрт нь хонох гэтэл Т.Оийн ааш нь хөдлөөд яв гээд гэрээсээ хөөгөөд байхаар нь Т.Оийн ээжийнд хонох гээд ортол араас орж ирээд чи манай ээжийнд хонох гэлээ яв гээд байн байн хөөгөөд байсан. Т.Оийн ээж нь чи нялх нойтон хүүхэдтэй хүнийг хөөх гэлээ, адилхан ууж идчихээд гэж хэлтэл үгэнд нь орохгүй надруу дайраад нүүрнээс базаад авсан. Мөн доороо оруулж байгаад дал хэсэг рүү гараараа цохисон. Тухайн үед Т.Оийн эрэгтэй дүүг нь эгчийгээ аваач гэхэд би дийлэхгүй шүү дээ гэж байсан. Би арай гэж салаад хүүхдүүдээ аваад өвөөгийнхөө гэрт очиж хоносон. Улмаар цагдаагийн газарт хандах болсон. Би Т.Отэй багийн найзууд байгаа юм. Т.Отэй өс хөнзөн байхгүй. Т.О л өөрөө намайг дуудаад пиво ууя гэдэг. Архи уухаараа агсам согтуу тавиад байдаг...Гомдолтой байна. Би өвчин намдаах эм авч уусан. Мөн үе мөчний эм авч уусан. Цаашид нүүрэнд учирсан шархыг эдгээх соривны тос, болон эм тариаг авахуулмаар байна. Энэ хэргийн улмаас миний сэтгэцэд хор хохирол учраагүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлага байхгүй. Сэтгэцийн хувьд нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг, /хх-ийн 11-12-р тал/,
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 22 дугаартай ...П.Нын биед баруун нүдний зовхинд шарх зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн мөр, баруун бугалга, баруун тохой, нуруу, зүүн гуяанд цус хуралт, нуруу, хүзүү, баруун чамархай, дух, баруун хацар, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хамрын угалзанд, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь босоо, суугаа ямар байрлалд үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун нүдний зовхинд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 21-22-р тал/
-Яллагдагч Т.Оийн: “...Би болсон хэргийн талаар өмнө нь мэдүүлэг өгсөн. 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, .......................тоот өөрийн гэртээ хохирогч Т.Нтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж улмаар бие биенийхээ үснээс зулгаан харилцан зодолдох явцдаа хохирогчийн нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд хохирол учруулсан нь үнэн. Өмнө нь надад бас гэмтэл учруулж байсан. Дахиж П.Нтай хэрүүл маргаан, зодоон хийхгүй ...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 36-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Т.О нь 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, .......................тоот өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч П.Нтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар бие биенийхээ үснээс зулгаан харилцан зодолдох явцдаа хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж баруун нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн мөр, баруун бугалга, баруун тохой, нуруу, зүүн гуяанд цус хуралт, нуруу, хүзүү, баруун чамархай, дух, баруун хацар, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хамрын угалзанд, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Шүүгдэгч Т.Оийн үйлдлийн улмаас П.Нын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч П.Нын мэдүүлсэн... надруу дайраад нүүрнээс базаад авсан. Мөн доороо оруулж байгаад дал хэсэг рүү гараараа цохисон. Тухайн үед Т.Оийн эрэгтэй дүүг нь эгчийгээ аваач гэхэд би дийлэхгүй шүү дээ гэж байсан. Би арай гэж салаад хүүхдүүдээ аваад өвөөгийнхөө гэрт очиж хоносон....гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 22 дугаартай ... П.Нын биед баруун нүдний зовхинд шарх зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн мөр, баруун бугалга, баруун тохой, нуруу, зүүн гуяанд цус хуралт, нуруу, хүзүү, баруун чамархай, дух, баруун хацар, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хамрын угалзанд, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь босоо, суугаа ямар байрлалд үүсгэгдсэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтэл хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун нүдний зовхинд шарх гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.”....гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон, шүүгдэгч хэргийн үйл баримтын талаар маргахгүй байна.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл ,эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Т.Оийн, хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол...ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Т.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, .......................тоот өөрийн гэртээ хохирогч П.Нтай үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар бие биенийхээ үснээс зулгаан харилцан зодолдох явцдаа хохирогчийн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд, “баруун нүдний зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн мөр, баруун бугалга, баруун тохой, нуруу, зүүн гуяанд цус хуралт, нуруу, хүзүү, баруун чамархай, дух, баруун хацар, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруу, хамрын угалзанд, зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай.1 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай,шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж,
- шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэхдээ. Гэм буруугаа хүлээж байна. Миний буруу.Зорчих эрх хязгаарлах ял оногдуулна уу.Группт байдаг,өрх толгойлдог гэж тус тус дүгнэлт саналгаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эүүгийн хуудлийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,
шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,
шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн хэлбэр, учруулсан хохирлын нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол төлсөн байдал,хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөл байдал, үйлдлийн шинж зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
3.Хохирол төлбөрийн тухайд: Хохирогч П.Н нь шүүх хуралдаанд оролцохгүй, цаашид гаргах санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзэв.
Хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн тухайд: Ахуйн хүрээний шалтгаангүй архидалт,согтууруулах ундааны хэтрүүлсэн хэрэглээ, бие хүний төлөвшилгүй байдал нөлөөлсөн гэж дүгнэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д ургийн овогт Т.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Оийг 1 /нэг/ сарын хугацаагаар Орхон аймгийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.От шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Т.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ